Шүүгчийн захирамжийг биелүүлснээр Монголын банк наанадаж 10 гаруй тэрбум төгрөгийн хохирол амсч байна
Монголбанкны Ерөнхийлөгч 2013 оны наймдугаар сарын 27-нд А-1/1110 албан тоотоор Тээвэр хөгжлийн банк, түүний хувьцаа эзэмшигч Д.Энхтайванд дүрмийн сангаа найман тэрбум төгрөг хүртэл нэмэгдүүлэх эрхийг олгожээ. Энэ шийдвэрийнх нь төлөө Тээвэр хөгжлийн банкны хувьцаа эзэмшигч, “Инфрастракчер” ХХК Монголбанкны Ерөнхийлөгчийг шүүхэд өгсөн байдаг.
Үнэн хэрэгтээ энэ “гомдол” Монголбанкны Ерөнхийлөгчийг онилсон бус, найман тэрбум төгрөгөөр хөрөнгөө нэмэгдүүлэх эрх “Инфрастракчер” ХХК-д биш, Д.Энхтайванд зөвшөөрөгдсөнд оршиж байжээ.
Гэтэл энэ оны 5 дугаар сарын 11-нд Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 117 тоот тогтоолоор нэхэмжлэгч “Инфрастракчер” ХХК-ийн гомдлыг хүлээн авахаас татгалзсан байна. Үүнд Монголбанкны Ерөнхийлөгч ямар хууль тогтоомжууд, түүний заалтыг хэрхэн хэрэглэсэн хийгээд нэхэмжлэгч талыг хохироосон эсэх талыг хянан Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны нэгдүгээр сарын 06-ны 16 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 19-ний 141 дүгээр магадлалыг хэвээр үлдээжээ.
Үүний дараа Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгч Б.Ундраа 2015 оны 5 дугаар сарын 15-ны 16062 тоот захирамжаараа Тээвэр хөгжлийн банкны Дээд шүүхийн шийдвэрийг эсэргүүцжээ. Үүний өмнө буюу 2013 оны 12 дугаар сарын 24-нд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгч С.Мөнхжаргал мөн л ийм захирамж гарган Шүүхийн сахилгын хороонд гомдол гаргахад хүргэсэн удаатай.
Эрхэм шүүгч С.Мөнхжаргал нь тухайн банкны дүрмийн санг нэмэгдүүлэхийг зөвхөн нэг л хувьцаа эзэмшигчид буюу Д.Энхтайванд олгосон зөвшөөрөл гэх агуулгаар ойлгож их хэмжээний хохирол амсахад хүргэсний нэг жишээ нь ОХУ-ын Судостройтельный банкнаас 2014 оны 3 дугаар сарын 31-ний 07-01-03/03-14/270 тоотод “Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 12 дугаар сарын 24-ний 69 тоотод хамтарсан дүрмийн сангаа найман тэрбум төгрөг хүртэл нэмэгдүүлэх, шүүхийн хэргээ шийдвэрлүүлэж дуустал үйл ажиллагаагаа түр зогсоох болсон юм байна. Үүнтэй холбогдуулан Тээвэр хөгжлийн банкны ирүүлсэн багц баримт дотор Гүйцэтгэх захирлыг шинээр сонгосон тухай, Гүйцэтгэх захирлын загвар гарын үсгийн маягттай карт, бусад хавсаргасан баримтууд хүчин төгөлдөр бус гэж үзэж байна” гэсэн агуулгатай бичиг илгээж 12 тэрбум төгрөгтэй тэнцэх гадаад валютын гүйлгээ саатуулсан байгаа юм. Энэ бол зөвхөн нэг л жишээ.
Гэтэл Б.Ундраа шүүгч 20 гаруй хоногийн өмнө дахин ийм захирамж гаргаж Дээд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж Монголын нэгэн банкны эрх ашгийг хохироосон нь хардлага төрүүлэв. Үүний хор холбогдлын нэг жишээ нь “Гүйцэтгэх удирдлагын сонгуультай холбоотой болон холбогдох хүчин төгөлдөр багц мэдээлэл хүлээн авангуут Тээвэр хөгжлийн банкны харилцах дансуудыг нээж, төлбөрийн даалгавар, захирамжуудыг гүйцэтгэлд хүлээн авна” гэдгээ ОХУ-ын “Судостройтельный банк”-ны Захирлуудын зөвлөлийн орлогч дарга В.В.Мельников мэдэгдчихээд “хүлээж” байсан болж таарч байна.
Харамсалтай нь энэ оны 2 дугаар сарын 16-нд ОХУ-ын Төв банкнаас өнөөх Тээвэр хөгжлийн банкны дансуудыг нээх эсэхээ шийднэ гэж “томорсон” Судостройтельный банкных нь зөвшөөрлийг цуцлаад Эрх хүлээн авагч томилох хүртэл дансыг нь хааж байгаагаа мэдэгдвэл яах вэ. Дээрх хоёр шүүгчийн захирамжийн Тээвэр хөгжлийн банк,түүний харилцагчдад учруулсан гол хохирол нь энэ. Шүүгч С.Мөнхжаргал, Б.Ундраа нар хариуцлага хүлээхгүй өнгөрөх үү. Тэд “Инфрастракчер” ХХК-д олгосон улсын бүртгэлийн 9011225089 дугаартай гэрчилгээг хүчингүй болгосон талаарх Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2012 оны 1 дүгээр сарын 12-ны 36 тоот тушаал, тус газраас Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгч Д.Зоригтбаатарт ирүүлсэн “Оюуны ундраа” ХХК нь хүчингүй болсон улсын бүртгэлийн гэрчилгээгээ хураалгаагүй, шинээр гэрчилгээ аваагүй талаарх тайлбар, лавлагааг гар дээр нь ирсээр байтал нүдээ анин шийдвэр гаргалаа гэж үү. Тэгвэл хүчингүй болсон компанийн нэхэмжлэхийг ёсоор болгох гээд санаачилга гарган, зөвлөгөө өгч ажиллахын шалтгааныг авлигаас ангидаар ойлгох арга алга.
Үүний зэрэгцээ “Тэгвэл одоо Тээвэр хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал хэн бэ” гэдэг асуудал үүсч байна. Энэ хүн бол мөнөөх дуулианы эзэн Швейцарь улсын иргэн В.Армин. Түүнийг менежментийн эрхийг гартаа авмагц Тээвэр хөгжлийн банкныхан баахан швейцарь ч, юм уу, лут багийнхан ирнэ гэж төсөөлсөн гэдэг. Гэтэл бушуухан ОХУ-ын иргэн С.Новожиловт эрх мэдлээ өгсөн. Өнөөх нь дөрвөн тэрбум төгрөгийг өсгөж торниулахаар “Монголд Швейцарийн банк орж ирлээ” хэмээн сурталчилсаар 14 тэрбум болгож аваад оргон зайлсан гэхчлэн өнгөрсөн бүх үйл явдлууд олон нийтэд мэдээлэгдэж байсан ч хэн нэгэн хариуцлага хүлээсэнгүй. Зөвхөн Тээвэр хөгжлийн банк, түүний харилцагчид хохирч үлдэв. Мөнгө угаах гэмт хэрэг гэдэг ойлголт манайд “залуу” хууль гэгдэж болох ч ардчилалтай чацуу шахам хэрэглэгдэж эхэлсэн. Үүнд хууль бус эх үүсвэрийг халхавчлах, нуун далдлах, аливаа этгээдийг хуулийн хариуцлагаас зайлсхийхэд тусалсан бол хүлээлгэх хариуцлагыг шат дараалалтайгаар чангатгасаар байгаа. Харин “Хэрэв шүүгч хүн ийм ажиллагаанд нь оролцсон бол, эсвээс ажилдаа хайнга, хариуцлагагүй хандсанаас нь болж эд материалын их хэмжээний хохирол учирсан бол яах вэ” гэдэг сонин байна.
Ямартай ч Дээд шүүхийн шийдвэрээс давсан захирамж, түүнийг биелүүлэхийн тулд түдгэлзүүлснээс болж алдсан цаг хугацаа, хохирлын хэмжээ ийм байна. Хамгийн харамсалтай нь Монголын Тээвэр хөгжлийн банкны дансыг дээрх захирамжаас болж хаачихаад байсан Оросын банк өөрөө дансаа хаалгачихсан нь харамсалтай биш гэж үү. Энэ тохиолдолд дээрх хоёр шүүгчид ямар арга хэмжээ авахыг олон нийтэд ил зарлахыг хүсье.
С.Лантуу
zaluu.com
URL: