Зарчмын хувьд зөрүүтэй үзэл бодлын тэрсэлдээн
Үеийн үед л хэрүүл хийж бусдыг хурц, хатуу үгээр ёворч суудаг Ц.Нямдорж сүүлийн үед Улсын баатар, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлтэй харшлах болсон. Тэдний харшлаад байгаа асуудал нь Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлт, хийгээд шинэ бүтээн байгуулалтын ажлыг Хотын захирагч Э.Бат-Үүл УИХ-д тайлагнах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Гэхдээ илэрхийлэл нь хэтэрхий ил тодоор шуудхан л хатуу зэмлэлтэй очсон нь хотын мээрт эвгүй санагдсан бололтой.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж чуулганы үеэр “Мөнгө салгах болохоор УИХ-ын чуулган дээр орж ирээд суучихдаг, ажлаа тайлагнах болохоороо бараа нь харагдахгүй юм. Ер нь хотын захирагч болохдоо амлаж байсан гэр хорооллын дахин төлөвлөлт, халуун хүйтэн усаар хангах шугам хоолойг татаж амьдралын төвшинг нь дээшлүүлнэ гэсэн амлалт үлгэр байсан гэдгээ хүлээн зөвшөөрч иргэдээс уучлалт гуйх ёстой.” хэмээсэн.
Харин өчигдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмалт оруулах төслнйн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Ажлын хэсгийн ахлагч Ж.Батзандангийн танилцуулснаар хуулийн төсөлд өөрчлөлт оруулах тодорхой санал Ажлын хэсгээс гараагуй байна. Харин найруулгын шинжтэй ганцхан санал гарсныг танилцуулсан юм. Энэ нь “Газраа барьцаалах гэрээнд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгуй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс гаргуулахаар гэрээндээ харилцан тохиролцож болно” гэсэн санал байв. Засгийн газраас оруулж ирсзн төсөлд нь “Газраа барьцаалах гэрээнд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгуй тохиолдолд үл маргах журмаар шийдвэрлэнэ” гэж заасан байжээ. Зарчмын зөрүүтэй биш, зөвхөн найруулгыг нь өөрчлөх уг санал нь гишүүд болон Ажлын хэсгийн гишүүн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нарын дунд багагүй маргаан дэгдсэн юм.
Ц.НЯМДОРЖ:
-Э.Бат-Үүл ээ, чи салга болчихоод битгий салганаад байгаарай. Чи тэр дахин төлөв-лөлт нэрээр будилуулсан газруудынхаа учрыг олоогүй байж одоо дахиад баахан иргэдийг газаргүй болгох нь уу. Чамайг хулгай хий гэж Улсын баатар болгоогүй шүү. Явсан газар болгондоо хулгай хийж явах юм.
Э.БАТ-ҮҮЛ:
-УИХ-ын гишүүн ингэж хүн доромжилж болохгүй ш дээ. Чамайг хүн доромжилж байхад өмөөрч байсан шүү.
Ц.НЯМДОРЖ:
-Чи худлаа хэлж, хамаг амьтны газар хураагаад авчихсан. Одоо орон гэргүй хүн зөндөө байна.
Э.БАТ-ҮҮЛ:
-Байнга хүн доромжлохоос өөр чи юу хийсэн юм бэ. Чи хэрүүлээс өөр юу хийсэн юм бэ. Дандаа худлаа солиорч байх юм.
Ц.НЯМДОРЖ:
-Чи худлаа хэлэхээс өөр юу хийсэн юм бэ. Зайл чи. Гэр хорооллын дахин төлөвлөлт гэж шал худлаа. Ийм зүйл хийчихээд эх захгүй загнаж болдог юм уу. Нэг муу “дүүргийн” дарга УИХ-д орж ирчихээд ингэж загнаж болдог юм уу.
Ийнхүү УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нарын дунд ширүүхэн маргаан өрнөж Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хуралдааныг орхиж гарснаар намжлаа. Ямартаа ч зарчмын хувьд зөрүүтэй үзэл бодлуудын тэрсэлдээн хаана хүрч дуусахыг цаг хугацаа л харуулна биз ээ.
Эх сурвалж www.bolod.mn
ЧОЙ
URL: