Доор өгүүлэх үйл явдалтай төстэй зүйл Монголд бараг л тохиолдож байгаагүй гэхэд болно. Үүнийг нэг талаар байгалийн хар хүч гэж таамагладаг боловч шашныхан ихэвчлэн бурхад газар дэлхий дээр гэнэт бууж ирэн зугаагаа гаргахын тулд хийсэн үйлдэл гэх мэт хачин таамаг дэвшүүлэх нь бий. Одоо өгүүлэх гэж буй зүйлтэй төстэй явдал 1970-аад оны үед Хэнтий аймагт гарч байсан гэж хэлж болох юм. Газрын хөрсийг хуу татаж, ургаа модыг үндсээр нь суга татан газар луу үзүүрээр нь зоож ачаатай авто машиныг км хиртэй хол газар зад шидэхдээ моторынх нь бүх эрэг боолтыг түлхүүрээр эрэгдэж тайлсан юм шиг цэвэрхэн задлаад хаячихсан тэр явдал тухайн үедээ байгалийн гамшиг гэсэн нэр зүүгээд л хоцорсон билээ. Тэгвэл 1988 онд Румыны Бухарест хотын ойролцоо баргийн хүний санаа тойнд багтамгүй сонин явдал тохиолджээ. 212-р зөрлөг дээр зогсож байсан ачаатай галт тэрэг нэг шөнийн дотор алга болчихсон гэх бөгөөд маргааш өглөө нь зөрлөгөөс гурван км-ийн зайтай газарт бүх чиргүүлүүд нь мушгигдаад орооцолдчихсон хэвтэж байжээ. Ер нь түүнийг галт тэрэг гэж хэлэхэд бэрх болсон байж. Зүгээр л эрчилсэн төмөр утас шиг болчихсон байж л дээ. Зөвхөн ганц галт тэрэг ч биш ачааны вагоны зогсож байсан доодох төмөр замын рейс төмөр хүртэл тэр аяараа алга болчихсон байсан бөгөөд мушгиад хаячихсан галт тэрэгнээс холгүйхэн хэн нэг нь өвс ногоо сүлжин титэм хийж тоглосон юм шнг хооронд нь сүлжин ороогоод хаячихсан байх нь олджээ. Зөрлөгийн дарга хийгээд засаг захиргааны төлөөлөгчдийн толгойд хамгийн түрүүнд энэ бол байгалийн гамшиг гэсэн бодол орж ирсэн тул Румынь: түүхэнд тохиолдоогүй хүчтэй хар салхи 212-р зөрлөгийн орчмоор шуурч өнгөрлөө хэмээн тэр даруй Бухарест рүү яаравчлан мэдээлжээ. Энэхүү мэдээлэл нь тухайн үедээ дэлхий дахинаа тарж, СНН сувгаар “Цагт 250 км-ийн хурдтай зурвас хар салхи Румынаар дайран өнгөрлөө” гэсэн мэдээ хүртэл уншигдсан ажээ. Гэвч цаг уур судлаачид болон гамшигтай тэмцэх газрынхан 212-р зөрлөг дээр хүрэлцэн ирээд хар салхи, хүчтэй
шуурга дайрсан гэх ямар ч ул мөр олж харсангүй. Цагт 250 км-ийн хурдтай хар салхи гэдэг ачааны галт тэргийг замаас нь авч хаяхаас гадна барилга байшингийн дээвэр хуу татаж, ургаа модыг үндсээр нь суга татан чулуудаж, хамгийн бөх шилтгээний бүх цонхыг ч хага цохьдог жамтай. Гэтэл 212-р зөрлөг дээр зөвхөн туслах зам дээр зогсч байсан ачааны галт тэрэг л рейс төмөртэйгээ алга болсноос биш замын хажуу талд хэвтэж байсан хоосон цаасан хайрцаг ч хүртэл байрнаасаа хөдлөөгүй байсан нь бүгдийг гайхшаруулжээ. Юу ингэж орхидог билээ. Салхи байсан бол тэр муу хоосон картонон хайрцаг аль хэдийнэ тоос ч үгүй замхрах байсан бус уу. Энэ асуудал эрдэмтдийн толгойг гашилгажээ. Түүнээс гадна тэр шөнө хүчтэй шуурга тавих нь бүү хэл сэрүүхэн сэвшээ салхи ч үлээгээгүй гэдгийг 212-р зөрлөгийн хаалга цонх нь онгорхой хоносон айлууд гэрчилж байв. Байгалийн асар хүчтэй гамшиг дайрлаа гэсэн мэдээлэл цацагдсантай холбогдон хөрш зэргэлдээх Югослав, Болгар зэрэг орноос байгалийн гамшигт өртсөн иргэдэд хүргэх тусламжийн цуваа хүртэл аль хэдийнэ хөдөлчихөөд байсан энэ үед Румыны эрх баригчид үнэндээ яах учраа олсонгүй. Уг үйл явдлыг хүчтэй газар хөдлөлт гэж зарлая гэсэн санаа нэгэн албан тушаалтны толгойд харван орж ирсэн боловч тэр нь тэнэг хүний ч инээдийг хүргэхээс цаашгүй зүйл байлаа. Учир нь хүчтэй газар хөдлөлтөд нэг ч айлын цонх хагараагүй байгааг хэрхэн тайлбарлах билээ. Ингээд бүгд ацан шаланд орж ямар гээч аварга биетэй амьтан ачаатай галт тэргийг зам төмөртэй нь хамт сүлжин ороогоод мушгиж орхисныг тогтоохоор тусгай комисс хүртэл томилж үзжээ. Тусгай комисс тухайн үед ЗХУ-ын сансар болон үл мэдэгдэх нисдэг биетүүдийг судалдаг салбартай хамтран сүлжигдэж мушгигдсан галт тэргийг жил гаруй судалсан боловч тоймтой зүйл гаргаж чадсангүй. Үлэмж биетэй маш их чадалтай амьтан эсвэл хүн галт тэргийг замтай юутай хээтэй нь өргөж аваад зугаагаа гаргахын тулд хөнгөн цагаан утас шиг эрчлэн ороож мушгиад шидчихсэн байна гэхээс өөр дүгнэлтийг хийж чадаагүй аж. Ийнхүү Бухарестийн ойролцоо 212-р зөрлөг дээр болсон хачин сонин үйл явдлын учир гогцоо одоо хүртэл тайлагдаагүй хэвээрээ л байгаа юм. Харин түүнтэй төстэй үйл явдлууд энэ дэлхийн өнцөг булан бүрт шахуу тохиолдсон боловч одоо хүртэл түүний учрыг ойлгож үл чадан их л сайндаа харь гарагийнхантай холбох төдий жишээ татаад орхидог
аж. Жишээ нь 1956 онд Персийн буланд хөвж явсан загасчдын завийг гэнэтхэн үл мэдэгдэх хүч агаарт өргөн хөндийрүүлснээ гэнэт доош нь харуулан хөмөрч дотор нь байсан хүмүүсийг ус руу сэгсрэн унагаасан явдал болсон гэдэг. Загасчид бараг 100 футын өндрөөс доошоо унасан боловч усанд сайн сэлдэг байсныхаа хүчээр амьд үлджээ. Тэд уснаас арайхийн шумбаж ил гарахад завь нь холгүйхэн юу ч болоогүй юм шиг хөвж явсан гэдэг. Кувейтийн загасчдад тохиолдсон энэ явдлыг тэднээс өөр гэрчлэх хүн олдоогүй учраас нэг их сүр дуулиан бололгүй замхарсан аж. Тэгвэл үүнээс хэдэн хувь илүү дуулиан тарих зүйл 1992 онд Боливи улсын бяцхан усан боомт болох Энад болсон гэдэг.
Уг боомтонд тэр шөнө Аргентиний 950 тонн усан түрцтэй 250 метр урт 80 метр өргөн, гурван давхар байшингийн хиртэй өндөр “Агома” хэмээх жимс ногоо тээвэрлэдэг хөлөг шөнийн 02 цагийн үед ирж зангуугаа хаян зогсчээ. Хөлгийн усан цэргүүд бүгд эрэг рүү зугаацахаар бууж онгоцон дээр жижүүр болох хоёр усан цэргээс өөр хэн ч үлдсэнгүй. Мань хоёр усан цэрэг ч тэр шөнө зүгээр суусангүй торхтой портвейн дарсанд живж орхисон байна. Өглөө үүрийн таван цагийн үед согтуу усан цэргүүдийн зарим нь хөлөг онгоцон дээрээ цувран ирсэн боловч боомт дээрээс “Агома” хөлгийг олсонгүй. Тэдний дийлэнх нь өөрсдийгөө хэт их согтсоноос ингэж байна гэж бодоод өглөө гэгээ орсон хойно онгоцоо олъё гэж шийдээд далайн хөвөөний элсэн дээр сунаад өгчээ. Өглөөний долоон цагийн орчим хөлгийн ахмад Реверс боомт дээр хүрч ирээд онгоц нь байхгүй байсан учир хулгайд алдчихлаа хэмээн тэр дор нь түгшүүр зарлажээ. Өглөөний есөн цаг гэхэд бүх усан цэргүүд эрэг дээр цугларч жижүүр хийж үлдсэн хоёрыг хараан зүхэж байсан боловч тийм том түрцийн усан онгоцыг хоёрхон хүн хөдөлгөж чадахгүй учраас ахмад Реверс тэднийг сэжиглэхгүй харин Багамын арлуудын орчмоор эргэлддэг далайн дээрэмчид хөлгийг нь хулгайлснаас зайлахгүй гэж үзэж байв. Гэтэл 10 цагийн орчим хөлөг дээр жижүүр хийж үлдсэн хоёр нөхөр далайн хөвөөнд шал согтуу хэвтэж байхыг нөхөд нь олжээ. Мань хоёр юу болсныг огт санахгүй байсан бөгөөд хөлөг дээрээ л унтаж байна гэж бодсоноо шууд хэлжээ. Реверс ахмадын хүсэлтээр Боливийн цэргийн нисэх онгоцууд Эна боомтын ойр хавиар хөвж яваа байж мэдэх “Агома” хөлгийг олохоор тавцангаас хөөрчээ. Харин энэ үед боомтын
жижүүр хелөг онгоцны зогсоолоос холгүйхэн гэнэт маш их мод төмрийн хог бий болсныг анзаарчээ. Хэн нь ганцхан шөнийн дотор ийм их хог авчраад асгачихдаг юм бол гэж ярилцсан боомтын цэвэрлэгч хийгээд ажилчид хараал зүхэл тавьсаар хүрч очвол овоолоостой мод төмрийн хогон дунд “Агома” гэсэн төмөр бичээс хэвтэж байсан аж. Энэ явдлыг дуулмагцаа хөлөггүй болсон ахмад Реверс далайчдаа дагуулан тэр зүг хар хурдаараа хүрч очвол нээрээ аварга хөлөг аль хэдийнэ зомгол болчихсон хэвтэж байжээ. Овоолоостой шинэхэн хогон дотроос далайчид даруй өөрийнхөө цүнх чемоданыг олж таньсан бөгөөд тэр ч байтугай ахмад Реверсийн гаансны цуглуулга хүртэл газар хэвтэж байхыг олж авчээ. Хөлгийн ахмад хогон дээр нилээд сэлгүүцсэний эцэст ганцхан шөнийн дотор үл мэдэгдэх сахилгагүй этгээдүүд “Агома” хөлгийг эвдэн сүйтгэж задлан бусниулаад хаясаныг анзаарчээ. Гэхдээ түүний хөлгийг зүгээр ч нэг цөм цохиод хаясангүй бүх эрэг боолтыг маш нямбай тайлж, эвээр нь салгаж аятайхан задалсан байхыг анзаарсан байна. Цүнх, чемоданаа нээж үзсэн далайчид ч дотор нь байсан цаг мэтийг хүртэл маш нягт нямбай салган задалж орхисныг хараад гайхан дуу алдацгаажээ. Арай л далайчдын хувцасыг оёдолоор нь салгаагүй байж. Энэ хачин жигтэй явдлын шуугиан тэр даруй Боливийн нийслэлд хүрч төв телевизийн сурвалжлагчид нисч ирээд бараг л дэлхий нийтийн дуулиан тарих нэвтрүүлэг цацсан боловч олон хүмүүс уг үйл явдлыг урьдаас зориуд бэлтгэсэн шоу гэж үзээд хайхралгүй орхисон ажээ. Реверс ахмад хийгээд түүний хөлгийн багийнхан эхлээд өөрсөдтэй нь өс хонзонтой аль нэг хөлгийнхөн энэ явдлыг захиалгаар хийлээ гэж үзэж байсан ч эрдэмтэд “Агома” шиг том хөлгийг шөнийн 02 цагаас өглөөний 07 цагийн хооронд тавхан цагийн дотор нэгд нэгэнгүй задлахын тулд даруй 500 мянган хүн шаардлагатай болохыг тооцоолон гаргасны дараа хэлэх үггүй болжээ. Аргентиний далайчдын буусан Эна боомтонд ердөө л 45000 хүн байсан гэдэг. Тэгэхээр тийм олон хүн хаанаас олдох билээ. Энэ хачин явдал өнөөг хүртэл Эна боомтын нууц гэж нэрлэгдсээр үлдсэн бөгөөд харин үүнтэй төстэй буюу айлын телевизорыг эзгүй хойгуур нь задлаад хаячихсан ч юмуу, эсвэл авдран доторх хүлээн авагч нь эрэг боолтоороо бүрмөсөн тайлагдчихсан байдаг явдал Монголд ч хүртэл гарч байсан гэдэг юм.
URL: