Асуулт бэлтгэдэг ганц л хүн байхгүй бол нууц задарчихна
-Ярилцлагаа сүүлийн үеийн уран бүтээлийн сонин хачинаасаа уншигчидтайгаа хуваалцаж эхэлье?
-Сүүлийн үед манай “Коктейль фильмс”-ийнхэн “Босуул” нэртэй бүрэн хэмжээний уран сайхны кино хийж байна. Яг одоогоор эвлүүлгийн шатандаа явж байгаа.
-Хувь уран бүтээлчийн хувьд ямар ямар шинэ уран бүтээлүүдэд дүр авч ажиллав?
-“Коктейль фильмс”-ийнхээ л уран бүтээлүүдэд ажиллалаа. Түүнээс өөр уран бүтээлүүдэд хараахан орж ажилласангүй.
-Өнгөрсөн баасан гаригт нээлтээ хийсэн “Хуримын сюрприз” инээдмийн уран сайхны кинонд ажилласан байсан. Энэ киноны ямар дүрд ажилласан юм бэ?
-“Хуримын сюрприз” киноны Батнягт гэж дүрд ажиллалаа. Туслах дүр л дээ.
-Аливаа уран бүтээл болгон үзэгчдэд хэлэх гэсэн санаа, мэссежтэй байдаг шүү дээ. Тэгвэл “Хуримын сюрприз” кино залууст юуг хэлэхийг, ойлгуулахыг хүссэн бол?
-Би энэ киноны найруулагч, зохиолч биш. Энэ киноны гол зорилго бол үзэгчдэд инээд хөөр бэлэглэх явдал.
-Одоо хийгдэж байгаа “Босуул” киноныхоо тухай дэлгэрэнгүй яриач. Хэдийгээр үзэгчдийн хүртээл болох вэ?
-Киноны ерөнхий найруулагчаар Ж.Сэнгэдорж найруулагч ажиллалаа. Кино зохиолыг А.Баттүшиг бичсэн. “Black zebra” студийнхэн зураг авалтыг хариуцан ажилласан. Маш олон хүний бүрэлдэхүүнтэй хийгдэж байгаа уран бүтээл.
-Төрөл жанрын хувьд?
-Түүхэн кино л доо. Тийм учраас мэдээж хүн хүч ихтэй ажилласан. Ихэнхи зураг авалт гадаа авагдсан. Дотор зураг авалт бараг байхгүй шахуу. Өвлийн идэр гурван есийн хүйтэн тачигнаж байхад л бид киноныхоо зураг авалтыг хийж байлаа. Ирэх наймдугаар сарын сүүл хавьцаа кино театруудад нээлтээ хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
-Өмнө нь хамтран ажиллаж байсан баг, бүрэлдэхүүн дахин ажиллаж байгаа юмуу даа. Найруулагч Ж.Сэнгэдоржтой гэхэд л танай фильмсийнхэн “Хоёр ертөнцийн буудал” жүжгэн дээр хамтарч ажилласан шүү дээ?
-Тийм шүү. Ихэнхдээ өмнө нь ажиллаж байсан уран бүтээлчиддээ хамтран ажиллах санал тавьсан юм. Харин Ж.Сэнгэдоржийн хувьд бид хоёр хар багийн найзууд л даа. Тэр утгаараа үе үе шинэ уран бүтээлд орохоороо бариад авдаг юм /инээв/.
-“Босуул” кино түүхэн кино гэлээ. Ихэнхдээ инээдмийн жанраар уран бүтээлээ хийж байсан хүмүүс энэ удаад яагаад түүхэн сэдэв барьж авав?
-Анх нэвтрүүлэг хийж эхлэхдээ инээдмийн төрлөөр хийсэн болоод ч тэр үү хүмүүс дандаа тэр өнцгөөс хардаг болчихсон. Сүүлийн үед ч аливаа уран бүтээлд оролцоход ихэнхдээ л инээдмийн жанрынх таарч байна. Гэхдээ манай жүжиг бол бүр хүнд, сэтгэхүйн жүжиг байсан шүү дээ. Энэ удаад хоорондоо нэлээд ярилцаж байгаад энэ сэдвийг хөндөхөөр шийдсэн.
-Одоо тайзны уран бүтээлийн тухай ярья. Өмнө нь “Хоёр ертөнцийн буудал” жүжиг маш амжилттай болсон шүү дээ. Дараагийн энэ төрлийн уран бүтээлийг хэзээ үзэгчдэд хүргэх бол?
-Ж.Сэнгэдорж найруулагчид маань бодсон зүйлүүд байгаад байгаа юм. Харин хэдийд, хэрхэн ажиллах тухай нь яг хэлж мэдэхгүй байна.
-Тайзны уран бүтээл ярьсных бас нэг зүйл асууя. “Коктейль фильмс”-ийнхэнд мюзикл тавих бодол байдаг болов уу?
-За даа, дуулах тал дээр байж болох ч бүжиглэх гэж нэг зүйл байна шүү дээ. Манай Н.Цэнд-Аюуш бол бүжиглэчихнэ. Уралдаан тэмцээнд ч оролцож байсан. Бусад нь бол хэцүү шүү дээ /инээв/. Хэрэв ийм асуудал байгаагүй бол энэ бодлыг тээж л явах байсан.
-Таны хоолой үзэгчдэд эчнээ танил. Одоо кинонд дуу оруулах ажлаа үгүйлж байх юмуу?
-Тэр яахав залуу насандаа л хийж байсан ажил минь юм даа.
-Нэлээд хэдэн жүжигчдийг энэ ажил руу таныг уруу татсан гэдэг юм билээ?
-Тэгсэн шүү /инээв/. Би чинь 1999 онд нэгдүгээр курсын оюутан байх үеэсээ л кинонд дуу оруулаад эхэлсэн. А.Баттүшиг маань 2001 оноос ажиллаж эхэлсэн. Тэгээд л ар араасаа явсан даа. Нэлээд олон залуусыг кинонд дуу оруулах ажилд уруу татсан. Салхийг нь би хагалсан юмуу даа. Түүнээс биш өмнө нь ихэнхдээ хуучин Кино үйлдвэрийн уран бүтээлчид л байсан шүү дээ. Д.Элбэгсайхаг ах, Т.Цэмпилмаа эгч, Н.Нэргүйбаатар ах, Т.Карма эгч, Ж.Дарамсүрэн ах, Н.Батцэцэг эгч, О.Оюун эгч, Н.Наранбаатар ах гээд л. Яг энэ уран бүтээлчид дээрээс шинэ цус сэлбэж бид орж байлаа. Тэр үед ганц Үндэсний телевизээр гарч байгаа кинонд дуу оруулна гэдэг аз завшаан байлаа. Тухайн үедээ од л байлаа шүү дээ.
-Хамгийн анхны дуу оруулсан кино нь ямар кино байдаг вэ?
-“Бидний багш доктор Шпехт” гэж олон ангит кино байсан. Германы кино л доо. Хүүхдүүдийн амралтаар гардаг кино байсан.
-Ингэхэд нийт хичнээн кинонд дуу оруулсан бол. Багцаа тоо гаргаж үзэв үү?
-Тухайн үедээ жилд 400 кинонд дуу оруулдаг байсан. Би чинь 1999 оноос 2010 он хүртэл кинонд дуу оруулсан. Яахав 2007 он хүртэл их идэвхитэй ажилласан юм байна. 2007 оноос 2010 он хүртэл 400-гаасаа арай цөөн кинонд дуу оруулсан. Ингээд бодоод үзэхээр дөрвөн мянга лав дөхөх байх шүү.
-“50 саяын уналт” нэвтрүүлгийн тухай ярья. Нэвтрүүлгийг үзэгчид өөр өөрсдийнхөөрөө дүгнэдэг байх. Гадны контентийг ингэж хийхэд хүндрэл гарах юмуу?
-Энэ чинь франчайзинг юм чинь яг цаанаас тавьсан шаардлагын дагуу л хийх хэрэгтэй. Нэвтрүүлэг хэдэн минут үргэлжлэх ёстой, ийм хөгжимтэй байх ёстой гэдэг шаардлагуудыг бидэнд тавьдаг л даа. Бидний зүгээс өөрчилж байгаа ганц зүйл нь нэвтрүүлгийн үеэр тавигдах найман асуулт. Монголчууддаа зориулсан асуултуудыг л бэлтгэж байгаа юм. Түүнээс биш бусад нь бүгд энэ контентийг эзэмшиж байгаа англи компанийн өмч. Бид хамаагүй өөрчлөх эрхгүй. Гэрээний дагуу, гэрээгээ жил жилдээ сунгаад нэвтрүүлгээ бэлдэж байгаа.
-Энэ нэвтрүүлгийн эрхийг хэрхэн авсан бэ?
-Анх “Боловсрол суваг” телевизийнхэн авсан. Бас нэлээд үнэтэй байдаг юм байна билээ. Жилд хэдэн зуун мянган доллар.
-Нэвтрүүлгийн асуултуудыг ямар баг бэлтгэдэг бол?
-Асуулт бэлтгэдэг тусдаа нэг хүн байдаг. Ганц л хүн байхгүй бол нууц задарчихна.
А.Халиун
Эх сурвалж: “Нийслэл таймс” сонин
URL: