ЭЛЕГИЯ
(Ор тас хаягдсан нэгэн шүлэгтээ зориулав)
Ерээд оны үед бичсэн нэг айхтар шүлгээ би
Эрээд эрээд олохгүй хорин жил тарчиллаа
Идэр насны халуун омгоор бичсэн болоод ч тэр үү?
Их л хурц шүлэг байсан шиг санагддаг
Эргээж сэргээх гэж хааяа оролддог ч
Ир нь мохчихсон хөгшин тархинд юу ч буудаггүй
Ямар ч байсан нэг хүүхэн
Яваад л байдаг, яваад л байдаг
Явах нь сонин биш, явдал нь их сонин
Явалдах нь бүүр ч сонин. Ямар гэж үү?
Эр хүний цээжин дээр морин шоргоолж асгаж час час хазуулаад
Энийгээ өөрөө харж тас тас хөхрөөд дур хайлчихдаг
Нүцгэн биенийхээ хажууд нүгэлтэй том цар авчирч зоогоод
Нөгөөх ажлаа хийж буй дүрсээ нөлөөтэй толинд хараад сэтгэл ханачихдаг
Нууц амрагийн тачаангуй замаар явчихсан нэг эрийн хэд хэдэн зургийг
Нүүр нүдгүй зүүгээр шивж бяцхан тайвшраад нам унтчихдаг
Жинхэнэ архидалтан дээр яваад орчихлоо гэж өөрөө өөртөө итгүүлээд
Жирийн нэг муу ундааг гуурсаар шимж уугаад тас үсэрчихдэг
Ийм сонин шүлгээ би, эрээд эрээд олохгүй байна
Эрийтэл өрсөн номынхоо хуудас бүрийг тэмтэчлээ
Эрэгнэг сав, авдрын ёроол, шкафны мухар, орны хөндий…
Эцэст нь бүр аргаа бараад
Эхнэрийнхээ хөхөвч, дотоожийг хүртэл тэмтэрч үзэх шахлаа!
Хорин сая жилийн тэртээ арвалзаж явсан үлэг гүрвэлийн яс бүхлээрээ олдож
Хоёр мянган жилийн тэртээ алалдаж явсан Хүн гүрний түүх бүтнээрээ олдож
Хоёр зуун жилийн тэртээ шагшигдаж явсан Равжаа хутагтын бүтээл авдраараа олдчихоод байхад
Хорьхон жилийн өмнөх миний муу шүлэг л олдохгүй юм даа, чааваас гэж…
Б.ОЙДОВ
URL: