Зайсангийн уугуул иргэд олон жил хүлээсэн газрын гэрчилгээгээ авна
ХУД-ын 4, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсанд олон жил амьдарч ирсэн ч өнөө хэр хууль ёсны газаргүй байгаа иргэдэд газар ашиглах гэрчилгээг нь 14 хоногтоо багтаан олгоно гэдгээ БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол өчигдөр иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзахдаа хэллээ. Энд 1968 оноос хойш аж төрсөн 600 орчим өрх айл хамаарч байгаа юм. Богд уул, Зайсангийн газар хамгийн их маргаантай асуудлуудын нэг.Гэхдээ асуудал хэцүү байна гээд тойрсонгүй, аль болох шийдэхийг эрмэлзэж байгаагаа сайд Д.Оюунхорол хэлсэн. Ингэхдээ оршин сууж байгаа газрын гэрчилгээгээ олон жил хөөцөлдсөн иргэдийн газрын асуудлыг хамгийн түрүүнд барьж авсан байна. Салбарын сайдаар томилогдсон даруйдаа БОНХАЖЯ, нийслэл, дүүрэг,хороод, ТББ-ууд, иргэдийн төлөөллийг оролцуулсан ажлын хэсгийг байгуулж шуурхай ажилласны хүчинд газрын ямар нэг маргаан зөрчилгүй уугуул иргэдэд газар ашиглалтын гэрчилгээ олгох шатандаа иржээ. Үүний тулд айл өрхүүдийг бүртгэх, маргаантай эсэхийг хянаж нягтлах, кадастрын зураг хийлгэх зэрэг олон ажлыг хийсэн байна.
Нэг хашаанд долоо, найман айл байгаагийн улмаас газрын гэрчилгээг хэний нэр дээр гаргах маргаан ч гарч байгаа ажээ. Гэхдээ иймэрхүү айл өрх цөөн байгаа учраас олонхийн асуудлыг шийдэж байна. Мөн хууль зөрчихгүй байх үүднээс нягт нямбай ажиллаж байна гэв.
Харин уугуул иргэдийн төлөөлөл анх удаа салбарын сайд хүлээж авч уулзан, олон жил хүлээсэн асуудлыг хурдан шуурхай шийдэж өгч байгаад туйлын их баярлаж байгаагаа хэлсэн. Түүнчлэн төрөх, өсөх наснаасаа амьдарсан уул толгод нь танигдахын аргагүй болтол өөрчлөгдөж, хэл ам, хэрүүлийн бай болсонд сэтгэл эмзэглэж явдгаа ч учирлаж байв. Тиймээс Богд уул, Зайсан тойрсон газрын асуудлыг эхнээс нь шийдэж байгаа БОНХАЖ-ын сайдад амжилт хүслээ.
Газар ашиглалтын гэрчилгээгээ авах болсон Зайсангийн уугуул иргэдийн төлөөлөл ийн ярьж байна.
“Гэрчилгээгээ авах болсондоо хөгшид уйлж байна”
Иргэн Ш.Нямсүрэн:
Бидолонжилолонсайд, дарганарт асуудлаа тавьж ирсэн. Гэтэл хэн ч ийм хурдтай, шуурхай шийдэж, биднийг хүлээн авч уулзаж байгаагүй. Оюунхорол сайд үнэхээр хурдтай, эрч хүчтэй ажиллаж, асуудлыг шийдэж өгч байгаад баярлаад хэлэх үг олдохгүй байна.Бид өнөөдрөөс эхлээд тайван амьдрах эрхтэй болж байна, хэн, ямар компани ирээд газрыг маань булаагаад авчих бол гээд цаг үргэлж сэтгэл түгшиж явдаг байсан. БОНХАЖЯ-ны удирдлага, баг хамт олон үнэхээр сайн ажиллаж байна. Газар ашиглах гэрчилгээгээ авах болсондоо зарим настай хүмүүс бүр уйлж байна шүү дээ.
“Дахин төрсөн юм шиг л боллоо”
Иргэн Ц.Өнөржаргал:
БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролын яриаг сонсоод дахин төрсөн юм шиг л болж байна. Үе үеийн сайд, дарга нарт маш олон жил асуудлаа тавьсан ч шийдэгдээгүй өдийг хүрсэн, зарим нь бүр авлигач, хулгайчаар нь хүртэл биднийг дуудаж байсан. Гэтэл өнөөдөр асуудал ингэж шийдэгдэж байна. Тийм учраас 11 дүгээр хорооныхоо иргэдийн өмнөөс чин сэтгэлийнхээ баяр, талархлыг илэрхийлье.
URL: