Н.Нэмэхжаргал: 17 сая төгрөгөөс илүү мөнгийг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй

uls_557a69e82b918_1

 

Цагдаагийн алба хаагчид хуурамч 17 сая төгрөгийг илрүүлсэн талаар манай сайт мэдээлсэн. Тэгвэл энэ талаар ЭЦГ-ын ЭЦГХТХ-ийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Н.Нэмэхжаргалаас тодрууллаа.

-Их хэмжээний хуурамч мөнгө илрүүлжээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Манай улсын иргэн У, Г нар нь бүлэглэн хуурамч мөнгөн дэвсгэрт гүйлгээнд оруулсан хэргийг шалгаж байна. Тэд бүлэглэн мөнгийг их хэмжээгээр өнгөт хэвлэх төхөөрөмж ашиглан олшруулсан байна. Тодруулбал, ар, өврийг нь тааруулж хувилаад, голограмм, дардас зэргийг мөнгөлөг өнгийн саатай үзгээр бичих аргаар үйлдвэрлэсэн байна.

 

 

Энэхүү хуурамч мөнгөө гүйлгээнд оруулахдаа хүмүүсийн анхаарал сарнисан шөнө оройн цагаар ихэвчлэн үйлчлүүлэгч ихтэй дэлгүүр, ТҮЦ-ээс хямд бараа авах, шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэх, ойр зайнд таксигаар үйлчлүүлэх, өндөр настай болон бага насны хүүхдэд өгөх зэргээр гүйлгээнд оруулж байсан нь тогтоогдсон. Иймээс иргэд гүйлгээнд хэрэглэж байгаа мөнгөн дэвсгэртийг сайтар ажиглаж, цаасны биет байдал зэргийг сайн харж байж гүйлгээнд оруулахыг зөвлөж байна.

-Хуурамч мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд оруулахгүй байхын тулд яаж сэргийлэх ёстой вэ?

-Хуурамч мөнгөн дэвсгэртийг үйлдэж гүйлгээнд оруулсан тохиолдол нь ихэвчлэн банк санхүүгийн байгууллагын мөнгө тоолох машинд илэрч тогтоогдож байгаа. Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд томоохон дэлгүүр хоршоо супермаркетуудаас гадна жижиг аж ахуйн нэгж байгууллагууд хүртэл мөнгө тоолох автомашиныг худалдан авч байршуулах шаардлагатай байна. Ингэснээр хуурамч мөнгөн дэвсгэрт гүйлгээнд орж, иргэдийн гараас гар дамжин төлбөр тооцоонд ашиглагдаж байгаа хууль зөрчсөн үйлдэл таслан зогсоогдох болно. Мөн дэлгүүр хоршоо аж ахуйн нэгж байгууллагууд дотоод орчноо камержуулах шаардлагатай. Энэ нь тухайн хуурамч мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд оруулж байгаа этгээдүүдийн царай зүсийг илрүүлэн богино хугацаанд энэхүү хэргийг зогсоох боломжтой.

-Хуурамч мөнгө гүйлгээнд оруулсан хүмүүст ямар хариуцлага тооцох вэ?

-МУ-ын мөнгөн дэвсгэртийг хуурамчаар үйлдэх борлуулах гэмт хэргийг МУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 176 дугаар зүйлд зааснаар шийднэ. Тус зүйл ангид мөнгөн тэмдэгт, үнэт цаас, онцгой албан татварын тэмдгийг хуурамчаар үйлдэх, ашиглах, борлуулах, Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний болон гадаад улсын мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдгийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан, борлуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байгаа.

-Хэдийгээр 17 сая төгрөгийг хуурамчаар илрүүлсэн нь тогтоогдсон ч дахин хуурамч мөнгө үйлдвэрлэсэн байж болзошгүй гэх мэдээлэл байна?

-Сэжигтнүүдийн мэдүүлгээр 17 сая орчим төгрөг хуурамчаар үйлдэн гүйлгээнд оруулсан нь тогтоогдоод байгаа ч үүнээс их мөнгө хуурамчаар үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа. Учир нь өдөр бүр аж ахуйн нэгжээс хуурамч мөнгө байж болзошгүй шалгуулая гэж их хандаж байна. Тиймээс иргэд маш болгоомжтой харьцах хэрэгтэй байна. Цаасны хувьд шал ондоо учраас хуурамч мөнгийг танихад 2 секунд л хэрэгтэй. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

Дашрамд дуулгахад, манай улс дэлхийн олон улс орон хэрэглэдэг тусгай цаасаар мөнгөн дэвсгэртээ үйлдвэрлэдэг байна.


URL:

Сэтгэгдэл бичих