Нэг тэрбум долларын бондын хүү хэд байх вэ

6ce781ad51b7ccd5originalЗасгийн газар төсвийн ачааллыг жигдрүүлэх гэдэг гоё нэрийн дор алдагдлаа санхүүжүүлж, дотоодын үнэт цаасны өндөр хүүтэй дарамтаас салахаар нэг тэрбум ам.долларын бонд олон улсын зах зээлд гаргахаар болж, Сангийн яаманд үүрэг өгөөд буй. Сар орчмын өмнө Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Төрийн данс улайлаа “.Эрдэнэт”, “М Си Эс”, Хөгжлийн банк гэх мэт том компаниудаас татвараа урьдчилан авсан. Өрийн удирдлагын тухай хуулийг шинэчилснээр бий болсон нэг их наяд орчим төгрөг буюу 650 сая ам.долларынзээл нэмж авах боломжоо ч ашиглачихсан байгаа” хэмээн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг яаралтай хуралдуулж, мэдээлж байсан.

Ийнхүү авах ёстой татвар, зээлээ ч урьдчилан авчихсан Сангийн яамныхан нэг тэрбум ам.долларын бонд олон улсын зах зээлд гаргах ажилдаа ханцуй шамлан орсон сурагтай байна. Тэгвэл хүү нь хэд байх вэ гэдэг асуудал сонирхол татаж байна. Удахгүй гаргах нэг тэрбум ам.долларын бондын хүү манай улсын үнэлэмж олон улсад ямар байгааг тов тодорхой харуулна. Хөрөнгө оруулагчдад хатуурхаж, хууль эрхзүйн орчноороо хавчиж байсан үе манай улсад байсан.

Харин сүүлийн жил гаруй хугацаанд Хөрөнгө оруулалтын тухай шинэ хуультай болж, цаашлаад хоёр жил орчим гацсан Оюутолгой төслийн хоёр дахь бүтээн байгуулалтыг урагшлуулахаар тохиролцоонд хүрсэн нь олон улсад эерэг мессеж түгээсэн. Монгол Улсын бодлого, хөрөнгө оруулалтын орчны барьцгүйг дээр нь алдаагаа засдгийг нь анзаарсан олон улсын банк, хөрөнгө оруулалтын сангууд бидний зээлжих зэрэглэлийг хэрхэн тогтоож авч үзэх нь сонирхол татсан асуудал болж байна. Өнгөрсөн сард Худалдаа хөгжлийн банк 500 сая ам.долларын бондыг 9.3 хувийн хүүтэй гаргасан. Энэ бол харьцангуй өртөг өндөртэй бонд болохыг шинжээчид онцолж байсан.

Манай улсын зээлжих зэрэглэлийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд “Standard and Poors” агентлаг В+ эерэг хандлагатай байсныг сөрөг болгон ШриЛанка, Кипр улсуудтай эн тэнцүүлж үнэлэмжийг бууруулсан. Анх 4.125 хүүтэй гаргаж байсан нэг тэрбум ам.долларын Чингис бондын хүү өчигдрийн байдлаар 6.25 хувь байгаа бол 5.125 хувийн хүүтэй гаргаж байсан 500 сая ам.долларын бондынх 7.06 хувь болж өссөн байна. Харин Засгийн газрын дотоод бондын хүү 16.7- 17 хувьтай байна. Тэгэхээр “Чингис” бондыг гаргаж байсан үе шиг аз бидэнд тохиохгүй нь тодорхой харагдаж байна. Дээр нь манай улсын төсвийн алдагдал өсч, санхүүгийн салбарын тэр дундаа банкны чанаргүй зээл тэлсэн нь олон улсын санхүүжүүлэгчдэд сөрөг мессеж болж очиж байгаа нь лавтай.

ТӨСӨВ ТОЙРСОН БАНТАН
Манай улс энэ онд төсвийн орлогыг 7.1, зарлагыг 7.5 их наяд төгрөг, алдагдал нь 439 тэрбум төгрөг байхаар тооцоолсон. Гэтэл төсвийн орлого 488 тэрбум төгрөгөөр тасарна гэсэн урьдчилсан тооцоог Сангийн яамнаас гаргажээ. Өөрөөр хэлбэл, улсын төсвийн орлого 60 орчим хувиар буурах нь.

Эхний таван сарын байдлаар төсвийн алдагдал 348 тэрбум төгрөгт хүрээд байгаа нь цаашид өсөх нөхцөл байдал үүсэхийг харуулж байна. Ингэх ч хэд хэдэн нөхцөл байна. Эхнийх нь эрдсийн бүтээгдэхүүний экспортын төлөвлөгөө 50 хувьдаа арай ядан хүрэхээр байна. Тодруулбал, Үндэсний статистикийн хорооноос гаргасан тавдүгаар сарын нийгэм, эдийн засгийн тайланд дурдсанаар, 19.8 сая тонныг экспортлохоор тусгасан нүүрс одоогоор 5.2 сая тонн байгаа бол, 10 тонноор тусгасан алтных 3.4 тонн, 1.4 сая тонноор тусгасан зэсийн баяжмал 535 мянга, таван сая тонноор төсөөлсөн төмрийн хүдэр дөнгөж 1.8 сая тонныг л экспортолсон байх жишээтэй. Дээр нь нүүрс, зэсийн баяжмал гэх мэт голлох ашигт малтмалын үнэ уналттай байгаа. Төсөвт тусгасан эрдсийн бүтээгдэхүүний экспортын үнэ ч “үлгэрийн” шинжтэй тоо байсныг дурдах илүүц биз. Дээр нь манай улс одоогийн байдлаар 17 орчим хувийн хүүтэй буюу өртөг өндөртэй 3.1 их наяд төгрөгөөр төсвийн алдагдлаа санхүүжүүлчихээд байгааг Сангийн яамнаас онцолж байна. Сүүлийн хоёр жил орчмын дотор Засгийн газрын дотоод бондын өр гадаад зээлийн өртэй эн тэнцэхүйц байдалд хүрээд байгаа өөрөө том эрсдэл. Нэг талаас орлого тасарч, нөгөө талаас 17 хувийн хүүтэй эх үүсвэрээр санхүүжүүлж буй төсөв энэ жил улам л хүндрэх нь. Энэ байдал манай улсын зээлжих зэрэглэлд нөлөөлж, доош татах нь тодорхой.

ӨРИЙН ХЯЗГААРЫГ “ЭВЛЭНЭ”

Өрийн хязгаарыг 2015 онд өр, баталгаа хоёр нийлээд ДНБ-ий 58.3 хувь, 2016 онд 55, 2017 онд 50, 2018 онд 40 хувиас хэтрэхгүй гэж Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг УИХ өөрчилсөн. Гэтэл өнгөрсөн оны сүүлч гэхэд манай улсын өр (энэ нь Өрийн удирдлагын тухай хуульд заасан зөвхөн Засгийн газрын өр) хэдийнэ нийт дотоодын нийт бүтээгдэхүүний 55 хувьд хүрсэн байсан. Энэ оны эхний зургаан сарын байдлаар манай улсын гадаад өр 20.9 тэрбум ам.доллар буюу 41 их наяд төгрөгт хүрээд байна. Засгийн газар нэмж нэг тэрбум ам.долларын бонд гаргаснаар энэ тоо улам цаашлах нь.

САНХҮҮГИЙН СИСТЕМ БУЮУ ЧАНАРГҮЙ ЗЭЭЛ
Банкууд он гарсаар зээлээ хумьж, шалгуураа өндөрсгөж эхэлсэн. Энэ нь эх үүсвэр буюу хадгаламжийн хэмжээ буурч байгаатай холбоотойг шинжээчид хэлж байна. Дээр нь чанаргүй зээлийн хэмжээ огцом өсч байна. Санхүүгийн салбарт гарсан нэг том өөрчлөлт нь хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 600 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 219 тэрбум төгрөг буюу 58 системийн хувьд чанаргүй зээл тавдугаар сарын эцэст 738 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 119 тэрбум төгрөг буюу 20 орчим хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Чанаргүй зээл нийт зээлийн зургаа орчим хувийг эзэлж байна. Банкны систем муудаж, эх үүсвэр хомсдож байгаагийн илрэлнь ийнхүү чанаргүй зээл өссөнөөс тодорхой харагдаж байна.

Ингээд аваад үзвэл манай улсын төсөв их хэмжээний алдагдалтай, өр хэмжээнээсээ хэтэрсэн, банкны систем тогтворгүй байгаа байдал олон улсын зах зээлээс мөнгө татахад хүү өндөр байхаар байгааг сануулж байна.

 

Б.УУГАНБАЯР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

 


URL:

Сэтгэгдэл бичих