Ад үзэгдсэн эрчүүд

Миний мэдэхийн 1990 – ээд оноос хойш айл өрх бүр энэ минь охин юм, хүний хүн болоод яаж ч зовох юм билээ, тиймээс охиноо л дээд сургууль бараадууляа. Энэ ч яахав эр юм болох биз гэж эрчүүдийг үл тоон гадуурхаж байсны үр дүнд дээд мэргэжилтэй ” мундаг ” хүүхнүүдэд боловсролгүй эрчүүд гологдож, гадаадын эрчүүдийг шүтэн бишрэхэд чамгүй их хувь нэмэр оруулсан юм.

 1433923955_527-1433908358p1040307
Яг үнэндээ Монгол эрчүүд үнэхээр тийм гологдохоор арчаагүй, архичин, амьдралын идэвхгүй, авгай хүүхэнтэй орооцолдсон бусад улс орны эрчүүдийн дэргэд тийм адгын амьтад уу??? Би хувьдаа үгүй л гэж хэлмээр байна. Эр хүн гэдэг хар багаасаа ээжийн сонгосон хувцсыг өмсөж, өгсөн хоолыг гололгүй идэж, уйлж болохгүй, аашилж сэтгэл хөдлөлөө илэрхийлж болохгүй, эр хүн шиг байх ёстой, бас гангалж болохгүй, учир нь хүүхэн биш гэх мэтээр баахан болохгүйн хүлээсэнд ээрэгдэх.
Гүндүүгүй байх гэдэг үгнийхээ учрыг ч ойлгохгүй атал гүндүүгүйдэх гэж зовох. Хожим хойно эхнэр авсан бол эхнэрийн өгсөнийг идэж, гэр бүлийн бүх гишүүдийн голсон, хаягдал хоолыг идэж, гэрийн нэргүй хогын сав болно. Мөн эхнэр шкаф дүүрэн хувцас гуталтай, харин нөхөр чемоданы ёроолд шолхойх хэдхэн хувцастай.
Эхнэр дөрвөн улирлын өчнөөн загварын гуталтай атлаа өмсөх юмгүй гэж үглэн гомдоллох , харин хөөрхий муу эр хүн ганц хоёрхон гуталтай атал дуугүй л суух. Аяа энэ Америкт бол ялангуяа ихэнх Монгол эрчүүд хамгийн муу сарампай машин унаж, харин эхнэрүүд хамгийн сайн, шинэ, болоод шинэвтэр машиныг хэрэглэх .
Тэгээд Монголчуудын цугларалт уулзалтын үед л эхнэрийн гайгүй машинаар эрчүүд морин жолооч хийж гангарах. Эмэгтэй хүнд өчнөөн ээмэг зүүлт байхад эр хүн ихэнх нь ганцхан цаг насаараа шахуу зүүх . Баяр бүгдээр эхнэр баахан бэлэгт даруулах, эсвэл өгсөнгүй гэж эрүүдэх. Харин эрчүүдэд бэлэг хаа нэг оногдвол их юм.
Уг нь өөрийнх нь өгсөн мөнгийг бид шавхаж авчихаад өөрт нь хаа нэгтээ бэлэг өгмөр болход хөөрхийс минь хүүхэд шиг хөөрөх. Эхнэр хүн нөхрийн олж ирсэн мөнгийг өөрийн ээж, аав, ах дүүдээ асуух ч үгүй, эсвэл нууж хааж ил нэг далд нэг өгөх. Өгүүлэхгүй бол элдвээр хэлэгдэх.Аяа адлагдсан өрөвдмөөр эрчүүд.
Барагтай эхнэр нөхрийн ээж аав ах дүүсийг санахгүй зориуд мартах. Харин хөөрхий баргын эр нөхөр ээж, аавдаа таван цаас аваад өгөх эрх мэдэл үгүй шүү. Тиймээс Монгол хүүхнүүдийн алдагдсан эрх хаана зөрчигдөөд байгааг би төдийлөн олж харахгүй л байна.Энэ дэлхий дээр Монгол хүүхнүүд шиг эрх чөлөөтэй дураар улсыг би олж харахгүй байна.
Үүнийг бичигч бивээр өмнө нь өөрөө хүүгүй байхдаа энэ сэдвийг төдийлөн ач холбогдол өгөхгүй явдаг байж. Харин өнөөдөр хайрлаж өсгөсөн хүү минь хожим ямар эмийн гарт орж өгсөнийг нь идэж, өмсөж, бас царайчлан амьдарч, үргэлж аргадаж,бас болоогүй уучлал гуйж бөхөлзөж явах ёстой болохыг бодохуйяа аймаар.
Эцгийн талын хамаатан ах дүүстэй хүүхдүүд ойр өсдөг үү, эсвэл эхийн талынхантай ойр өсдөг үү. Асуух хэрэггүй ээ, ихэнх нь эхийн талтай л ойр дотно өсдөг юм шүү дээ.Яагаад гэвэл гэрт ээжийн талын хамаатан ах дүүс олон зочилж бас тэдэн рүү хүүхдүүдээ дагуулан очих жим илүү дурайх учир. Яг үнэндээ Монгол бол эхийн эрхт ёс давамгайлсан улс орон шүү.
Эрчүүдэд зөв юм гэж үнэндээ барагтай байхгүй. Учир нь зөв байсан ч эмэгтэйчүүд бид уйлж, орилж, заавал дийлэх. Үгүй бол тэднээс сална, хаяна гэж айлгах, бас заавал эр хүн аргадаж, эм нь гэдийж байх бичигдээгүй хуультай.Анхны эхнэр л заавал хамгийн ариун нандин гэж тулгах, ойлгуулах гээд зүтгэцгээчихнэ.
Уг нь хүн болгон анхнаасаа л шууд амьдралаа зөв сонгож чаддаггүй юм шүү дээ. Алдаж, онож, онож бас алдсаар зөв сайнтай учирч амьдрал нь дээрдэх нь ч бишгүй л олон. Зарим нэгэн бүсгүйчүүд саллаа гэвэл хүүхдээр нь эрчүүдийг барьцаалж, үл уулзуулж, тэднийг чадах. Харин энэ Америкт авууштай юм нь эцэг эх аль нь ч болохгүй саллаа гэхэд хоёулантай нь уулзаж учруулдаг өдрүүдтэй хууль ч чанга базаад өгөх .
Та өөрөө, эсвэл эхнэр уулзахгүй, уулзуулахгүй гэсэн ч уулзуулж үүргийг чинь сайтар сануулаад өгнө. Ихэнх нь зүгээр л үр хүүхдээрээ холбогдсон үүргээ ухамсарласан найзууд болж үлдэх нь их. Харин Монголчууд бид саллаа гэвэл заавал нэг нэгнээ үзэн ядаж, дээр нь үр хүүхдээ ч шархлуулах.Эцгээ үзэн ядсан хүү, охидыг бид үйлдвэрлэсээр.
Өөрөө дэлгүүр хэсэж өөрийнхөө болон гэр бүлийн хүнсээ цуглуулах, бас өөртөө өөрийн нүдээр хувцас хунараа сонгодог эрчүүд харьцангуй цөөхөн. Эр хүн та үнэ цэнэтэй амьдрах хэрэгтэй байна. Миний хүү, миний хүү шиг эрчүүд өөрийн хүссэнээ идэж, өмсөж, сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлж амьдраасай гэж би хүсдэг.
Тэртээ тэргүй байгаль эх цаанаасаа эр, эм хүйсийн ялгааг хангалттай хийж сийлж өгсөн юм шүү дээ. Хөөрхий эрчүүд дайн болж гэмээнэ тэд л биднийг хамгаалж, буу мөрлөн гох дарна. Бид өлсөхөд эрчүүд хоол хүнс олж ирнэ, даархад минь дулаацуулна. Амттан өөрөө идмээр байгаа ч бидэнд л өгөх. Ийм л учраас ад үзэгдсэн эрчүүдийг би өмөөрхийг хүснэ.
Ээжийн тухай хичнээн дуу байна, харин аавын тухай талд нь ч хүрэхгүй.Ингээд бодоод хөвөрдөөд байвал эрчүүдийг өмөөрөх, өрөвдөн хайрлах өчнөөн шалтаг, шалтгаан байнаа. Яг үнэндээ сайн ханьтай таарсан эр хүн л азаар сайн сайхан явахаас бус албин шуламтай таарсан хичнээн мундаг эр ч дорхноо хүний адаг болчих.
Харин эмэгтэйчүүд бид муу мулгуу ханьтай таарсан ч, эрх мэдэл өөрсөнд минь байдаг тул, бас их тэвчээр шартай, ямартай ч айл гэрийн санхүү атгасан байдаг ерөнхий сайд нар тул ухаан тэвчээр заан уруудсан ч яаж ийгээд өндийх. Эрчүүдийн ихэнх нь эхнэрээс салахдаа өмссөн хувцастайгаа л гэрээсээ гарч явах .
Эхнэр бүдүүн болж харвингаа чирвэл эр нөхрийн буруу . Учир нь эмэгтэй хүн эр нөхрийн хүүхэд гаргахаас өмнө лусын дагина байсан аж хаха. Харин тэр нөхрийн хүүхэд гаргаад л ийм бүдүүн муухай болсон тул нөхрийн буруу болох аж. Эмэгтэйчүүд бид алийн болгон буруу бүгдээ эрчүүд рүү чихэх вэ? Бас л арай дэндүү шүү.
Хархад л том эр харагдах ч яг үнэндээ бол эрчүүд гэдэг бяцхан хүү билээ л. Тиймээс бүсгүйчүүд минь ханилсан эрдээ үргэлж урам өгч, түүнээ гоёж, онгироож яв. Эр хүн чиний төлөө үхэж ч чадна. Харин бүсгүйчүүд бид хичнээн нь эрчүүдийн төлөө, цаашлаад эх орныхоо төлөө үхэж чадах бол? Бас л шударга үнэнээр гаргах машин хэрэвзээ байдаг бол тун бага тоо гарна гэж мөрийцсөн ч бэлэн байна.
Ээж хүн бүр хүүхдүүдээ эн тэнцүү хайрлаж, хөвгүүдээ ч бас боловсрол, мэдлэг, мэргэжил, мэргэшилтэй больцгооё. Монгол эрс хүүхнүүддээ гологдож амьдрах ёсгүй . Монгол эрчүүд минь дөнгөж гуч гарцгааж байж гэдэс гүзээгээ унжуулж, хүйсээ сольсон жирэмсэн эр шиг харагдахаан больцгооё. Та нар минь спортлог байгаасай.
Энэ Америкийн эрчүүд ихэнх нь бол их спортлог шүү. Монгол эрчүүд Монгол эмэгтэйчүүддээ гологдож амьдрах ёсгүй. Монгол эр хүн бүрийн сүлд хийморь өөдөө байж, Монгол айл өрх бүр, цаашлаад улс орон минь Монгол эрсийн агуу ухаанаар цэцэглэн хөгжих болтугай. Эрчүүд минь адлагдаж биш шилэгдэж амьдар.
Эрчүүд минь эхнэрээс саллаа ч үр хүүхдээ хайрлаж бай, бүү хая!!!.Үр хүүхэд хүн бүрд заяадаггүй юм шүү дээ. Монгол эр хүн чи ерөнхийлөгч, ерөнхий сайд гээд улс орны жолоодогч, айл гэрийн тулах багана, тооно юм шүү дээ.
Яруу найрагч Хулганайн Тэргэл. Чикаго хот 2015(Номын хэсгээс авав)

URL:

Сэтгэгдэл бичих