Н.Батбаяр: Монголоо худалдсан хэрэг мөн биз дээ
УИХ-ын гишүүн Н.Батбаяртай цаг үеийн зарим асуудлаар ярилцсан юм.
-Ардчилсан намын бүлэг иргэн бүрт сар болгон өгөх 21 мянган төгрөгийг бэлэн бусаар олгох боломжтой талаар санал оруулахаар болсон гэсэн?
-Энэ жил иргэн бүртээ 120 мянган төгрөг бэлнээр олголоо. Ирэх жил үүнийгээ хоёр дахин нэмэгдүүлж 252 мянган төгрөг олгохоор шийдвэрлээд байгаа. Засгийн газраас иргэн бүрт сар болгон 21 мянган төгрөгийг бэлнээр банкаар дамжуулан олгох санал оруулж ирсэн. Энэ асуудлыг АН-ын бүлэг дээр авч хэлэлцээд бэлэн болон бэлэн бусаар авах боломжийг нээж өгөх санал боловсруулаад байна. Тэгэхээр иргэд сонголт хийх эрхтэй болох юм.
-Бэлэн бусаар гэхээр хувьцаа хэлбэрээр авна гэсэн үг үү?
-Хэрэв тухайн иргэн мөнгөө бэлнээр авахыг хүсч байгаа бол 21 мянган төгрөгийг сар бүр авсаар нийт 252 мянган төгрөг авна. Магадгүй цувуулж 21 мянган төгрөг авч байхаар 252 мянган төгрөгөө нэг мөр авахыг хүсч ч болох юм. Иргэд бэлэн мөнгө сонин биш. Ажлын байр бий болох нь л чухал гэсэн санааг дэвшүүлдэг. Гол нь байнгын ажилтай болох, амьжиргааны эх үүсвэр нь баталгаатай байхыг л тэд хүсэж байна. Гэтэл төрөөс ажлын байр бий болгох эсэх нь эргэлзээтэй. Жил бүр ажлын байр бий болгоно гэдэг ч хэрэгждэггүй. Иргэд өөрсдөө юм хийе гэхээр хөрөнгө байдаггүй гэдэг шалтгаанаар таг суучихдаг. Тэгвэл тэр олдохгүй байгаа мөнгийг төрөөс өгөх юм.
-Төрөөс өгнө гэхээр ямар байдлаар?
-Тухайн иргэн ганцаараа 252 мянган төгрөгөөр юм хийхэд хэцүү. Ганц хүн айл болдоггүй, ганц мод гал болдоггүй гэж үг бий. Тэгэхээр хэсэг бүлгээрээ, ах дүүгээрээ нэгдээд жижиг үйлдвэрлэл эрхэлж болно. Ингэвэл шууд бэлэн мөнгө хэлбэрээр бус ваучераар өгөх юм. 10 айл нийлвэл 2.5 сая төгрөг, 100 хүн нийлвэл 25 сая төгрөгтэй болох жишээтэй. Ингээд ах дүүгээрээ нийлвэл 20-30 сая төгрөг цуглах боломжтой. Энэ мөнгөөр харин одоо юм хийж болно. Ингээд ямар үйлдвэрлэл, аж ахуй эрхлэх гэж байгаа тухайгаа бичээд, ах дүүсээрээ саналаа нэгтгээд хүсэлт гаргах хэрэгтэй. Уг саналыг хэлэлцээд санхүүжилтийг нь төрөөс хийх боломжтой юм. Өнөөдрийн оруулж ирсэн төслийг сайжруулсан нэг арга нь энэ.
-Бэлэн мөнгө тараахаар үнийн хөөрөгдөл бий болдог. Үүнийг шийдвэрлэх гэсэн л нэг оролдлого юм уу?
-Бэлэн мөнгө тараагаад байхаар юмны үнэ хөөрөгдөөд байна гэж гомдоллож байна. Тэгэхээр өргөн хэрэглээний үнэ нэмэгдчихвэл хэдий мөнгө авсан ч нэмэр болохгүй. Амар байна уу гэхээр гай болов гэгчээр ямар ч утгагүй биз дээ. Харин үүний оронд мөнгөө нийлж авсанаар ажлын байр бий болж байна. Амьжиргааны баталгаажих түвшинтэй болж байна л гэсэн үг.
-Орон нутаг руу энэ асуудлыг түлхүү тавих санал гарч байсан?
-Хамгийн зөв арга. Нэг сум дунджаар 3000-5000 хүн амтай. 3000 хүнтэй сум байлаа гэхэд нэг хүнд 252 мянган төгрөг ногдоно гэж үзвэл нэг суманд жилд 750 сая төгрөг очих юм. Энэ бол асар их мөнгө. Энэ мөнгөөр юу л бол юу хийж болно. Тэгэхээр аль ч нутаг дэвсгэрт хийе бүтээе, хамтдаа гэсэн зорилго агуулж, зохион байгуулалтад орж чадвал тэр хэсэгт амьдрал өөдлөх бололцоо бүрдэнэ. Нөгөөтэйгүүр нэг сумаар хэд хэдэн туулай онох юм.
Заавал урьдчилгаа авах шаардлагагүй
-Жишээ нь ямар ямар туулай онож болох гэж?
-Дотоодын жижиг дунд үйлдвэрлэлүүд бий болно. Мэдээж аль болох дотооддоо үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж авахыг чухалчлах хэрэгтэй. Төгрөгийн ханш чангарч, ам.долларын ханш сулрах боллоо. Тэгэхээр импортоор тоног төхөөрөмж авахад ашигтай болж байгаа юм. Энэ ажлыг зохион байгуулалтад оруулахаар АН-ын бүлэг санал гаргасан нь энэ.
-Магадгүй бэлнээр тодорхой хэсгийг нь аваад, үлдсэнийг нь бэлэн бусаар авах санал гарвал хэрхэн шийдвэрлэх вэ?
-50 мянган төгрөгөөр бэлнээр, үлдсэн 200 мянган төгрөгийг бэлэн бусаар ч авч болно. Энэ бол тухай иргэн хүний сонголт. Хувилбарыг задалж өгсөн.
-Бүх хүн бэлнээр мөнгөө авна гэвэл төсөвт ийм боломж хэр байна?
-Боломж бий. Гэхдээ мэдээж бэлэн мөнгө бэлнээр өгөхийг хязгаарласан санал оруулж байгаа нь энэ.
-Анхны өргөн баригдсан төсвийн төслийг хөрөнгийн эх үүсвэргүй гэдэг шалтгаанаар буцаасан. Өөрөөр хэлбэл, амлалттай холбоотой мөнгөний 400 орчим тэрбум төгрөг Тавантолгойн хөрөнгө оруулалтын урьдчилгаагаар орж ирнэ гэж тусгасан байсан. Харин Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ одоо ч хийгдээгүй байгаа. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн юм бол?
-Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хийгдээгүй байгаа нь үнэн. Гэхдээ заавал Тавантолгойн гэрээг байгуулах шаардлагагүй. Мөн заавал урьдчилгаа авах хэрэггүй. Айлаас эрэхээр авдраа уудал гэж үг байдаг даа. Тавантолгойн талаар УИХ-ын тогтоол гарсан. Тогтоолыг Засгийн газарт хэрэгжүүл гэсэн үүрэг өгөөд байгаа юм. Уг тогтоолд дотоод, гадаадын хөрөнгийн бирж дээр 29 хүртэлх хувийг нь хөрөнгө босгох зориулалтаар IFO хийж болно. Өөрөөр хэлбэл, хувьцаагаа зарж болно. Энэ байдлаар хувьцаа зарагдаад явбал үүнээс мөнгө орж ирнэ. Тэгэхээр урьдчилгаа мөнгө авах гээд улайраад байх хэрэггүй. Ухаа худгийг хар л даа. Хувьцаа гаргаад л хэдэн тэрбум ам.доллар оруулаад ирлээ. Өнөөдөр бирж дээр нэг тонн Монголын нүүрсний үнэлэмж нь 10 ам.доллар байна. Мөнгө босгох бүрэн боломж байна шүү дээ.
-Монгол асар их нөөцтэй гагцхүү ашиглаж чаддаггүй гэдэгтэй та санал нийлэх үү?
-Санал нэг байна. Монгол бол асар их баялагтай орон. Гагцхүү тэр баялгаа зөв ашиглаж чадахгүй байгаа нь бидний зовлон. Гэхдээ ашиглахдаа бас хэмжээтэй ашиглах хэрэгтэй. Хүн өдөрт нэг аяга хоол иддэг бол тэр хэмжээгээр л авах хэрэгтэй. Түүнээс 10 аяганы хэмжээгээр бэлтгээд яах юм. Гашилгаад хаях болно шүү дээ. Үүнийг бодох хэрэгтэй.
Тэнэг хүн л ийм алхам хийх байх
-Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөний асуудлыг шийдвэрлэхээр болж байсан гэсэн. Энэ талаар?
-Монголбанкин дээр 1.8 тэрбум төгрөг бий. Тэр мөнгө гадаадын банкинд хүүгүй шахам байршиж буй. Тэгсэн атлаа манайхан гадаадаас 10 орчим хувийн хүүтэй зээл авч байгаа. Марзан байгаа биз дээ. Өөрсдийнхөө мөнгийг гадныханд хүүгүйгээр байршуулчихаад, гадныхны мөнгийг өндөр хүүгээр авч ашиглаад байна гэдэг. Тэнэг хүн л ийм үйлдэл хийнэ биз дээ. Ингэхээр болих хэрэгтэй. Өнөөдөр Засгийн газар Нийгмийн даатгалын санд асар их хэмжээний өртэй. Энэ мөнгийг төлөх ёстой.
-Мөнгө байхгүй гэдгээ Засгийн газар мэдэгдсэн биз дээ?
-Нийгмийн даатгалын санд 450 тэрбум төгрөгийн өр төл гэж шаардсан. Мэдээж бүрэн биш тодорхой хэмжээний мөнгийг л төлүүлэх гэж байгаа нь энэ. Засгийн газарт мөнгө байхгүй учраас Монголбакнаас Нийгмийн даатгалын санд зээл хэлбэрээр өгүүлэх юм. Жилийн 0.1 хувийн хүүтэйгээр. Монголбанкийг бас хохироож болохгүй биз дээ. Засгийн газар Монголбанкид зээлийн баталгаа гаргаж өгнө. Ингээд Нийгмийн даатгалын сан 450 тэрбум төгрөгтэй болох юм. Энэ мөнгийг өсгөх хэрэгтэй. Мөн энэ нь тэтгэвэрт гарах иргэдийн хөрөнгө. Гэхдээ буруу зөрүү банкинд хийгээд алга болгох биш. Дэлхий дахин энэ мөнгөө яаж өсгөдөг вэ гэхээр моргейжийн зээлээр байршуулдаг. Моргейжийн зээл 20-30 жил байдгийн учир нь тэтгэвэрт гарах хүн ч ялгаагүй тийм хугацааны дараа гардаг. Энэ үүднээс зээлийн хугацаа урт байдаг нь эх үүсвэрийн хугацаа ч урт байдагтай холбоотой.
-Тэгэхээр манай улс энэ мөнгөө хэрхэн арвижуулж болно гэж?
-Манай улс Нийгмийн даатгалын сангийн 450 тэрбум төгрөгөөрөө арилжааны банкуудад байгаа орон сууцны зээлүүдийг үнэт цаас хэлбэрээр худалдаж авах. Ингэснээр иргэдийн орон сууцтай болох асуудлыг шийдвэрлэнэ. Мөн барилгажуулах асуудлыг ч шийдвэрлэх боломжтой. Эх үүсвэрийг шийдчихэж байгаа болохоор хүүг нь тогтоох бололцоотой болно. Тэгэхээр хүүг жилийн зургаан хувиас хэтрэхгүй байхаар хугацаа нь 30 жил болчихвол зээлийн эргэн төлөлтийн хэмжээ багасна. Энэ мэтчилэн нэг сумаар хэд хэдэн туулай буудаж болох юм.
Амлалтаа биелүүлэх нь бидний үүрэг
-Амлалтаа биелүүлэх сүүлийн жилийн төсвийг хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулан МАН-аас Алдарт эхийн I, II одонгийн мөнгийг хоёр дахин нэмэгдүүлэх, мөн ажлын байртай холбоотой 178 тэрбум төгрөгийн асуудлыг төсөвт суулгахаар санал орууллаа. Үүнийг төсөв даах болов уу?
-Хүний хөгжил сантай холбоотой 700 гаруй тэрбум төгрөг ажлын байр руу чиглэж байна. Хүмүүс өөрсдөө ажлын байрыг бий болгоно. Төрийг харж ангаахай шиг суудаг үе өнгөрсөн. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг байдлаар ажиллах боломжийг өгч байгаа юм. Мэдээж иргэдийн өмнө амласан тэрхүү амлалтаа биелүүлэх нь бидний үүрэг. Нэгэнт л амлаад гараад ирсэн хүмүүс шүү дээ. Алдарт эхийн I, II одонгийн хуулийг санаачлагчдын нэг нь би. Хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилнэ. Энэ хуулиар 2011 оноос өмнө дөрөв болон зургаан хүүхэд гаргасан эхчүүд хамрагдана. Ямар нэгэн насны шалгуур тавиагүй.
-Төсвийн талаар эргээд яриагаа хандуулъя. Төсөв хуваарилалт ямар ч тооцоо судалгаагүй байна гэдэгтэй та санал нийлэх үү. Цаасны зардлаа 120 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн атлаа Онцгой байдал, батлан хамгаалах салбартаа хөрөнгө нэмэгдүүлсэнгүй?
-Ингээд яриад байвал их зүйл бий. Чиний ярьж байгаа нь үнэн. Сангийн сайдад төсвийн хуулиа өөрчлөх саналыг хэлдэг. Харамсалтай нь хүлээж авдаггүй. Уг нь зардлыг бууруулж, хүндээ очиж байгаа мөнгөө нэмэгдүүлэх нь чухал.
Энэ хүмүүсийг яах ёстой вэ
-Оюутолгойн гэрээг та анхнаас нь шүүмжилж байсан. Сүүлийн үед бүүр ч их чангарах болж?
-Хатуухан хэлбэл луйврын гэрээ болжээ. Бидэнд баялаг байна, нөгөө талд мөнгө байна гээд орсон. Гэтэл нөгөө тал зээлээр санхүүжүүлэх гэрээ хийчихэж байгаа байхгүй юу. Гэхдээ энэ гэрээ задарна. Энэ бол өрнөөд явж байна. Цаашид ч үргэлжлүүлнэ ээ. Олон ангит кино шиг л үргэлжилнэ.
-ҮЗХ-ны хурал дээр С.Баярцогт та хоёрын хооронд багагүй маргаан өрнөсөн. Тэрхүү нууцын зэрэглэлтэй гэрээний учрыг тайлбарлаач?
-Н.Батбаяр зэргийн гишүүд энэ асуудлыг хөндөж байж энэ гэрээ нууцын зэрэглэлээс гарлаа. Олон нийтэд хүрэх үүд хаалга нь нээгдлээ. Нууцлах ёсгүй зүйлийг нууцалсан байсныг илрүүлсэн шүү дээ. Өнөөх нууц гээд байсан гэрээгээ С.Баярцогт сайт дээр тавьчихна гэсэн. Харамсалтай нь өнөөдрийг болтол тавиагүй байна. Надад цаасан дээрх хувилбар нь л бий. С.Баярцогт тавихгүй бол үүнийгээ скайнердаад л сайтууд дээр тавихаас.
-Мөн албан бус гэж тодотгож байсан байх аа?
-Энэ гэрээний дагуу Монголын тал 34 хувийг эзэмшинэ гэж байгаа ч өнөөг хүртэл албан ёсны бус. Өөрөөр хэлбэл, Улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх жишээтэй. Өнөөдөр Монгол Улсын мөрдөж байгаа хуулиар Улсын бүртгэлийн газар бүртгэгдэж байж хүчин төгөлдөр болох ёстой. Энэ ажил одоо хүртэл хийгдээгүй байна.
-Мөн Оюутолгойн гэрээг толгой компанитай нь бус охин компанитай нь хийж байгаа талаар тухайн үед гишүүд яагаад дуугараагүй юм бол?
-Би зөндөө хэлж байсан. Толгой компани охин компани хоёрын хувьцаа хоорондоо хөрвөдөг байх ёстой. Тэр ханшийг тохирох ёстой гэж хэлсэн ч усанд хаясан чулуу шиг л хаягдсан. Оюутолгойн гэрээ байгуулагдсанаас болж Монгол Улс дөрвөн тэрбум ам.доллар алдчихаад байна. “Айвенхоу майнз” компанийн хувьцааны нийт үнэлгээ нь 12 тэрбум ам.доллар боллоо. Анх гэрээг байгуулахаар ярьж байхад гурван тэрбум ам.доллар байсан юм. Ингээд бод л доо. Хүсвэл бид хувьцаагаа зарахад л дөрвөн тэрбум ам.доллар манай данс руу ороод ирнэ. Энэ боломжийг бид алдчихсан. Гадныхан манай баялгаар мөнгө босгоод байхад манайх мөнгөгүй яах уу гээд толгойгоо шаналгаж байгаа нь гэрээг хийсэн хамгийн том алдаа. Энэ мэт маш олон зүйл байгаа.
-Хөрөнгө оруулалтаа 30 жилийн дараа нөхөж дуусахаар хийснийг юу гэж тайлбарлах вэ?
-Үүнийгээ хуульд хэдэн жилийн дараа гэдэг нь бичигдээгүй байсан гэж тайлбарлаж байгаа хүмүүсийг яах ёстой юм бэ. Зөвхөн хөрөнгө оруулалтын дараа гэсэн байсан. Тэгэхээр хэдэн жилийн дараа ч гэж ойлгож болно. Иймээс бид 30 жилийн дараа гээд авчихсан юм гэж байх жишээтэй. Энэ чинь Монголоо худалдсан хэрэг мөн биз дээ.
Л.Нинжсэмжид http://niigmiintoli.mn/
URL: