Хотын дарга аа, “ЗУНЧЕН” компаниар хэдий болтол чанаргүй барилга бариулах вэ ?

527-1434069815ab67737443ba7763original-(1)Одоогоос хоёр жилийн өмнө Баянгол дүүргийн VI хорооны нутаг дэвсгэрт “Шүнди” ХХК-ийн захиалгаар доод талдаа үйлчилгээний төвтэй 12 давхар 66 айлын орон сууцны барилга ашиглалтад ороод удаагүй байхдаа тар нь танигдаж, оршин суугчдыг багагүй сандаргасан.
Тус барилгын ажлыг Хятадын хөрөнгө оруулалттай “Зунчен” компани гүйцэтгэсэн бөгөөд үндсэн зургийн дагуу угсралтын ажлыг хийгээгүй байжээ. Өөрөөр хэлбэл, сантехникийн холболт хийхдээ боолтыг ханатал нь чангалж, шахагчийг ашиглаагүйгээс далд шугамд ус алдаж, мөн ус дамжуулах цайртай ган яндан холбох хэрэгслээр угсралт хийх норм, дүрэм алдагдсанаас зэврэлт үүссэн болохыг тогтоосон байдаг.
Үүний улмаас усны агуулга дахь зэв, төмөр зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрч, “Иргэд усыг ундандаа хэрэглэх боломжгүй” гэх мэргэжлийн байгууллагын дүгнэлт хүртэл гарч байсан ч эл асуудлыг яаж шийдсэн нь тодорхойгүй, удалгүй хав дарагдсан гэхэд болно.
Тэгвэл энэ сарын 6-нд өнөөх Хятадын хөрөнгө оруулалттай алдарт “Зунчен” компанийн барьж, ашиглалтад оруулсан 13 давхар 34 айлын орон сууцны гаднах шавардлага ховхорч, хөөсөнцөр унаж, оршин суугчдыг сандаргаад байна. Тодруулбал, саяхан орсон их хэмжээний усархаг борооны улмаас Хан-Уул дүүргийн XV хороонд байрлах “Нархан” хотхоны 65 дугаар байрны 13 давхрын гадна талын дулаалгын хөөсөнцөр 11 давхар хүртэл хөндийрсөн, дулаалга нь хууларсан хэсгийн өрлөгийн хөнгөн блок үйрсэн байдалтай байгаа юм.
Хэдийгээр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр тухайн орон сууцыг “Алтай констракшн” ХХК барьж, ашиглалтад оруулсан гэж мэдээлж байсан ч “Тэнгэрлэнд” компанийн захиалгаар “Зунчен” барилгын компани хийж гүйцэтгэжээ.
Зоорийн давхартаа 16 авто машины гарааш, доод талдаа үйлчилгээний төвтэй тус барилгын ажлыг 2007 оны тавдугаар сараас эхэлсэн бөгөөд 2008 оны тавдугаар сарын 15-нд барьж дууссан байна. Улмаар 2009 оны хоёрдугаар сард ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэн өгчээ.
Харин дээрх үйл явдалтай холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас энэ сарын 8-нд явуулсан шалгалтаар тус барилгаас хэд, хэдэн зөрчил илрүүлсэн байна. Тухайлбал, барилгын дээврийн хар цаасан хучлага хөндийрч хууларсан, дээврийн хашлага ханан дээр малгай төмөр хийгдээгүйн улмаас дээврийн налуу алдагдсан, борооны ус дээвэр дээр их хэмжээгээр тогтсон, бохирын үнэр гаргагч, агааржуулалтын хоолой дээврээс дээш гарсан хэсгийн хашлага хийц эвдэрсэн болохыг шалгалтаар тогтоосон аж.
Энэ талаар албаныхнаас тодруулахад, “Хан-Уул дүүрэгт байрлах 65 дугаар барилгад үүссэн нөхцөл байдлаас үзэхэд Барилгын тухай хуулийн есдүгээр зүйлийн 9.1.1 дэх /Хүн ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн, түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан/ заалтын шаардлагыг хангахгүй байна.
Цаашид гадна хананы дулаалгыг засварлахдаа зургийн зохиолчоор шийдэл гаргуулж, тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх шаардлагатай” гэв.
Энэ мэтчилэн удаа дараа иргэдийн аюулгүй байдалд заналхийлж, чанарын шаардлага хангахгүй барилга барьж, ашиглалтад оруулж байгаа “Зунчен” мэтийн компаниудаар хэдий болтол барилга, орон сууц бариулах вэ, хотын дарга аа.
Үүнээс гадна барилгын компаниудад хяналт тавих үүрэг хүлээсэн бүхэл бүтэн мэргэжлийн хяналтын армийг татвар төлөгчдийн мөнгөөр тэжээж байна. Гэтэл тэд төрөөс олгосон хяналт тавих эрх мэдлээ хэтэвчээ зузаатгахад л ашигладаг болжээ.
Б.Төрбат
Эх сурвалж: shuurhai.mn

URL:

Нэр: зочин Огноо: 12 June 2015

барилага үргэлжлүүлэн бариулах эсэхээ ард түмнээсээ асуух байх, та нар ойрын хэдэн жил ард түмнээс асуудаг арга яадсан занг нь мэддэгүй юм уу?

Сэтгэгдэл бичих