Хятадууд өрөндөө Тажикистаны газар нутгийн 45 хувийг авч байж салах нь

11391543_1597345567211414_6987482017197387002_n

Хэдийгээр Хятадын засгийн газар, гадаад хэргийн яам нууцлахыг хичээж, аль болох сөрөг мэдээлэл гаргахгүйг эрмэлзэж байгаа ч Тажикистаны өрөндөө алдсан газар нутгийн талаарх зарим мэдээлэл ил болж эхэллээ. Хятад улс Тажикистанаас авах өөрийн өрийн дээр өөр зарим нэг улсын өрийг худалдан авч, Душанбег шахалтад оруулсан талаар ОХУ-ын мэдээллийн хэрэгслүүд дурьдаж байна.

Тажикистаны засгийн газар Памирын нуруунд байрладаг Горно-Бадахшан /Уулархаг Бадахшан/-аас 1500 гаруй км нутгийг Бээжингийн мэдэлд шилжүүлжээ. Одоо өрөндөө авсан уг нутагт хятадын цэргүүд орж, уугуул иргэдийг нүүлгэн шилжүүлэх, уул уурхайн бүс чөлөөлөх үйл ажиллагааг эхлүүлээд байгаа нь хөдлөшгүй үнэн юм. Хэдийгээр Монголын нөлөө бүхий нийтлэлч эрхмүүд, зарим нэг мэдээллийн сайтууд үүнийг үгүйсгэж, хятадын мэдээллийн хэрэгслээс татсан орчуулгаас иш татаж байгаа ч энэхүү мэдээллийг ОХУ болон өрнөдийн цөөнгүй улсын албан ёсны, баримт түшсэн мэдээлэл баталж байна. Ялангуяа мэдэлд нь байсан Тажикийн уг хязгаар нутгийн үүх түүх, эрдэс баялаг, стратегийн ач холбогдлыг андахгүй оросын мэдээлэл олон нийтийн эргэлзээнд тодорхой хариу барьлаа.

Хятад зөвхөн энэ 1500 км газраар тогтохгүй, Горно-Бадахшаны өөртөө засах бүс нутгийг өөртөө нэгтгэхээр нэлээд эртнээс, янз бүрийн түрэмгий аргаар оролдож ирсэн юм. Уг өөртөө засах бүс нь Тажикистаны нийт газар нутгийн 45 хувийг эзэлдэг ч хүн амынх нь дөнгөж 2 хувь нь оршин суудаг аж. Иймээс ч хилийн хамгаалалт бараг байхгүй, эзэнгүй нутагт хятадын иргэд олноороо орж ирэн суурьших замаар түрэмгийлэл эхэлжээ. Ялангуяа алтны нөөцтэй Мургаб тосгоны орчмыг авахаар улайран зүтгэж байсан нь нууц биш. Одоо харин Бээжингийн засгийн газрын мэдэлд Тажикийн яг энэ хэсэг өөрөө ороод ирлээ. Хятадын ил болон далд өнгөлзлөгийн гайгаар Тажикистан Горно-Бадахшаны өөртөө засах мужийг 2010, 2012 онд тус тус алдахаа дөхжээ. Бадахшаны албан бус тэргүүн, зэвсэгт бүлэглэлийн толгойлогч Толиб Аёмбеков энэ онуудад Душанбегийн засгийн газрын эсрэг босч хэд хэдэн удаагийн цуст тулаан хийж байсан юм. Үүний цаана Бээжингийн засгийн газар байсныг Тажикистаны тагнуулын газар тогтоосон. Үүнийхээ хариуд сөрөг тагнуулын албаны дарга нь гудамжинд буудуулан амиа алдсан билээ. Очир алмаз, алт болон бусад газрын баялагтай Горно-Бадахшаныг өөрийн болгох үйл ажиллагаагаа Хятадын тал дөнгөж эхэлж байгаа нь энэ. Үүндээ Тажикистаны төлж чадахгүй нь хэдийнээ ойлгомжтой болсон гадаад өрийн 50-аас илүү хувийг эзэмшиж байгаагаа ашиглах нь тодорхой боллоо. Өөрөөр хэлбэл Тажикууд олон улсын санхүүгийн байгууллагуудын анхааруулгийг үл хэрэгсэн гадаад өрийнхөө хэмжээг нэмж, эдийн засгаа зөвхөн өнөөдрөөс тооцон “савируулсан”-ныхаа горыг ийн амсч байна гэсэн үг. Тажикистаны засгийн газар нутаг тасалж өгч байгаатай холбогдуулан Хятад хилээ нээгээд байгаа юм.

Хүн ам цөөтэй, хилийн хяналт олон жилийн хямралын дүнд үгүй болсон Горно-Бадахшанд одоо юу болж байгааг тодорхойлох эх сурвалж үнэндээ алга. Хичнээн хятад цэрэг, иргэн нэвтэрч ямар хэмжээний нутагт суурьшиж байгааг ч Душанбе мэдэж чадахгүй байна. Арга ч үгүй юм. Анх 1000 км хавтгай дөрвөлжин газар Хятадын талд эзэмшүүлнэ гэж Тажикистаны парламент баталсан ч Хятадын Засгийн газар дураараа шууд 50 хувиар нэмэгдүүлэн 1500 км хавтгай дөрвөлжин болгоход ямар ч сөрөг арга хэмжээ авч дөнгөөгүй Душанбег алдаж буй газар нутгаа хянана гэж горьдолтгүй. Тэд өдгөө хятадын засгийн газарт “эрхэлж”, “өөхөлсөн”-ийнхөө шанг хүртэж сууна.

Хятадын шазруун түрэмгийллийн эсрэг ЗХУ унасан цагаас хойш буюу 20 гаруй жил дангаараа сөрөн зогссон Горно-Бадахшаны уугуул иргэдийн тэмцэл, асгаруулсан цус ийнхүү үнэгүйдлээ…
С.СҮЛД


URL:

Нэр: zochin Огноо: 9 June 2015

manaid tuslaj zeelvvlj bgaad neg medehed urunduu awna ghedee harj l bgarai

Нэр: Зочин Огноо: 9 June 2015

Манайх ч гэсэн удахгүй ийм л байдалтай болно ш дээ. Урагшгүй ухаангүй авилга өгвөл сүнсээ ч худалдхаас буцахгүй ерөнхийлөгч, ерөнхий сайдтай монгол минь хоорондоо хэрэлддэж байгаад хамаг юмаа алдана. Хар амиа бодсон ийм улсын их хурал, засгийн газар, ерөнхийлөгчийг цаг алдалгүй үтэр түргэн огцруулахгүй бол мөн л адил болход богино хугацаа байна шүү.???????

Сэтгэгдэл бичих