Айдас дагуулж буй МЕRS
Өмнөд Солонгост Ойрх Дорнодын амьсгалын замын хам шинжит “Mers” хэмээх халдварт өвчин дэгдээд байгаа билээ. Тус улсад МЕРС өвчний тархалт улам нэмэгдэж болзошгүй байгаа тухай ДЭМБ санууллаа. Өнгөрсөн Лхагва гараг буюу /VI.03/-нд гэхэд тус улсад МЕРС-ийн 30 тохиолдол илэрсэн бөгөөд тэдэнтэй шууд харилцсан 1369 хүнийг тусгаарласан юм. Тэгвэл өнөөдөр “Mers” халдвараар таван хүн нас барж, өвчлөгсдийн тоо 87-д хүрээд байна. Өмнөд Солонгост сүүлийн хоёр хоногт өвчтний тоо 14-өөр нэмэгдсэний 10 нь эмнэлгийн орчинд халдварласан байгаа аж. Одоогийн байдлаар Сөүлийн хоёр эмнэлэгт халдвартай хүмүүсийг тусгаарлан эмчилж буй. Түүнчлэн халдвар авсан байх магадлалтай 2300 гаруй хүнийг хөл хорьсон байна.
Уг халдварт өвчний анхны тээгч нь 58 настай эмэгтэй байсан гэнэ. Дээрх халдвар авсан эмэгтэйг Ойрх Дорнодод зорчиж явахдаа халдвар авсан байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж. Харин хоёр дахь хохирогч нь 71 настай эрэгтэй байжээ. Үүнээс үзвэл титэм вирусын халдварт дархлаа султай өндөр настнууд илүү эмзэг байна.
Ойрх Дорнодын амьсгалын замын хам шинж буюу МЕРС өвчний анхны тохиолдол 2012 онд Саудын Арабт илэрсэн юм. Харин өнгөрсөн сараас Өмнөд Солонгост тархаад байгаа энэ юм. ДЭМБ-ийн мэдээлснээр халдвар авагсдын 27 хувь нь нас барах эрсдэлтэй гэнэ.
Одоогоор Вирусын тархалтаас сэрэмжлэн тус улсын 1800 гаруй сургуулийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоогоод байна. Түүнчлэн тус вирусийн улмаас 7000 гаруй жуулчин Өмнөд Солонгос руу зорчихоос татгалзсан байгаа ба тэдний ихэнх нь Хятад болон Азийн бусад орнуудын жуулчид байжээ. Энэхүү МЕРС -ийн эсрэг арга хэмжээг шуурхай авж чадаагүй хэмээн Ерөнхийлөгч Пак Кын Хе хэлжээ. Тэрбээр лхагва гарагт МЕРС-ийн асуудлаар шуурхай хурал хуралдуулсан байна.
Энэ сарын 3-ний байдлаар МЕРС өвчний нийт 1179 тохиолдол 25 улсад бүртгэгдсэн гэж ДЭМБ мэдээлжээ. Үүнээс 442 нь буюу арван хүн тутмын дөрөв нь амиа алдсан байна. МЕРС өвчин анх тэмээнээс халдварласан байж болзошгүй гэж зарим судлаачид үзэж байна. Гэвч үүнийг баталж чадаагүй бөгөөд МЕРС-ийг анагаах эм, эмчилгээ байхгүй байна. Зөвхөн халуун бууруулах, өвдөлт намдаах зэрэг шинж тэмдгийн эсрэг эмчилгээг хийж байгаа юм байна. Гэхдээ мэргэжилтнүүд “Mers” нь эбола шиг амархан халдварлахгүй гэж үзэж байна.
А.Бэхи
new.mn
URL: