Алтан мужийн дайчид нэмэлт цаг сунгасны эцэст эхний тоглолтонд хожлоо
Үндэсний сагсан бөмбөгийн холбооны 2014-2015 оны улирлын шигшээд шалгарсан Кливленд Кавальерс болон Голден Стэйт Уорриорз багуудын эхний тоглолт Окленд хотын Оракл Арена буюу Голден Стэйтийн талбайд явагдлаа.
Нэмэлт цагт шийдэгдсэн хоёр багийн тоглолт эхнээсээ л эн тэнцүүхэн өрнөж үндсэн цаг 98:98 харьцаатай тэнцлээ. Улмаар нэмэлт цагт 10 оноо авсан талбайн эзэд 108:100 харьцаатай хожил байгуулан цувралыг тэргүүлж эхэлсэн.
Энэ тоглолтонд Алтан Мужийн Дайчдаас Стефен Карри (26 оноо), Клей Томпсон (21 оноо) нар багаа оноо авалтаар тэргүүлсэн бол Барнес, Грин, Игудала нар 10-аас дээш оноо авлаа.
Мөн сэлгээгээр талбайд гарсан бүх тоглогчид оноо аван, үр дүнтэй тоглолт үзүүлсний эцэст Леброн Жеймс (44 оноо), Кайри Ирвинг (23 оноо) тэргүүтэй хүчирхэг Кавальерсыг буулган авлаа.
Хоёр багийн хоёр дахь тоглолт гурван хоногийн дараа буюу 8-ны өглөө мөн Оракл Аренад явагдана.
Эх сурвалж: nba.com
URL: