Гацууртын 34 хувь Оюутолгой шиг дарамт болох уу
Гацууртын төсөлд төр 34 хувь эзэмших саналыг Засгийн газрын ажлын хэсгээс УИХ-д өргөн барьсаннь улстөрч болон судлаачдын дунд маргаан дагуулаад байна. Үүнээс болоод УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага аваад байгаа нь Гацууртыг Тавантолгойн араас бас талцуулж эхэллээ. Засгийн газраас оруулж ирсэн саналаар бол Төр Гацууртад 34 хувь эзэмшсэн тохиолдолд 34 хувьтайгаа дүйцэх хөрөнгө оруулалт хийх шаардлагагүй гэдгээрээ судлаачдын аанхаарлыг татаж байна. Өмнө нь Оюутолгойд Монголын төр 34 хувь эзэмших шийдвэрийг УИХ-аас гаргахдаа энэ хувьдаа дүйцэх хэмжээний хөрөнгө оруулахаар заасан. Үүнээс болоод Оюутолгой төсөлд шаардлагатай их хэмжээний хөрөнгө, зардал болон шаардлагатай бүх зээлүүдэд Төр 34 хувьдаа ногдох бүх эрсдэл, зардал, зээлийн хүүг нь хамтдаа үүрч буй. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлгийнхэн “даахгүй нохой булуу хураана” гэгчээр төр Стратегийн том ордуудад хувь эзэмшиж, бизнесийн эрсдэл хүлээх шаардлагагүй гэж үзэж байгаа билээ.
Харин энэ удаад төр Гацууртын ордод 34 хувь эзэмшихдээ хөрөнгө оруулахгүй, зардал болон зээлд нь оролцохгүй, хариуцлага хүлээхгүй байх шинэ хувилбарыг оруулж ирсэн нь Оюутолгойгоос сургамж авсан төрд ашигтай хувилбар хэмээн Засгийн газрын Ажлын хэсгийнхэн тайлбарлаж байна.
ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт Засгийн газраас зохион байгуулдаг “Сайдын цаг” –аар мэдээлэл хийхдээ Гацуурт төсөлтэй холбоотой төрийн эзэмших 34 хувьтай холбоотой асуудлаар сэтгүүлчийн асуултад хариулсан юм.
-Гацууртын төслийн 34 хувийг төр татвар, төлбөр хэлбэрээр эзэмших саналыг Засгийн газраас өргөн барьсан. Энэ нь Монгол улсад ямар ашигтай юм бэ ?
-Засгийн газраас өргөн барьсан тогтоол нь хоёр заалттай. Ашигт малтмалын хуулийн 8.1-т тухайн стратегийн орд дээр хэдэн хувийг төр эзэмшихийг УИХ тогтооно гэж заасан. Өмнө нь хэд хэдэн удаа тогтоол гаргаж байсан.
Гацууртын хувьд сар шинийн өмнө Засгийн газар хүү авахгүйгээр 20 хувийг нь эзэмших санал оруулсан. УИХ үүнийг шаардлагагүй гэж үзээд шийдээгүй. Тусгай роялти гэдэг нь төрийн эзэмших тодорхой хувийг орлуулж, дүйцүүлж байгаа асуудал. Тэгэхээр хөрөнгө оруулагч өөрөө тухайн ордыг нээсэн бол төрийн эзэмшил дээд хэмжээгээр буюу 34 хувь байх хуулийн заалт байгаа. Энэ дагуу Засгийн газар 34 хувь гэж санал оруулж ирсэн. Үүнийгээ тусгай төлбөрөөр дүйцүүлэн төрөөс мөнгө гаргахгүйгээр эзэмших санал юм. Энэ 34 хувьдаа тааруулаад тав хүртэлх хувийн тусгай роялтигаа авбал ойролцоогоор 3 орчим хувь дээр очих боломж байна гэдэг Ажлын хэсгийн санал байгаа. Үүнийгээ УИХ-д оруулж танилцуулж байгаа. Тэгэхээр 34 хувиа авсан ч бай, 3 хувийн нэмэгдэл роялти авна гэдэг нь 5 хувийн суурь роялти, 5 хувийн өсөн нэмэгдэх роялти гээд нийт 13 хувь болно. Ойролцоогоор нийтдээ 78 хувийн татвар авах бололцоо бүрдэж байгаа. Гэхдээ манайх 2019 он хүртэл суурь роялтигаа 2.5 хувь болгож бууруулсан, өсөн нэмэгдэх роялтийг 2019 он хүртэл алтан дээр хэрэглэхгүй гэж заасан. Тэгэхээр хөрөнгө оруулагч талд 2019 он хүртэл ашигтай, түүнээс хойш маш өндөр хэмжээний татвар төлнө гэсэн үг. Хэрэв бид ногдол ашиг авна гэвэл хүлээх болно, тусгай роялтиг газар ухаж эхэлснээс л аваад эхэлнэ. Тэгэхэээр бид өнөөдөр үнэ цэнэтэй мөнгө авч байна. Хэмжээгээрээ ч, өнөөгийн үнэ цэнээрээ ч хувь эзэмшсэнээс хамаагүй ашигтай болж таарна. Орд болгон дээр хувь эзэмших нь ашигтай байна уу, тусгай роялти авах нь ашигтай байна уу гэдэг сонголтоо хийх бололцоотой.
Стратегийн орд дахь төрийн эзэмших
51 ба 34 хувийн ялгаа юу вэ
УИХ-аар хэлэлцэхээр хүлээгдэж байгаа Тавантолгой, Гацуурт зэрэг төсөл дэмжигдсэн тохиолдолд эдийн засгийн хүндрэлээс гарахад том хувь нэмэр оруулна гэж үздэг. Энэ хоёр том төслөөс хамгийн түрүүнд үр нөлөө үзүүлэхэд бэлэн байгаа нь Гацуурт төсөл хэмээн эдийн засагчид үзэж байна. Гацуурт нь 2006 оноос хойш УИХ, Засгийн газрын шийдвэрийг хүлээнхүлээгдэж буй ордуудын нэг. УИХ энэ хавар Гацууртыг стратегийн ордод оруулснаар хуулийн дагуу төр хувь эзэмших нь тодорхой болсон. Гацууртын ордыг төр өөрийн хөрөнгөөр нээж олж нөөцийг нь тогтоогоогүй. Тиймээс төр дээд тал нь 34 хувь эзэмшихээр Ашигт малтмалын тухай хуульд заасан. Хэрэв Тавантолгой, Цагаансуварга шиг төр өөрийн хөрөнгөөр энэ ордыг олж, нээж, нөөцийг нь тогтоосон бол 51 хувь хүртэл эзэмших боломжтой байжээ.
Өнөөдөр УИХ-аар баталсан Монгол Улсын стратегийн ач холбогдолтой 15 болон нөөц 39 орд бий. Үүнээс Оюутолгой бол Канадын хөрөнгө оруулалттай “Айвенхау майнз” компани анх өөрсдийн хөрөнгөөр нөөцийг нь олж, тогтоосон анхны Стратегийн орд. Харин хоёр дахь нь Гацууртын алтны орд бөгөөд Сентерра гоулд компаниэнэ ордыг Стратегийн орд болгох санал тавьснаар ийнхүү төр хувь эзэмшихээр болоод байгаа юм. Тиймээс төр Гацууртад 34 хувь эзэмшсэн тохиолдолд “Оюутолгой” төсөл шиг төрөөс их хэмжээний хөрөнгө мөнгө гарган, бизнесийн эрсдэлд орох вий гэсэн болгоомжлол улстөрчдөд бий. Гацууртыг гацааж магадгүй ганц болгоомжлол нь ч үүнээс үүдэлтэй. Гэхдээ Засгийн газраас Оюутолгойн гэрээнээс сургамж авч, алдааг давтахгүй гэсэндээ Гацуурт төсөл дээр тухайн компаниас авах татвар төлбөрийг нэмэгдүүлэх замаар 34 хувиар эзэмших хувилбарыг санал болгосон. Тэдний тайлбарлаж буйгаар хэрэв “тусгай төлбөр=34%” гэсэн энэ хувилбар УИХ-аар дэмжигдвэл төр ямар ч хөрөнгө гаргахгүйгээр 34 хувиа эзэмших боломжтой болж байгаа юм.
Төрд ногдох хувийг татвар, төлбөртэй дүйцүүлэн тогтоох энэ хувилбарыг цаашид бусад Стратегийн ордууд дээр ашиглах боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа. Гэхдээ орд бүрийн онцлогоос шалтгаалан төрийн эзэмших хувь хэмжээ 0-34 хувьболон 0-51 хувийн хооронд байна. Тухайлбал, Цагаансуваргын зэсийн ордыг социализмын үед улсын хөрөнгөөр нээж, нөөцийг нь тогтоосон тул төр 51 хувь эзэмших ёстой байсан. Харин Оюутолгой, Гацууртын ордын хувьд хувийн компаниуд өөрсдөө нөөцийг нь нээж, тогтоосон тул төр дээд тал нь 34 хувь эзэмшихээр хуульд заасан байдаг ажээ.
URL: