Харвардын хажуугаарх “луйвар”
Дэлхийн ТОП сургуулиудын нэг Харвардыг сүр дуулиантай төгссөн НАМЗХ-ны Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ АНУ-д багагүй бужигнуулж явсан сурагтай. Харвард хажуугаар “луйвар” хийсэн байж ч болзошгүй аж. Харин түүнтэй НАМЗХ-ны дэд Ерөнхийлөгч Д.Амарбаясгалан, тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Бат-Эрдэнэ нар гар, сэтгэл нийлжээ.
Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёр МАН болоод НАМЗХ-ны нэрийг барьж бусдыг залилж, айлган сүрдүүлж, бүр их хэмжээний мөнгө нэхэмжилсэн гэнэ шүү. Энэ үйлдэл нь АНУ-ын цагдаад бүртгэгдэж, Дипломат тагнуулын албанд шалгагдан, эцэст нь шүүхээр шийдвэрлэгджээ.
Тэд АНУ-ын Тайсон коллеж болоод түүний төлөөлөгч М.Ариунбатыг чамгүй сайн хохироосон гэнэ. Эрхэм Ерөнхийлөгч нар анх 2011 онд М.Ариунбаттай танилцаж. Гар бариад салсангүй бүр НАМЗХ-ныхоо туг тэмдгийг гардуулж, түүнийг АНУ дахь албан ёсны төлөөлөгчөө болгожээ.
Ингээд тэд М.Ариунбатаас НИТХ-ын төлөөлөгч болон МАН-ын гишүүдэд зориулж Тайсон коллеж дээр сургалт явуулж өгөхийг хүсч, урилга, визээ ч гаргуулсан аж. Энэ үед Л.Оюун-Эрдэнэ 8200 ам.долларыг М.Ариунбатад шилжүүлснээр шүүх хүртэл явсан асуудал эхэлжээ.
Уг мөнгийг нь М.Ариунбат аль хэдийнэ гүйцэтгэсэн ажлынхаа төлбөр болгож, Тайсон руу шилжүүлсэн бол Л.Оюун-Эрдэнэ буцаан авахыг хүссэн байна. Энэ маргаанаас үүдэж, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар М.Ариунбат болоод түүний гэр бүлийг айлган сүрдүүлж, Монголд байгаа ах дүүсийг чинь насаар нь хохирооно, ална хэмээн зүй бус авирласан гэнэ. Бас сэтгэл санааны хохирол хэмээн М.Ариунбат болон Тайсон коллежоос нэг сая мянган ам.доллар нэхэмжилж, Хятад өмгөөлөгчөөр багагүй дарамтлуулжээ.
Үүний дараа хоёр Ерөнхийлөгч АНУ-ын ЭСЯ-ыг хулхидахыг завдсан байна. Тэд Тайсон коллежийн захирал Мэхди Банай, МАН-ын дарга асан Ө.Энхтүвшин нарын гарын үсгийг хуурамчаар үйлдэж, 20 гаруй хүний виз хүссэн аж. Харин үүнийг нь коллежийн захирал болоод тухайн үеийн МАН-ын дарга Ө.Энхтүвшин нар үгүйсгэснээр асуудал хар тэмдэгтэйгээр дуусчээ.
“Хамсаатан” гэгдээд буй Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Бат-Эрдэнэ НАМЗХ-ныхоо нэрийг мөнгө олох зорилгоор ашигласан бололтой. Тэр НАМЗХ-ны англиар орчуулагдах Social Democracy Mongolia Youth Union Corporation нэрээр хувийн корпораци байгуулсан сурагтай. Уг НАМЗХ бол ашгийг бус ТББ.
Энэ мэтээр НАМЗХ-ны удирдлагуудын талаар цааш ухвал багагүй асуудал гарч ирэх нь. Намын нарийн бичгийнхээ гарын үсгийг хуурамчаар үйлдэж, хөгжимчин бүсгүйд Тусгаар тогтнолын ордонд тоглолт хийх эрх өгсөн. Холбоондоо өөрийн дураар шинэ албан тушаал бий болгосон. Сонгуульт хугацаа нь дууссан зэргээр Харвардын шинэхэн төгсөгчийг тойрсон асуудал мундахгүй бололтой.
А.Туул
Эх сурвалж: “Shuud.mn“
URL: