Туул гол “түүх” болох цаг ойртсоор …

1433993302557900562d9baДэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хамгийн их бохирдсон голуудыг нэрлэхэд Туул гол тавдугаарт жагссан. Газар нутгийн хэмжээгээрээ дэлхийн 230 орноос 18-т жагсдаг буюу 1.564.120 км хавтгай дөрвөлжин газар нутагтай, гуравхан сая хүн амтай улсын хувьд энэ бол байж боломгүй, дэндсэн асуудал болоод байна. Туул гол бол нийслэлчүүдийг ундалдаг ундны усны эх үүсвэр. Гэтэл сүүлийн жилүүдийн судалгаанаас харахад Туул голын бохирдол эрс ихэсч, заримдаа голын ус шургах үед бохир ус давамгайлан урсах болсон. Энэ нь хотын хүн ам, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн усны хэрэглээ өссөнөөр хаягдал усны хэмжээ нэмэгдсэн. Дээрээс нь Төв цэвэрлэх байгууламжаас дутуу цэвэрлэгдсэн, Туул голд хоног тутам цутгаж буй 170 000-190 000 шоо метр бохир устай холбоотой юм. 1970-аад оны сүүл үед баригдсан цэвэрлэх байгууламж өнөөдөр технологийн хувьд хоцрогдож, үндсэн үүргээ гүйцэтгэх чадваргүй байна. Тэр ч бүү хэл сүүлийн өдрүүдийн мэдээгээр ноцтой гэмтэл гарсны улмаас сая гаруй хүнтэй хотын хэрэглэсэн хэрэглээний усыг цэвэрлэхгүйгээр шууд Туул голд цутгах тухай мэдээлэл гарах болсон. Энэ асуудлыг яаралтай шийдэхгүй бол Туул гол удахгүй дэлхийн хамгийн том задгай жорлон болж хувирах эрсдэл бодитоор үүсэж байна.

Төв цэвэрлэх байгууламжийн талаар УСУГ-ын Хэвлэл мэдээлэл, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Т.Солонгоос тодруулахад: “Төв цэвэрлэх байгууламжийг засварлах ажлыг жил бүр явуулдаг. Тодорхой хугацаагаар тэг зогсолт хийдэг. Туул гол руу бохир усыг урсгахгүй. мөн иргэдийн хэрэглээний ус хаахгүйгээр ус маш ихээр хэрэглэдэг үйлдвэрүүд болох машин угаалга, арьс шир, архи, пиво, спиртийн үйлдвэрүүдийн усыг цаг цагаар хязгаарлаж Төв цэвэрлэх байгууламжийг ирэх 15-наас 48 цагийн хугацаатай засварлахаар болсон” гэсэн юм.

Туул голын загас, жараахай нь олноор үхэж байна

Мянга мянган жилийн хугацаанд өвөг дээдсийн маань шүтэн биширч, үр өгөөжийг нь хүртэж ирсэн Хатан Туул голын ач холбогдол өнөөдөр бүр ч илүү чухал, бүр ч илүү хүртээмжтэй болсоор байна. Учир нь Туул голын сав газар нь таван аймгийн 37 сум, Улаанбаатар хотын долоон дүүргийн нутаг дэвсгэрийг хамран Монголын нийт хүн амын талаас дээш хувь ямар нэгэн байдлаар Туул голоос ундалж байна. Бүхэл бүтэн улс үндэстний талыг тэжээж тэтгэж байдаг ийм гол дэлхийд гарын таван хуруунд багтах нь тодорхой. Дээхнэ үед наадамд барилдахаар нийслэлд ирсэн бөхчүүд Туулын уснаас цай чанан хөвөөн дээр нь хоноглож, буцахдаа уснаас нь дээжлэн авч ээждээ амсуулдаг байсан гэдэг. Учир нь хатан Туулын усыг ээждээ уулгавал ариусна, урт насална гэж бэлэгшээдэг байж. Харин өнөөдөр энэ голоос ээждээ аваачиж өгнө гэвэл хордуулах, өвчлүүлэх санаа агуулсан мэт болно. Учир нь өдгөө нийслэлийн хөрсний 90 гаруй хувь нь бохирдсон нь Туулыг гол бус хор болоход хүргэжээ. Үүнээс болж загас, жараахай нь олноор үхэж, сав дагуух нутгуудад шинэ зүйлийн хорт ургамал хүртэл бий болон ургаж эхэлснийг судлаачид тогтоосон нь бий. Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжаас хоногт 160-200 мянган шоометр бохир ус бүрэн бус цэвэрлэгдэн гарч, Туул гол уруу цутгасаар олон жилийн нүүр үзэж “Ази тивийн хамгийн бохир гол” нэрийг зүүсэн. Энэ нь олон жилийн өмнөөс хайрлаж, хамгаалаагүйн томоохон нотолгоо. Нөгөө талаар Туул голын сав дагуу хайгуулын лицензтэй 155, ашиглалтын 288 аж ахуйн нэгж байдаг ажээ. Үүнээс барилгын материалын буюу элс, хайрганы 146, алтны 97, нүүрсний 33, бусад /боржин, төмөр, тугалга гм/ 10 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Мөн нийслэлийн хоёр хэсэгт арьс, шир боловсруулах нийт 30 орчим үйлдвэр, ноос, ноолуур угаах 26 цэг ажилладаг нь Туул голыг маш ихээр бохирдуулдаг аж.

Туул голын бохирдлын талаар Туул голын сав газрын захиргааны дарга Г.Долгорсүрэнгээс тодрууллаа.

-Туул голын бохирдлын асуудал яригдсаар байна. Туул голыг хамгийн ихээр бохирдуулагч үйлдвэрүүдийг хотоос гаргах боломж хэр байна вэ?

-Энэ бол олон жил яригдаж байгаа суудал. Хэдийгээр хотоос үйлдвэрүүдийг гаргана гэж яриад байгаа ч тэнд Ашигт малтмалын цогцолборыг барих хэрэгтэй. Үүнд томоохон дэд бүтцийн асуудал яригдана. Нөхцөл нь бүрдэж байж үйлдвэрүүд тийшээ нүүнэ. БОНХАЖЯ, Туул голын сав газрын захиргаа төсвийг шийдэх эрх зүйн үндэс, эдийн засгийн бололцоо байхгүй. Бохирдлын эх үүсвэр гэхээр хэдэн зүйлийг ярьдаг. Үүнийг ард түмэн бүгд мэдэж байгаа. Бидний яриад байдаг Нийслэл хотын цэвэрлэх байгууламжийн асуудал. Энэ бол хэн нэгэн хүний буруутай үйлдэл гэхээсээ илүү шийдвэр гаргах төвшинд авч шийдвэрээ хэрэгжүүлэх, арилгах л арга үлдээд байна. Шинэ цэвэрлэх байгууламжтай болчихвол хоног болгон цутгаад байдаг 180 мянган куб бохир уснаас Туул гол ангижрах боломж бүрдэж байна. Арьс ширний үйлдвэрийг бид улиг болтлоо ярилаа. Хаягдал бохирдол ихтэй үйлдвэрээс болж, Туул гол их хэмжээгээр бохирдож байгааг олон хүн шүүмжилдэг. Үүн дээр хөрөнгө мөнгөний асуудал чухал болоод байна. Хотоос үйлдвэрүүд гарахад хүндрэлтэй асуудал их бий.

-Засгийн газраас хоёр ч тогтоол гарсан байдаг. Хэрэгжилт ямар байна вэ?

-Засгийн газраас хоёр ч удаа тогтоол гаргасан. Харамсалтай нь хэрэгждэггүй. Яагаад хэрэгждэггүй гэхээр нөгөө л санхүүгийн асуудалтай холбоотой. Хамгийн сүүлд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-нд Засгийн газрын тогтоол гарсан. Үүнд үйлдвэрүүдийг Эмээлт, Шар хөвийн хоолой рүү гаргана гэсэн байдаг. Гэтэл нөхцөл нь бүрдэж байж, үйлдвэр эрхлэгчид тийшээ нүүнэ. Одоо бид ярих биш хийх хэрэгтэй. Тэгэхээр хөрөнгийн эх үүсвэрийг нь Засгийн газар, УИХ-ын төвшинд шийдэж өгөх л чухал болоод байна. Үүнийг яамны зүгээс,Туул голын сав газрын захиргаа тэр хөрөнгө оруулалтыг шийдэх эрх зүйн үндэс, санхүүжилт байхгүй. Тиймээс Шийдлийн Засгийн газар үүн дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Иргэдийн хэлээд байгаа “Туул гол болохоо байлаа”, “Бохирдлын хэмжээгээ дэлхийд зарлачихлаа” гэдгийн аюулыг засахын тулд хөрөнгийн эх үүсвэрийг Шийдлийн Засгийн газар анхааралд авах л үлдээд байна. Өнөөдөр Туул гол бохирдлын хэмжээгээр дэлхийд тавдугаарт бичигдэж байна.

-Хяналтын камер байрлуулсан гэсэн. Хэр үр дүнтэй байна вэ?

-Хэрэгжилтийн төвшинд хийгдэж байгаа нэг ажил бол камержуулах. Яагаад гэхээр бид 2013 онд өдөр, шөнөгүй Туул гол руу яваад нэмэр болдоггүйг мэдэрсэн. Тухайн үед маш их хүндрэлтэй асуудал гарч байсан. Байнга эргүүл явах боломж хэцүү юм билээ. Бид техник, технологийн хөгжлийг ашиглан Туул голыг камержуулах ажлыг эхлүүлээд байна. Камерыг эхний ээлжид шөнийн цагаар хог хаяад байгаа 7 км орчим газарт тавьсан. Камерын хувьд үнэ өртөг өндөр байдаг. Гэвч энэ ажлыг эхлүүлсэндээ баяртай байна. Бид үүнийг тавиад эхэлсний дараа зөрчил гаргаад байсан компаниуд хариуцлагатай болж ирсэн. Сайн ажлын үр дүнг хүлээж байна гэдэг бол эхлэл нь байх ёстой.Одоо хавар болоод бүтээн байгуулалтын ажил эхлээд ирэхээр дахин үйл явц өрнөнө. Тиймээс бид ард иргэддээ, бизнес эрхлэгчдэдээ, барилгын салбарынхандаа уриалж хэлэхэд Туул гол руугаа битгий хогоо хаяач ээ гэж хэлмээр байна.

Туул голыг цэвэрлэж бохирдлын төвшинд шинжилгээ хийнэ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зохион байгуулж буй “Иргэн бүр эрсдэлгүй орчинд” сарын аяны хүрээнд Туул голын орчимд цэвэрлэгээ хийж бохирдлын төвшинд шинжилгээ хийхээр болсон. Тус ажлын талаар НМХГ-ын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Д.Бат- Өлзийгөөс тодруулахад: “Иргэн бүр эрсдэлгүй орчинд” сарын аяны хүрээнд Туул голын орчимд цэвэрлэгээ хийхийн зэрэгцээ бохирдлын түвшинд шинжилгээ хийхээр болсон өнөөдөр Туул голоос дээж авна. Түүний дараагаар бохирдлын төвшинг тодорхой болгоод шат дараатай олон ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа. Бид аяныхаа хүрээнд туул голын орчимд цэвэрлэгээний ажил өрнүүлж эхний ээлжид 10 машин хог түүсэн. Туул гол орчмоор маш их хогтой байна” гэсэн юм.

Т.Болор


URL:

Сэтгэгдэл бичих