Б.Цэрэн: Хан-Уул дүүргийн Засаг дарга ганцхан орлогчтой ажиллах ёстой

1434080029557a531dd3471“Чимээгүй зогсолт” сэдэвт улс төрийн акци өчигдөр Хан-Уул дүүрэгт боллоо. Энэ арга хэмжээг Хан-Уул дүүргийн МАН-ын хорооноос зохион байгуулжээ.  Тэд өнгөрсөн долоо хоногт Засаг дарга Ж.Ганхуяг хууль зөрчин гурван орлогчтой ажилласаар байгааг хэвлэлийнхэнд мэдээлсэн. Тиймээс хууль бус орлогчийнхоо асуудлыг цэгцлэхийг шаардаж албан бичиг хүргүүлсэн ч хариу ирүүлээгүй байна. Тиймээс “Чимээгүй зогсолт” акциар эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Энэ тухай Хан-Уул дүүргийн  МАН-ын хорооны дэд дарга Б.Цэрэнгээс тодрууллаа.

-Дүүргийн Засаг даргын орлогч нарын тоог цөөрүүлэхийг шаардсан гэж ойлгож болох уу ?

-Энэ оны нэгдүгээр сарын 23-нд  Засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Үүгээр аймаг, нийслэлийн Засаг дарга хоёр, сум дүүрэг нэгээс доошгүй  орлогчтой байхаар заасан. Гэтэл манай дүүргийн Засаг дарга өнөөдрийг хүртэл гурван орлогчтой ажиллаж байна.  Хуулийг бүгд мөрдөх ёстой. Энэ үүднээс бид орлогчийнхоо тоог цөөрүүлж хуульд нийцүүлэхийг шаардаж байгаа юм.

-Та бүхэн Ж.Ганхуяг даргад өнгөрсөн долоо хоногт ямар шаардлага хүргүүлсэн бэ?

- Бид нэгдүгээрт нийслэлийнхээ иргэдэд хоёрдугаарт Хан-Уулын дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, түүний гурван орлогчид шаардах бичиг гардуулсан. Энэ бичигтээ Засаг даргын гурван орлогчид хандан “Та бүхэн сайн дураараа орлогчийнхоо ажлаас өгөөч ээ” гэсэн байгаа. Харин Хан-Уул дүүргийн Засаг даргад “Та энэ хууль бус хоёр орлогчоо нэн даруй чөлөөл” гэж шаардлага  хүргүүлсэн юм. Хариуг нь өгөх хугацаа энэ сарын 8-нд дууссан.  Гэвч харамсалтай нь өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байгаа учраас бид арга хэмжээ зохион байгуулсан. Өнөөдрийн арга хэмжээ бол “Чимээгүй зогсолт” гэдэг үзэл бодлоо илэрхийлэх арга хэмжээ байсан . Бид өмнө нь Хан-Уул дүүргийн Засаг даргад жагсаал, цуглаан зохион байгуулахаар хоёр удаа албан бичиг өгч хүсэлт гаргасан боловч Засаг дарга харамсалтай нь хууль бус үндэслэлээр бидний цуглааныг хориглосон. Тийм учраас бид “Чимээгүй зогсолт” гэдэг энэ арга хэмжээг Хан-Уул дүүргийн  XV хороо буюу “Хоме плаза” дэлгүүрээс Замын цагдаагийн ууулзвар хүртэл, Энхтайваны гүүр хотын төв рүү явдаг талын өгсүүр хэсэгт, Хан-Уул дүүргийн  ЗДТГ байрлах уулзвар гэсэн гурван цэгт хүмүүсээ байрлуулаж тодорхой хэмжээний шаардлага үзэл бодлоо бичгэн хэлбэрээр илэрхийлсэн.

 

 

-“Чимээгүй зогсолт” улс төрийн арга хэмжээгээр юуг илэрхийлэхийг зорьсон бэ?

-Бид гурван зүйлийг энэ акциар илэрхийлж байгаа. Нэгдүгээрт,  хуульд зааснаар Засаг дарга нэг   орлогчтой байх ёстой. Гэтэл  манай Засаг дарга үүнийг  мэддэггүй юм шиг байгаа юм. Ер нь  Засаг дарга хууль зөрчсөн асуудал ярихаар УИХ-ийн гишүүд холбогддог.  Бид УИХ-ийн гишүүн Лу.Болд, Ц.Оюунгэрэл нараас асуулт асуусан. Нэгдүгээрт,  Та бүхний баталсан хуулийг яагаад Засаг дарга биелүүлэхгүй байна вэ, хоёрдугаарт, УИХ-ын гишүүдээс ард иргэд шаардах эрхтэй. Өнгөрсөн найман жилийн хугацаанд Лу.Болд гишүүн юу хийсэн, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Ц.Оюунгэрэл гишүүн юу хийсэн бэ гэж асууж байгаа юм.  Жишээлбэл, Лу.Болд гишүүнэс Яармагийн газрыг ард иргэдэд өгнө гэсэн юу болов. Ц.Оюунгэрэл гишүүнээс Үлэг гүрвэлийн хотхон байгуулсан уу, Батаараас өөр юу хийсэн вэ гэдэг асуултыг асууж байгаа юм. Тэгээд Засаг дарга орлогчдынхоо асуудлыг шийд, бидний шаардлагын хариуг өг гэж “Чимээгүй зогсолт арга хэмжээг зохион байгуулсан хэрэг.

-Та бүхний улс төрийн  арга хэмжээг тараах гэж оролдсон зүйл бий юү?

-Энэ үйл ажиллагааг ард иргэдийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан. Цагдаагийн байгууллагаас бидэнтэй уулзсан. Тэгээд цагдаа нар “Бидэнд урьдчилж мэдэгдэхгүй яасан юм бэ. Энэ үйл ажиллагаа хууль бус шүү” гэж сануулсан..Харин тэдэнд бид учраа хэлж ойлгуулсан л даа. Өөрөөр хэлбэл,  “Бид Хан-Уул дүүргийн Засаг даргад цуглаан зохион байгуулна гэдгээ хоёр ч удаа бичгээр хэлсэн ч хууль бус үндэслэлээр зөвршөөрөөгүй болохоор аргагүйн эрхэнд  ингэж байна ” гэдгээ хэлсэн.  Дүүргийн цагдаагийн байгууллага зөвөөр ойлгож хамтран ажиллалаа.

- Иргэд “Чимээгүй зогсолт”-ыг  хэрхэн хүлээн авсан бэ?

-Иргэд янз бүрээр  хүлээж авч байна. Зарим нь машиныхаа цонхоор  эрхий хуруугаа гаргаж, биднийг дэмжиж байлаа. Зарим нь  “Та бүхэн хүмүүсийн гарын үсэг цуглуулаач” гэх мэтээр саналаа хэлж байх жишээтэй. Эцэст нь хэлэхэд бид  энэ хууль бус үйл  ажиллагаатай тэмцэх болно. Харин Засаг дарга Ж.Ганхуяг хуулиа биелүүлж, орлогчийнхоо асуудлыг шийдэхийг хүсч байна.


URL:

Сэтгэгдэл бичих