Засаглалын хямралыг засах хувилбар

164236-16062015-1434413142-1445802326-1Сүүлийн үед олон нийтийн дунд хойд хөршийнх шиг Ерөнхийлөгчийн эсвэл урд хөршийнх шиг авторитар дэглэмийг хүсэмжлэх хүсэл цухалзах боллоо. Мэдээж хэрэг үүний ард олон шалтгаан бий байх. Ямартай ч энэ бол одоогийн засаглалын тогтолцоонд олон нийт сэтгэл хангалуун бус байгаагийн нэг илрэл болов уу.

ТОГТВОРГҮЙ ТӨР

Монголын ардчиллын 25 жилийн түүхэнд нийт 11 Ерөнхий сайдын (Ц.Элбэгдорж, С.Баяр нар хоёр удаа Ерөнхий сайдаар ажилласан.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг Ажлыг хэсэг судалж байна

Үүнээс С.Баяр ганцаараа дараалан сонгогдсон Ерөнхий сайд) 13 Засгийн газар байгуулагдан ажилласнаас П.Жасрайн, Н.Энхбаярын гэсэн хоёр Засгийн газар л бүрэн эрхийн хугацаагаа дуустал ажиллажээ. Ингэхээр нэг Засгийн газар дунджаар хоёр жил хүрэхгүй хугацаанд л засгийн эрх барьж байсан байна. Энэ бол улс орны байтугай энгийн бизнесийн байгууллагын бодлогыг тодорхойлж, амжилтад хүрэхэд ч давчуу хугацаа. Хугацаанаасаа өмнө огцорсон Засгийн газруудын хувьд гаргасан алдаа эндэгдлээс илүү тухайн УИХ дахь нам эвсэл, фракцуудтай үүсгэсэн зөрчил нь огцрох гол шалтгаан болж байсныг бид мэднэ.

Одоо ч гэсэн Ч.Сайханбилэгийн Засгийн газар Г.Уянга тэргүүтэй УИХ гишүүдэд “буу тулгуулчхаад” зогсож байгаа. Хэрвээ дээрх гишүүд парламентаасаа 19 гишүүний гарын үсэг цуглуулж чадах аваас Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулах тухай саналыг УИХ-д өргөн барина. Өөрөөр хэлбэл Засгийн газрыг бүрдүүлэх, огцруулах саналыг өргөн барин хэлэлцэхдээ УИХ-ын гишүүд нийтийн эрх ашигт нийцүүлж байна уу эсвэл өөрсдийн ая дайнд тааруулж байна уу, гэдэг эргэлзээтэй. Хамгийн тод жишээ нь Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайд өөрийн хүслээр бүрдүүлж чаддаггүй. Олонх болсон нам эвсэл Засгийн газрын суудлуудыг эвслийг бүрдүүлж буй намууд болон намуудын дотоод фракцуудад хуваадаг явдал билээ.

П.Жасрайн, Н.Энбаярын гэсэн хоёр Засгийн газар л бүрэн эрхийн хугацаагаа дуустал ажиллажээ

Магадгүй хэлэлцэж, огцруулах боломж байгаа нь ардчиллын нэг чухал үнэт зүйл мөн. Гэхдээ Төрийн хувьд улс орноо хөгжилд хөтлөх нь ардчиллын үнэт зүйлийг буй болгохоос дутуугүй чухал үүрэг билээ. Энгийн ард түмэнд засгийн эрхийг хэн барьж буй нь бус хуулиар хамгаалагдсан эрхээ эдлэхийн сацуу авдаг цалингийн өсөлт нь талхны үнийн өсөлтийг давж байх нь л чухал. Ли Куан Ю эсвэл Н.Назарбаев шиг хорь гучин жилээр үргэлжилсэн тогтвортой дэглэмийг бүтээх ёстой юм биш. Харин нэг бүрэн эрхийн хугацаанд хэд хэдэн Засгийн газар, Ерөнхий сайдыг сольдог одоогийн тогтворгүй тогтолцоог сайжруулахгүй бол улс орны хөгжилд тоймтой ахиц гарахгүй нь ойлгомжтой. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах УИХ дахь ажлын хэсгийнхэн ч хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хоорондох алдагдсан тэнцвэрийг засах замаар гүйцэтгэх засаглалын тогтвортой ажиллагааг хангана гэж мэдэгдээд байгаа.

МОНГОЛД ХЭН ЗАСАГЛАДАГ ВЭ

Улс төрд ч, байгууллагын хэмжээнд ч албан тушаалыг эдлэх ямбаас гадна, үүрэх “ял” дагалдаж явдаг. Ерөнхийлөгчийн засаглалтай АНУ-д Б.Обама, ОХУ-д В.Путин харин парламентын засаглалтай ХБНГУ-д Канцлер Ангела Меркель, Японд Ерөнхий сайд Шинзо Абэ хамгийн хүчтэй хүн гэдгийг дэлхий мэднэ. Эдгээр лидерүүдийн манлайлах чадвар нь эдүгээгийн албан тушаалд хүрэхэд нөлөөлсөн нь дамжиггүй. Гэхдээ эрх мэдлийг манлайлах чадвар бус гагцхүү Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Канцлер гэсэн албан тушаал нь бий болгож байгаа.

Тэгвэл Монголд хэн засаглаж байна вэ?

Шуудхан хариулахад ихээхэн адармаатай. Анх ардчилалтай золгож байсан тэр үед Ерөнхий сайд бол Монголын улс төр дэх хамгийн том албан тушаал гэж ойлгодог байв. Харин “Бажгар арав”-ыгаа билэгдлийн шинжтэй гэж итгэдэг байлаа. Гэтэл 1996-2000 оны парламентын үеэр Ардчилсан холбоо эвслээс Ерөнхий сайдад өргөн барьсан нэр дэвшигчдийг Ерөнхийлөгч асан Н.Багабанди есөнтээ буцаахад Ерөнхийлөгч гэдэг зүгээр ч нэг билэг тэмдэг биш гэдгийг харсан. Харин үүнээс хойш Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нарын эрин үед Ерөнхийлөгч гэсэн албан тушаал улам ч “томорч”, УИХ-ын индэр дээрээс гишүүдийг “Та нар чадах уу, дагаад хэлээрэй” хэмээн зандрах болсон. Харин энэ парламентын үеэс эхлээд УИХ-ын дарга гэдэг хурал удирдагчаас модератороос илүү нэгэн болохыг харж байна.

Манай Үндсэн хууль хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн гурван засаглалын тэнцвэрийг хадгалах зарчим дээр суурилсан. Авторитар дэглэмээс дөнгөж салаад байсан болохоор ахиад дарангуй дэглэм бүрдэхээс зайлсхийж, ийн тэнцвэржүүлэх зайлшгүй шаардлага байсан байх. Гэтэл нөгөө талд тухайн албан тушаал эрх мэдлийг буй болгох биш харин тухайн албан тушаал дээр хэн сууж байгаагаас шалтгаалан эрх мэдэл нь нэмэгдэж хасах боломжтой нөхцөлийг бүрдүүлжээ.

П.Очирбатаас Ц.Элбэгдорж хүртэл хугацаанд Ерөнхийлөгчийн эсвэл Д.Дэмбэрэл юм уу, Р.Гончигдоржоос З.Энхболд хүртэл хугацаанд УИХ-ын даргын эрх мэдэл хуулиар нэмэгдэж бас хасагдаагүй. Харин албан тушаалыг хашиж байсан улс төрч нам болон улс төр дэх нөлөөгөөр дамжуулан албан тушаалаа “томруулж” чадаж байна. Өөрөөр хэлбэл одоогийн манай төрийн тогтолцоонд хуулиар олгогдсон эрх мэдэл бүхий албан тушаалаас илүү хувь лидерийн нөлөө хүчтэй, хуулийн засаглал сул байна.

П.Очирбатаас Ц.Элбэгдорж хүртэл хугацаанд Ерөнхийлөгчийн эрх мэдэл хуулиар нэмэгдээгүй

Мэдээж хэрэг энэ нь тухайн улс төрчдийн буруу биш. Ийм нөхцөлийг үүсгэж байгаа хуулийн сул тал юм. Хэдийгээр эрх мэдлийг тараах нь ганц нэг хүн эсвэл бүлэглэлээс шууд хамаарах хамаарлыг бууруулах сайн талтай ч эргээд хариуцлагыг сарниаж, даацтай шинэчлэл өөрчлөлт хийхэд саад учруулдаг сул талтайг санууштай.

Одоогоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд яг ямар өөрчлөлтүүд шингэж байгаа нь тодорхой болоогүй байна. Ямартай ч Ерөнхийлөгчийг ард түмний сонгуулиар биш УИХ-аас томилдог болох, Ерөнхийлөгчийн хууль тогтоох, Засгийн газарт чиглэл өгөх, Монгол Улсын өмнөөс олон улсад гэрээ байгуулах зэрэг эрхүүдийг хасаж, эрх мэдлийг нь хумих, Ерөнхий сайдад Засгийн газраа өөрөө бүрдүүлэх эрхийг олгох талаар яригдаж байгаа бололтой. Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмж, УИХ ба Ерөнхийлөгчийн эрх мэдлийг тодорхой хэмжээнд хумих төлөвтэй.

Одоогийн нөхцөлд зайлшгүй шаардлага. Харин энэ удаагийн УИХ-д өөрсдийн эрх мэдлийг хумьж, гүйцэтгэх засаглалыг илүү томруулах.Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэн батлах зориг бий эсэх нь эргэлзээтэй. Энэ асуултын хариуг бид ирэх намар авах бололтой. Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг сонгуулиас зургаан сарын өмнө батлах ёстой. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ онд багтааж хийхгүй бол дахиад хэдэн жилээр сунжрах нигууртай.

А.Амармэнд

Засгийн газрын мэдээ


URL:

Нэр: Зочин Огноо: 17 June 2015

Авилгалд идэгдсэн эдгээр хүмүүсээр яаран үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах нь зохимжгүй эд өөрсдийнхөө эрх ашигт нийцсэн өөрчлөлт хийж ард түмнийг басамжлах башир аргаа хэрэглэх болно.

Сэтгэгдэл бичих