Улс төрийн тогтворгүй байдал эрдэмтдийн санааг зовоов

Босоо бичиг шигээ хийморьтой ард түмэн бол Азийн цээжинд орших Монгол хэмээн олон улсын Монголч эрдэмтэд онцолж байна. Монголын тулгар төр байгуулагдсаны 2220 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 805 жил, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, Ардын хувьсгалын 90 жил болоод Монгол Улс НҮБ-д нэгдэн орсны 50 жилийн түүхэн их ойг тохиолдуулан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор “Олон улсын Монголч эрдэмтдийн Х хурал” өчигдөр Төрийн ордонд эхэллээ.

Хуралд Австри, Англи, АНУ, Герман, Голланд, Дани, Испани, Итали, Казахстан, Канад, Норвеги, ОХУ, Польш, Солонгос, Тайван, Турк, Унгар, Финланд, Франц, Хятад, Чех, Швед, Швейцар, Энэтхэг, Японы 300 шахам Монголч эрдэмтэн хүрэлцэн иржээ. Монгол Улсаас энэ хуралд 100 гаруй эрдэмтэн судлаач илтгэл тавьж оролцох бөгөөд нийт 800-аад эрдэмтэн судлаач энэ удаагийн хуралд оролцож байна.

Эрдэмтэд таван жилд нэг удаа чуулдаг. Тэд энэ удаа “Монголын гадаад харилцаа ба түүхэн туршлага” сэдвээр санал солилцож байна. Ингэхдээ “Түүхийн өмнөх үе болон түүхэн үеийн Монгол ба гадаад ертөнц”, “Монгол хэл, соёлын тулгамдсан асуудлууд”, “Монголын эдийн засаг, улс төр”, “Монголын гадаад харилцаа, дипломат ёс”, “Монголын тусгаар тогтнол, хувьсгал” гэсэн таван салбар хуралдаанаар хэлэлцэх аж.

Түүнчлэн Монголын гадаад харилцааны түүхэн уламжлал, үндэсний эрх чөлөөний хувьсгал, үндэсний тусгаар тогтнол, төрийн бодлого, эрт эдүгээгийн Монголын эх түүх, нийгэм, эдийн засаг, хэл бичиг, утга зохиол, иргэншил, соёлын судалгаа зэргийг онцлон анхаарах зорилготой талаар оролцогчид тодотгож байлаа. Төрийн тэргүүн хурлын нээлтэд оролцож, Монгол судлалыг хөгжүүлэх, цаашид эрдэмтдийн залуу халааг бэлтгэх, Монгол судлалын сан байгуулах болон Монгол судлалын их сургууль, Эрдэм судлалын төв байгуулах талаар тодорхой санал дэвшүүлсэн юм.

Өдгөө цагт 1921 оноос хойших буюу Монгол Улс тусгаар тогтнолоо зарласнаас хойших түүхийг судлахыг илүүд чухалчилдаг болжээ. Өмнө нь ихэвчлэн Чингис хаан болоод Их Монгол Улсын талаар судалгаа, шинжилгээ хийдэг байсан бол өдгөө туурга тусгаарлаж, тусгаар тогтносон нүүдэлчин ардын ахуй байдал, улс төрийн амьдралыг илүүд сонирхон судлах болсон гэнэ.

Мөн уйгарчин монгол бичиг сурах сонирхолтой Австри, Англи, АНУ, Унгар, Финланд, Франц, Хятад орны эрдэмтэд ч ихээр ирсэн байлаа. “Монгол бичиг сурахад их хэцүү. Гэхдээ маш сонирхолтой бичиг” хэмээн тэд тодотгож байв. Түүнчлэн эрдэмтэд өнөөгийн улс төрийн тогтворгүй байдал нь Монголд сайнаар нөлөөлөхгүй гэдгийг онцолж байсан юм. Асуудал даамжирч, иргэний дайн гарах нөхцөлийг бүр дүүлэх эрсдэл бий талаар ч тэд ярьсан юм. Гэхдээ хамгийн амар амгалангуй хийгээд уужуу сэтгэлтэй хүмүүс Монголд л байдаг гэдгийг дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байлаа.

МОНГОЛЧ ЭРДЭМТДИЙГ ТӨРИЙН ШАГНАЛААР ШАГНАВ

Энэ өдөр төрийн тэргүүний зарлигаар дэлхий дахинд монголын өв соёл, хэл, зан заншил, үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлж ирсэн эрдэмтэн, судлаачдад шагнал гардуулсан юм. Түүнчлэн Монголын түүх, түүх бичлэгийн салбарт суурь судалгааны олон арван бүтээл, хамтын бүтээлүүд туурвиж олон улсын тавцанд Монгол судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх, дэлгэрүүлэн түгээх үйлсэд оруулсан хувь нэмрээрээ Олон улсын Монгол судлалын холбооны гүйцэтгэх захирал, доктор профессор Ц.Ишдорж “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цол хүртлээ.

Мөн “Алтан гадас” одонгоор ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн Монгол судлалын секторын эрхлэгч, доктор профессор Владимир Грайворонскийг, Япон улсын Осакагийн Гадаад судлалын их сургуулийн хүндэт профессор, Монголч эрдэмтэн Масарү Хашимото, БНСУ-ын Монголч эрдэмтэн “Улаанбаатар” дээд сургуулийн ерөнхий захирал профессор Чой Ги Хо нарыг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагналаа. Арав дахь удаагаа зохион байгуулагдаж буй 50 гаруй жилийн түүхтэй энэ удаагийн Монголч эрдэмтэн мэргэдийн чуулган энэ сарын 13- ныг хүртэл үргэлжилнэ.

Л.Нинжсэмжид  http://www.niigmiintoli.mn/


URL:

Сэтгэгдэл бичих