Манай ШУА-д “үл хамаарах” сэдэв буюу “Хүн мичнээс үүссэн”-ийг зөвшөөрөх шинэ ойлголт

527-1433760201revolutionӨнгөрсөн жил буюу 2014 оны 11 дүгээр сарын 20-нд Дэлхийн философийн өдрийг тохиолдуулан ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэн, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс хамтарч зохион байгуулсан “Ертөнцийн шинжлэх ухааны дүр зургийн өөрчлөлт ба философи” сэдэвт симпозиумын үеэр манай нэг залуу эрдэмтэн “манай хүүхдэд багш нь хүн мичнээс үүссэн гээд зааж  байна” хэмээн их л уурсангуй ярьж байж билээ.
Нөгөө социализмын үед бидний заалгаж ирсэн, шинжлэх ухааны хүрээнд хангалттай судлагдаж баттай итгэл үнэмшил болж тогтсон энэ ойлголт өнөөдөр олон хүний хувьд эргэлзээтэй, тэр ч байтугай өнөөх эрдэмтний хувьд бол “ичмээр төөрөгдөл” байсан бололтой.
Чухам тэгээд хүн юунаас үүссэнийг тэр эрдэмтэн өөрөө хэлж мэдэхгүй. Харин манай ШУА-д энэ сэдэв үл хамаарах сэдэв бололтой.
Ингэж хэлэхийн учир нь өнөөгийн учраа олохоо байчихсан нийгэмд шинжлэх ухааныг таниулахад манай ШУА-ийн үүрэг, нэр нөлөө огт байхгүй болсноос болоод арга буюу бурхны шашны хувраг Д.Нямсамбуу шинжлэх ухааныг өмөөрч дуугарав. Тэрээр “Шинжлэх ухааныг өмөөрөхүй” гарчигтай, нэлээн буурьтай нийтлэлийг бичсэн нь саяхан бас дахин олон нийтийн мэдээллийн цахим хуудсанд тавигдлаа.
Хэдийгээр уг нийтлэл төгсөөгүй, үргэлжлэл нь хараахан бичигдэж амжаагүй бололтой ч монголын олон нийтийг төөрөгдлөөс гаргаж шинжлэх ухааны зөв мэдлэгийг олгохын төлөө сэтгэлээ чилээж буй хичээл зүтгэлд нь талархахгүй байх аргагүй.
Уг нь бас энэ сэдвээр, яг адилхан “Шинжлэх ухааныг өмөөрөхүй” гарчигтай нийтлэлийг Баабар гэж нэршсэн эрхэм бичиж, “шашины болоод шинжлэх ухааны нэр барьсан” хэсэг бүлгийн нийгэмд үзүүлж байгаа тусгалыг онилж “… ийм өндөр боловсролтой орон мухар сүсэгт бүрэн идэгдэж хүний нийгмийн мянган жилийн өмнөх сэтгэлгээтэй байж болох уу? Болдог юм байна. Судлууштай сонин парадокс!” хэмээн зад загнаж “бут ниргэж” өгчээ. Гэвч харамсалтай нь энэ шүүмжлэл “найтаах гээд унгав” гэгч л болсноос биш шинжлэх ухааныг “өмөөрч” чадсангүй. Бусдыг басамжилсан доромж үг урсгах нь шинжлэх ухаанч няцаалт биш л дээ. Тэгээд ч өөрийнх нь үзэл бодлоор бол шинжлэх ухаан гэгч нь ихээхэн хязгаарлагдмал бололтой юм.
Тухайлбал Баабарын хүлээн зөвшөөрснөөр “…Шинжлэх ухаан тайлбарлах аргагүй, ерөөсөө тайлбарлах бололцоогүй зүйл ч бий. Шинжлэх ухаан алив бодит зүйлийг тал талаас нь судалдаг. Мораль, этик эсвэл үхэх төрөхийг процесс талаас нь хэлнэ үү гэхээс цаад мөн чанарын тухай ярих бололцоогүй. Асуудлын энэ талыг гүн ухаан, яруу найраг, шашин, урлаг, утга зохиол хариуцдаг. Энэ сонин зааг нь шинжлэх ухааны нэр баригсдад далим болдог…” гэжээ. Хэрэв ерөөсөө шинжлэх ухаан тайлбарлах бололцоогүй “тал” байгаа юм бол, тэгээд түүнийг нь шашин, урлаг гэх мэт нь хариуцдаг юм бол тэр хариуцсан ажлаа хийж байгаа хүмүүсийг буруутгах нь өөрөө парадокс юм л даа. Түүнээс гадна Баабарынхаар гүн ухаан бол шинжлэх ухаан биш болж таарлаа.
Бас бодит зүйл гэдэгт чухам юуг ойлгож байна вэ?!
Энэ бол шинжлэх ухааныг “царцааж” буй “шинжлэх ухаанч бус” ойлголт юм.
Шинжлэх ухаан ерөөсөө тайлбарлах бололцоогүй зүйл байж таарахгүй бөгөөд байгаль ертөнцийн үйл явц, үзэгдэл бүхэн орчлонгийн жам хуулийн л илэрхийлэл байдаг.
Өөрөөр хэлбэл “…Шинжлэх ухаан тайлбарлах аргагүй, ерөөсөө тайлбарлах бололцоогүй…“ “тал”-ыг тайлбарлаад байгаа шашин дотор шинжлэх ухааны мэдлэг нь оршиж байдаг бөгөөд шашины номлол сургааль нь   шинжлэх ухааны ямар түвшний мэдлэгт тулгуурлаж байна вэ? гэдгээрээ ялгардаг билээ.
Тухайлбал мичнээс хүн үүссэнийг хүлээн зөвшөөрөх үндэслэл болсон Дарвины хувьслын онол, Буддын философийн үйлийн үрийн тухай сургааль  хоёр нэг л ижил утгатай ойлголтууд гэдэг нь сэтгэж боддог ямар ч хүнд илэрхий шүү дээ. Энэ хоёрын аль нь ч “Хөдөлмөр хүнийг бий болгосон” /мичнээс хүн болгосон/ гэсэн Ф.Энгельсийн дүгнэлттэй, цаашилбал Г.В.Гегель болон К.Марксын нээсэн хөгжлийн диалектиктай нийцнэ гэсэн үг юм.
Эдгээр онол сургаалиудыг, бүр тодруулж хэлбэл мичнээс хүн үүссэн их хувьслыг түүх, археолог, палеонтолог, антропологи, генетикийн шинжлэх ухааны өчнөөн олон олдвор, судалгаа, нээлтүүд хангалттай баталсан.
Тэгэхлээр бурхны шашин шинжлэх ухааны маш нарийн мэдлэг ухаанд суурилжээ гэж дүгнэх ёстой болно.
Гэтэл энэ бүхнийг ялгаж салгах чадваргүй, ер нь шинжлэх ухаан гэж юу вэ гэдгээ ч хэлж мэдэхгүй болчихоод байгаа ШУ-ны байгууллага, эрдэмтэд, судлаачдыг юу гэж үзэх вэ?!
Яагаад мичнээс хүн үүссэнд эргэлзэв 
Мэдээж мичнээс хүн үүссэнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тэр хэсгийнхний зүгээс сөргүүлэн тавьдаг олон тайлбар, хариу нэхсэн олон асуулт бий. Шинжлэх ухааны хөгжлийн явцад, ялангуяа биологийн салбарын төрөл бүрийн судалгаа, нээлтүүд нь улам олон эргэлзээтэй асуултыг гаргаж ирсэн билээ.
Мичнээс хүн үүссэнд эргэлзэгчид “Тэр археолог, палеонтлогийн олдворууд чинь бүрэн төгс нотолгоо болж чадахгүй шүү дээ. Балар эртний гэх Питенкантроп, Синантроп, эртний хүн Неандертал, Кроманион гэх мэт чинь хүн сармагчин хоёрын эрлийз ч байсан юм билүү хэн мэдлээ. Ер нь онцгой өвөрмөц дүр төрхтэй амьтныг онголох, шүтэх үзэгдэл бишгүй байсныг түүхийн судалгаа батладаг шүү дээ” гэх маягийн тайлбарыг хэлнэ.
Дээр үеийн мич хувьсаад хүн болчихдог, одоогийн мич хувьсдаггүй хэвээрээ байдаг нь ямар учиртай юм бэ?!
Хувьслыг чинь тэгээд хэн ямар арга замаар бий болгоод байна вэ? гэх мэт олон асуултыг сөргүүлэн тавина.
Үнэхээр хүн байтугай амьтан, хорхой, шавьж, ургамал хүртэл дотоод бүтэц, амьдрах үйл явц нь ухаан санаанд төсөөлөгдөшгүй нарийн зохион байгуулагдсаныг гайхна. Тэр ч байтугай ус хүртэл “ухаантай” болохыг батлана.
Жишээ нь анагаахын шинжлэх ухаан олж тогтоосноор бол хүн төрөлхийн болон олдмол гэсэн хоёр төрлийн дархлаатай байдаг ажээ. Хүн ямар нэг өвчин тусахад, өөрөөр хэлбэл биед эмгэг төрүүлэгч орсон тохиолдолд цусны цагаан бөөмнөөс эхлээд биед орших эерэг вирусууд хүртэл ээлж дараагаар ямар ч цэргийн жанжны боловсруулсан стратеги тактикаас илүү зохион байгуулалттайгаар “хамгаалах тулаанд” ордог байна.
Тэгвэл энэ бүхэн яаж бий болж, ямар хүч түүнийг тэгэж нарийн удирдаж байна вэ? гэсэн асуулт тавигдана.
Хувьслыг ямар хүчин зүйл бий болгов?
Энэ асуултын хариу нь бидний ярьж ирсэн уламжлалт ойлголтоор нөхцөл буюу шинэ ойлголтоор үйлийн орон юм. Бүр тодруулж хэлбэл хүчний үйлчлэлүүдийн бүтцийг илэрхийлэгч орон юм.
Тухайлбал ургамал ургахад нарны дулаан илч, хөрс, ус чийг, агаар гэх мэт олон хүчин зүйлээс бүрдсэн нөхцөл шаардагддаг. Тэр бүхний харилцан адилгүй үйлчлэл бүхий орчнууд нь ургамлын өөр өөр төрөл зүйлийг бий болгоход нөлөөлдөг. Халуун орны ургамал сэрүүн бүсэд ургадаггүй бол сэрүүн бүсийн ургамал халуун оронд байхгүй байх жишээтэй.
Гэтэл амьдралын нөхцлийн хүчин зүйлүүдэд нар дэлхийн болон бусад гаригуудын таталцлын хүчний үйлчлэл, хоорондын байрлал, нарны гэрлийн тусгалын өнцөг хүртэл өөр өөрөөр нөлөөлөх хүчин зүйл буюу өөр өөр бүтэц бүхий үйлийн орон болон үйлчилдэг ажээ. Жишээ нь дэлхийн экваторын бүслүүр орчимд тусаж байгаа нарны тусгал эгц босоо бол хоёр туйл руу дөхөх тутам тусгалын налуу нь өөрчлөгдөнө гэсэн үг. Чухам тэр л тусгалын өнцөг нь газар орон бүрт харилцан адилгүй бүтэц бүхий орны үйлчлэлийг бий болгоно. Тэр л хүчин зүйл буюу орны үйлчлэлийн хүчээр Африк тивд хар Азид шар, Европод цагаан арьстан бий болж, цаашид тэр чанараа хадгалан удамших гентэй болжээ. Өөрөөр хэлбэл үйлийн орон нь ген гэх “матер”-ийг бий болгочихсон байна. Эргээд нөгөө “матери” нь тухайн орныг өөртөө агуулан тээж явдаг байна.
Үйлийн орны өөр нэгэн чанар нь тухайн нэг үйлийн орон хичнээн давтагдах тутам эрчим нь нэмэгддэг бөгөөд ижил үйлийн орон таталцах чанартай байдаг. /Энэ тухай дэлгэрүүлж “Нууц увдисын философи” номоос үзэж болно/
Өөрөөр хэлбэл далдын их бүтээгч хүч гэдэг нь үйлийн орон бөгөөд тэрхүү орон нь өөрийн бүтээсэн тэр зүйлээ өлгийдөн хамгаалж, хамтран ажиллаж байдаг байна. Үүнийг бид дэлхийн агаар мандлын давхрагууд болох 5 давхар бүрхүүлээс, бас хүний аура гэж орчин үед их ярьдаг болсон давхарлаг гэрлэн бүрхэвч зэргээс ойлгож болно.
Нялх хүүхдийн уйлах, хөл гараа сарвалзуулах, орчны дуу чимээг сонсох, хооллох зэрэг үйл үйлдэл бүхнээс нь шинээр нэмэгдэн бий болж байдаг үйлийн орон эргээд тэр үйл үйлдэл бүхнийг нь удирдан зохицуулж, чадвар чадамж нь болон илэрч байдаг ажээ.
Хорхой шавьжнаас эхлээд хүнийг хүртэлх бүх амьд биес хоол тэжээлээсээ бие организмд хэрэгтэй уураг, амин дэм, эрдэс бодис бүхнийг ялгаж салгаж аваад хэрэггүй илүүдлээ багсран нэгтгээд баас шээс болгоод гаргачихаж байгаа энэ бүх цэгцтэй үйлдлийг гүйцэтгэж байгаа хүч нь нөгөө л орны үйлчлэл юм.
Харин үүнийг зөвхөн дан бие махбодийн үйлдэл гэдгээр нь аваад үзвэл үнэхээр тайлбарлахын аргагүй. Бие организмын нөхөн үйлдвэрлэлийг явуулахад хэрэгтэй хоол тэжээл дэх шимт бодисууд цусаар дамжин зөөгдөж, яс чөмөг, булчин, эрхтэн тус бүрт, дотоод шүүрлийн эрхтэн тогтолцоо бүрт, эд эс бүрт яг түүнд нь хэрэгтэй эрдэс бодис элементүүдийг андуурч будилахгүйгээр зөөж хүргээд байгаа үйлдлийг “Ухаалаг загварын онол” гэдгээр ч тайлбарлах боломжгүй юм.
Тэгвэл энэ бүхнийг гүйцэтгэж байгаа хүч нь ердөө л ижил үйлийн орны таталцлын хүч юм. Соронзонт төмрийг газраар чирээд явахад зөвхөн төмөрлөгийн зүйлсийг л өөртөө татан наалдуулдаг шиг тухайн эд эс эрхтэн бүрийн үйлийн орнууд хоол тэжээлийг боловсруулаад өөрт хэрэгтэй элементээ ялгаад татаад авчихаж байгаа юм.
Хүн урьд өмнө хэрэглэж үзээгүй хоол хүнсний зүйлийг эхлээд хэрэглэхэд магадгүй гэдэс дотор нь хямарч, наад зах нь хий унгуулахаас эхлээд, туулгах зэрэг үзэгдэл илэрдэг. Гэтэл нөгөөхөө олон дахин хэрэглээд ирэхлээр тухайн хоол тэжээлийг боловсруулах шинэ үйлийн орон бий болж түүний нөлөөгөөр хоол боловсруулах эрхтэн систем ч хямрахаа больж өөрөөр хэлбэл дархлаа үүсдэг. Энэ мэтээр олдмол дархлаа үүсэж байгаа нь зөвхөн хоол тэжээлд хамаарах зүйл биш бөгөөд энэ мэтээр гадаад дотоод орчны тухайн нөхцөлд дасан зохицох чадварыг бий болгож байгаа хувьсал нь үйлийн орны үр дүн юм.
Үргэлжлэл бий
О.Лхагвадорж

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих