Хайрын түлхүүр
Хайрын түлхүүр
Хүссэн бүхнээ өөрийн болгодог, хэнээс ч хатуу үг сонсож сураагүй айлын ганц эрх охин байсан би 23-хан насандаа өөрөөсөө 10 насаар ах хүний эхнэр болсон юм. Анх танилцангуутаа л нөхөртөө ухаан сөхөөгүй хайртай болчихсон болохоор тэр хүний хажууд л байвал бусад асуудал юу ч биш юм шиг санагдаж, “Эхнэр минь болооч” гэсэн саналыг нь сонссон даруйдаа зөвшөөрч, шууд л хамаг хувцасаа аваад гэрт нь очсон. Эхний хэдэн сар мэдээж үлгэрийн юм шиг гайхалтай байлаа.
Гэтэл аав, ээждээ эрхлэхээс өөрийг мэддэггүй айлын ганц охин надад эхнэр хүний үүрэг, хариуцлага, тэсвэр тэвчээр гэдэг тийм ч амар даваа биш гэдгийг хэдхэн сарын дараа л ойлгож эхэллээ. Хэдийгээр надад хичнээн хэцүү байсан ч би хайртай учраас тэсэхээс өөр сонголтыг олж хараагүй. Тийм болохоор юу ч болсон, ямар ч үед хайрлах, хүндлэх сэтгэлээ л хадгалдаг юм шүү гэж өөртөө дахин дахин хэлдэг байв.
Нөхөр маань хааяа хэл чимээгүй хонууд өнжүүдээр алга болно, хүмүүсийн амнаас өөр эмэгтэйтэй уулзаж байгаа нь сонсогдоно, утсан дээр нь хэн нэгэнрүү бичсэн халуун дотно мессежнүүд гарч ирнэ, зарим өдөр бүр согтуу ирж, зүрх зүсэгдэж, сэтгэл хоосормоор хатуу үгсийг хэлнэ. Хэл сураггүй хэдэн хоногоор ч гэртээ ирэхгүй алга болж байсан удаа цөөнгүй. Түүнийг байхгүй шөнүүдэд дэрээ нортол уйлж, хэдэн тийш хөрвөөсөөр, хов хоосон сэтгэлтэй, хоёр бүлцэн нүдтэй л өглөөтэй золгодог байсан. Тэгээд ирэхээр нь надад хэцүү байна гэдгээ ойлгуулах гэж гомдлын үгсийг ар араас нь цувруулж өгнө. Сүүлдээ өглөө ажилдаа явахдаа орой ирэхэд минь тэр байхгүй байвал яанаа гэсэн айдастай байдаг боллоо. Гэхдээ л би “хайрлахаа зогсоохгүй” гэсэн бодлоо хэзээ ч гээгүй юм.
Энэ хэцүү нөхцөл байдал нэлээдгүй хугацаанд үргэлжилсээн. Миний мөрөөдөж байсан сайхан амьдрал цаашид үргэлжлэх боломжгүй болж байгаа мэт урам хугарч, итгэл алдарч эхэллээ.
Би яавал энэ хүний дэргэд үлдэж, хайрыг нь хүртэх “виз”-тэй болох бол?
Нэлээд бодсоны эцэст би урьд урьдынхаасаа илүү ихээр хайрлах сонголтыг хийсэн юм. Нөхөртөө тавих халамжаа нэмэгдүүлж, түүний сонирходог зүйлсийг сонирхдог болж, өөрийгөө өөрчлөхөөр шийдлээ. Эхний ээлжинд нөхөр минь намайг хайрлахгүй байна гэдэг бодлоо хаяж, энэ хүн надгүй бол амьдарч чадахгүй гэж өөртөө итгүүлэхийг хичээсэн юм. Тэгээд надгүйгээр амьдарч чадахгүй юм байна гэсэн бодлыг түүнд төрүүлэхийн тулд чадлаараа хичээж эхэллээ. Тухайлбал би нөхрийгөө гадуур хооллохыг нь болиулсан. Өглөө хэдэн ч цагт гэрээс гарах байсан би заавал түрүүлж босоод өглөөний цай бэлдээд, хамт цайгаа ууна, өдөр цайны цагаараа зав гаргаж, байгаа газар нь хоол хүргэж өгнө. Заримдаа цайны цагтаа амжихын тулд гялс ганц хүний хоол хийгээд нөхөртөө өгчихөөд өөрөө хоосон ажилруугаа гүйдэг байв. Гэсэн ч энэ нь надад огт хэцүү байгаагүй. Харин ч би амжиж нөхрийгөө хооллосондоо баярладаг байлаа. Зарим өдөр ямар ч шалтгаангүй нөхөртөө жижиг гэлтгүй бэлэг худалдаж авна, цүнх, машинд нь хайртайгаа илэрхийлсэн, амжилт хүссэн, урам зориг өгсөн захидал бичиж хийнэ. Нөхөр маань урьдын адил оройтох, хоногоор алга болоход би огт бухимдахгүй байхыг хичээж, гэртээ ирэхэд нь юу ч болоогүй юм шиг угтаж, ар өврөөс нь нэхэл дагал болохоо больчихсон. Хэсэг хугацаанд би яг энэ янзаар амьдарсан.
Би нөхрөө өөртөө улам ойртож байгааг мэдэрч эхэллээ. Хэл чимээгүй алга болох нь багасаж, хааяа нэг оройтохдоо над руу өөрөө утасдаж хаана, хэнтэй, юу хийж байгаагаа мэдэгдэж, хэзээ ирэхээ ч хэлдэг болсон. Тэгсээр тэгсээр тэр яг над шиг гэнэтийн бэлэг, урмын үгтэй мессежийг над руу илгээдэг болсон. Түүнээс гадна найз нөхдийн уулзалт, аливаа арга хэмжээнд ганцаараа биш надтай хамт явдаг боллоо. Өдөр ирэх тусам бид бие биенийхээ төлөө бага багаар өөрчлөгдөж байлаа.
Ганцхан жилийн өмнө би хүйтэн хөнжилд хүлээлттэй ханьсаж уйлж хонодог байсан бол одоо аз жаргалтай айлын эзэгтэй болсон. Нөхөр маань гэртээ, надтай хамт байхыг чухалчилж, миний хүссэн бүхнийг хүлээн зөвшөөрч эхэлсэн. Одоо бид ажлаас бусад бүх зүйлд хамт явдаг. Бидний сонирхдог зүйлс ч адилхан болжээ. Би энэ бүх аз жаргалыг мэдрэхийн тулд тэр үед тэвчиж үлдсэндээ өөртөө баярладаг. Тэвчиж, уучлах, итгэж, хүлээх… Энэ бүхэн хайрын хамгийн гол түлхүүр.
Я.Амингоо
URL: