Э.Эрдэнэжамъян: Монголд хуулийн мафи байна

527-14344143936-16-1_700x700“Ярилцах цаг” булангийн энэ удаагийн зочноор Хууль зүйн дэд сайд асан Э.Эрдэнэжамъяныг урьж цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Өнөөдрийн гол сэдэв  болсон Сонгуулийн тухай хууль,тогтолцооны асуудлаар  улс төрийн намууд, улс төрчид  янз бүрийн хувилбар дэвшүүлж, мэтгэлцэж байгаад та ямар дүгнэлт хийж байна?
-Түүхэн талаас харвал манай улс 1990 оноос  хойш бараг бүх төрлийн сонгуулийн тогтоцоог туршиж үзсэн. Эхлээд пропорциональ тогтолцоогоор сонгуульдсан,  дараа нь мажоритар тогтолцоонд шилжин 76 тойрогт хувааж, сүүлийн үед томсгосон тойрог байх нь зөв гэсэн шийдлээр явсан. 2012 онд холимог тогтолцоонд шилжиж, пропорциональ системийг түлхүү авсан. Энэ нь тухай бүртээ ямар нэгэн  дэвшилттэй байсан.
2012 онд МАН,АН-ын үед баталсан Сонгуулийн тухай хуулийг хүмүүс  эсэргүүцэж, Үндсэн хууль  зөрчлөө гэж  шүүмжлэхэд  хоёр нам юу гэж тайлбарлаж байсан гэвэл “Үндсэн хууь зөрчихгүй, харин ч шууд сонгож байгаагаараа  сонгуулийн хамгийн зөв систем. Тиймээс цаашид ч сонгуулийн пропорциональ системийг түлхүү явуулна. Улсын хэмжээнд бүхэлдээ ийм системд шилжих нь зүйтэй. Энэ чиглэл рүү явна” гэсэн. Гэтэл  өнөөдөр  МАН, АН-аас  Ажлын хэсэгт багтсан зарим гишүүн  тэс өөр байр суурь илэрхийлж байна.
Жишээ нь, таван бүст хуваана, нийслэлийг тусад нь бүсчилнэ. Жагсаалтаар сонгох хүмүүсээ бүсээр  хувааж нэрийг нь дугуйлах маягаар сонгууль явуулна гэж байгаа. Энэ нь пропорциональ  нэртэй томсгосон  мажоритар тогтолцооны холимог шинжийг бүрдүүлж байна. Улстөрчид хэзээ ийм шийдэл гаргадаг вэ гэвэл  үндсэндээ намынх нь нэр хүнд уначихсан, гуравдагч хүчний байр суурь нэлээд бэхжсэн үед хүчтэй өрсөлдөгчдөөсөө  зугтдаг.
Шулуухан хэлэхэд,  С.Ганбаатар, Н.Энхбаяр гэдэг хоёр хүний рейтинг сүүлийн үед нэлээд  өндөр явж байгааг судалгааны төвүүд, бусад байгууллагаас гаргачихсан учраас хоёр том нам өөрсдийн байр суурийг хадгалж үлдэх сүүлчийн мэхээ хийх гэж байна. Яагаад гэвэл одоогоос дөнгөж жил гаруйхны өмнө сонгуулийн байгууллагууд нь ч тэс өөр зүйл ярьж байсан бол өнөөдөр тэрийгээ мартчихсан, улстөрчид ч  360 градус эргэсэн   юм ярих болсон. Улстөрч, хуульч хүний хувьд үүнийг  юу гэж үзэх вэ гэвэл  сонгууль хийдэг  үндсэн зорилгоосоо энэ хоёр нам хазайлаа гэж дүгнэж байна.
ҮНДСЭН ХУУЛИЙГ ЖИЖИГ АМБИЦТАЙ НӨХДҮҮД ӨӨРЧИЛЖ  БОЛОХГҮЙ
-Сонгуулийн  үндсэн зорилгын тухайд юуг нь онцлох вэ?
-Ер нь бол Сонгуулийн хуульд гуравхан зорилго л байдаг. Нэгдүгээрт, ард түмний саналыг яаж алдагдал багатайгаар Их хуралд шингээж оруулах вэ.Өөрөөр хэлбэл, ард түмний саналыг аль болох 100 хувь руу дөхүүлсэн тэр үнэлэмжээр Их хурал байгуулагдах ёстой. Мажоритар буюу жижиг тогтолцоогоор  үндсэндээ 50 хувийнх нь хүсэл эрмэлзлэлээр Их хурал байгуулагддаг, 50 хувь нь өөрсдийн төлөөллийг оруулж чаддаггүй.
Хоёр дахь гол шаардлага бол өрсөлдөж байгаа улстөрийн нам, хүчнүүдийн зүгээс харахад нийгмийн том захиалга байна. Жишээ нь, С.Ганбаатарыг олон хүн дэмжиж байгаа нь  Монгол Улсын төдий тооны иргэн захиалгаа өгч байна гэсэн үг. Үүгээрээ  улстөрийн шинэ хүчин хэрэгтэй, шинэ хүн гаргаж ирье гэсэн захиалга, мессэжийг өгч байна. Үүнийг Сонгуулийн тухай  хуульд заавал тусгаж өгөх ёстой.
Эрх мэдлээ хадгалж  үлдэх гэсэн хэсэг бүлэг, олигархи гэж нэрлэгдээд байгаа нөхдүүд Сонгуулийн  хуулиар далимдуулан өөрсдийн эрх ашгийг хамгаалж, ард түмний хүсэл зоригийн эсрэг хууль хийж болохгүй. Гуравдугаарт, Сонгуулийн хуулийн хамгийн чухал  зүйл нь үр дүн. Нэгдүгээрт, ямар үр дүн хүлээдэг вэ гэвэл, нөгөөтэйгүүр манай сонгуулийн хууль  бусад орныхоос ялгаатай нь хууль тогтоох дээд байгууллага буюу парламентаа ч, гүйцэтгэх эрх мэдэл буюу Засгийн газраа ч байгуулдаг.
Хэн  ялах нь тодорхойгүй, ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлэх нь  тодорхойгүй нөхцөлд сонгуулийн хугацааг богиносгосон  хууль хийх гээд байгаагийн ард  шинэ хүчин, шинэ хүмүүс гарч ирэх  боломжийг багасгаж байна.Хуулийн ажлын хэсгийнх нь үг үнэн байгаад, одоо ярьж байгаа таван том тойрог, 48 жижиг тойрог гэх мэтээр системээ хийж байгаа бол сонгуулийн хууль хийдэг үндсэн гурван зарчмыг алдагдуулсан, ард түмний хүсэл зоригийн эсрэг хууль хийж байна л гэж хэлнэ.
-Танай  УИХ дахь  “Шударга ёс” эвслийн ямар байр суурь баримталж байгаа вэ?
-Манай намын гишүүд, эвслийн бүлэг порпорциональ тогтолцоог нэмэгдүүлье гэж үзсэн. Жишээ нь,  хаа байгаа Увсын сонгогч Сангийн сайдаар удаа дараа улиран ажилласан Ч.Улаан гэдэг хүнийг сонгохыг хүсдэг. Харамсалтай нь тэр хүн нь Сүхбаатар аймагт нэр дэвшихээр саналаа өгч чаддаггүй. Сүхбаатар аймгийн иргэн магадгүй Ц.Нямдорж гэдэг хуульчийг дэмжмээр байлаа гэхэд саналаа өгөх боломж  бас байдаггүй.
Тиймээс бид 38 гишүүнийг жагсаалтаар дэвшүүлье, тэр дотроос хэнийг сонгохоо иргэд өөрсдөө мэдэг. Тухайлбал, МАХН-аас дэвшүүлсэн 38 нэр дэвшигчээс  хэнийг сонгож байна,  намыг нь ч, нэрийг нь ч дугуйлах  системээр явъя гэж байгаа юм.Үүний зэрэгцээ  38 жижиг тойргийг байлгая, Монгол Улс хүн ам цөөн, газар нутгийн хувьд тархай бутархай учраас тойргоос шууд сонгогддог,  тэдний төр дэх   төлөөлөл дуу хоолой нь болж байх нь зүйтэй. Бидний хувьд ингэж нийтлэг эрх ашгийг улс орны хэмжээнд баримталсан байдлаар хандаж байгаа.
-Үндсэн хуулийг  өөрчилье, өөрчлөхгүй гэсэн талцал их  байна. Аль нь зөв бэ?
-Цаг хугацааны хувьд  аваад үзвэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зүйл  бишгүй бий, хийвэл хийчихээр цаг хугацаа  ч зөндөө  байсан. Тэгвэл өнөөдөр УИХ дахь нам, эвслийн бүлэг, ажлын хэсгээс  ард түмэн болоод улс төрийн хүрээнд ойлгомжтой шийдлийг гаргаж тавьж байна уу. Жишээ нь, 1990 онд тодорхой зүйлүүд ярьдаг байсан. Сонгуулиа чөлөөтэй явуулдаг больё, олон намын тогтолцоог дэмжье, зах зээлийн эдийн засгийг хөгжүүлье гэхчлэн  Үндсэн хуулиар зохицуулах ёстой  зарчмын шинжтэй асуудлууд ярьж байсан.
Одоо юу ярьж байна гэвэл, наад зах нь Засгийн газрыг яаж байгуулах вэ гэх юм уу, Үндсэн хуульд ямар ч хамааралгүй  улс төрийн нам, улс төрөөс  шалтгаалж байгаа  зүйлүүдийг эцэг хууиар далайлгаж шийдэх гэсэн оролдлогууд явж байна. Үнэхээр зарчмын том өөрчлөлтүүд байгаа бол ард түмнээр хэлэлцүүлэх ёстой. Тэдний хүсэл зоригийг асуух учиртай. Түүнээс  энэ Их хуралд сууж байгаа янз янзын амбицтай жижиг фракц, бүлгүүдийн хуйвалдаанаар хийж болохгүй. Манай нам ингэж үзэж  байгаа.
Энэ Их хурал Үндсэн хуульд гар хүрэх хэмжээний ёс суртахуунтай,  чадамжтай гэхэд учир дутагдалтай. Хэдийгээр  улс төрийн олон хүчин байгаа ч, тэр дотор Үндсэн хууль байтугай наад зах нь  нэг компанийн тухай хууль, Оюутолгой, Тавантолгой  дахь эдийн засгийн  жижиг асуудлуудыг шийдэж чадахгүй хоорондоо амбицалж байгаа хүн олон бий.  Үндэсний эрх ашгаа уландаа гишгэсэн ийм  нөхдүүд  Үндсэн хууль дээр улс орноо бодсон шийдвэр  гаргаж чадна  гэдэгт би эргэлзэж байна, ард түмэн ч  хүлээн зөвшөөрөхгүй нь ойлгомжтой.
Тэгэхээр ийм  будлиантай УИХ-аас гаргасан Үндсэн хуулийг тогтвортой дагаж мөрдөхгүй нь тодорхой. Тиймээс Монгол Улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, итгэл даах улстөрийн хүчин энэ асуудлыг шийдэх ёстой. Магадгүй 1990-ээд онд АИХ байгуулсан шиг  том бүтцээр асуудлыг ярьж болох юм. Гэхдээ түүнээс өмнө яг юуг нь өөрчлөх гээд байгаа юм бэ гэдгээ тодорхой болгож,  тогтож ярих ёстой. Харин тэр нь жижиг, сажиг засвар хийх тухай байж таарахгүй.
АЛЬ Ч ХУУЛЬД “ХҮНИЙ ЭРХИЙГ ЗӨРЧ”, “АВЛИГА АВ” ГЭСЭН ЗААЛТ БАЙХГҮЙ
-Өмнөх  Засгийн газарт Хууль зүйн дэд сайдаар ажиллаж байсан хүний хувьд та    Шийдлийн Засгийн газар гарч ирээд шинэчлэлийнхний хийснийг  буцаагаад байранд нь тавьж байгаад ямар бодолтой байдаг бол?
-Энэ тухай би өмнө нь  хэвлэлээр ярьж байсан. Одоо ч  тэр л байр суурьтаа байгаа. Ер нь бол хууль муу байснаас болж асуудал гараад байгаа юм биш. Хуулийг хэрэглэж байгаа хүмүүсийн толгойд байгаа асуудал. Өөрөөр хэлбэл, өнөөдөр манай ямар хуульд хүний эрхийг зөрчиж болно гээд заачихсан байна вэ.Эрүүгийн байцаан шийтгэх хуулиа  харсан ч, Хүний эрхийн бусад хуулиа аваад үзсэн ч хүний эрхийг зөрчиж, хэлмэгдүүлж болно гэсэн зүйл заалт байхгүй.
Түүнтэй адил,  бусдын авлига авах замыг нээсэн,  хүнд суртал гаргаж болохыг зөвшөөрсөн хууль байхгүй. Нэг ч хуульд ийм зүйл  байхгүй. Тэгэхээр хуулиас  болж байгаа, шинэ хууль хийчихвэл болчих юм шиг ярьж байгааг бий хувьдаа зөв гэж бодохгүй байна. Шинэчлэл хийхдээ эхлээд тодорхой хэмжээнд бүтцийн болоод оюун санааны өөрчлөлт, уриалга, үзэл санааны дайчин зүйлүүдийг чухалчлах ёстой.  Х.Тэмүүжин үүнийг  эхлэх гэж оролдсон, даан ч  пянгаа даасангүй. Үнэндээ өөрөөс нь болсон юм ч их.
Уг нь АН нам шиг байгаад, шинэчлэлээ зоригтой үргэлжлүүлсэн бол болох байсан. Гэтэл нэг намын хоёр сайд ээлжилж салбар удирдахад  тэр  хооронд гаргасан ганц нэгхэн шийдвэрийнх нь төлөөсөнд бараг 100 тэрбум төгрөгийн зардал гарч байх жишээтэй. Эмнэлэг  байсныг болиулаад буцаад эмнэлгийн зориулалтаар ашиглахаар болсон нэг барилга дээр л гэхэд хэчнээн асуудал үүсэв.
АН-ын хоёр хүний хоорондох амбицийн төлөөсөнд Монгол Улс зуу, зуун тэрбумыг  үрж байх нь зөв үү. Сүүлийн үед би үүнийг эсрэг талаас нь ойлгож байгаа. Тэр нь юу вэ гэвэл, нэг намын хоёр хүн хоорондоо үгсэж тоглоод  мөнгө иддэг аргатай юм уу. Ийм хариуцлагагүй байж  болохгүй. Энэ дотор чинь  хэчнээн төрийн албан хаагч, хэчнээн айл өрх амьдралаараа хохирч байгаа  шүү дээ.
-Хуулийн салбар дахь хэн нэгнийг  барьдаг, хорьдог, шүүн таслах   үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг  нэг хүний гар дахь зэвсэг болсон  гэсэн шүүмжлэл цөөнгүй гардаг. Тэр нь юундаа байна?
-Энэ тухай ярихын тулд  ярилцлагаа дахиад эхнээс нь эхлэх хэрэгтэй болно. Яагаад гэвэл, бүх зүйлийг эхнээс нь сануулах хэрэгтэй. Голын эх  булингартай бол адаг нь булингартай гэдэг шүү дээ. Түүн шиг юм манай хууль зүйн салбарт  сүүлийн хэдэн жил бий болчихсон. Улсын ерөнхий прокурор нь өөрөө  нэг улс төрийн намын дарга байсан, улс төрийн ихээхэн   идэвхтэй хүн   оччихоор хууль зүйн салбарыг тэр чигт нь самраад  хаячихаж байна. Өөрөөр  хэлбэл, тэнд улстөржилт явагдаж, баахан хэлмэгдүүлэлт хийгдээд явчихаж байна.
АТГ ч, бусад байгууллага ч  нэлэнхүйдээ бужигнаанд орж, сүүлийн хэдэн жил самрагдлаа. Ялангуяа  Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн төрд гарснаас хойшх үе ийм байна. Ерөнхийлөгч бол шүүх эрх мэдлийн гол дарга нь шүү дээ, энгийнээр  хэлэхэд. Засаглалын эрх мэдэл хуваарилах онолоор бол хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гурван үндсэн зарчмыг хуульчилсан байдаг. Хууль тогтоох засаглал парламентад  өөрт нь  байх ёстой. Гүйцэтгэх эрх мэдэл Засгийн газарт, шүүх харьцангуй бие даасан байх ёстой.
Гэтэл бүх шүүгчийг Ерөнхийлөгч томилоод зогсохгүй прокуроруудыг даргынх нь хамт тэр чигт нь томилж байна. АТГ-ыг ч мөн адил.  Тэр дотор хүнийг шүүдэг, барьдаг, хорьдог бүх байгууллагын гол даргыг нэг л хүн томилж байгаа биз. Тэр хүн системээ жаахан улстөржүүлээд, нэг бол өөрийн улс төрийн өрсөлдөгчөө дарах, хэлмэгдүүлэх арга олчихъё гээд явбал махны машин нь амархан ажилладаг болчихсон шүү дээ. Үүнийг  ганц би ч биш хүн болгон дээр дооргүй ярьж байгаа.
Өнөөдөр энэ тухай С.Баяр ярьж байна, Сү.Батболд нь хэлж  байна, Ц.Нямдорж ч дуугарлаа. УИХ-ын бүх гишүүн ярьж байна. Сүүлийн үед намайг энэ сэдвээр ярихаар хүлээн зөвшөөрдөггүй байсан Х.Тэмүүжин нь өөрөө яриад эхэллээ. Н.Алтанхуяг нь өмөөрөөд байдаг байсан, гэтэл өөрөө яриад эхлэх жишээтэй. Тэгэхээр энд  нэг юм болоод байгаа биз. Энэ л  миний түрүүнд хэлсэнчлэн  хуульдаа биш эх сурвалждаа байгаа асуудал. Ингээд үзэхээр хоёр л  эх сурвалж байна.
Нэг нь Үндсэн хууль, нөгөө нь эрх мэдэл дээр байгаа хүн. Тэгвэл асуудал аль альнаас нь болж байна.  Тогтолцоог нь бэлдчихсэн байдаг, хүнийг нь монголчууд мэдэж байгаа. Жишээ нь, Авлигатай тэмцэнэ, хууль тогтоомж хэрэгжүүлнэ гэж байна. Үндсэн хуулиар энэ  хэний эрх, үүрэг вэ гээд аваад үзвэл Засгийн газрын үүрэг. Өөрөөр хэлбэл, авлигатай тэмцэх, хууль хэрэгжүүлэх, мөрдөн байцаалт явуулах  эрх мэдэл гүйцэтгэх засаглалд байх ёстой.
Гэтэл эдгээрийг Засгийн  газраас тусдаа   байгууллага болгочихоор  ямар ч хяналтгүй болчихож байгаа юм. Уг нь Засгийн газар энэ эрх, үүргээ биелүүлж, тэр нь зөв зохистой явж байна уу гэдгийг хянадаг байгууллага нь прокурор, шүүдэг байгууллага нь шүүх байх үед асуудал харьцангуй тэнцвэртэй байсан. Энэ бүхэн  байхгүй болчихоор нэг талдаа хүнийг юу ч хийсэн хэлмэгдүүлж  болдог, цагаатгаж ч болдог бүх эрх мэдэл нэг талдаа гарч тэнцвэр  алдагдсан. Үүнийг өөрчлөх гээд хүмүүс эхнээсээ явж байгаа юм билээ, тэр нь Үндсэн хуулийн талаас бодсон ч, улстөрийн тэнцвэр талаас харсан ч зөв. Хамгийн гол нь тогтолцооны гажгийг засахгүй бол болохгүй.
ӨРШӨӨЛИЙН ГЭХ ҮҮ, ЦАГААТГАЛЫН ГЭЖ НЭРЛЭХ ҮҮ, ИЙМ ХУУЛЬГҮЙГЭЭР БИД  УРАГШЛАХГҮЙ
-Сүүлийн үед  маш олон хүнийг баривчилсан, бас хорьсон. Улс даяар тэр хүмүүсийг гэмт хэрэгтэн, авлигачин, луйварчин гэсэн ойлголт  төрүүлсэн.  Өнөөдөр төрийн албан хаагчид олноороо ажлаас халагдлаа. Намын гишүүнчлэлээр ажлаас халагдсан байтал ямар нэгэн нэр хоч зүүлгэдэг. Хүний эрх, монгол хүний үнэ цэнэ ийм байж таарах уу?
-Манайд  ТАЗ гэж байгууллага бий. Хүчтэй ч юм шиг, заримдаа ямар ч хүчгүй юм  шиг. Өнөөдөр төрийн албан хаагч олноороо ажлаасаа халагдсан. Бас  хэлмэгдсэн нь ч үнэн. 1990 оноос өмнө хэлмэгдүүлэлт гэж юуг үзэх вэ гэдэгт, Улстөрийн хилс  хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тухай өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар аваад үзэхэд  тухайн үед ажлаас нь халахаар хэлмэгдүүлэлт гэж үздэг байж, тэрийгээ нотлоод шийдвэрүүдийг аваад ирэхэд цагаатгаж болдог.
Ажлаас нь үндэслэлгүй халж, өөр газар ажиллуулах, албан тушаал бууруулж юм уу нутаг зааж явуулсан, байр орныг нь хураасан  бол хэлмэгдүүлэлт гэж үзэж байж, өнөөдөр тэдэнд нөхөн олговор олгож байна. Шүүхээр төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх эсвэл   улстөрийн шалтгаанаар шийтгүүлсэн, ял авсан, цаазлагдсан бол цагаатгаж байна. Тэгвэл өнөөдөр хүмүүс улс төрийн шалтгаанаар ажлаас халагдаж байна уу гэвэл өдөр бүхэн ийм юм болж  байна.
Гэтэл үүнийг  1990 оноос өмнөх бол  хэлмэгдүүлэлт гээд, хойшхийг нь   байдаг л зүйл гэж үзэж болохгүй. Өнөөдөр улстөрийн шалтгаанаар орон байраа алдаж байна уу гэвэл алдаж байна. Тэр хүмүүс тодорхой ажилтай болчихлоо гээд орон сууцны зээл авсан байдаг, ажилгүй болчихоор хураагаад авчихдаг. Үүнийг хэлмэгдүүлэлт гэж үзнэ. Тэгвэл өнөөдөр улс төрийн шалтгаанаар хүмүүсийг  барьж хорьж байна уу, байнга шахам барилаа, хорилоо гэж байна.
Үүнийг бүх улс төрийн намын дарга ярьж байна. Нэр дэвших гэтэл ингэлээ гэж байна, эхнэртэй нь холбоотой хэдэн сая төгрөгийн асуудалд орооцолдуулаад дараа нь больчихлоо гэж байна.  Одоо Ерөнхий сайдтай холбоотой янз бүрийн юм яригдаад  байна. Энэ бүхний цаана улс төр байгааг Монголын хуульчид байтугай  олон улсын байгууллагууд анзаарч  байна. Тэгэхээр 1990 оноос өмнө хэлмэгдүүлэлт гэж үзэж байсан асуудлуудыг өнөөдөр эргэж харж, бид юун дээр явна гэдгээ дэнсэлж хүний эрхийн  чиглэлд дорвитой юм хийх  ёстой.
Өршөөлийн хууль гэж нэрлэх үү, Цагаатгалын хууль гэх үү ямар ч байсан бидэнд шинэ хууль хэрэгтэй. Түүнийг хийхгүйгээр цааш явбал, бид Африкийн араас орно.Эрх мэдэл бүхий цөөн хүн юу ч хийсэн хамаагүй, жирийн иргэд жижигхэн алдаа гаргахад ял эдэлдэг энэ тогтолцоог ард түмэн удаан тэвчихгүй. Тиймээс энэ ажлыг эрх мэдэлд байгаа хүмүүс уг нь өөрсдөө эхэлж санаачилж хийх ёстой юм.
-Цагаатгал гэснээс  Ю.Цэдэнбал агсныг  цагаатгах асуудлыг Ардын намын гишүүд УИХ-д өргөн барьсан. Нөгөөтэйгүүр, МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг цагаатгах нь зүйтэй гэсэн саналууд бас гарч байна?
-Аль аль нь маш зөв асуудал. Жишээ нь,  Ю.Цэдэнбал агсныг яагаад хэлмэгдүүлсэн бэ гэдгийг өнөөдрийн өнцгөөс  аваад үзэхэд  зүй зохистой  шийдвэр байгаагүй нь харагддаг. Тэр хүнийг цагаатгах асуудлыг манай намын гишүүд, залуучуудйын холбооныхон саяхныг хүртэл бариад явж л  байсан.  Ардын намын гишүүд өргөн барьсан нь сайн байна. Тэр хүний хэлмэгдсэн гэдгийг авч үзэхэд, нэгдүгээрт намаас хөөсөн, хоёрдугаарт, бүх шагнал, одон медалийг  нь хурааж авч, гуравдугаарт  гадаад руу цөллөгт явуулсан байдаг.
Үндэслэл нь тодорхойгүй, ганцаараа хэт олон жил дарга хийсэн, ардчиллыг хөгжүүлээгүй гэсэн байх жишээтэй. Гэтэл тэр үед ардчиллыг яаж хөгжүүлэх байсан юм бэ. Манай улс тухайн үед  Орос гэдэг коммунист орны доор байсан юм чинь. Гэтэл тийм ялыг яагаад тулгасан нь  сонин. Тэр үед хэвлэлээр баахан шуугиулж байсныг, манай үеийн залуус мэдэх байх. Тухайлбал, Ю.Цэдэнбал гэж улсаасаа баян хүн байна, авгай нь ихээхэн эрх мэдэлтэй, Монголын хамаг баялгийг гэртээ аваачаад чихчихсэн байдаг гэнэ, тусгай үйлчилгээтэй, үнэтэй машин унадаг, том байртай гэсэн шүүмж гардаг  байсан.
Тэгсээр  байгаад идсэн, уусан аймшгийн муухай хүн  гэсэн ойлголт хүмүүсийн  толгойд сууж, бүх зүйлийг нь хураагаад хөөгөөд явуулж байхад өрөвдөх хүн нэг ч гараагүй. Өнөөдөр хөрөнгийг нь хураасан байдлыг харахад хэдэн мөнгөн аяга байсан жишээтэй. Улсаасаа баян гээд байсан хүнд нь юу байв гэтэл өнөөдрийн олгигархиуд шиг юм байсангүй. Одоо буцаагаад орон байрыг нь өгье гэтэл хувийн байр нэг ч байхгүй, дандаа төрийн орон сууцаар дамжсан байх жишээтэй.
Үүнтэй адил технологи Н.Энхбаяр гэдэг хүн дээр хэрэгжсэн гэж би хардаг.  Нэг хэсэг улсаасаа баян гээд л хэвлэлээр  шуугиулсан.Өнөөдөр харахад, тэр хүнд төмөр зам байна уу, Тавантолгойн лиценз байна уу, Америкт 7-8 хаус байна уу. Эндээс үзэхэд  тэр хүний тухай худал гүтгэлгийг зохион байгуулалттай   тараасан нь монголчууд зохиогоод олчихсон юм ч биш, ерөөсөө  үндэстэн дамнасан улстөр-эдийн засгийн алуурчдын  зүгээс  эх орон,  ард түмнийхээ төлөө жаахан юм хийж байгаа  улстөрчдөөр нааддаг, харлуулдаг хамгийн энгийн  байнга хийж байдаг технологи нь юм билээ.
Тэр нь  явсаар  Н.Энхбаяр гэдэг хүнийг хэлмэгдүүлсэн. Хүн болгон гэрт нь очиж, авдрыг нь ухаж, дансыг нь тоолохгүй учраас мэдэхгүй, тэгээд хэвлэлээр гарч байгаа бүхэн үнэн гэсээр  тийм байдалд хүрсэн. Хэн ч юу билээ гэж эргэцүүлж, иймээ тиймээ болоход нь ч өрөвдөж байгаа юм байхгүй. Өнөөдөр тэр хүн  баригдаж хоригдож, эцэст нь гадаадад эмчлүүлэхээр явсан. Ю.Цэдэнбалаас ялгаатай нь тэр хүнийг шүүхээр оруулсан. Шүүхээр ялласан тэр хэрэг нь ч тодорхой бус.
Таван асуудлаас гурав нь хэрэгсэхгүй болж, Төрийн ордны зүүн талын хуучин хэвлэх үйлдвэр байсан балгасан барилгын доорх газар, өнөөдөр нийслэлийн өмчид байгаа “Өргөө” зочид буудлыг авчихсан гэх асуудалд холбогдуулсныг  Монголын ард түмэн гурав хоног телевизээр харсан.  Гэтэл балгасан барилгын доорх газар  байгаа чигээрээ, “Өргөө” зочид буудал нийслэлийн өмчлөлд хэвээрээ байж л байна. Өмнө нь ч, одоо ч тэр л хэвээр байсан. Аваагүй юмны төлөө ял өгнө гэдэг байж боломгүй.
Сүүлийн үед намын байрны асуудал гээд байгаа. Авсан, өгсөн хоёр хүний хооронд гарын үсэг зурсан гэрээ нь байхад нөгөө тал нь хэлмэгдүүлэх гэж байгаа хүмүүсийн хатгаасанд орчихсон  “Надаас ахиу үнээр авах хүн байсан, арай хямд өгчихөж, одоо буцааж авья” гэх жишээтэй. “Авсан өгсөн гэрээ, төлбөр барагдуулсан тооцоо энэ байна”  гэхээр “Намайг залилсан” гэдэг. Ийм зүйлээр хүнийг гэмт хэрэгт гүтгэж болохгүй биз дээ.
Ийм зүйлийг иш үндэс болгож, хүнийг ирэх болгонд нь барилаа, хорилоо. Чи яваад өг, зайлаад өг гэдэг байж болохгүй. Монголын хууль, шүүхийн байгууллага ийм болчихсон байна. Яг энэ л асуудлаар би тухайн үед  Интерпольд захидал бичиж байсан. Асуудал ганц манай намын даргатай холбоотой биш ээ, сонгуулиар улстөржөөд байгааг  шинжилж өгөөч гэсэн. Гэтэл  намын даргаа  өмөөрлөө гэцгээсэн. Гэтэл өнөөдөр  бүгд хүний эрх гээд чарлаж байна. Х.Тэмүүжин нөгөөдүүлийнхээ  идэш  болж аманд нь орсон. Тухайн үед хүүхнээр “Х.Тэмүүжинтэй унтсан” гэж хэлүүлж явсан хурандаа нар дарга болж, тэр үед улсын прокурорыг даргалж байсан хүн нь салбарын сайд болчихсон явж байна.
Монголын хууль, шүүхийн байгууллагынхан  даварсан. Монголд хуулийн мафи бий болсон. Энэ байдлыг монголчууд зоригтой хэлдэг байх ёстой. Тэгэхгүй бол итгэл найдвар  алга. Тухайлбал, хэн нэгэнтэй гэрээ хийгээд маргааш нь нөгөөхдөө залилан хийсэн гэж гүтгүүлэхэд аврагдах, өршөөгдөх юм алга, манай хуулийн системд. Бид ийм л байна, ингэж л амьдарч байна. Энэ өөрөө хүний эрх ямар байгааг илтгэнэ.
Ч.Зотол
Эх сурвалж: Зууны мэдээ

URL:

Нэр: зочин Огноо: 16 June 2015

Эрдэнэжамъян минь дээ.Чи “зарим улс төрчид 360 градус эргэчихсэн юм ярьж байна” гэхчлэн бичжээ.Хэлэх гээд буй зүйлийн чинь утга ,угтаа бол “Өмнөхөөсөө тэс өөр,эсрэг утгатай юм ярьдаг болсон тухай” юм шиг байна. Гэтэл 360 градус эргэжээ гэсэн чинь утгаа огт илэрхийлж чадсангүй.Яагаад? гээч. Тухайлвал, урагшаа хараад зогсож байсан хүн байран дээрээ 360 градус эргэвэл урагшаа харсан хэвээрээ л байна шүү. Чи бол хойшоо харчих юм шиг бодоод байна. Тийм биш.360 градус эргэнэ гэдэг чинь бүтэн нэг эргэнэ гэсэн үг шүү дээ.Тэхээр урьд ньхарж байсан зүг рүүгээ л харна гэсэн үг. Үүнтэй яг адил урьд ярьж байсан зүйлээ л ярьсаар байна гэсэн үг болчихноо тэр чинь. Гэтэл уншаад байтал тэр улс төрчид чинь өмнө нь ярьж байснаасаа эсрэг юм ярьсан байна шүү дээ. Тэхээр ингэж бичиж болохгүй шүү дээ.Тойрог энэ тэр гээд чи ойлгохгүй юм шиг байна.Чиний төгссөн хуулийн сургууль чинь математик заадаггүй байх гэж санагдлаа.Хэрэв тэгсэн бол чамд нэгийн тооноос цааш юм заагаагүй хэрэг. 10-ын тоо 5-ын тооноос 1 дахин илүү гэж л ярих хүний нэг юм даа чи.Албан тушаал энэ тэртэй том л яваад байх шиг байсан.Ийм хүн юм уу? чи.Тэгээд улс төрч гээд байдаг.Үгүй чиний энэ математикийн боловсрол,логик сэтгэлгээ энэ тэрийн байгааг.Яаж болж байдаг юм бол оо? Энэ улс төрчид өө гэж.Эрка дүү миньуучлаарай.Нийтэд зориулсан тэмдэглэлээ чиний жишээн дээр бичсэн юм шүү. зарим хүмүүс 360 градус уу?180 градус уу? гэдгийг бодож үзэг гэсэн юм шүү.Чи өөрөө хамаагүй юм бичиж байж золиосонд нь явчих шиг боллоо.Уншигч олон яггүй дээ.Бодолтой л бичиж байгаарай.Амжилт хүсье. Сайн хүүүүү.

Сэтгэгдэл бичих