Шайо гол цусаар үерлэв
Шайо гол цусаар үерлэв
Байдар, Хайду нар Лигницийн дэргэд II Хенри вангийн цуглуулсан Европын нэгдсэн армийг бут ниргэж бүхий тэр өдөр буюу 4 сарын 9-нд IV Бела ван их цэргээ дагуулан, эргэж дутаасан монголчуудыг элдэж сүрийг бадруулсаар Мохийн талд ирж, Шайо голын этгээдэд монголчууд хориглон бүхийг үзээд гүүрний харалдаа наад дэвсэг дэнж дээр хүрээлэн буудаллажээ. Голын цаана монголчууд байх авч, ойн гүнд чухам хэд хичнээн хүч буйг таамнаж мэдэхэд бэрх. Тэгээд вантан дэнж дээр армийнхаа асар майхныг хаяа хатган шахуу хороолон босгуулж, тойруулан аяны тэргээ холбон хүрээ үүсгэжээ. Ийнхүү тэргээр хүрээ үүсгэж, хамгаалалт хийх нь цэрэг дайны туршлагад түгээмэл бөгөөд XV зуунд Чехт болсон Гүсийн дайны үед сохор Ян Жижка жанжны тариачин цэргүүд ийм хамгаалалтыг хамгийн үр дүнтэй ашигласан байдаг. Галдан Бошигт хаан Улаанбудангийн тулаанд тэмээн ачаа ашиглан энэ аргыг бас хэрэглэсэн.
Голын гүүрийг шилдэг 1000 цэргээр хамгаалуулсан байна.
Мажарын их хүч (багадаа 65 000, ихдээ 100 000. Хэролд Лэмб 100 000 гэсэн бол Жувейни 400 000 гэсэн тоо дурдсан нь эргэлзээтэй) буудаллаж байх үед Бат хаан ойролцоо нэгэн өндөрлөг дээр гараад өвөг Чингис хааныхаа адил бүсээ хүзүүн дээрээ тохож, тэнгэрт бүтэн өдөр, шөнө залбирчээ. Цаг болоход тэр бууж ирээд цэргүүдээ зоригжуулан, золбоо хийморьтой байхыг уриалаад ийн өгүүлжээ. “Дайсан хэдийн олон ч мунхаг хүнээр удирдуулсан нь хавчиг хашаа хороонд хашигдсан эзэнгүй хоньд мэт байна. Тэд бидний гараас мултрахгүй”.
Бат хаан голын цаана байх мажаруудын хуаранг ажиглана
URL: