БАЯЧУУД УЛАМ БАЯЖИХ НЬ БИДЭНД ХҮРТЭЭЛГҮЙ

liberté-politique-et-liberté-économique_photoБага татвар хөгжилд хүргэх тухай номлол худлаа байжээ

Бага татвар, бага зохицуулалтаар баялаг бүтээгчдийг дэмжих нь либерализмын утга учир билээ. Ингэснээр тэд илүү их хөрөнгө оруулалт хийж, илүү олон ажлын байр бий болгож, улмаар эдийн засаг ч томрох учиртай. Энгийнээр бол, баячууд улам баяжихын үр шимийг нийгмийн дундаж ба түүнээс доод давхаргынхан хүртэх юм. Үүнийг “trickle down” буюу “халин асгарах” онол гэх бөгөөд либерализмын амин сүнс болж, сүүлийн 30 гаруй жил дэлхийн эдийн засагт ноёрхсон билээ. Гэтэл энэ хугацаанд баян, хоосны ялгаа гаарч, дэлхийн эдийн засгийн өсөлт саарахаас өөр үр дүн гарсангүй. Тиймээс ч чөлөөт зах зээлээс хүн бүр хожно хэмээх “молиго үмхүүлэгч” үзэл суртлаас дэлхий даяараа ухарч эхлэв. “Баячуудыг дэмжих замаар хөгжлийг хурдасгах бодлого хэрэгжүүлж байгаа нь энэ гээд 30 жил явлаа” хэмээн Кэмбрижийн их сургуулийн профессор Ха Жу Чан бичээд, энэ онол ажиллаагүй, ажиллах ч үгүйг тэмдэглэжээ.

ГАЖ ТОГТОЛЦОО

АНУ-д энгийн ажилчны дундаж цалин 1970-аад оны дунд үеэс буюу либерализмын эрин эхэлснээс өдийг хүртэл огт өсөөгүй. Гэтэл дундаж компанийн гүйцэтгэх захирлын цалин, урамшуулал энэ хугацаанд 10 дахин нэмэгдсэн аж. Эдүгээ тус улсад дундаж компанийн гүйцэтгэх захирлын цалин, урамшуулал энгийн ажилчныхаас 300-400 дахин өндөр байгааг Ха Жу Чан онцолжээ. Тэгвэл Их Британид энгийн иргэний насаараа ажиллаад ч олохооргүй мөнгийг нэг банкир жилийн бонус болгон авдаг болж. Энэ тэгээд шударга хэрэг үү? Америкчууд ч, англичууд ч “Үгүй” гэж хариулж байна. Тиймээс ч тэд “Уолл Стрийтийг эзэл”, “Робин Гүүдийн татвар” зэрэг хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн. Баялгийн шударга бус хуваарилалт зөвхөн энэ хоёр улсад ч байгаа юм биш. Баячууд нь улам баяжиж, нийгмийн дунд ба түүнээс доош давхаргынхан сохор зоос ч хүртэхгүй байх гаж тогтолцоог Дэлхийн банк, Олон улсын валютын сангаас импортолсон олон орны нэг нь Монгол шүү дээ. Тиймээс ч баян, хоосны ялгаа дэлхий даяар гаарч буй.

Хамгийн баян 80 эрхмийн хөрөнгө дэлхийн хүн амын тал буюу 3.5 тэрбум хүний нийт хөрөнгөтэй тэнцэж байгааг “Oxfam” судалгааны байгууллага илрүүлсэн. Тэдний тооцоолсноор ирэх жил гэхэд дэлхийн хүн амын хамгийн баян ганц хувь нь үлдсэн 99 хувийг эзлэх долоон тэрбум хүнээс ч илүү хөрөнгө “атгаж” суух юм. Энэ ялгаа өдрөөс өдөрт тэлж байгааг сануулья. Учир нь, “Forbes”-ын жагсаалт дахь баячуудьш хөрөнгө жидд 650 тэрбум ам.доллараар өсөж байгаа шүү дээ. Либерал эдийн засагчдын хувьд энэ нь сайн мэдээ. Тэдний онолоор бол баячууд улам баяжихын хэрээр эдийн засаг өсөх ёстой. Гэтэл 1960-1970 онд дэлхийн нэг хүнд ногдох ДНБ жилийн гурван хувиар өсөж байсан бол 1980-2009 онд энэ үзүүлэлт 1.4 хувь болтлоо саарсан байх юм.

Энэ нийгэмд баялгийг зөвхөн баячууд хуваан авч байгаа бөгөөд нийгмийн дундаж ба түүнээс доод түвшний хүмүүс юу ч хүртэж чадахгүйг Парисын их сургуулийн профессор Томас Пикетти гаргаж ирсэн. Түүний бичсэн “XXI зууны капитал” ном өнгөрсөн жилийн турш шуугиан дэгдээсэн бөгөөд “халин асгарах” онол амьдрал дээр хэрэгжиж чадахгүйг ахин нотолсон билээ. Ийнхүү нийгмийн “халуун” сэдвийг хөндөж, алдартай болсон Томас Пикетгиг Лондоны эдийн засгийн сургууль урьж ажиллуулахаар болжээ. Чөлөөт зах зээлийн “төрсөн газар” гэж хэлж болох энэ сургууль Олон улсын тэгш бус байдлыг судлах институт байгуулж, түүнийгээ Томас Пикеттигээр ахлуулах болсон нь салхи яах аргагүй баруунаас зүүн тийш эргэснийг харуулах ажгуу. Дэлхий даяар баян, хоосны ялгаа тэлэхийн хэрээр нийгмийн бухимдал нэмэгдэж, чөлөөт зах зээлд итгэх итгэл мөхөж эхэлсэн байна.

 

“ШИЛДГИЙН шилдэг СУРАГЧ”

Гаднынхан Монголыг “Барууньг либерал бодлогын шилдэг сурагч” хэмээн егөөддөг тухай энэхүү цувралын эхний нийтлэлд бичсэн. Бид либерал эдийн засагчдын хэлсэн бүхнийг ёсчлон биелүүлж ирлээ. “Будаач будаач гэхээр сахлаа будав” гэдэг шиг хэтэрхий их хичээсэн байж ч мэднэ. “Чөлөөт худалдаа, бага татвар, бага зохицуулалт” гэх либерализмын гурван “алтан” дүрмийг Монгол шиг 100 хувь хэрэгжүүлсэн улс цөөхөн учраас “шилдгийн шилдэг сурагч” гэсэн ч болох биз ээ.

Тухайлбал, 2007 оноос Монгол Улс олон оронд хэрэгжүүлж буй орлогын шатлалаар татвар ногдуулах бодлогоос татгалзаж, “гурван аравт”-ьтн системд шилжсэнээр дэлхийн хамгийн бага татвартай орнуудын нэг болсон. Ингэснээр баян, хоосон ялгаагүй, татварын өмнө “тэгш эрхтэй” болсон юм. Өнөөдөр сарын 10 сая төгрөгийн цалинтай уул уурхайн компанийн гүйцэтгэх захирал, 500 мянган төгрөгийн цалинтай цэвэрлэгчийн аль аль нь орлогынхоо яг 10 хувийг өгч буй. Тэгээд хэн ч үүнийг шудрага бус гэж үздэггүй нь гайхалтай. Гэтэл либерализмын үзэл бий болгосон АНУ-д орлого багатай хүмүүс 17 хувийн татвар өгч байхад баячууд нь 30 хувийг төлж байна. Харин Их Британийн хувьд энэ үзүүлэлт 20 хувьтай байхад баячууд 40 хувийн татвар төлж байгаа юм. Энд зөвхөн хувь хүний орлогын татварыг харьцуулсан болно). Ер нь нийгмийн чинээлэг давхаргад өндөр татвар ногдуулах нь байдаг л үзэгдэл. Ялангуяа хөгжингүй орнууд ийм бодлого хэрэгжүүлдэг учраас төсвийн орлого нь их, төр нь том байдаг. Харин Монголд авах ёстой татвараа авахгүй байгаа учраас л өнөөдөр бид “төсвийн орлого тасарлаа, төрийн сан улайслаа” гэж яриад байгаа хэрэг.

2007 оноос татварын ачааллыг багасгасан болохоор л татвар төлөх хүмүүсийн тоо нэмэгдэж, улмаар төсвийн орлого тэлсэн гэж албаны хүмүүс, бас либерал эдийн засагчид тайлбарлах дуртай. Гэхдээ энэхүү шинэтгэл нь яг Монгол Улсын ДНБ-ий хэмжээ огцом өсөж эхлэхтэй давхацсаныг хэн ч ярьдаггүй. Чухам 2007 оноос л дэлхийн зах зээл дэх зэс, алтны үнэ нэмэгдэж, монголчуудын цалин, орлого дээшлэх болсон шүү дээ. Өөрөөр хэлбэл, сүүлийн жилүүдэд тагварын орлого нэмэгдэхэд бага татварын бодлогоос гадна эдийн засгийн мөчлөг нөлөөлжээ гэж дүгнэж болохоор байна.

Чөлөөт зах зээлд шилжиж байгаа нь энэ гээд олон улс баячуудын татварыг бууруулах бодлого хэрэгжүүлж байсныг Ха Жу Чан бичжээ. Тэдний нэг нь яах аргагүй Монгол Улс юм. Тухайлбал, Хувь хүний орчогын албан татварын тухай хуульд ногдол ашгийн орлого, хүүгийн орлогод 2013 оны нэгдүгээр сарын 1 хүртэл тагвар ногдуулахгүй байхаар заасан байв. Энэ нь манай улс дахь хөрөнгийн ихэнхийг атгаж суугаа чинээлэг хүмүүсийг хамгаалах бодлого байжээ. Төрийн өмчийг хувьчлах үеэр завшиж үлдсэн цөөн хүн Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй ихэнх компанийн хувьцааны дийлэнхийг эзэмших болсныг бид мэднэ. Арилжааны банкууд дахь нийт хадгаламжийн 90 хувь нь мөн л цөөн хүний гарт төвлөрсөн нь хэдэн жилийн өмнө илэрч байв.

Өөрөөр хэлбэл чөлөөт зах зээлд шилжих нэрээр Монголын баялагийг хувааж авсан хүмүүсийг татварын бодлогоор хүртэл дэмжиж байна.

ЧИНЭЭЛЭГ ХҮМҮҮСИЙГ АД ҮЗЭХҮЙ

‘Wealth X” судалгааны байгууллага, “UBS” банкнаас гаргасан “Баячуудын бүртгэл-2014” тайланд Монголоос анх удаагаа ам.долларын тэрбумтан нэг биш, бүр хоёр тодорсныг өнгөрсөн оны сүүлчээр мэдээлж байлаа. Үүний зэрэгцээ, Монгольга хэт чинээлэг хүн (100 сая ам.доллараас дээш хөрөнгөтэй хүн)-ий тоо 45 болж өссөнийг, мөн баячуудын тооны өсөлтөөр манай улс дэлхийд толгой цохиж явааг бид “Knight Frank”-ийн “Чинээлэг байдлын үзүүлэлт-2014”-өөс мэдэж авсан. Гэтэл энэхүү мэдээллийг монголчууд тийм ч таатай хүлээж аваагүйг Та санаж байгаа байх. Баячууд улам баяжихын хэрээр нийгэм хөгждөг талаарх “халин асгарах” онол худлаа гэдгийг Монголын нийгэм хэдийнээ ойлгосон ажээ.

2011 онд манай ДНБ-ий өсөлт 17 хувиас давж, дэлхийг алмайруулсан. Сүүлийн таван жилийн дотор эдийн засаг маань бараг гурав дахин тэлсэн байтал ядуурлын түвшин ч олигтой буурч өгсөнгүй. Гурван монгол хүний нэг нь ядуу амьдарсан хэвээр байна. Либерализмын энэ эринд эдийн засгийн өсөлтийг зөвхөн баячууд л хувааж авдаг тухай Нобелийн шагналт эдийн засагч Жозеф Стиглиц хэлсэн нь Монголд ч хэрэгжжээ. Харин одоо бид энэхүү гаж тогтолцоог хэрхэн засаж, залруулах тухай бодох цаг ирж. Бага татвараар баячуудыг дэмжих замаар олон жил явлаа. Эцэст нь, хэн ч аз жаргалтай болсонгүй. “Дэлхийн аз жаргалын тайлан- 2015”-аас үзэхэд, Монгол Улс 158 орноос 100 дугаарт эрэмбэлэгдсэн байна. Энэхүү жагсаалтыг Швейцарь тэргүүлсэн бол Исланд удаалж, Дани гуравдугаарт жагсжээ. Орлогын тэгш бус байдал харьцангуй бага, нийгмийн халамж, үйлчилгээ сайтай Скандинавын орнууд “аз жаргалын жагсаалт”-ыг тэргүүлдэгт гайхах зүйлгүй. Эдгээр оронд татварын хэмжээ ч өндөр байдаг билээ.

 

 

Д.МӨНХЧИМЭГ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих