Тавантолгой ороод ирлээ, улс төр, популизмаа хойш тавин хэлэлцээрэй гишүүдээ

77515151-e271-4d55-a414-935f3017740a“Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан байна. Тиймээс өнөөдрөөс эхлэн УИХ дахь намын бүлгүүд, байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлнэ гэсэн үг.

Энэ нь Тавантолгойн гэрээний асуудлаар УИХ-аас томилогдсон ажлын хэсгийнхэн дүгнэлтээ өргөн барьчихсан гэсэн үг байх. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн ахалсан ажлын хэсэг 13 асуудлаар дүгнэлт гаргаж, төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэсэн.

Тэд Тавантолгойн ордыг ашиглах тухай асуудлаар:
-Засгийн газраас өргөн барьсан Хамтын ажиллагааны гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээ, Төмөр замын концессын гэрээнүүд нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, тогтоомжид нийцэж байгаа эсэх,
-Гэрээ нь тухайн асуудлаар гарсан хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа УИХ-ын болон холбогдох байнгын хороодын тогтоолтой нийцэж байгаа эсэх,
-Гэрээ Үндэсний аюулгүй байдлын Үзэл баримтлал, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн Зөвлөмж болон Засгийн газрын холбогдох шийдвэр болон төрийн эрх бүхий байгууллагын бусад шийдвэртэй нийцэж байгаа эсэх,
-Монгол Улсын баримталж буй гуравдагч хөршийн бодлоготой нийцэж байгаа эсэх, Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бизнесийн эрх ашигтай уялдаж байгаа эсэх гэх мэт олон асуудлыг тусгасан юм.

Ажлын хэсгийнхний зүгээс шаардлагатай материалуудыг Засгийн газраас өгөхгүй байна хэмээж байсан ч хариуд нь өгч байгаагаа Засгийн газрынхан хэлж байсан. УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн зүгээс Ерөнхий сайдад шаардлага тавьж, тодорхой асуудлуудыг шийдвэрлэх ёстой гэдгийг илэрхийлсэн.

Мөн Тавантолгойн төсөл олны шүүмжлэлд өртөөд байгаа. Гишүүдийн зүгээс Тавантолгойн төсөлд хангалтгүй дүн тавиад байгаагийн гол учир нь тэнд хяналт алга гэсэн.

Хөрөнгө оруулагчид нүүрс олборлож, чөлөөтэй тээвэрлээд явах боломжтой байдлаар гэрээнд тусгаж өгсөн нь ийнхүү тэднийг шүүмжлэхэд хүргэсэн нь үнэн.

Энэ тухайд  УИХ-ын дарга З.Энхболд “Тавантолгойн ордыг ашиглах талаар явагдаж байгаа хэлэлцээр нь УИХ-ын 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг зөрчиж байна.

Энэ талаар УИХ-ын удирдлага байр сууриа илэрхийлж, 2015 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Засгийн газарт хүргүүлсэн. Энэхүү хэлэлцээрийг байгуулж байгаа нөхцөлөөс харахад Монгол Улсын эдийн засаг нэг зах зээлээс бараг бүрэн хамааралтай болох нөхцөл үүсч байна.

Энэ нь 2010 онд УИХ-аар баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан нэг улсын хөрөнгө оруулалтыг нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс ихгүй байлгана гэсэнтэй нийцэхгүй байна” гэж дөрөвдүгээр сарын 6-ны хаврын чуулганы нээлтэн дээр мэдэгдсэн.

Тиймээс ч Тавантолгойн асуудал ийнхүү сунжирсан билээ. Харин З.Энхболдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийнхэн “Монгол Улсын төр үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал, үндэсний төмөр замын сүлжээ байгуулах зэрэг шаардлага, зорилтыг үндэслэн шинээр төмөр зам барих тусгай зөвшөөрлийг төрийн өмчит “МТЗ” компанид олгосон.

Гэтэл энэ чиглэлийн төмөр замыг Тавантолгойг ашиглах уралдаант шалгаруулалтын нэг хэсэг болгож, гадаадын хөрөнгө оруулалттай компанид шилжүүлэхээр хэлэлцээр хийж байгаа нь Үндэсний аюулгүй байдлын 2011 оны 35/32 болон 2015 оны 04/03 дугаар Зөвлөмжүүд, Засгийн газрын 2012 оны 121 дүгээр тогтоолыг тус тус зөрчиж байгаа болохыг “МТЗ”-ын удирдлагууд мэдэгдэж байгаа юм. Үүнийг ч мөн тоохгүй орхигдуулж болохгүй” гэсэн билээ.

Тэд бас “Энержи ресурс” компанид давуу эрх олгосон хэмээн мэдэгдсээр ирлээ. Зарим нь асуудал дээр муу эр дайнд хөөрөхийн үлгэрийг л үзүүлж ирлээ.

Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцэх эсэхийг нийт гишүүд шийдэх ёстой, наана нь ажлын хэсэг гарч шийдэх ёсгүй гэсэн байр суурьтай гишүүд ч цөөнгүй байсан. Мөн УИХ-ын зарим гишүүд байнга л Тавантолгойг УИХ-д хэзээ оруулж ирэхийг сураглаж ирсэн.

Тэгвэл энэ удаа ямартай ч Тавантолгойн гэрээний төслийг УИХ хэлэлцэж эхлэхээр болсон нь энэ аж. Харин нөгөө жоомоо шатаах гээд гэрээ шатаав гэгчээр хэн нэгнийгээ огцруулж, маанийг нь уншихад хүрэлгүй асуудлыг нухацтайхан бас шуурхай хэлэлцээсэй гэсэн чин сэтгэл олонд байна.

Тэгээд ч нийт олон түмэн одоо нэгэнт Тавантолгой болон бусад хэрүүл, уруултай асуудлаас залхаад байгааг ч санах хэрэгтэй байх.

УИХ-ын ээлжит хаврын чуулган завсарлахад сар хүрэхгүй хугацаа үлдээд байхад тэд бусад амин чухал хуулиудаа хэлэлцээгүй л байна. Тэгэхээр Тавантолгой дээр улстөр, популизм хийхээ азнаад асуудалд нухацтай хандаасай л гэж хүсэх ёстой байх.

М.Дэлгэр

Гэрэг.мн


URL:

Нэр: Г.Мөнхбаясгалан Огноо: 15 June 2015

Энэ эдийн засгаа өөд татахгүй бол иргэд,жижиг бизнесийнхэн бид чинь ажилгүй хэцүүдлээ.Казиногийн хуулиа батал,махаа экспортол,Монголд үйлдвэрлэсэн бараа,бүтээгдэхүүнээ гадаадад экспортол,Уул уурхайгаа ашигтай нөхцлөөр ашигла эсвэл бүр мөсөн зогсоо,Аялал жуулчлал аа нэмэгдүүл баар саваа шөнө ажиллуул эсвэл гадаад жуулчинд зориулсан гудамж гаргаж гадны жуулчдын мөнгийг Монголд үлдээх, Korea Itteowan дүүрэг шиг,Махны чиглэлээр фермер эрхэлж Солонгос,Япон,БНХАУ,Арабын ертөнцийн махыг ханга ердөө л энэ шдээ.

Сэтгэгдэл бичих