М.Энхболд: Улс төрийн намууд ард түмнийхээ өөдөөс их ярьсан, одоо сонсож сурах цаг нь болсон

1434069267557a29132bcbdУИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболдтой ярилцлаа.

-МАН-ын зүгээс “Бид хамтдаа” аяныг эхлүүлээд байна. Уг аяны гол зорилго нь ард түмнийхээ санал хүсэлтийг сонсож 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгах гэж ойлголоо. Уг аяныхаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Ардын Намын хувьд 2015 он сонгуулийн өмнөх жил гэдгээрээ хором бүхэн үнэ цэнтэй. Ийм ч учраас зун, намрын зургаан сарыг бид ард иргэдтэйгээ уулзах, орон нутагт ажиллах ид ажлын цаг болголоо. Хэдхэн хоногийн өмнө болсон “Намын удирдах ажилтны улсын зөвлөгөөн”-ний үеэр “Бид хамтдаа” аяны нээлтийг хийлээ. Аяны хүрээнд иргэд сонгогчдодоо хүрч очиж, санал хүсэлтийг нь сонсож, тулгамдаад буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар өөрсөдтэй нь зөвлөлдөж, судлан 2016 оны УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах юм. Ардын нам улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө ачааны хүндийг үүрч, үүрэг хариуцлагаа ухамсарлаж ирсэн туршлагатай, тулхтай ууган улс төрийн хүчний хувьд өнөөдрийн эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг хамгийн богино хугацаанд, хамгийн хохирол багатай даван туулж, хөгжлийн замд хөтөлж чадах улс төрийн хүчин. Тиймээс бид иргэд, сонгогчдод тулгамдаж байгаа хүндрэл бэрхшээлтэй асуудлуудыг өөрсдөөс нь асууж, хамтран шийдвэрлэхийн төлөө энэ аяныг эхлүүлж, айл бүрт хаяглан, иргэн бүрийнхээ гарт хүргэхээр захидал бичиж, иргэдээсээ хариу захидал авч мөрийн хөтөлбөрөө хамтдаа боловсруулах гэж байна. Энэхүү аян бүхэлдээ 2016 оны сонгуулийн бэлтгэлийг бүрэн хангахад чиглэсэн, чухал ач холбогдолтой, үр нөлөөтэй арга хэмжээ болно гэдэгт итгэж байна. Монголчууд эрт дээр үеэс “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” хэмээн аливаа асуудлыг олонхиороо хэлэлцэн шийдвэрлэж ирсэн сайхан уламжлалтай ард түмэн шүү дээ.

-“Бид хамтдаа” аяныг иргэд хэрхэн хүлээж авч байна вэ? Саналууд эхнээсээ ирж байгаа юу?

-Иргэдэд хаягласан захидалтай, хариу хүлээсэн хүсэлттэй, “Тулгарах бэрхшээл, туулах замын алинд ч ард олонтойгоо хамтдаа байна” гэж эхлүүлсэн аяны үйл ажиллагаанд иргэд ихэд ач холбогдол өгч, идэвхтэй оролцож, сайн хүлээж авч байгаа нь аяны эхний өдрүүдээс л харагдаж байна. “Бид хамтдаа” аян зун, намрын зургаан сарын хугацаанд 21 аймаг, 330 сум, суурин газрууд, нийслэлийн 9 дүүрэг, 152 хороог хамарч, хөдөө орон нутагт малчны хот, тариан талбайд хүрч иргэд, сонгогчидтойгоо уулзаж, санал бодлоо хуваалцаж үргэлжилнэ. Энэ сард бид нийслэлийн 9 дүүрэг, 3 аймагт ажиллах бөгөөд манай намын УИХ, Засгийн газрын гишүүд, удирдлагууд өнгөрсөн өдрүүдэд Чингэлтэй, Налайх дүүргүүдэд ажиллаж иргэдтэйгээ гар барьж, нүүр тулан уулзаж, санал бодлыг нь сонсож, тэднийг биеэрээ ойлгож, мэдэрч, бодит амьдралыг нүдээрээ харж явна. Иргэд “Монгол Ардын Намын “Бид хамтдаа” аян цагаа олж биднийг зорьж ирлээ” гэж байна. Тэд “Энэ нийгмийн учрыг олохоо байлаа. Үнэн яриад байгаа үгүйг ялгаж салгахад бэрх болж. Орооцолдсон утас шиг яасан учир нь олдохоо байчихсан төр, засаг вэ?” гэж халаглаж байна.

-Өөр юунд санаа зовж байна вэ. Улс төрөөс гадна шийдвэрлэх асуудлууд их байгаа шүү дээ?

-Мөн “Энэ их газрын баялаг, мал сүрэгтэй ийм сайхан байгальтай орон яагаад хямралд орчихов. Хямралд оруулсан улстай яагаад хариуцлага тооцохгүй ард иргэд нь хямраачихсан мэт иргэд рүүгээ дайраад байна вэ?” гэж байна. Үнэхээр бодох ёстой, анхаарч харах шаардлагатай саналуудыг ч их хэлж байна. Боловсролын салбарт 6 настай хүүхдийг сургуульд оруулж байгааг эргэж харахгүй бол Монголын хөрсөнд буухааргүй, өндөр хөгжилтэй орнуудын туршлагыг шууд хуулчихсан, хэрэгжихэд хүндрэл үүсгэж байгаа тухай хэлж, ярьж байна. Эрүүл мэндийн тухайд энэ салбарын төсөв нь хүрэлцэхгүй, өр ширэнд баригдсан гэж сонссон иргэд эмзэглэж, санаа нь зовцгоож байна. Иргэд дор бүрдээ өвдөхгүй байж, хувийн эрүүл мэнддээ санаа тавибал энэ салбарын ачаа багасна гэдгийг ч ойлгож, өөрсдөө энэ тухай санаачлагатайгаар ярилаа. Цаг үеийн асуудлууд ч иргэдийн анхаарлын төвд байна. Үндсэн хуулийн өөрчлөлт, Тавантолгой, Оюутолгой, Гацууртын ордын асуудал, Сонгуулийн тухай хууль гээд бүгд тэдний анхаарлын төвд байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх, тэтгэврийн насыг нэмэгдүүлэх, газраа барьцаанд тавибал газрыг нь шүүхийн шийдвэргүйгээр нотариатын баталсныг үндэслэн үл маргах журмаар хураах зэрэг хуулийн төслүүд хэлэлцэж байгаа дээр гол төлөв санал бодлоо илэрхийлцгээж байна. Аяны эхний өдрөөс л бид иргэддээ, ард олондоо хүрч, үгийг нь сонсож, өөрсдийг нь анхаараад эхэлбэл ард иргэд маань ч бас улс орондоо санаа нь зовж, өөрсдийн чадах зүйлийн талаар яриад эхэлж байгааг харж, мэдэрлээ. Өнгөрсөн хугацаанд улс төрийн намууд ард түмнийхээ өөдөөс их ярьсан. Одоо сонсож сурах цаг нь болсон. Энэ тал дээр Монгол Ардын Нам 2016 оны сонгуулийн өмнө бусад улс төрийн хүчнүүдэд үлгэр жишээ болно. Бид ярихаасаа илүү сонсож, хэлэхээсээ илүү ажиллана.

-Саяхан Чингэсийн талбайд та болон танай намын гишүүд цагаан тагтаа нисгэсэн зураг цахимаар нэлээд явсан. Яагаад цагаан тагтаа нисгэх болсон юм бэ. Цаанаа ямар нэгэн учир шалтгаан байгаа болов уу?

-Энэ өдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн маргааш байж таарсан. Намын удирдах ажилтны улсын зөвлөгөөн болж, “Бид хамтдаа” аяныг нээж, Монголын өнцөг булан бүрт амьдран суугаа айл өрх, иргэд, хүүхэд, ирээдүй үе рүүгээ эв нэгдлийн бэлгэдэл тагтаа шиг цагаан, ариун сэтгэл тээсэн, тайван амгалан, хамтдаа сайн сайхан амьдрах хүслийг шингээсэн захидал илгээлээ гэж бэлгэдсэн.

-Сүүлийн үед Оюу толгой, Таван толгойн асуудал нэлээд яригдаж байна.  Таван толгой, Оюу толгой хөдлөх нь зөв үү?

-Монгол Ардын Нам улс орны эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой Оюутолгой, Тавантолгой, төмөр зам зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэхдээ манай улсад ногдох үр өгөөжийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчтай байгуулсан гэрээний нөхцөлийг дордуулахгүй байх зарчмыг баримтлан ил тод нээлттэй хэлэлцэж, хууль тогтоомжийн хүрээнд зөвшилцөн шийдвэрлэж эдгээр төслүүдийг ажил хэрэг болгохын төлөө байна. Гэвч УИХ дахь Ардчилсан намын гишүүд, Засгийн газрын хооронд үүссэн үл ойлголцол, үзэл бодлын зөрчлөөс үүдэн эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээ, шийдвэрлэх асуудлууд хуримтлагдан, цаг алдаж байна.

-Танай нам засагт хамтраад ямар өөрчлөлтүүд гарч байна вэ?

-Манай нам Засгийн газарт орсноор эдийн засгийн нөхцөл байдлын талаар бодит мэдээлэлтэй болж, Засгийн газрын өрийн хязгаар, бондын хөрөнгийн зарцуулалт зэрэг сөрөг хүчин байхад хаалттай байсан зарим мэдээллийг олон нийтэд нээлттэй болголоо. Хөгжлийн банкны зээл, “Чингис”, “Самурай” бондын хөрөнгийн зарцуулалт зэргийг шалгаж дууссан. Төсөв, мөнгөний бодлогыг чангатгаж инфляци, валютын ханшийн өсөлтийг бууруулах алхам хийж байна. Төсвийн хэмнэлтийн горимд шилжиж, урсгал зардлыг багасгаж, үр ашиггүй хөрөнгө оруулалтыг хязгаарлан, иргэдийн цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх эх үүсвэрийг төсөвт суулгах зэрэг арга хэмжээг авлаа. Улсын төсвийн орлогыг аль болох бодитой төлөвлөж, төсвийн гадуурх хөрөнгийг төсөвт нэгтгэж тооцох болсноор төсвийн алдагдал, өрийн хязгаарыг эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд илүү ойртуулж улсын төсвийг баталлаа. Монгол Ардын Нам улсын өрийг нэмэгдүүлэхгүй гэдэг байр суурин дээрээ хатуу зогсож байгаа. УИХ дахь манай намын бүлэг Засгийн газрын өрийн хүрсэн түвшин 58,3 хувь болсон байна гэдгийг баталгаажуулан холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Засгийн газрын өрийн дунд хугацааны стратегийг батлуулсан. Үүнийг буруугаар ойлгож МАН засагт хамтарснаар өр нэмсэн мэт ярьж байгаа нь үндэслэлгүй юм. Дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувьд байх ёстой өрийн түвшин хууль зөрчин 58,3 хувь болсныг бодит байдлаар тогтоож, ил болгосон гэдгийг олон нийт зөвөөр ойлгож байгаа болов уу.

-Парламентад суудалтай бүх намууд эдийн засгаа өөд нь татахын тулд уг нь хамтарсан. Харамсалтай нь үр дүн гарахгүй байна гэх юм?

-Монгол Ардын Нам Засгийн газарт хамтрахдаа юуны өмнө улс төрийн нам, хүчнүүд үндэсний аюулгүй байдал, улс орны язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлж, эв нэгдэлтэй байж, хүнд үеийг хамтдаа даван туулах ёстой гэж үзсэн. Эдийн засгийн хямрал гүнзгийрч, ард иргэдийн амьдрал доройтсон үед  Засгийн газарт хамтарснаар нийгмийн тогтвортой байдлыг хангаж, ард иргэдийн амгалан тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь чухал зорилт гэж тодорхойлсон. Улсын төсөв, санхүү, мөнгөний бодлогын алдаа гажуудлыг засч залруулах, эдийн засаг гүнзгий хямарч, өрийн дарамтанд орохоос урьдчилан сэргийлэх шаардлагатай байсан. Монгол Ардын Нам, УИХ дахь бүлэгтэйгээ хамтран макро эдийн засгийг тогтворжуулах, бодит секторыг дэмжих, хууль эрх зүйн орчныг шинэчлэх, нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр 50 гаруй санал боловсруулж Засгийн газарт хүргүүлснээс 40 орчим саналыг дэмжиж, “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолд тусган баталсныг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

-НАМЗХ бол танай намын дээшээ өгсөн гарч ирэх залуусын том шат. Гэтэл сүүлийн үед залуучууд нь хоорондоо учраа олохоо байлаа гэсэн зүйл яригдаж байна. Та намынхаа залуучуудтай уулзав уу. Уг нь танай намыг хамгийн эв нэгдэлтэй нэг цул болж чаддаг гэж нийгэм хардаг шүү дээ?

-Би НАМЗХ-г үүсгэн байгуулалцсан хүний нэг. Энэ байгууллага олон жил Монгол Ардын Намыг дэмжиж үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн, өөрийн дотоод дүрэм журамтай. НАМЗХ бол намын үйл ажиллагааг дэмжих эв нэгдэлтэй, эрч хүчтэй залуусын нэгдэл, залгамж халаа. Энэ сард их хурлаа хийнэ, асуудал байгаа бол их хурлаараа хэлэлцээд олонхиороо, ардчилсан зарчмаар шийдэх хэрэгтэй. Намын даргын хувьд залуучууддаа хэлж ярьсан. Сонгууль дөхсөн энэ үед харилцан ойлголцож, зөв зүйтэй шийдвэр гаргаж чадна гэдэгт итгэж байгаа.

Э.Энхболд

Эх сурвалж “Өдрийн сонин”


URL:

Сэтгэгдэл бичих