Загасны наймаачид жилд 75-600 сая төгрөгийн орлоготой байдаг гэсэн

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Улаагчны хар нуурын сав газарт 1982 оноос 3 зүйлийн загасыг шинээр өсгөн үржүүлж 1989 он гэхэд үржлийн сүрэг, 1993 онд агнуурын нөөцтэй болсон. Тэр үеэс загас агнагчид олширч зүй бусаар үржлийнх нь үед барьсаар 2005 онд гэхэд загас агнуурын нөөц хомосдсон аж.

Ашиг шим сайтай шинэ загасны нөөцийг дахин сэргээж үржүүлэх зорилгоор 2006 онд шинжлэх ухааны академийн тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр  Загасны үрийн сан, загас үржүүлгийн лаборатори байгуулжээ. Улмаар  2009 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор энэхүү лаборатори нь эрдэм  шинжилгээний төв болон өргөжсөн байна.

Одоогоор агнуурын загасны нөөцтэйгөөс гадна дайвар бүтээгдэхүүнийг нь ашиглах бүрэн боломжтой. Тэр ч бүү хэл ойр орчинд нь жимсний мод, суулгац тарьж элсний нүүдлээс нутаг орноо аврах боломж бий хэмээн 70 насыг хол давсан академич  Д.Дулмаа ярьж байна.

-Таныг загас үржүүлэхээс гадна жимсний мод, суулгац тарьсан нь маш амжилттай ургаж байгаа гэж дуулсан?
-Загас үржүүлгийн төвийн орчимд нэг га-д хамгаалалт хийж, улиас, чацаргана, шар хуайс, гүйлс зэрэг 19 нэр төрлийн 992 ширхэг суулгац тарьсан. 8 жижиг дэвсэгт чацаргана, агч, монос, буйлс зэрэг модлог, сөөглөг ургамал,  монгол хунчир, чихэр өвс, хар суль царгас, согоовор, өлөнгө, сульхир, ерхөгийн үр тарьсан маань соёолоод маш сайн ургадаг юм байна.

Мөн эргэн тойрныхоо 4-5 га газарт цэцгийн мандал байгуулсан. Түүгээр ч зогсохгүй лийр, гладелиус, хумсанцэцэг, астра, бархатцы, жамба, амарант зэрэг гоёл чимэглэлийн цэцэг тарьсан. Өшөө болоогүй ээ зэрлэг сонгины үр, нэг наст булцуу, цагаан лууван, улаан лууван, төмс зэрэг хүнсний ногоо ч тарьлаа.

Цаг агаар маш хүйтэн цасан шуургатай хөрсөн дээр цочир хүйтэрсэн үед модоо хучиж бүтээх аргаар хамгаалдаг. Цлаагчны Хар нуур орчимд ургадаг зарим модлог, сөөглөг, өвслөг ургамлаас авч загас үржүүлгийн төвийнхөө хашаанд ургуулдаг юм.

Эдгээр ургамлууд сайн ургадаг юм байна. Цаашид үржүүлэх, судалгаа туршилт болгох бүрэн боломжтой санагдсан шүү. Ойн зурвас төгөл байгуулахын тулд нэг га талбайд шон суулгаж, 2-3 давхар хамгаалалтын төмөр тор, өргөст тороор хашаа барьсан даа.

-Цагаан зарам, омоль загас хэр үржиж байна вэ, эдийн засгийн эргэлтэд орж байна уу?

-Цагаан зарам загасны үржлийн гүйдлийн ид үе нь 11 сараас эхлэн 1 сарыг дуустал 0?8-4.0 хэмийн дулаантай усанд түрсээ шахдаг.

Үржих гол газар нь булгын ундаргатай хэсэгт болдог. Загас түрсээ шахаж байх үед ерөөсөө загас агнаж болохгүй гэж олон ч жил тэмцэж байна даа. Загасны үржлийн явцыг тогтооход загасны сүрэг доторх эр, эмийн харьцаа онцгой үүрэгтэй байдаг. 11 дүгээр сараас үржлийн гүйдэл эрчимжиж тэр загасны тоо нэмэгдэж үржих газраа эхний үед эр загас гүйж эхэлдэг. 12 дугаар сарын 5-28-ныг дуустал эм, эр загасны тоо тэнцэж ид үрждэг юм.

Нэг сард үржил дуусах үед эр загас сүргийн дотор зонхилдог. Энэ нь эм загас түрсээ шахаж дуусаад үржих газраасаа холдож дараа нь эр загас нуурын гүн хэсэг рүү нүүж, өвөлжих газраа очдог юм. Янз бүрийн настай загасны түрсний тоо харилцан адилгүй байдаг.


-Загасны түрс маш үнэтэй хүнсний бүтээгдэхүүн болдог шүү дээ. Загасны түрсээ хэрхэн ашиглаж чаддаг вэ?
-Хамгийн том эм цагаан зарам загасны биеийн урт 620 мм, 3620 гр жинтэй бол хамгийн жижиг эм загасны биеийн урт 295 мм, 350 гр жинтэй. Түрсний жин 100-1000 гр хүрч нэг граммд 107-983 ширхэг түрс тоологддог юм.  Хамгийн том эр загасны биеийн урт 505 мм, биеийн жин 2640 гр, жижиг эр 300 мм, 300 гр жинтэй. Ер нь Цагаан зарам, омоль загас нь хүнс тэжээлийн онцгой ач холбогдолтой бөгөөд агнуурын нөөцтэй болчихлоо.

Монгол орныг загасан бүтээгдэхүүнээр хангах зах зээлд чухал байр суурь эзэлж эхэллээ. Загасны махыг нь хэрэглэхийн зэрэгцээгээр түүнээс гарах дайвар бүтээгдэхүүн /түрс, өөх тос, элэг, зүрх, ходоод, гэдэс/ нь хүнс, эмчилгээний юугаар ч сольшгүй экологийн цэвэр бүтээгдэхүүн болдог учраас тэдгээрийг зохистой ашиглах шаардлага гарч байгаа юм. Загасны тосыг цэвэр өөхөн эдээс ялгахаас гадна элэг, зүрх, ходоод гэдэс зэргийг чанаж боловсруулах аргаар ялгаж болдог.

Жишээ нь 1000 кг загаснаас өөх болон бусад дотоод эрхтнүүдийг боловсруулах үед гарах 5 кг өөхнөөс 4 литр цэвэр тос, ходоод гэдэс, элэг, зүрхний 54 кг бүтээгдэхүүнээс 5,4 литр тос авдаг. Нэг загаснаас 5-400 гр өөх гардаг. Загасны тосонд “Омега- 3” тосны хүчил, эйкосапентаенойк, докосахексаенок зэрэг хүчил агуулагддаг. Эрүүл мэндэд маш их ашиг тустай цусан дахь холестрин,  цусны хэт бүлэгнэлтийг бууруулдаг.

3 тосны хүчлийг идэж байгаа замаг болон бусад тэжээлээсээ авч өөртөө хуримтлуулдаг. Иймээс манайд эдгээр витаминыг үрэл хэлбэрээр үйлдвэрлэн гаргаж өргөн хэрэглэх боломжтой. Ер нь загасны тосонд агуулагдах бодисууд нь цусан дахь бодисуудын тэнцвэржилтийг хадгалахад чухал үүрэгтэй. Омоль загас бол 8 сараас 10 сарыг дуустал түрсээ шахдаг. Биеийн жин 1200-3600 гр байдаг.

Манай Хөвсгөл нуурын омоль, Байгаль нуурын омолиос илүү биерхэг байна лээ. Омоль загасны махны гарц 70-80 хувьтай,  уураг 16-20, өөх тос 2-9 байдаг. Загасгүй шахуу болсон байсан Улаагчны хар нуурын сав нууруудад загасны нөөц хангалттай болсон. Хууль бусаар загас агнагчид жилд 75-600 сая төгрөгийн ашиг олдог гэсэн шүү.


Д.Догсмаа

Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Сэтгэгдэл бичих