“Амьгүй” төсвөө Амь оруулъя

tusuww2015 оны төсвийн тодотголыг шийдлийн Засгийн газар, УИХ-д өргөн барьж хэлэлцэн, хуульчлан батлагдсан. Одоо 2017, 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, удахгүй 2016 оны төсвийн талаар ярина. 2015 оны тодотголын гол шийдлүүд нь базаж хэлэхэд өрийн тааз нэмэгдүүлэх, татвар нэмэх, орон тоо хасах, төсвийнхөн бүсээ чангалах гэсэн асуудлууд байв уу гэж харагдаж байна. Тус бүрээр нь аваад үзвэл эдийн засгаа зөв голдирлоор нь хөгжүүлээд энэ олон мянган аж ахуйн нэгжүүд хөл дээрээ босоод ирвэл дотоодын нийт бүтээгдэхүүн өсч, түүнд эзлэх өрийн хэмжээ бууж, өрийн тааз аяндаа багасна. Ганц зүйл л бодогддог, тэр нь хувийнханд төрийн оролцоо бага байгаасай гэж. Нөгөө талаар татварыг нэмэхэд эдийн засаг унасан дээрээ унана.
Тэртээ тэргүй НӨАТ гээд зэрлэг татвар аж ахуйнуудаа унагаад зогсохгүй далд эдийн засгаа аль хэдийнэ бий болгочихсон шүү дээ. Мөн НӨАТ төлөгч, төлөгч бус гэж ялгаснаар төлөгч биш нь эдийн засгийн харилцаанаас шахагдаж том аж ахуйнуудтайгаа харилцаж чадахгүйгээс ихэнх аж ахуйнууд амиа зогоосон ТҮЦ маягтайгаар зохион байгуулагдаж байна. Үүнээс гадна хүнээ ажилтай байлгах асуудал улс гүрний эн тэргүүний асуудал. Ажилгүйчүүдийн тоо нэмэгдвэл ядуурал улам нэмэгдэж, түүнийг дагасан сөрөг нөлөөллүүд хэдэн төгрөгийн цалингаасаа илүүтэйгээр нийгэмд хүндээр тусна. Манай улс социализмаас капита- лизмд, чөлөөт зах зээлд шилжээд 20 гаруй жил болж байна. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас татгалзаж зах зээлийн эдийн засагт шилжсэн. Гэтэл бид эдийн засгийн суурь том харилцаануудаа өөрч- лөх гүйгээр, хэлбэрээр амаар шилжээд яваад байна.

Санхүүгийн системийн томоохон өөрчлөлтүүд хийгээгүй, зөвхөн өмч хувьчлалаар хязгаарлагдсан, өмч хувьчлалын анхны хэлбэр (ягаан цэнхэр тасалбар) лавтай буруу, ард түмнээ зүгээр л хуурсан, хоёр дахь нь ч зүв зүгээр ажиллаж, хэдэн зуун мянган хүнийг ажил амьдралтай, нийгмийн баталгаатай байлгаж, тухайн үеийн улс орныхоо эдийн засгийг дагаад явж байсан үйлдвэр аж ахуйн газруудаа зориуд дампууруулж одоо төрийн толгойд байгаа хэдхэн хүн авсан. Банкаа бас л хүчээр дампууруулж хөл дээрээ арай ядан босож байсан хэдэн арван хувийн аж ахуйн нэгжүүдийн, мөн төсвийн мөнгийг ч хураан авсан. Одоо гурав дахь нь эдийн засаг хүндрэл, хямрал нэрийн дор эх орноо хувьчилчих юм биш байгаа гэж заримдаа боддогоо нуух юун. Эрүүл мэндийн даатгалын систем, тэтгэврийн асуудал, төсвийн хуваарилалт бүгд л хуучнаараа төвлөрүүлээд дээрээс төсөв нэрээр хуваадаг зарчмаараа, социализм,төвлөрсөн эдийн засаг чинь энэ шүү дээ. Ийм л системтэй байсан. ТӨСВИЙН асуудлаар надад хоёр зүйл үндсээрээ буруу яваад байна гэж бодогддог.

Нэг: Зах зээлийн эдийн засагт шилжлээ гээд эдийн засгийн нэгдсэн бодлогоо барьдаг, төсөвлөдөг, хянадаг байгууллагыг нь устгассан, мөн төсвийн хуваарилалт нь буруу учраас олсноо зөвхөн үрдэг системд Монгол орон маань шилжсэн. Өөрөөр хэлбэл улсын нэгдсэн бодлого барьдаг / институци/ газаргүйгээс төсөв хэлэлцэхдээ зөвхөн салбар яамдын оруулсан санал дээр нэмэх нь эрхэм гишүүдийн тойргийн асуудал. Та бүхэн байгууллага, салбарын бүрийнхээ төсвийн гүйцэтгэлийг эргэн нэг хараарай. Бүх үзүүлэлт ‘’0’’, таван төгрөг ч зөрөхгүй, оны эцэст нэг аймагт нь дутвал нөгөө аймагт илүү гарснаас нь аваад хаачихна. Эсвэл хөрөнгө оруулалтаа царцаах юм уу, хийлгэсэн ажлынхаа мөнгийг нөгөө муу компаниуддаа өгөхгүй луу унжиж, тэднийгээ ч банкны дарамтад оруулан сөхрөөж, улс нь ч дараа жилийн төсөвт баахан өртэй хоцордог. Иймээс төсөзахирагч нар буруу зөв хуваарилагдаад ирсэн мөнгийг хуульдаа зохицуулан үрэх л үүрэгтэй. Бүр “0” болтол нь үрэх, мөн салбарын сайдууд нь салбартаа хэл амгүй байхын тулд ахуйхан төсөв УИХ-аар батлуулах үүрэгтэй. Улсын төсөв миний мэдэхээр сүүлийн арван жилд 10 дахин тэлсэн. Төсөв ард түмэндээ үйлчлэх ёстой. Гэтэл ард түмний амьдрал, төрийн үйлчилгээ 10 дахин нэмэгдсэн үү. Ядаж төсвийн ажилчдын цалин хөлс яаж нэмэгдэв.

Хоёр: Хамгийн гол зүйл төсвийн хуваарилалт, төсвөө хэлэлцэн баталж буй зарчим үндсээрээ буруу учраас өнөөдрийн ийм гажуу тогтолцоо бий болсон гэж үзэж байна. Аливаа улс оронд улсын төсөв, муж, орон нутаг, хотын төсөв гэж бий. Манайд ч хуулиараа тийм. УИХ ямар төсөв ярьж, юу хэлэлцэж, яаж батлах, орон нутгийн төсөв юугаа бүтээж, юугаа ярих гэдэг өөр хэрэг. Гэтэл УИХ аймаг сумын цэцэрлэгийн гал тогооны засвар төчнөөн төгрөг, тэр сумын тийм сургуулийн хана таазыг нь будна, тэчнээн төгрөг гээд ярьж суух. Хэний өмчийг хэн засч янзлах, хэний ашиглалтыг хэн хариуцах гээд байгаа юм бэ. Энэ чинь балансаараа тухайн орон нутгийн өмч, бүр цаашилбал тухайн байгууллагын өмч. Эзэн нь юмаа засна уу, ашиглана уу, өргөтгөнө үү гэдгийг хуулиараа тэд л мэдэж хариуцах ёстой. Тэгвэл аймаг, нийслэл, сумын дарга нар юу хийж, юуг ярих ёстой юм вэ? Тэдэнд бизнесээ өргөжүүлэх, дэмжих өөрөөр хэлбэл орлого олох шаардлага сонирхол байна уу. Тэртээ тэргүй дээрээс нь бүгдийг нь өгчихдөг учраас төсөв хүрэхгүй байна, төсөв хүрэлцээтэй байсан бол би их юм бүтээчих байсан гээд бүгдийг нь төсөв рүү чихээд нэхээд л сууна. Тэдэнд бизнес эрхлэгчид босно уу, сөхөрнө үү падлий байхгүй. Жижиг дунд бизнесээ өргөжүүл гээд төрөөс бодлогоор өгч буй тэр их мөнгө яаж зарцуулагдах нь огт хамаагүй, танил талдаа өгдөг ч юм уу буруу зөв зарцуулаад л өнгөрнө.

Орон нутгийг бие даалгана гэдэг дээрээс нь мөнгө өгнө, тэрнийг яаж хуваахаа Засаг дарга, Иргэдийн хурал шийд гэхгүй л дээ. Харин эсрэгээрээ орон нутаг юмаа /орлого/ бүтээ, бүтээснийгээ бүгдийг нь ч гэсэн зарцуул, хүрэхгүй бол улсаас зээл ав. Тэгээд орон нутгийнхаа бизнесийг өргөжүүлж төл гэвэл л сая орон нутаг бие даасан болох байх л даа. Яагаад улс нь төсөв хүрэхгүй гээд гаднаас өндөр хүүтэй зээл авдаг бусад нь яагаад ам руугаа халбагадуулаад, үрээд шүүмжлээд суух ёстой гэж. Бидний сонгосон тэр нийгэмд муж орон нутгийн төсөв нь тусдаа битгий хэл, бараг хууль, журам нь бие даасан байдаг шүү дээ…2015 оны төсөв хэлэлцэхэд бие даалгана гээд багцаар нь багцаар нь бөөн мөнгө өгөх тухай яриад үзвээ дээ. Энэ өмнө нь байгаад гарцаагүй буруу гэдэг нь амьдрал дээр нотлогдчихсон асуудал. 1996 оноос мөрдөөд Монгол Улс цалин хөлс тэтгэвэр тэтгэмжээ ч тавьж чадахгүй, улс даяараа өрийн сүлжээнд орж, 2002 оноос төрийн сангийн нэгдсэн тогтолцоонд шилжиж байж 2005, 2006 оноос л арай чүү эрүүлжсэн. Тэгэхээр төсөв яаж явах ёстой вэ гэдэг бодлоо эдийн засагч хүн улсад олон жил санхүү, эдийн засгийн чиглэлээр хувь, хувьсгалын салбарт ажиллаж байсныхаа хувьд бодож, санаж явдаг зүйлээ хэлье. Тэгэхээр төсөв яаж явах ёстой вэ? Миний бодлоор төсөв дээрээс биш доороосоо зарчмаар явах ёстой болов уу. Ингэж байж Монгол Улс нэгдсэн төсөвтэй, төсвийн тогтвортой байдлын тухай хууль жинхэнэ утгаараа үйлчилнэ. Өнөөдөр УИХ, маргааш аймаг, нийслэл, нөгөөдөр сум, дүүрэг хуралдахаар ИХ-аар хуульчлан батлагдсан тоо хүссэн хүсээгүй өөрчлөгдөнө. Ингээд л он гарахаас өмнө Монгол Улсын төсөвт тодотгол оруулах шаардлага гарчихдаг. Сангийн яам тэр чигээр нь явуулж байгаад өмнөх оны тайлан тэнцэл гарсны дараа 7, 8 сард УИХ-д бүгдийг нь цуглуулж оруулж ирж тодотгол нэрээр баахан тоо засуулна.
Тэр хооронд орон нутгийн дарга нар хэдэн тоогоо хэд дахин засаад авна даа. Эрх нь байгаа юм. Энд СЯ-ны буруу байхгүй, өнөөдрийн мөрдөж байгаа төсвийн хууль тийм. Иймээс төсөв хэлэлцэхдээ эхлээд сум дүүрэг, дараа нь аймаг нийслэл тэгээд нэгтгэж УИХ хуралдаж байж улсын нэгдсэн төсвөө хуульчлан батлах учиртай болов уу. Ингэж гэмээнэ Монгол Улс жинхэнэ утгаараа нэгдсэн төсөвтэй, нөгөө төсвийн тогтвортой байдлын хууль, сахилга хариуцлага нь ч үйлчилнэ. Мөн шат шатандаа хэлэлцэн батлах асуудал нь өөр өөр байна. УИХ нь улсын хэмжээний нэгдсэн бодлогоор явагддаг тэтгэвэр тэтгэмж, халамж тухайн салбарын ажилчдын цалин хөлсийг баталж өгнө. Цалинд орон нутаг өөрсдөө Иргэдийн хурлаараа яриад нэмэгдэл олгож болно. Орон нутагтаа чадварлаг боловсон хүчин ажиллуулах, тодорхой хэмжээний зах зээл бий болгохын тулд говийн нэмэгдэл ч гэдэг юм уу, янз бүрийн хөнгөлөлт, урамшуулал олгож болох юм. Эмийн зардал, хүүхдийн хоолны хангалт юм уу хуульд заасан болон тухайн намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт зайлшгүй тусгагдсан асуудлуудыг яри- на. Ту хайн салбарт тэр онд хэрэгжих тө- сөл хөтөлбөр, арга хэмжээ хэлэлцэн бат лагд вал зардлыг нь өгөх буюу улсын хэм жээний хөрөнгө оруулалтыг шийдэж таарна. Орон нутгийнхаа төрийн байгуул- лагуудын хэвийн үйл ажиллагааг тас- ралтгүй явуулахад шаардагдах зардлууд (халаалт, ус, гэрэл цахилгаан) мөн төрийн үйлчилгээд иргэдэд хөнгөн шуурхай хүргэхэд шаардлагатай зардлууд, иргэдийн амар тайван, эрүүл энх цэвэр цэмцгэр орчинд амьдрах эрхийг нь хангахад чиглэх зардлуудаа иргэдийн хурлаараа хэлэлцэн батлах ёстой болов уу. Улс, аймаг, нийслэл, сум, дүүрэг бүр хийх ёстойгоо л гүйцэтгэх ёстой.

Миний энэ санал хөрөнгийн эх үүсвэртэйгээ уялдах ёстой гэдгийг сайн ойлгож байна. Иймээс маргааш шуудхан хэрэгжчихгүй нэлээд сайн тооцоо судалгаа хийж, татварын болон зарим нэг хуульдаа өөрчлөлт оруулж байж хийх ёстой болов уу. Гэхдээ шийдлийн Засгийн газар байгаа дээрээ, цаг алдалгүйгээр 2016 оныхоо төсвийн төсөл дээр зарчмын асуудлууд, миний энэ санаануудыг сайжруулан, ганц нэгийг нь ч гэсэн шийдэж эхлээсэй гэсэндээ бичив. Төсвийн хуваарилалт энэ янзаараа байгаад байвал хэдэн арван жилдээ ч уул уурхайдаа найдсан юм уу зээл түшсэн, үрэлгэн эдийн засагтай орон хэвээрээ л явах болов уу. Эдийн засгаа зөв голдиролд нь оруулаасай, өөрсдөөсөө шалтгаалах зүйлээ хийгээсэй гэж хүсч байна. Иймээс л би өнөөдрийн төсвийг “АМЬГҮЙ” төсөв гэж нэрлээд байгаа юм. Саяхан нэгэн жиргээчийн сэтгэл хангалуунаар татвараа төлөөд амар амгалан амьдрах юмсан гэсэн бичвэр нь асар том бөгөөд сайхан үг шүү, татвар төлөгчид ч ингэж бодож байгаа.

 

Эдийн засагч ЭНХЭЭГИЙН ДОЛГОРСҮРЭН 

 


URL:

Сэтгэгдэл бичих