Өмгөөлөгч нь согтуу байсан учраас АТГ-ынхан Дэнзэнг өмгөөлөгчтэй нь уулзуулаагүй…
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга согтуугаар автомашин жолоодож яваад осол гаргаж, эрдэнэт хүний амь нас эрсдэв. Шалтгаан нь долоогоны ханд. Цочролд орж долоогоны хандаас их хэмжээгээр уусныг нь тогтоосон тул согтуу гэх дүгнэлтийг “Долоогоны ханд хэтрүүлэн уусан тул” хэмээн өөрчилж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнг АТГ-аас баривчлав. Өмгөөлөгч нь согтуу байсан учраас АТГ-ынхан Дэнзэнг өмгөөлөгчтэй нь уулзуулаагүй. Гэтэл өмгөөлөгч нь долоогоны ханд уусан байсныг тэд андуурч согтуу гэх дүгнэлт хийсэн бололтой.
Долоогоны ханд бусдыг хэргээс мулталж чаддаг, согтуу байсныг цайруулдаг ямар шидтэй эм юм бол. Улаан долоогоны жимснээс бэлтгэсэн шингэн ханд бөгөөд бодист нь холин, ацетилхолин, тритерпины хүчлүүд, фитостерин төст ба идээлэг бодис багтдаг байна.
Энэхүү хандыг ангионевроз, зүрхний хэмнэл алдагдал, зүрхний чичрэл, даралт ихсэх зэрэг өвчний үед хэрэглэдэг бөгөөд өдөрт 20-30 дуслаар гурваас дөрвөн удаа хоолны өмнө уудаг байна. Дээрх дүгнэлт хийхэд долоогоны ханд уусан хүнийг согтуу гэх үү, эрүүл гэх үү гэдэг дүгнэлт гаргах хэрэгтэй байна.
Мөн долоогоны ханд хэтрүүлэн уусан үедээ автомашин жолоодох, эс жолоодох талаар хуульд тусгаж өгөх талаар анхаарахгүй бол хөл дээрээ тогтохгүй шахам согтуу жолооч “Би долоогоны ханд уусан” гэвэл хэргийг хэрэгсэхгүй болгох магадлал өндөр байгаа юм. Тиймээс замын хөдөлгөөны дүрэмд “Долоогоны хандын дусал хэтрүүлэн хэрэглэсэн нөхцөлд автозамын хөдөлгөөнд оролцохгүй байх” тухай ч тусгай заалт оруулж өгвөл яасан юм бэ.
Д.Лхагва-Очир
“Монголын Үнэн” сонин
URL: