Ажил хаялтын “ар хударга”

527-1433470906imagesАль нэгэн бүлэг хүмүүсийн анхаарлыг татах эсвэл удирдаж байх хүсэл бол хүн төрөлхтний нийтлэг араншин. Мөн тодорхой зорилго, дайсан байх нь амьдралыг тун ч амттай болгодог. Ерөөс дэлхийн цагдаа гэгдээд байгаа Америк орон туйлын амар тайван байдлыг үзсэн билүү. Диваажин гэж байдаг бол үгийг нь сонсож шүтдэг бүлэг хүмүүстэй, үзэлцэж байх дайсантай газар байх болов уу даа.
Яг ийм зангилаан дээр төрийн бус байгууллагууд байнга тоглолт хийдэг. Тэд төрийн байгууллагын муу байгааг л илчлэх ганц зорилготой. Гэхдээ төрийн алба дандаа сайн байдаггүй нь үнэн. Улсын байгууллагад ажилладаг эмч, сувилагч, тээвэрчид ажил хаяхаар сүрдүүлж, цалингаа чамлаж болдог.
Яахав сонгогдож ирдэг даргатай болохоор нь элэг барьж байгаа юм л даа. Түүнээс хувийн хэвшлийнхэн зүгээр л байж байна. Хамгийн гол нь энэ бүх ажил хаялт, муулалт нийгэмд хар бараан сүүдэр тусгах зорилготой мэт харагдаж байгаа. Дараа нь нэг баатар цагаан морьтой давхиад гараад ирэх жүжиг шиг харагдах боллоо.
“Үйлдвэрчний эвлэлийнхэн л ажил хая гээд байгаа юм. Түүнээс одоо хурдхан ажилдаа гармаар байна” гэж буй тээвэрчдийн үг үүний тод жишээ. Ер нь тэгээд үйлдвэрчний эвлэл гэдэг яг юунд хэрэгтэй байгууллага вэ. Тэд байнга л цалингийн доод хэмжээг хугацаанд нь нэмэгдүүлсэнгүй гэж шаарддаг.
Гэтэл эдийн засаг сул байгаа энэ үед цалингийн доод хэмжээг нэмэгдүүлбэл юу болох уу. Милтон Фридман аль 1960 онд Америкт энэ талаар “Цалингийн доод хэмжээг нэмэгдүүлж бага орлоготой хүмүүст туслахыг боддог явдал бий. Гэвч байгууллагууд цалингаа нэмэгдүүлэхийн тулд хүнээ цөөлөх нь зах зээлийн хууль.
Одоо хэдий бага цалинтай ч хүмүүс амьдраад л байна. Харин цалингийн доод хэмжээг нэмэгдүүлбэл яг туслахыг хүсээд байгаа тэр хэсгээ л гудамжинд гаргачихдаг юм даа” гэсэн байдаг шүү.
Ж.Энх
Эх сурвалж: “Нийслэл таймс” сонин

URL:

Сэтгэгдэл бичих