Лу.Болд, Ц.Оюунгэрэл нар шоу хийх гээд чадсангүй
Энэ долоо хоногийн хоёр дахь өдөр УИХ-ын гишүүн Лу.Болд, Ц.Оюунгэрэл гэсэн Хан-Уул дүүргээс сонгогдсон гишүүд БОНХАЖ-ын яамны гадаа нэгэн акц зохион байгуулсан нь амжилт олсонгүй.
Арга ч үгүй биз тухайн сайд болон яамныхны хийж байгаа ажлыг булаах гэж оролдохоор ямар олиг байв гэж. Энэ тухай бичихийн тулд бяцхан түүх сөхье.
Өнгөрсөн сонгуулийн дараа “Лу.Болдын дахин сонгогдсон нь газар шорооны учраа хө…” хэмээх мэдээ нэгэн сонинд гарч байлаа. “Тухайн үед буюу Монгол улсын УИХ-ын сонгууль дууссаны маргааш Яармагийн дэнж дээр олон мянган хүн ганц л зорилгын улмаас цугларч билээ. Тэр нь АН-аас Хан-Уул дүүрэгт нэр дэвшигч Ц.Оюунгэрэл, Л.Болд нарын амалсан газрыг авахаас улбаатай байсан юм.
2008-2012 онд Хан-Уулынхныг УИХ-д төлөөлсөн АН-аас нэр дэвшигч Л.Болдод ахин сонгогдох боломж бараг л үлдээгүй байсан гэлцдэг юм. Л.Болд өмнө нь “Баянмонгол” гэдэг корпораци байгуулаад Хан-Уулынхныг битгий хэл бүх Монголчуудыг хүн шиг амьдруулах юм болсон ч тэр амлалт нь биелээгүй учир тийм байдалд орсон хэрэг.
Тэгэхээр түүнтэй зуузай холбон нэр дэвшсэн Ц.Оюунгэрэлд ч найдвар бага байсан гэсэн үг. Гэвч тэд сонгогдож чадсан билээ. Үүнд л но байсан хэрэг. Тэгээд яаж ялсан юм гэж үү. Үүний учир нь Яармагийн авто замын урд талын хоосон газрыг газар хүссэн иргэдэд олгох тухай амлалт өгсөнтэй холбоотой л юм гэдэг.
Мөн тэдэнд нийслэлийг “олуулаа…” гэх уриатай Э.Бат-Үүл баатартан бас дэмжлэг болсон юм билээ. Мань эр хууль бусаар авсан газруудыг хурааж, иргэдэд тараана гэсэн. Ингэж Л.Болдын дахин сонгогдсон нь олон мянган Монголчуудын маань газар шорооны учраа хө… гэгч болсон ажээ.” гэж бичсэн байлаа.
Тэгвэл мань хүмүүс тэр үед бид ийм амлалт өгөөгүй МАН-ын ялагдсан нөхдүүд цуу тарааж хүмүүсийг бужигнууллаа гээд өнгөрч байсан юмдаг.
Гэтэл Л.Болд, Ц.Оюунгэрэл нар газар амалж сонгогдсон нь үнэн болохыг энэ удаа санаачлаад байгаа хуулийн төсөл нь гэрчилж байна. Тэд “зарим нутаг дэвсгэрийг тусгай хамгаалалттай газрын хилийн заагаас чөлөөлж, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг санаачлан УИХ-ын даргад өргөн барьж хэлэлцүүлэх гэсэн”. Ийм нэг мэдээ сүүлд гарсан байдаг юм.
Тэгвэл тэрхүү хуулийн төсөл нь энэ хоёр гишүүн Зайсангийн уугуул иргэдэд 30-40 жил оршин сууж байсан газрыг нь өгөхөө амалсантай холбоотой байдаг юм. Гэвч тэд энэ хүртэл уг амлалтаа биелүүлж чадаагүй.
Харин энэ удаа УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол тэдгээр иргэдэд Зайсан дахь оршин сууж байгаа газрыг нь ашиглуулахаар болов. Гэтэл үүнийг нь Лу.Болд, Ц.Оюунгэрэл нар өөрсөддөө ашигтайгаар эргүүлэх гэж оролдлоо.
Тэд хэсэг иргэдийг уриа лоозонтой жагсаасан ч хүмүүс Д.Оюунхорол сайдын хэлснийг сонсоод баяр хөөр болжээ.
Манай нөгөө хоёр гишүүний хувьд хоёул өмнөх Н.Алтанхуягийн Засгийн газрын гишүүд байж, танхим дотроо С.Оюун сайдтай яриад уг газрын ашиглалтын гэрчилгээг гаргуулчихаагүй байж ийн хүний хариуцсан хийж байгаа ажлыг өөрсдийнх юм шиг шоудсан нь инээдтэй юм.
Энэ мэт асуудал нь Лу.Болд, Ц.Оюунгэрэл нарыг ирэх сонгуульд хэцүүдэхэд хүргэх учраас ийн ичиж, айхгүй улайрч явдаг юм байхдаа хөөрхийс.
М.Доржсүрэн
gereg.mn
URL: