Орос, Хятадын харилцаан дахь нүднээс далд асуудлууд

6-9-10_700x700Манай хоёр их хөршийн харилцаа бүхий л салбарт өргөжиж байгаа ч цаагуураа Евразид ноёрхохын төлөө өрсөлдөж буй тухай АНУ-ын Business Insiderсэтгүүлд хэвлэсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Украин дахь сөргөлдөөн Оросыг Хятадтай ойртоход хүргэсэн ч энэ нь хоёр орны харилцаанд ямар ч асуудал байхгүй гэсэн үг биш билээ.

Москвагийн Карнегийн төвийн “Ази, Номхон далайн бүс дахь Орос улс” төслийн удирдагч Александр Габуевын хэлснээр, Москва Бээжингийн ойртолтын нэгэн дайвар бүтээгдэхүүн бол Төв Азид хоёр талын “өргөн цар хүрээтэй” гэгч хамтын ажиллагаа ажээ. Тус төвийн захирал Дмитрий Тренин ч үүнтэй санал нэг байгаа бөгөөд тэрээр, “Орос Хятадын харилцаа сайжрах нь юуны түрүүнд Төв Ази буюу Афганистан, Монгол, дундад Азийн хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан таван бүгд найрамдах улсад хамгийн их нөлөө үзүүлэх нь тодорхой” гэсэн юм.

Тэрээр цааш нь ярихдаа, “Хоёр орны хамтын ажиллагааны үр дүнд Евразийн төв, хойд, зүүн хэсгийг хамарсан худалдаа, хөрөнгө оруулалтын аварга том бүс үүсэх магадлал их. Ажил хэргийн төв Шанхайгаас Европтой хиллэх Санкт-Петербүрг хүртэлх энэ бүсийн гол хөдөлгөгч хүч нь Хятад байх тул үүнийг Их Ази гэж нэрлэж болохоор. Европын холбоо, Евразийн эдийн засгийн холбоог нэгтгэсэн, Лиссабоноос Владивосток хүртэл үргэжлилсэн Путины “Их Европын” үзэл баримтлал Шанхайгаас Санкт-Петербург хүртэлхи газар нутгийг хамарсан “Их Азийн” концепцид аажмаар шахагдаж байна” гэжээ.

Торгоны замын эдийн засгийн бүс, Хойд далайн зам, Москва Бээжинг холбох хурдны төмөр зам болон Шанхайн хамтын ажиллагааны байгууллага гээд  Бээжингийн санаачилж Москвагийн хүлээн зөвшөөрсөн хэд хэдэн төсөл үүнийг гэрчилж байх шиг.

Хэдийгээр хоёр орон улс төрийн талбарт хамтран ажиллаж дэд бүтцийн хэд хэдэн хамтарсан төслүүдийг боловсруулж байгаа ч Төв Азид энэ хоёр орны харилцаа тийм ч дурдан өрнөхгүй байгаа билээ.

Энэтхэгийн Шинэ Дели дахь Энх тайван, зөрчилдөөнийг зохицуулах төвийн профессор Анита Индер Сингх бичихдээ, “Харилцан ашигтай, гаднаас нь харахад найрсаг дотно харилцааны цаана хуучны их гүрэн ирээдүйн их гүрэнтэй Евразид ноёрхлоо тогтоохын төлөө илэрхий тэмцэлдэх боллоо. Орос зүүн зүгт стратегийн шугамаа татан Төв Ази дахь нөлөөллөө хадгалан үлдээхийг чармайж, харин Хятад баруун зүг чиглэн Евразийн аугаа гүрэн болохыг эрмэлзэж байна ” гэсэн юм.

Хоёр орны харилцааг хурцатгаж буй нэг хүчин зүйл бол Хятад улс хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан, Оростой нягт харилцаагаа хадгалан үлдсэн Төв Азийн хөрш улсуудынх нь үндсэн зээлдүүлэгч болсон явдал юм. Санхүүгийн хүндрэлтэй тулгарсан Орос тэдгээр улсад Бээжин шиг их хөрөнгө цацаж чадахгүйд хүрсэн билээ.

Хятад улс Казахстаны эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах болсон нь Орост таалагдаагүй нь мэдээж. Дээр нь байгалийн хийн нөөцөөрөө дэлхийд дөрөвт ордог Туркмени Оросын хийн хоолойноос хамаарлаа багасгахын тулд экспортын шинэ чиглэлүүд идэвхийлэн сонирхох болжээ.

Ер нь дундад Азийн хуучин ЗХУ-ын бүгд найрамдах улсууд Оросыг Евразийн эдийн засгийн холбоог ашиглан дарамталж, сулрах болсон рублиэс улам их хамааралтай болгоно гэхээс болгоомжилж байгаа юм. Саяхан гэхэд л Казахстан улс тус холбоог нэгдсэн валюттай болгох гэсэн Оросын саналыг хүлээн аваагүй билээ.

Барнардын коллежийн профессор Александер Кули, “Орос улс тус бүс нутаг дахь Хятадын эдийн засгийн үйл ажиллагааг дэмждэг. Төв Азийг Хятад эдийн засгийн хөрөнгө оруулалтаар тэтгэж, Орос тус бүс нутгийн аюулгүй байдлыг хариуцан улс төрийн нөлөөгөө ашиглах зэргээр эрх үүргээ хуваарилжээ” гэсэн юм.

Хэдий тийм ч энэхүү улс төр, эдийн засгийн эрх үүргийн хуваарилалтад зөрчил гарах нь бий. Орос улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд хэрэгжүүлэхээр Хятадаас санал болгосон аливаа цар хүрээтэй эдийн засгийн санаачилгыг шууд бус аргаар эсэргүүцэх, удаах арга хэмжээ авсаар иржээ.

Александер Кули, “Орос улс цаашид олон талт эвслийн хүрээнд ч Хятадын боломжийг нэмэгдүүлэхийг хүсэхгүй. Учир нь тус улс өөрийнхөө Евразийн эдийн засгийн холбоо, Орос-Казахстаны Евразийн хөгжлийн банк зэрэг бүс нутгийн эдийн засгийн бүтцийг хөгжүүлэхийг эрмэлзэж байгаа юм. Хятадын эрх баригчид Оросын ийм далд бодлогод дургүйцдэг ч Бээжин хоёр орны эвслийн хүрээнд эдийн засгийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байх нь дамжиггүй” гэсэн юм.

Тэгээд ч Хятад улс олон нийтэд Оростой өрнүүлж буй харилцаагаа “эрх тэгш орнуудын найрамдал” гэж харуулахаа мэднэ. Энэ нь Бээжинд бүс нутаг болон дэлхий дахинд эдийн засаг төдийгүй улс төрийн зорилтууддаа хүрэхэд тус болж байгаа билээ.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад Орос улс Хятадтай хамтран удирдагчийн үүрэг гүйцэтгэдэг. Дээр нь Бээжин хуучин ЗХУ-ын газар нутагт цэргийн эвсэл үүсгэх, цэргийн бааз байгуулахыг эсэргүүцдэг Москвагийн бодлогыг хүлээн зөвшөөрч, хүндэлдэг юм. Гэтэл НАТО болон Европын холбоо зүүн Европ дахь хуучин ЗХУ-ын газар нутагт тэс өөр, түрэмгий бодлого явуулдаг шүү дээ. Тэгэхээр, энэ тал дээрх Бээжингийн байр суурь Москвад таалагддаг нь мэдээж.

Харин хэтдээ зугуухан улам бүр дуулгавартай болох Орос улс Хятадад Ази, Номхон далайн бүсийн аугаа гүрний төлөөх шийдвэрлэх тулалдаанд илүү их нөөц боломж гаргаж өгөх төлөвтэй. Орос улс Хятадын дэлхийн ноёрхлын (нэн ялангуяа санхүүгийн салбарт) загваруудыг турших туршилтын талбар болон хувирч ч болзошгүй.

Ер нь Орос Хятадын харилцаанд нүднээс далд асуудлууд цөөнгүй ажээ.

 

Б.БАРС /ЗУУНЫ МЭДЭЭ/

 


URL:

Сэтгэгдэл бичих