2500 айл аюулын дэргэд амьдарч байна
Борооны улирал эхлэхээр нийслэлчүүдэд нэг зовлон үүсдэг. Анхнаасаа төлөвлөлтгүй хотод хаана уулын бэл, тохой газар байна тэнд гэрээ барьж орхино. Эсвэл гуу, жалга тэгшлээд хашаа хатгачихна. Үүнээс болж нийслэл хот шар усны үер гээч аюулд өртөх эрсдэлтэй тулгарсаар өчнөөн жил өнгөрөв. Хавар болохоор л үерийн аманд буусан айлуудыг нүүлгэн шилжүүллээ, нүүлгэх шаардлага хүргүүлээ гэсэн албаныхны мэдээлэл цаасан дээр байхаас газар дээрээ нөгөө л бахь байдгаараа. Үерийн амны айлуудтайгаа ийн ноцолдох зуур бүр том аюул нүүрлэж болзошгүйг мэргэжлийн хүмүүс хэлэх болов.
Сүүлийн таван жилийн судалгаагаар жилийн дулааны улирлын 60-80 өдөрт бороо орсны 29-41 хувь нь аадар байжээ. 2009, 2013 оны үерүүд нийслэлийн иргдэд багагүй хохирол учруулсан. Өнгөрсөн оноос хур тунадас олон жилийн дунджаас дээш орж усархаг жилүүдийн давтамж эхэлснийг Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээлэв. Энэ бол томоохон үерийн эхлэл. Мууг ёрлосон юм биш. Угаас гол усны том үер 50-100 жилд давтагддагийг мэргэжлийн байгууллагаас анхааруулах болжээ. Өөрөөр хэлбэл, 1966 оны аймшигт үерээс хэдийнэ 50 жил өнгөрч байна. Хэрэв ийм үер болбол нийслэл хот маань хэр бэлтгэлтэй байна вэ?
-Богдхан, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан уулын дунд, тэдгээрээс эх авсан 25 хуурай сайр бий
-118.2 км үерийн далан суваг
-Борооны ус зайлуулах 46.4 км шугам
-Хөрсний усны төвшин бууруулах 13.4 км урт шугам
ҮЕРИЙН АМАНД 2507 АЙЛ БАЙНА
Улаанбаатар хот нэг сая хол давсан хүн амтай. Хотыг чиглэсэн нүүдэл тасрахгүй байгаагаас орон нутгийн иргэд үерийн ам, гуу жалган дээр гэрээ барих нь элбэг. Энэ оны эхээр гэхэд л үерийн аман дээр 2507 айл амьдарч байгааг албаныхан мэдээлсэн. Тэдний 1700 гаруй нь газар эзэмших, өмчлөх зөвшөөрөлгүй юм. Уг нь тэдэнд чиглэсэн ажиллагаа жил бүрийн хавраас эхэлдэг. Хотын төр захиргааны байгууллагаас нүүх шаардлага хүргүүлдэг ч газар үнэд орсон цагт иргэд хаашаа очих нь бүрхэг. Иймдээ л тэд төрийн байгууллагын шаардлагыг үл ойшоож үерийн аман дээр амьдарсаар л байна.
Үерийн аман дээр зөвхөн орон гэрээр ч биш орон сууцны хорооллоороо амьдарч байгаа олон айл байгаа юм. Улаанбаатар хотод Богдхан, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан уулын дунд, тэдгээрээс эх авсан 25 томоохон хуурай сайр байдаг төдийгүй Туул, Улиастай, Толгойтын голын бэлчир үерийн өндөр эрсдэлтэй бүсэд багтдаг байна. Их Тэнгэрийн амнаас Яармагийн гүүр хүртэлх зайд л гэхэд орон сууцны найман том хороолол босчээ. Үүнээс гадна өч төчнөөн хороолол уулын ам даган босч буй. Голын гольдролыг өөрчилж, уулын амыг хааж босгосон хорооллууд гол усны аюулд хамгийн эрсдэлтэйг албаны хүмүүс хэлж буй.
-Улаанбаатарт үерийн аманд 2507 айл өрх байна.
Үүнээс СХД-467, БЗД-755, СБД-660,
ЧД-434, ХУД-162, БГД-9
Багахангай-5, Налайх-15
-Тэдний 70.2 хувь буюу 1759 нь газар эзэмших, ашиглах зөвшөөрөлгүй
-Уулын ам, голын гольдрол дээр орон сууцны найман хороолол боссон
50 ЖИЛИЙН ӨМНӨХӨӨС ДАЛАН СУВГИЙН БАЙГУУЛАМЖ НЭМЭГДЭЭГҮЙ ГЭВ
Үерийн аюулаас хамгаалах гол зүйл нь далан суваг, борооны ус зайлуулах байгууламж юм. Гэвч 1966 оны үерээс хойш баригдсан далан сувгийн байгууламж одоо хэр нь дорвитой нэмэгдээгүйг Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээлж байна. Тэр үед Улаанбаатар хотын хүн ам одоогийнхоос гурав дахин бага, хотын нягтрал багатай байсан үе. Одоогоор нийслэл хотод 57 цэгт 118.2 км урт далан сувгийн байгууламж байдаг аж. Борооны ус зайлуулах 46.4 км урттай шугам тавигджээ. Энэ нь хот доторх нийт замын 54.2 хувь нь ус зайлуулах боломжтой гэсэн үг. Хөрсний усны төвшинг зайлуулах 13.4 км урттай ус зайлуулах далан сувагтай байна.
-Үерээс хамгаалах байгууламжийн өргөтгөл шинэчлэлийн ажилд 2009 оноос хойш 44.7 тэрбум төгрөг
-Цэвэрлэгээ, үйлчилгээ ашиглалтын зардалд 6.3 тэрбум төгрөг зарцуулжээ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: