20-Р ЗУУНЫ МОНГОЛЫН ТҮҮХЭНД ГАРСАН ЦУУТАЙ ЗОДООНУУД (ГУРАВДУГААР БҮЛЭГ)
Өмнөх нэгдүгээр бүлэгт 1904 оны Да хүрээний зодоон, 1907 оны лам нарын зодоон, 1912 оны Маймаа хотын зодоон, 1961 оны хятад, монголчуудын зодооны талаар өгүүлсэн. Харин хоёрдугаар бүлэгт 1966 оны хятад, монголчуудын зодоон, “Есөн гудамжны зодоон”, 1976 оны Хандгайтын зодоон, Үйлдвэр комбинатын зодоон, 1986 оны Хүнсний хорийн зодооны талаар өгүүлсэн. Энэхүү гуравдугаар бүлэгт 20-р зууны төгсгөл үеийн цуутай гурван зодоон болох 1992 оны “Квантуны арми”-ийнхны танхайрал, 1995 оны Гүнтийн буудалцаан, 21-р зууны босгон дээр өрнөсөн Центрпойнтын зодооны талаар өгүүлж байна.
1992 ОНЫ “КВАНТУНЫ АРМИ”-ИЙНХНЫ ТАНХАЙРАЛ
Нижгэр дайнтай, сайнтай муутай, Нэртэй цуутай хорьдугаар зууны, Нэг мянга есөн зуун ерэн оныг, Нэхэн санах хичнээн сайхан? Дутагдаж гачигдсан эрхээ эдлэхээр, Дураараа дургиж, чигээрээ зүтгэсэн, Дуулиан шуугиантай ерэн оныг, Дурсан санагалзах төчнөөн бахдам. Үнэхээр тийм шүү. Гэвч бид ийм гоё цаг үеийг эрхгүй догдлон хүлээж авсан хэрнээ эрх чөлөө, эрч хүч, эрдэм чадлаа хичнээн буруугаар ашигласан гэж санана. Арай дөнгүүр сэхээтнүүд нь улс төр, сонгууль, нам эвсэл, бизнес наймаа гэж хоорондоо тэмцэлдэж байх зуур ард иргэдийн амьдрал доройтож, улмаар дээрэм тонуул, хулгай зэлгий, залилан луйвар газар авч, тэр ч байтугай эрүүгийн ертөнцийнхөн толгойгоо хүчтэй цогнойлгож эхэлсэн түүхтэй. Тэдний хамгийн залуу төлөөлөгч нар нь “Квантуны армийнхан” гэгч байлаа. 1980-аад оны сүүл үеийн өөрчлөн байгуулалт буюу “Перестройка”-гаар тархиа цэнэглүүлж, мөн тухайн үед нийслэлчүүдийг шуугиулж байсан “Хон Гил Дон” хэмээх Солонгосын зодоонтой киногоор өвчилж, тэгээд консервны лаазаар од, төмрөөр жад хийгээд бие биенээ хатган тоглож, улмаар дүүрэг, хороогоороо бүлэг болж хоорондоо чулуун байлдаан хийж явсан шавилхан жаалууд 1990 онд эрийн цээнд хүрмэгцээ Ардчилсан хувьсгалын ач буяныг хүртэж байгаа нь тэр гээд өөрсөддөө “Квантуны арми”, “Чингисийн ташуур” гэх мэтийн нэр хайрлаж, сайртай бор гартаа атгаж явсан чулуу, тоосгоо хаяад оронд нь хутга, буу хармаалж явах болсон юм. Эрх чөлөөндөө ташуураад эвдэрч байгаа нь тэр. Мөн тэр үед дэггүй охидын “НАБО” хэмээх бүлэглэл бий болж байв. Чулуун байлдаан гэснээс наяад оны зарим нэг чулуун байлдаан цагдаа нарын тамирыг шавхдаг байлаа. Ямар сайндаа л тэр үеийн чулуун байлдааны бяцхан түүхийг гадаадын судлаач хүртэл сонирхоод эхэлчихэж. Жишээ нь Христийн шашныг түгээн дэлгэрүүлэхээр Монголд ирсэн Сандерсон хэмээх пастер монголчуудын төрөлх зан төлөв, генийн хөгжлийн талаар нарийн судалгаа бүхий ном бичиж Барууны оронд хэвлүүлжээ. Уг номонд монголчууд бид бүгдийн өөрсдөө ч анзааралгүй орхисон амин чухал байж мэдэх сэдвийг хөндөж, улмаар үүнийгээ 2008 оны 7-р сарын нэгний үймээн самуунтай холбож бичсэн байна. “Нүүдэлчин монголчууд эртний дайнч уламжлалаа мартсан уу” гэдэг нэртэй уг номонд 1970 оноос 2008 он хүртэлх Монголын өсвөр багачуудын хооронд болсон томоохон чулуун байлдааныг баримтаар дурджээ. Жишээ нь 1982 оны зуны эхэн сард Нийслэлийн гэр хорооллын Дэнжийн мянга, Хайлаастын хүүхдүүдийн хооронд болсон чулуун байлдааныг дурдсан байх бөгөөд хоёр талаас нийлээд зургаан зуу гаруй хүүхэд оролцож, гуч орчим хүүхэд тархиа хага цохиулж, нэг нь бүр төмөр шонгоор үхтэлээ балбуулж, энэхүү чулуун “зодоон”-ыг дөч гаруй цагдаа ирж байж арай чүү салгаж тараасан түүхтэй. Уг зодоонд эхлээд гол төлөв 4-5-р ангийн хүүхдүүд оролцож, талцан чулуугаар хоорондоо нүүлгэлцэж байсан боловч яваандаа 8-10-р ангийн том хүүхдүүд ирж оролцсоноор сүүлдээ яг л мөнөөх Хүнсний хорийн алдарт зодоон лугаа нийтийг харамсан үймээн болж хувирсан юм. Уг зодооныг тараахаар эхлээд давхиж очсон Сүхбаатарын районы цагдан сэргийлэхийн “УАЗ-469” машины цонхыг хөөрсөн залуус тал талаас нь чулуугаар нүүлгэн хага цохиж, байдал ийнхүү хүндэрсэнд Нийслэлийн цагдаагийн дөч гаруй цагдаа мотоцикль, чанга яригчаар зэвсэглэн ирж эцэг эхчүүдийг хүүхдээ татаж ав хэмээн уриалсаар гудамжийг бүслэн хааж байж сая нэг уг чулуун байлдааныг дарж байсан түүхтэй. 1982 оны хүүхэд багачуудын энэхүү томоохон чулуун байлдаан дөнгөж өмнөхөн нь болоод өнгөрсөн Хүнсний хорийн алдарт зодооноос сургамж авсан, бас тухайн үед уг зодооны талаар амтай бүхэн шагшин шуугиж байсан болохоор юмны учир мэдэхгүй хүүхдүүдийн сэтгэхүйд баатарлаг эрчүүд болох гэсэн мөрөөдөл зонхилж байвай. “Квантуны арми” гэгчийнхэн бол иймэрхүү чулуун байлдааныг угтан төрж, уралдан бойжсон залуучууд байлаа. Тэд голдуу хотын төвийнхөн байсан бөгөөд гэр хорооллынхонтой байсхийгээд л чулуугаар байлддаг “хүнд гарууд” байв. Эд нар 1990 оноос эхлээд том жижгээр танхайрч байсаар 1991 оны 9-р сарын 22-ний шөнө хамгийн том танхайрлаа гүйцэлдүүлж, цагдаагийнхныг түргэн авахуулж, Нийслэл даяар дуулиан дэгдээж байсан түүхтэй. “Квантуны арми”-ийн толгойлогч нь Ариунболд гэгч залуу байсан бөгөөд түүний ах “Квантуны” Бандиатай би хэд хэдэн удаа уулзаж, өөр бусад хүмүүсээс бас яриа авч “Квантуны арми”-ийг нэхэн сурвалжилсан юм. 1992 оны тэр нэгэн шөнө цагдаагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ Улаанбаатар хотыг самнах шахан байж “Квантуны арми” гээчийг дарж авч байлаа. Ерээд оны эхэн үед Оросын цагдаагийнхан мөн л ийнхүү нэг шөнийн дотор Москва хотыг бужигнуулан байж эрүүгийнхэнийг дарж авсан гэдэг. Гэвч олон сая хүнтэй ОХУ-ын эрүүгийн ертөнц ганц удаагийн самналтаар бүрмөсөн дарагдана гэж юу байхав дээ. Манайхан оросуудыг дуурайгаад “Квантуны арми”-ийг бут ниргэсэн ч байж мэднэ. Тэр цагаас хойш эдүгээг хүртэл Квантуны армийн толгойлогч Ариунболдын нэр хотын залуучуудын дунд үе үе цуурайтсаар ирсэн билээ. Тухайн үед цэцэрлэг, яслид гүйж явсан өнөөгийн залуучууд хүртэл “Ерээд оны үед Квантуны армийн Ариунболд гэдэг айхтар залуу байсан гэнэ. Тэр ер нь яадаг нөхөр байсан юм бол оо” гэж асууж сураглах болжээ. Өнгөрсөн үеийнхээ дуулиант явдлыг ийнхүү сонирхож ярилцах нь зүйн хэрэг. Наяад оны Хүнсний хорийн зодоон, жараад оны хятад-монголчуудын зодоон зэргийг өнөөгийн хүмүүс “Тэр үед чухам юу болсон юм бэ” гэж нэхэн санадаг. Тэгвэл хорь гаруй жилийн өмнөх “Квантуны арми”-ийнханы дуулиант явдлыг өнөөгийн залуучууд мөн л нэхэн санах болжээ. Магадгүй хорин жилийн дараа буюу 2030 оны үед тухайн үеийн залуучууд “2008 оны 7-р сарын нэгэнд чухам юу болсон юм бэ” гэж нэхэн санах нь ойлгомжтой. 1992 оны тэр нэгэн танхайрлын тухай “Квантуны” Бандиа өгүүлэхдээ “Дал, наяад оны Улаанбаатарын атаман “Ногоон” Чойлон бол манай талийгаач дүү Ариунболдын “Крестний отец” нь байлаа. Наяад оны сүүл үед Чойлон дүүд маань Японы Квантуны армийн тухай нэг ном өгч, үүнээс улбаалаад Ариунболд “Квантуны арми” гэдэг бүлэглэл байгуулсан юм. Энэ мэтээр Ариунболдын атаман болох зам мөр шуударсаар Дөчин мянгатаас хальж өөрийнхөө үеийн Улаанбаатарын хүчтэй залуусыг командлах болсон. Сүүлдээ түүний Квантуны арми улам хүчирхэгжиж, энд тэндээс залуучууд ирж нэгдэх болсоноор подваль зэргийн юманд багтаж шингэхээ байсан л даа. Тэр үед Ариунболд Улаанбаатар хотын хэдэн дүүргийг тэр чигт нь атгаж байлаа. Монголын эрүүгийн түүхэнд ийм том бүлэглэл бий болж байсныг би л хувьдаа мэдэхгүй юм. Квантуны армийнхан тусгай туг сүлдтэй, савхин малгайн дээрээ бүргэдийн зурагтай байсан. Сүүлдээ эд нар цагдаагийн эргүүл хамгаалалтын 801-р ангийнханд хүртэл захирагдахаа байсан. Тэгээд л даварсаар байгаад 1992 оны 9-р сарын 22-ний шөнө цагдаагийнханд хүйс тэмтрүүлсэн дээ. Манай дүү Сэргэлэн бас Ариунболдын бүлэгт орчихсон. Ариунболдын туслах Баасан бол хүн алахаас буцахааргүй залуу байсан. Ах нь цагдаагийн хүн. Тэгээд хэрэг гардаг орой ахынхаа дүүрэн сумтай бууг хусчихгүй юу. Буутай болчихсон “Квантуныхан” хотын төвөөр баахан бужигнуулж байсаар Алтанцоож гэдэг залууг Баасан зургаа буудаад алчихсан. Дараа нь тэд цаашаа явсаар 51-р дэлгүүр хавьцаа пиво зардаг байсан нэг нөхөртэй муудалцаад, манай Сэргэлэн Баасанд хандаж “Наадахаа бууд” гэж тушаахад шууд л буугаа гаргаж ирээд ганц буудахад нөгөө залуу нь газар дээрээ нам болсон байдаг. Ингээд бөөн хүн амины хэрэг болоод явчихгүй юу. Цагдаагийнхан түгшүүр авч, Квантуны армийнханыг газар сайгүй эрэн сурвалжлаад Улаанбаатар хот тэр аяараа онц байдалтай болчихсон. Квантуныхан тэр шөнө цагдаа нартай буудалцаад л зугтаад байсан байгаа юм. Сүүлдээ Багшийн дээдийн өмнөхөн талд цагдаа нар Баасангийн хөлөнд буудаж унагасан. Тэгтэл Баасан амиа хорлох гээд өөрийгөө буудсан. Аз болж сум нь гүрээгээр нь ороод духных нь дээгүүр гараад явчихсан. Квантуны арми ингэж нэг юм дарагдаж байлаа. Уг нь эд нарыг зөв чиглүүлсэн бол улс оронд бас хэрэгтэй л байх байлаа. Тэд “Малыш” Энхтүвшингийн даалгавраар 1990 оны Ардчилсан хувьсгалын арын хамгаалалтыг хариуцаж байсан юм шүү. Толгойгоо цагаан даавуугаар боочихсон залуучууд ардчилсан хувьсгалын удирдагч С.Зориг агсаныг мөрөн дээрээ суулгачихсан ерээд оны нэг гэрэл зураг байдаг шүү дээ. Тэд нар чинь Квантуны армийнхан байхгүй юу. Ариунболдын үед бол гадныхан Монголд арай ч түрэмгийлээд орж ирчихээгүй байсан цаг. Өнөөдөр хужаануудаас гадна солонгосчууд манай улсад жинхэнэ даварч байна шүү дээ. Чингисийн үеэс эхлээд үеийн үед цөс нь буцалсаар ирсэн улаан залаатай монгол эрчүүд ингэж засуулсан хурга шиг хүлцэнгүй ноомой байх ёсгүй юм. Халх эрчүүд уг нь чадах ядахаараа архирч л байх ёстой” хэмээв. Квантуны армийн дээрхи цуутай хэргээс хоёр хүн буудаж алсан Баасан гэгч нь насанд хүрээгүй байсан учраас 10 жилийн ял авчээ. Сэргэлэн бууд гэж тушаал буулгасанаасаа болж 12 жилийн ял сонсчээ. Ариунболдын зүүн, баруун гар нь Пүүжээ, Пүрвээ гэдэг мундаг зодоонч хоёр залуу байж. Эд нар нөгөө цуутай танхайрлын үеэр нэг залууг бас тоосгоор цохиод алчихсан байдаг юм. Квантуны армийнхан үнэхээр ерэн оны Ардчилсан хувьсгалын ар талыг хариуцаж байсан эсэхийг “Малыш” Энхтүвшингээс асуухад тэр ингэж хариулж билээ. “…Квантуны армийн толгойлогч Ариунболд бол үе тэнгийнхээ дөрвөн зуу гаруй хүүхдийг нэгтгэж чадсанаараа агуу. Эд нарыг зөв зүйтэй үйл хэрэг рүү чиглүүлж чадвал маш том хүч байхгүй юу. Нэр нь л Квантуны арми гэж байгаа болохоос биш эд нар чинь залуучуудын томоохон байгууллага байсан юм. Дөч, тавин мянгатын атамануудын цуваа ерөнхийдөө эд нараар дууссан гэж хэлж болно. Ариунболд ерэн оны ардчилсан хувьсгалд асар их ач холбогдолтой оролцсон. Тэр үед хамгийн чухал асуудал бол хамгаалалт байлаа. Аюулаас хамгаалах байгууллага, цагдаагийн байгууллагаас орж ирсэн өдөөн хатгалгыг урьдчилж мэдэх шаардлага тулгарсан. Нийтдээ дөрвөн газраас хамгаалалт гарсан. Дөрөв дэх хамгийн хүчтэй хамгаалалт нь болохоор Ариунболдын толгойлсон Квантуны арми. Эдний гол зорилго нь бол Аюулаас хамгаалах яамнаас юмуу, цагдаагийн байгууллагаас өдөөн хатгасан үйлдлийг зогсоох, жагсаал цуглаан дундуур согтуу хөлчүү хүмүүсийг зориуд оруулж зодоон нүдээн үүсгэх явдлыг таслан зогсоох байлаа. Харин тэр үед аз болж хүний амь настай холбоотой айхтар хэцүү юм тохиолдоогүй. Хэрвээ тохиолдсон бол Квантуны армийнхан амиа өгөхөд ч бэлэн байсан улс. Өөр нэг том асуудал бол бид нар цэцэг түүх гэж Ардчилсан хувьсгал хийгээгүй. Тиймээс зэвсэгт мөргөлдөөн гарах нь ч тодорхой байсан. Ер нь бол няц даруулна гэдгээ бүгд ойлгож байсан. Квантуны армийн хүүхдүүдийн ихэнх нь 16-18 насны залуучууд байлаа. Ийм насны залуучуудад элдэв янзын юм ойлгуулаад байх шаардлага байдаггүй. “Эх орныхоо төлөө” гэсэн ойлголт өгчихсөн байхад л болно. Аливаа улсын арми 17-18 насны залуучуудыг цэрэгт татаад байдагийн учир нь энэ. Хэрвээ гуч, дөчин насны хүмүүсийг байлдаанд яв гэвэл авгай хүүхэд, ар гэр гээд бөөн л зовлон тоочино. “Хулганы хамраас ч цус гаргалгүй ардчилсан хувьсгалыг хийчихсэн” гэж манайхан онгироод байдаг. Онгирох зүйл ерөөсөө байхгүй. Тэр үед аль ч анги нэгтгэлийн зэвсэгийн асуудал маш сул байсан. Тэнд ерөөсөө итгэл хүлээсэн нэг офицер байхад л хангалттай. Хамгийн гол нь тэр зэвсгийг аваад хүн буудаж чадах уу, үгүй юу гэдэг нь л асуудлын гол байсан. Үүний эзэд нь Ариунболдын толгойлсон Квантуны армийн залуучууд байлаа” гэж өгүүлсэн юм.
1995 ОНЫ ГҮНТИЙН БУУДАЛЦААН
Цахим ертөнцийн чөлөөт нэвтэрхий толь Википедиад “Ерээд оны Монголд болсон дуулиант гэмт хэргүүд”-ийн жагсаалт байх бөгөөд үүнд “90 сая”-ын Гансүхийн хэрэг, “Банкны” Цолмонгийн дуулиант залилангууд, Гүнтийн буудалцаан, 17 чингэлэг спиртийн хэрэг, С.Зоригийн аллага, Центрпойнтын зодоон гэх мэт нь тун “хүндтэй” байр эзэлсэн байх ажээ. Гэхдээ зүгээр л нэрийг нь жагсаачихсан болохоор “Гүнтийн буудалцаан” гээчийн тухай тодорхой мэдээлэл байхгүй. Тиймээс эдүгээ зарим хүний толгойд “Өө, нээрээ нэг тийм буудалцаан болж байсан байх аа” гэх дурсамжаас өөр зүйл үлдсэнгүй. Эрүүгийнхэний түүхэнд мөнхөрч үлдсэн “Гүнтийн буудалцаан” гэгч нь дээхэн үеийн Тавин мянгатын атаман “Шар” Энхээгийн эзэмшил болох Гүнтийн амралтанд болж өнгөрсөн, мөн Энхээ нь уг хэргийн оролцогч бөгөөд хохирогч, тийм болохоор шаварт ойчсон шарын эзэн хүчтэй гэгчээр “Шар” Энхээ гэдэг хүний нэр мөн ч их цуурайтсан. Цагдаагийнхан Гүнтийн буудалцааны хэрэг дээр бараг хоёр, гурван жил ажилласан. Уг буудалцааны шалтаг нь өчүүхэн боловч шалтгаан нь аль ерээд оноос эхтэй ч юм шиг. Нэг орой хэдэн танхай нөхөр зүгээр л зугаагаа гаргах гээд буудалцсан ч юм шиг. Буудалцааны гол төлөөлөгч нь “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван. Уг буудалцаанд цагдаагийн нөлөө бүхий ажилтан ч хамрагдсан байдаг. Буудалцааны гол оролцогч бөгөөд хохирогч “Шар” Энхээтэй би энэ тухай бас ярилцаж байлаа. Тэр өгүүлэхдээ “Гүнтийн буудалцааны эх үүсвэр хэрхэн яаж тавигдсаныг “Танк” Ганчимэг, “Соёлгүй” Соёлоо нар сайн мэднэ. Тэрнээс биш “Гүнтийн буудалцаан” гэгч нь Энхтайван бид хоёрын хооронд өрнөсөн хэрэг биш. Энэ хэргийг гарахаас өмнө Энхтайван бид хоёр уулзаж учирдаг, наймаанд хамт явдаг жирийн сайхан найз нөхөд байсан. Хамгийн гол нь “Соёлгүй” Соёлоо гэдэг нөхөр Энхтайваныг “Монгол хэвлэл” гэдэг газарт хүрээд ирэхээр нь зодчихсон юм. Үүнээс болж атаманууд хоёр хуваагдаад Зайсан толгой дээр гарч зодолдохоор болсон. Тэр үед 120 мянгатын атаман Итгэл хүртэл дуудагдаж ирсэн. Тэгээд Эрүүгийн цагдаад байсан Ганбатын дүү Таеквондогийн Ганзориг эд нар зодолдох юм болоод, тэр үед нь би хориглоод болиулсан юм. Үүний дараа би хэдэн нөхдийн хамт Гүнтийн амралт руу явсан. Тэнд очоод унтаж байтал Эрүүгийн цагдаагийн Ганбат, Чимэдийн Энхтайван нар цагдаагийн формтой баахан хүн дагуулаад ирсэн. Тэгээд л буудалцаан болсон. Миний унтаж байсан орны цаад талын хананд нүх гартал буудсан. Би ч өөдөөс нь “Эскиз” буугаараа дөрөв таван удаа буудсан. Юун сайн хүн алчихаагүй юм. Энэ буудалцаанаас би толгойгоо хагалуулаад салсан. Тэглээ гээд би хэн нэгэнд ямар ч өс хонзон санаагүй. Чимэдийн Энхтайван бол надад баярлаж явах ёстой л доо. Яагаад гэвэл Гүнтийн буудалцааны дараа Энхтайван миний өвөр дээр шал согтуу унаж байгаа юм. Би дөрвөн давхарын шатан дээр сууж байсан. Хажууд байсан хүмүүс над руу нүд ирмээд байгаа юм. Нэг ёсондоо өшөөгөө аваач ээ, шат руу унагачихаач ээ гэсэн дохио байсныг би ойлгосон. Гэсэн ч би хүн чанарын хувьд хэзээ ч ийм муухай юм хийхгүй л дээ. Эрүүл саруул байхад нь сайхан зодолдоно уу гэхээс биш ухаан мэдрэлгүй болчихсон байхад нь дөрвөн давхрын шат руу унагана гэдэг чинь юу гэсэн үг вэ? Ингэж хорлох нь эр хүний хамгийн муухай чанар. Энэ тухай би хожим Энхтайванд бас хэлж л байсан. Одоо бид хоёр сайхан харилцаатай байдаг” гэж билээ. Гүнтийн буудалцааны гол төлөөлөгч болох “Танк” Ганчимэгтэй би бас уулзлаа. Тэр өгүүлэхдээ “Гүнтийн буудалцааны тухайд гэвэл нэг бууны асуудал байдаг юм. Загвар зохион бүтээгч, талийгаач Түвшин бид хоёр сайн найзууд байлаа. Ерээд оны үед би компани эрхлээд мөнгө эргэлдүүлж явахдаа Түвшинд их тус болсон. Тэр үед Түвшин “Цагаан шонхор”-ын Энхтайвантай хамтарч ажилладаг байсан юм. Нэг өдөр би Түвшингийнд очлоо. Тэгтэл мань эр надад нэг буу, нэг хутга үзүүлээд “Манайхан буутай болж байгаа” гэж гайхуулсан юм. Тэдний зэвсэглэх эсэх нь надад сонин биш шүү дээ. Би бол махан гараараа л сайхан үзэлцэнэ үү гэхээс биш буу шийдэм, хутга мэс барьдаг хүн биш л дээ. “Соёлгүй” Соёлоо энэ бууг Түвшинд зарсан юм билээ. Гэвч энэ буу нь Оросоос орж ирсэн, Монголд бүртгэлгүй буу байсан. Ингээд цагдаад ороогдож, үүнээс болж Соёлоо, Түвшин хоёрын хооронд ан цав үүсчихгүй юу. Түвшин бид хоёрын хооронд бас ан цав үүсч байгаа юм. Яагаад гэвэл Түвшин миний нэрэн дээр гурван сая төгрөгийн зээл авчихсан, сүүлдээ балраад ирмэгцээ манай компанийн данснаас гурван сая төгрөг суга татаад авчихаж байгаа юм. “Соёлгүй” Соёлоо нөгөө буунаас болж цагдаад байцаагдаж байгаад торгуулаад гарч ирсэн. Тэгээд мөнгөө авахаар Түвшин дээр очтол цаадах нь өгөхгүй энэ тэр гэж луу унжсан. Тэгэнгүүт “Соёлгүй” Соёлоо Түвшинг барьж авч балбаад, үүнээс болж Түвшин “Цагаан шонхор”-ынхон руу утасдчихгүй юу. Тэгээд Энхтайван тэргүүтэй хэдэн хүн Түвшингийн ажлын байр байсан “Монгол хэвлэл” дээр давхиж ирсэн. Яг үнэндээ бол “Соёлгүй” Соёлоо бүгдийг нь цохиод унагачихсан юм шүү дээ. Сүүлдээ энэ зодоон даамжраад таэквондогийн Ганзориг, Цоодолын Болд, “Шөвгөр” Өлзий, 120 мянгатын Итгэл нарын хуучин цагийн атаманууд дуудагдаж ирээд гурвалжин дөрвөлжин юм болсон. Тэгээд эд нар Зайсан толгой дээр очиж зодолдоод хайнаа салгахаар болж байгаа юм. Харин Зайсан дээр очоод бүгд эвлэрээд гар бариад салцгаасан. Үүний дараа “Шар” Энхээ Гүнтийн амралт руу заримыг нь дагуулж явсан юм. Би ч яахав хүний машинд дайгдаад харьчихсан. Гэтэл шөнийн дөрвөн цагийн үед манай хаалгыг хүн цохиод “Гүнтэд сая буудалцаан болсон. Цаадуулыг чинь аваад явчихлаа” гэж хэлсэн. Би босоод “Монгол хэвлэл”-ийн байранд иртэл тэнд хүмүүс зодолдоод, пижигнэлдээд байлаа. Яваад ортол нэг нөхөр намайг өшиглөх гэхээр нь хөлийг нь барьж аваад дээш нь өргөчихсөн чинь дагзаараа газар савж унасан. Энд бас багахан хэмжээний зодоон болсон юм. Харин “Шар” Энхээг ганцаараа унтаж байхад нь цагдаа, тагнуулынхан бөөнөөрөө очиж буудаж барьсан нь нэг тиймэрхүү. Ингээд л маргааш өглөө нь улс орон даяар дуулиан шуугиан болоод явчихсан. Нарийндаа бол нэг буунаас л болсон юм даа, энэ буудалцаан…” гэсэн юм. Гэвч Гүнтийн буудалцааныг мөрдөн шалгаж байсан зарим нэг хуульчийн дэвшүүлсэн гаргалгаанаас харахад буу нэртэй нэг муу хөндий төмрөөс болоогүй ч юм шиг. Хэргийн угшил аль ерээд оны эхэн үеэс тавигдсан ч юм шиг. Ерээд оны эхэн үед Улаанбаатарын зовхи өөдөө эрчүүд нэлэнхүйдээ ганзагын наймаанд хөл тавьж, үүнтэй зэрэгцээд Хэнтий нутгийн “Цагаан шонхор”-ын Энхтайван ч наймаагаа одтой эхэлсэн байх бөгөөд тэрбээр тухайн үед “Автомашин, сэлбэгийн наймааг яагаад зөвхөн оросууд хийдэг юм бэ, монгол хүн чадна” гэж зориглоод л зүтгэчихэж. Ингээд хойноос олон арван “УАЗ-469” машин оруулан ирж амжилттай борлуулсан түүний бизнес цэцэглээд эхэлмэгц хотын зарим бизнесменүүд нийлж өөрсдийгөө “Арбатын хүүхдүүд” гэж нэрлээд “Улаанбаатарт хөдөөний нэг амьтан орж ирээд бидний наймааг эзэлчихлээ. Зах зээл булаацалдаж өрсөлдлөө” гэж Ч.Энхтайваныг шахаж эхэлсэн гэдэг юм. Тэгээд тэд дал, наяад оны хэсэг атаман эрд Солонгос хөргөгч, тус бүрт нь сая төгрөг амлаад Ч.Энхтайваныг зайлуулах ёстой гэж тулгаж байсан гэдэг билээ. Гэвч угийн хор шартай, омог сүртэй, хэний ч дор орж яваагүй Энхтайван тэдэнд бууж өгөлгүй үзэлцсээр өнөөдрийн өндөрлөгт хүрсэн юм. Харин энэхүү бартаат замд нь “Гүнтийн буудалцаан”, “Центрпойнтын зодоон” гэх мэтийн яршигтай хэргүүд гарч ирээд мань Энхтайваныг овоо хэдэн жил торны цаана суулгачихсан. Загвар зохион бүтээгч Түвшин агсан “Танк” Ганчимэгт хандаж “Манайхан буутай болж байгаа” гэж гайхуулсан нь хотын бизнесменүүдийг дарж авах гэсэн оролдлого байсан, үүнээс болж буудалцаан үүссэн гэж зарим хуульч дүгнэсэн байдаг билээ. Тэгэхээр Гүнтийн буудалцаан гэгчийн шалтаг нь буу нэртэй нэг муу хөндий төмрөөс болсон мэт боловч шалтгаан нь хот, хөдөөгийн бизнесменүүдийн зах зээлээ булаацалдаж ирсэн аль ерээд оны эхэн үеийн толхилцооноос үүдэлтэй болж байгаа юм.
2001 ОНЫ ЦЕНТРПОЙНТЫН ЗОДООН
Цэвэр он тооллоороо бол 2000 он нь 21-р зууны босго биш, харин 2001 он бол 21-р зууны босго юм. 20-р зуунаас эх авсан цуутай зодоонууд яван явсаар 21-р зууны босгон дээр ирээд эцсийнхээ “тулаан”-ыг шавхаж “Центрпойнтын зодоон” хэмээх дуулиант хэргийг төрүүлсэн билээ. Центрпойнт дахь “Казинос” бааранд болсон энэхүү зодооны процедурыг хуульчид, сэтгүүлчид янз янзаар тайлбарласаар ирсэн. Тэдний дийлэнх хэсэг нь уг зодооныг улс төр, бизнесийнхний захиалгаар үйлдэгдсэн “Детектив” жүжиг гэж үздэг. Тодруулж хэлбэл жирийн нэг хулигаануудын хэрэг бус улс төр, бизнесийн олигархиудын эрх ашигт байнга заналхийлдэг байсан Чимэдийн Энхтайваныг замаасаа зайлуулах, болж өгвөл устгах “Барбарос” төлөвлөгөөний болхи гүйцэтгэл байсан гэж үздэг юм. “Центрпойнтын зодоон” гэгчийн дүйвээнээр Чимэдийн Энхтайван, Дамбын Хишгээ, “Шөвгөр” Өлзий нарын цөс ихтэй атаман эрчүүдийг “Ганц худаг”-т хорьж байсныг хэн хүнгүй мэднэ. Улс төр, бизнесийн бүлэглэлүүдийг хөдөлгөөнд оруулсан энэхүү дуулиант хэргийн улмаас “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр, “XLTA”-гийн Батболд, “Бурхан халдун”-ы Мөнхдаш нарын долоо найман хүн шалгагдаж, хоригдох нэг нь хоригдож нэг хэсэгтээ л олны анхаарлыг татаж байлаа. Ялангуяа Ч.Энхтайваныг хэргийн гол буруутнаар тооцож найман жилийн ялаар шийтгэсэн. Олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уг хэргийг анхнаасаа зориудаар зохион байгуулсан гэдгийг ямар ч эргэлзээгүй бичиж байлаа. Тухайн үед рэкет, рецедив гэж нэрлэгдэж байсан эрүүгийнхэн Центрпойнтын “Казинос” бааранд орой болгон цуглаж уулздаг байж. Тиймээс тус баарыг түрээслэн ажиллуулж байсан “Халзан” Баяраа гэгч цагдаа, хүчний байгууллагынхны шахалтаар төрсөн өдрөө тэмдэглэх нэрийдлээр хүмүүсийг цуглуулж дайлсанаар зодооны эхлэлийг тавьсан гэдэг. Зодоон гардаг орой тус бааранд Чимэдийн Энхтайван, “ХLTA’-гийн Батболд нар ажил хэрэг ярилцан сууж байтал гаднаас Дөчин мянгатын ерээд оны атаман гэгддэг “Монзуй” хочит Нямдорж, Ижилболд, Эрдэнэ-Очир нарын залуус дайрч орж ирээд, улмаар хоёр гартаа хутга атгасан Нямдорж Ч.Энхтайвантай цуг явж байсан “Улаан” Төмөрөө гэгчийг хутгалснаар зодоон үүссэн байдаг. Эх сурвалжууд энэ талаар өгүүлэхдээ “Уг нь бол Чимэдийн Энхтайваныг хутгалах даалгавартай байсан ч “Монзуй” Нямдорж маш их согтсон байсан учраас хаа хамаагүй хүнтэй сөргөлдсөн” гэж тайлбарладаг. Ч.Энхтайван мэдээж хамт явсан найзыгаа хутгалуулчихаад зүгээр суугаагүй нь лавтай. “Монзуй” Нямдоржийг юу юугүй хутга бариад давхиад ирэхээр нь “Улаан” Төмөрөө Ч.Энхтайваныг хамгаалахаар дундуур нь гүйж ороод гуя, хэвлий, цээжиндээ таван удаа хутгалуулан хүнд гэмтэл авсан байдаг. Яг тэр үед Центрпойнт руу дайрахаар бараг л бэлэн байдалд орчихоод байсан Чингэлтэй дүүргийн цагдаа нар маш шуурхай хүрч ирсэн ч харамсалтай нь мөнөөх “Барбарос” төлөвлөгөө ёсоор нь Ч.Энхтайванаас бусад рэкетчид нь байсангүй. Гэвч заавал биелүүлэх даалгавар ёсоор тухайн үед рэкетээр ид мандан бадарч байсан Дамбын Хишгээ, “Шөвгөр” Өлзий болон бас бус хүмүүсийг баривчлахаар тэр шөнөжингөө хайж бараг л Улаанбаатарын бүхий л баар, ресторанаар шагайж үзсэн гэдэг билээ. Гэсэн ч дараа нь тэднийг олж аваад баривчилсан байдаг. Энэхүү хэргийн цаана улс төр, бизнесийн “Хотын фракц” гэгддэг одоогийн зарим нэг “бизнесмен” УИХ-ын гишүүдийг байсан болов уу гэж хардсаар байдаг юм. Учир нь Ч.Энхтайван хожим нь улс төр, бизнесийн олон хүний факт баримтуудыг өөртөө байдаг тухай мэдэгдсэн нь ийм ойлгоц төрүүлэхэд хүрсэн. Тэрбээр шоронд хоригдож байхдаа олон арван ноцтой мэдээллийг дэлгэж байв. Ингэхэд ер нь Ч.Энхтайван хэнийг, хэзээ, хэрхэн дарамталж байсан юм бол гэдэг асуулт гарч ирнэ. Энэ талаар эх сурвалжууд мэдээлэхдээ “Энхтайванд дарамтлуулсан гээд байгаа хүмүүс чинь өөрсдөө ихээхэн “но”-той болоод л бусдын шантаажинд орж байгаа юм. Тиймээс ямар ч гэмгүй хүнийг Энхтайван очиж зодож нүдээд дээрэмдчихээгүй шүү дээ” гэлцдэг. Ер нь Центрпойнтын зодоон нь тухайн үед зах замбараагүй байсан гэмт бүлэглэлүүдийг бага ч атугай хумиж чадсанаараа онцлогтой. Гэвч хумиж байгаа нь тэр гээд зарим нэг хүнийг хэлмэгдүүлчихсэн тал ч бий. Жишээ нь тэртээ далаад оны Хандгайтын зодооны гол төлөөлөгч, ерээд оны Гүнтийн буудалцааны хохирогч болох “Шар” Энхээг “Энэ этгээд Центрпойнтын зодоонд мөн л оролцсон байж таарна” гээд хэлмэгдүүлчихсэн байдаг. Энэ тухай би бээр “Шар” Энхээтэй уулзаж ярилцахдаа бас асуугаад авсан. Тэр өгүүлэхдээ “Би тэр Центрпойнтын зодоон гэгчид ерөөсөө оролцоогүй. Тэр үед би Улаанбаатарт байгаа ч үгүй. Компанийхаа ажил төрлийг хөөцөлдөөд Дорноговьд чехүүдтэй хамт явж байсан юм. Тэгтэл цагдаагийнхан огт гэм зэмгүй намайг “Центрпойнт”-ын хэрэгт хамруулчихсан. Нэгэнт дээрээс зохион байгуулсан хэрэг байсан болохоор би алтаар яриад, мөнгөөр бөөлжөөд ч нэмэр байхгүй шүү дээ. “Центрпойнт”-ын зодооны хэрэг ид мандаж байх үед би Чех рүү ажлаар явсан юм. Тэгтэл нөгөө л муу нэртэй, луу данстай “Шар” Энхээ Центрпойнтын зодоонд оролцсон гээд зарлачихдаг байгаа. Бүр олон улсын интерполийн шугамаар зарласан гээд бод. Тэгээд намайг Чехийн хил дээрээс баривчлуулж байгаа юм. Би Чехийн мөрдөнд нэг жил 14 хоног хоригдсон. Эцэст нь тэгээд ямар ч гэмт хэрэг үйлдээгүй, сулла гэсэн бичиг Монголоос ирсэнээр намайг гудамжинд гаргаад хаячихсан” гэж билээ. Зарим хүн энэхүү хэргийг улс төр, бизнесийнхний захиалгаар цагдаагийнхан гүйцэтгээгүй, ерөөсөө л зодоон болсон дуудлагаар цагдаагийнхан Центрпойнтод явж очсон гэж үздэг юм. Энэ талаар жинхэнэ үнэн зөвөөр тайлбарлаж өгөх хүн бол Центрпойнтын зодооны үеэр зургаан хүнийг хутгалж гэмтээгээд найман жилийн ял аваад Авдрантын онцгой руу шидэгдэж байсан “Монзуй” Нямдорж юм. Тиймээс би бээр саяхан түүнтэй уулзаж ярилцлаа. Тэр өгүүлэхдээ “Центрпойнтын зодооны талаар сэтгүүлчид янз бүрээр таамаглаж бичдэг. Улс төр, бизнесийнхэн зохион байгуулсан, үүнийг нь цагдаа нар гардаж гүйцэтгэсэн гэх мэтээр ярьсаар ирлээ. Ийм юм бол байхгүй. Зодоон болдог тэр орой Центрпойнтын “Казинос” бааранд манай найз Дондог, “Шар” Амгаа нар “Халзан” Баяраагийн төрсөн өдрийг тэмдэглэж байсан юм билээ. Энэ үед уг бааранд сууж байсан Чимэдийн Энхтайван манай гурвыг дээрэлхэж, дарамтлаад “Та нар муусайн эндээс зайл” гээд хөөгөөд гаргасан байдаг. Тэгээд Дондог гарангуутаа над руу утасдахгүй юу. Биднийг хуучин цагийн атаманууд дээрэлхээд баарнаас хөөгөөд гаргачихлаа гэхээр нь би Ижилболд, “Шар” Эрдэнэ-Очир хоёрыг дагуулаад тийшээ явж хүрсэн. Тэгээд л “Казинос” бааранд давхиж ороод шууд хутгалаад эхэлсэн дээ. Би тэр үед “Улаан” Төмрөө, “Далдага” Цогтоо, боксчин Жамганы хүү Наранцогт нарын зургаан хүнийг хутгалсан. Үүнийхээ ялыг хангалттай эдлээд гараад ирсэн болохоор би өнөөдөр бардам ярьж байгаа юм. Яах юм бэ, үнэн юм үнэнээрээ сайхан. Центрпойнтод бөөн хутга, зодоон болоод ирмэгц цагдаагийнхан дуудлагаар ирсэн. Тэрнээс биш дээрээс зориуд зохион байгуулсан гэх зодооны улмаас ирээгүй. Харин энэ зодооны дараа Центрпойнтын гэх хэргээр далимдуулаад эрүүгийнхнийг баривчилсан нь бол үнэн. Үүнийг л сэтгүүлчид дээрээс зохион байгуулсан гэж бичээд байсан хэрэг шүү дээ. Үнэхээр ч тэр үед манай улс төр, бизнесийн зарим “но”-той нөхөд эрүүгийнхэнд дарамтлуулаад тэнэг юм шиг болчихсон байсан. Тэгвэл эд нарт хэн тус болсон бэ? Муу нэртэй “Монзуй” Нямдорж би л тус болсон. Гэхдээ захиалгаар биш шүү. Яахав нөгөө гай газар дороос гэгчээр тэр нэгэн орой Центрпойнтын зодоон санамсаргүйгээр болж эрүүгийнхнийг хумиж авах хувьсгалын тохироо нь бүрдчихгүй юу. Тэр үед Ц.Нямдорж гуай Хууль зүйн сайд байсан. Тэгээд Центрпойнтын хэргийн явцтай танилцаад миний тухай “Хорин хэдтэй энэ хүүхдийн хэрэг бол тэртэй тэргүй ойлгомжтой байна. Харин цаана нь нэр холбогдоод байгаа хүмүүс өмнө нь янз бүрийн асуудал үүсгэж байсан улс байна. Тэднийг сайн шалга. Дараа нь наад хүүхдээ бас шалга. Тэгээд бүгдийг нь аваачаад хий” гэж үүрэгдэж байсан гэдэг юм. Тэгээд шалгаж байцаагаад эхэлтэл нөгөө эрүүгийн гэгдэх нөхдүүдийн өмнөх хэргүүд нь илэрч гарч ирээд, нэг ёсондоо тэр үед яригдаж байсан рекэтүүд, эрүүгийнхнийг хумиж авсан юм. Центрпойнтын зодооны гол учир ердөө энэ шүү дээ…” гэж хэллээ. 20-р зууны Монголын түүхэнд гарсан цуутай зодоонууд энд хүрээд өндөрлөж байна. Үнэндээ 1990-2000 он хүртэлх хугацаанд эрүүгийнхэн хаданд гарсан он жилүүд байлаа. Учир нь энэхүү арван жилийн хугацаанд Монголд өрнөсөн Квантуны армийнхны танхайрал, Гүнтийн буудалцаан, Центрпойнтын зодоон хэмээх цууд гарсан гурван том зодооныг эрүүгийнхэн гардаж гүйцэтгэсэн юм. Харин 2000-2010 он хүртэлх арван жилийн хугацаанд авилгачид, луйварчид, олигархиуд, популистууд, барилгачин хятадууд хаданд гарсан он жилүүд байв. Яагаад гэвэл тэднийг айлгаж дарамталдаг рэкетүүд болоод эрүүгийнхэн хумигдсан болохоор тэр шүү дээ. Дээр нэг сонин санаа гарч ирсэн дээ. “Энхтайванд дарамтлуулсан гээд байгаа хүмүүс чинь өөрсдөө ихээхэн “но”-той болоод л бусдын шантаажинд орж байгаа юм. Тиймээс ямар ч гэмгүй хүнийг Энхтайван очиж зодож нүдээд дээрэмдчихээгүй шүү дээ” гэх мэдээлэл. Одоогоос арваад жилийн тэртээ “Шим” группийн захирал Л.Цандэлэг “Монголд мафи байхгүй болохоор муусайн улс төрчид давраад байна” гэж сонин хэвлэлээр тун зоригтой мэдэгдэж байлаа. Уг нь гадаад орнуудад бол хээл хахуульд идэгдсэн, олигархижсан төрийг орон нутгийн мафиуд л айлгаж ичээж, зарим нэг ноцтой асуудлыг нь “зохицуулж” байдаг юмсанж. Жишээ нь Япон улсад якудза нар ихээхэн нэр хүндтэй байдаг бөгөөд үе үе эх оронч сэтгэлгээ цухалзуулдаг тэднээс улс төрийн буруу шийдвэр гаргасан улс төрчид айж эмээдэг гэж байгаа. Тиймдээ ч Японы улс төрчид жаахан буруу зүйл хийчихвэл жинхэнэ ёс зүй гаргаж өөрийнхөө хүсэлтээр албан тушаалаасаа огцордог. Мөн Хятадын “Триад” буюу мафийн гурвалууд төрийн өмчийг шамшигдуулан идэж авилгын мөнгөөр хөлжсөн этгээдүүдийг төрийн нэрийн өмнөөс залхаан цээрлүүлэх ажилд идэвхийлэн оролцдог ажээ. Одоо тэгэхээр хэдэн жилийн өмнө “Шим” группийн захирал Л.Цандэлэгийн хэлсэн үг ойлгогдож байгаа биз. Мөн цөс ихтэй монгол эрчүүд цөөрсөнөөс болж өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд Монголд орж ирсэн барилгачин хятадууд яасан ч их даврав даа. “Хөх Монгол” бүлгэмийн Д.Гансүрэнд барилгачин хятадууд монголчуудыг барьж авч зодсон маш олон хэргийн жагсаалт байдаг юм. Үнэндээ 2000 оноос хойш монголчууд хятадуудад мөн ч их зодуулсан шүү. Харин муу нэртэй, луу данстай эрүүгийнхэн бол (Квантуны арми гээчийг эс тооцвол) гэмгүй номхон ард иргэдтэй тэгтлээ толхилцож байсангүй, харин тэд хоорондоо л гөвшилцөж байсан. Бас буруу гарын улс төрчдийг дарамталж байсан. Энэ тухай нарийн тайлбарлах гээд хэрэггүй биз. Мэргэн уншигч та ойлгохын дээдээр ойлгож байгаа. Эцэст нь харин 20-р зууны Монголын түүхэнд өрнөсөн цуутай зодоонуудад хийсэн бяцхан дүгнэлтээ нэг сануулчихъя.
1904 оны Да хүрээний зодоон, 1907 оны лам нарын зодоон, 1912 оны Маймаа хотын зодоон, 1961, 1966 оны хятад, монголчуудын зодоон зэрэг нь голдуу улс үндэстнээ өмгөөлж хамгаалсан улс төрийн шинжтэй, нэгдмэл санаа зорилготой, тэгэхдээ ихэвчлэн хятадуудтай гар зөрөлцөж байсан байх юм. Харин 1976 оны Хандгайтын зодооноос хойш монголчууд дандаа хоорондоо “алалцаж” иржээ. Тэгэхдээ өчүүхэн зүйлээс болж шүү! Есөн гудамжны зодоон ганц шил архинаас болсон бол Хандгайтын зодоон нэгэн атаманы эрхи танхи хүүхнээс болсон. Түүнчлэн Үйлдвэр комбинатын зодоон хаалганд оруулсан ганц бөмбөгнөөс болсон бол Хүнсний хорийн зодоон чөлөөгүй яваа нэг цэргээс болсон. Гүнтийн буудалцаан загвар зохион бүтээгч Түвшин агсаны буу нэртэй нэг муу хөндий төмрөөс болсон бол Центрпойнтын зодоон “Халзан” Баяраа гэгч нөхрийг “Казинос” баарнаас хөөж гаргаснаас үүдсэн. Харин 2008 оны 7-р сарын нэгний үймээн самуун бол бас ч гэж улс үндэстнээ өмгөөлж хамгаалсан улс төрийн шинжтэй, нэгдмэл санаа зорилготой байлаа. 1904-1982 оны зодоонуудад монголчууд голдуу махан гараараа нударгалцаж явсан бол 1982 оноос хойш чулуу мод, хутга шөвөг, буу шийдэм хэрэглэх болсоноороо тун аюултай.
Дашрамд өгүүлэхэд өнгөрсөн жил “Монгол кино” нэгтгэлийн найруулагч, Соёлын гавъяат зүтгэлтэн Ж.Норолхоо гуай миний “20-р зууны Монголын түүхэнд өрнөсөн цуутай зодоонууд” гэсэн нийтлэлээр баримтат кино хийхээр зөвшилцсөн боловч эдүгээ өөр ажилтай болоод амжсангүй. Тиймээс энэ сэдвээр баримтат болон уран сайхны кино хийх сонирхолтой найруулагч, хувь хүмүүс байвал 95824175 дугаарын утсаар холбогдож болно.
ЗОХИОГЧИЙН ТУХАЙ ТОВЧХОН
Зохиолч, сэтгүүлч Б.Ойдов нь яруу найргийн “Парнаст хүрэх зам”, “Эрх танхай нүргэлээн” шүлгийн түүвэр, “Бурханы шашныг цочроосон ер бусын гайхамшигууд”, “Үндэстний үзэлтнүүд ярьж байна”, “Яруу найрагч Р.Чойномын нүүрний хэв”, “Дал, ная, ерээд оны Улаанбаатарын атаманууд”, “Ар халхын шилийн сайн эрчүүд”, “Монголын цуутай нударган тулаанчид” зэрэг гуч орчим ном туурвижээ. 2012 онд “Төрт ёс-Хаадын сан”-гаас зарласан түүхэн зохиолын уралдаанд “Орлой мэргэн Цагаан” бүтээл нь дэд байрын шагнал хүртэж байлаа. 2013 онд “Төрт ёс-Хаадын сан”-гаас зарласан Монгол хатдын тухай түүхэн зохиолын уралдаанд “Зүүн гарын мөхөл” бүтээл нь шилдэг зохиолоор шалгарчээ. Мөн 2013 онд УИХ-ын тамгын газраас зарласан Үндсэн хуулийн 20 жилийн ойн уралдаанд түүний “Үндсэн хууль өвөртөлж явдаг хүн” өгүүллэг нь тэргүүн байрын шагнал хүртсэн бол Гадаад явдлын яамны 100 жилийн ойд зорулсан зохиолын уралдаанд “Ерээд оны дурдатгал” бүтээл нь тэргүүн байрын шагнал хүртжээ. Түүнчлэн 2015 онд “Төрт ёс-Хаадын сан”-гаас зарласан түүхэн зохиолын уралдаанд түүний “Айн Жалудын цавчилдаан” бүтээл тэргүүн байрын шагнал хүртэв.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
sonirholtoi medeelel bn bayrlalaa
Сабо гээч. 1992 оноос арай эрт санагдахын
Гүйцэд уншаагүй байж л хүн доромжлохын дон туссан өөдгүй юмнууд энэ сайтуудад их болжээ. хэрвээ эд нарыг фейсбүүкийнх шиг нэр, зураг нь гарч ирдэг болгочихвол ингэж далдаас донггосч чадахгүй. Сүүлэ эхавчаад л зугтана.