Олон улсын терроризм

163502-04062015-1433408732-1620445850-1Жихадистууд АНУ-ын өөрийнх нь ашиг сонирхолд аюул учруулжээ

Латин хэлний terror буюу утгачилбал айдас хүйдэс гэх үгс XXI зууны олон улсын харилцааны нэр томьёоны байнгын хэллэг болжээ. Мэдээж хүн төрөлхтний түүхнээ аллага хядлага үй түмээрээ байсан. Харин тэрийг нь терроризм хэмээн нэрлэж томьёолсон нь ердөө 1934 оноос юм. Марсельд Югославын Ван нэгдүгээр Александр, Францын Ерөнхий сайд Луи Барт нарыг санаатай алсантай холбогдуулан Үндэстнүүдийн холбоо 1934 онд анх энэ аюулын тухай хэлэлцэн 1937 онд анхныхаа эрх зүйн актыг гаргасан байдаг. Үндэстнүүдийн холбоо бол НҮБ-аас өмнөх олон улсын Засгийн газар хоорондын универсал байгууллага билээ.

“Терроризмоос урьдчилан сэргийлэх, терроризм үйлдсэнийх нь төлөө шийтгэх тухай конвенц”, “Олон улсын эрүүгийн шүүх байгуулах тухай конвенц” гэх нэртэй тэрхүү чухал баримт бичиг тэгсгээд хэрэгжээгүй л дээ. Гэхдээ хожмын олон улсын чухал гэрээ, хэлэлцээр, конвенцуудын эх сурвалж болж өгсөн.

Эдүгээ яригдаад шуугиад байгаа тэр терроризм хэзээ яаж үүссэн эд вэ? Манай уншигчид лалын ертөнц хавиар л төсөөлөөд байх шиг. Тэгж яривал цэрэг оруулаад байлдаж буй, эсэргүүцлийн хөдөлгөөнийг дарж буй Засгийн газрын хувьд өөдөөс нь партизаны дайн дэгдээсэн болгон террорист болж харагдаж байгаа.

Ердийн дайн мөргөлдөөнд дайсагнагч улс орнууд бие биенийхээ эсрэг террористуудыг ашиглах явдлын үндсийг тэртээ 1960-аад онд тавьсан ба анхных нь Зөвлөлтийн эвслийнхэн болон Арабын зарим орнууд холбоотон болж Израилийн эсрэг тусгай тэмцэгчдийг илгээсэн нь орчин цагийн олон улсын терроризмын эхлэл хэмээн Израилийн Ерөнхий сайд Б.Нетаньяху онолджээ. Тэрбээр үе үе олон улсын харилцааны онолын дүгнэлт хийдэг нэгэн. Түүний зөв ч байж магад. Зөвлөлтийн эвслийнхэн, Aрабын зарим орнууд гэсэн хоёр тусдаа бүлэг орнууд 1960-аад оны сүүлчээс 1980-аад оны дунд үе хүртэл террорист үйл ажиллагааг спонсорлож байсан гэжээ.

Тэгэхдээ дээр үеэс, зарим нь бүр 1940-1950-аад оноос СССР-т тусгай сургуульд дадлага хийж бэлтгэгдэж байсан ба Өрнөдтэй хүчний тэнцвэрийг барьж байхын тулд СССР нь Ливи, Сири, Ирак, өөр зарим нэг Арабын улсыг цөмийн цохилтын бамбай болгохоор өөгшүүлсэн аж. Зөвлөлтийнхний сургаснаар цаад араб террористууд нь хүмүүсийг барьцаалах, иргэний агаарын тээврийн онгоц хулгайлах, улс төрийн захиалгат аллага үйлдэх хэлбэрээр тэмцэж ирсэн. Үүний сонгодог жишээ бол Палестины чөлөөлөх байгууллага ажээ. Уг байгууллагын байлдагчдыг болон ерөөсөө дэвэн дэлхийн хамаг террористуудыг СССР элсүүлээд 1960-аад оноос өөрийн нутагт, Одесс, Баку, Симферополь, Ташкент хотод тусгай лагериудад бэлтгэж байв гэсэн мөрүүд түүний номд байна– Binyamin Netanyahu. Fighting Terrorism: How Democracies Can Defeat Domestic and International Terrorism (Diane Pub Co, 1995)

Чухам тэр Одесс, Баку, Симферополь, Ташкентыг бол монголчууд мэдэхгүй. Тухайн цагт СССР-ийн Улсыг аюулаас хамгаалах хорооны дээд сургууль, Дотоод яамны академи, цэргийн өдий төдий академи, дээд, тусгай дунд сургуулиудад монголчуудтай тохой зэрэгцэн өчнөөн араб, палестин, хар арьст цэргийн сонсогчид суралцаж байсныг бол бид мэднэ. Тэдний хэд хэчнээн нь террорист болж хувирсныг бол мэдэхгүй.

Үүнээс цааш палестинчуудын тэмцлийн түүх ил болсон доо. Тэд Ливанд “Улсын доторх улс” байгуулж тэмцээд тэндээсээ хөөгдсөн. Тунист мөн адил. Оросын тусгай албаны генерал Ф.Бобковын тооцоолсноор 1976-1996 онд жилдээ олон улсын терроризмын халдлага 320-660 бүртгэгдэж байжээ.

Израилийн эсрэг тусгай тэмцэгчдийг илгээсэн нь орчин цагийн олон улсын терроризмын эхлэл

“Хүйтэн дайн” дуусч, хоёр системийн тэмцэл зогссоноор олон улсын терроризм мөн алга болох юм байна гэж гэнэнээр төсөөлж явтал хэрэг бишджээ. Террористууд нь шашны, салан тусгаарлах, үндэс угсаагаар ялгаварласан, бүр иргэншлийн мөргөлдөөний хэлбэрт шилжээд XXI зууныг даваад одоо бол хөгжлийнхөө шинэ шатанд явж байна.

Эдүгээ манай гараг дээр хэдэн зуугаар тоологдох террорист бүлэг ажиллаж байна. Жил ирэх тусам харгислал нь доозоо хэтрүүлж, улс төрийн зорилгоор бус ерөөсөө хүн байгаагийнх нь төлөө хүний амь егүүтгэх нь түгээмэлжих хандлагатай. Гэмгүй хэчнээн хүн үрэгдэв гэдгийг тооцоолох аргагүй, даян дэлхий мэл гайхаж байна гэхээс өөр хариулт алга.

Улс орнуудын тусгай албад хүчирхэгжин, террористуудыг авлаж, террорист бүлгүүдийг тараах боловч хүчин мөхөстөх болсон. Тэдний сүлжээ дийлдэхээ больсон ба дэлхийн хамтын нийгэмлэг дарж хүчрэхгүй, маш харгис, хүчтэй, зальтай, өршөөлгүй дайсантай ийнхүү тулгарчээ. Өршөөлгүйгээс гадна байнга шинэчлэгдэж, сэлбэгдэж, өвч бүрэн зэвсэглэж тоноглогдсон хүчтэй арми болон хувирчээ. Одоо бол жилдээ 9000 гаруй террорист халдлага үйлдэгдэж, 19 мянган хүн үхэж үрэгдэх бол энүүхэнд болсон. Ийм гамшиг байнга нүүрлээстэй улс гэвэл эхний ээлжид Иракийг нэрлэнэ. Араас нь Афганистан, Пакистан, Сомали, Нигери, Йемен зуузай холбоод ороод ирлээ.

Шашны радикализмын зарчмаар байгуулагдсан радикал-лалын бүлгүүдийн хөлд дээрх нэр заасан орнууд сөхөрч явна. Улс төрийн зорилгоор төрийн гүйцэтгэж чадахгүй үүргийг өөртөө авсан Талибаныг эдүгээ террорист байгууллага гэх үү, үгүй юү гэдэг дээр бөөн маргаан өрнөнө. Афганистан дахь Зөвлөлтийн интервенцийг эсэргүүцүүлэхээр бүтээж босгосон хүч нь Аль-Кайда болоод өөрчлөгдсөн, түүний удирдагчийг тухайн цагтаа АНУ-ын Тагнуулын төв газар буй болгосон мөртлөө хожим нь хөнөөчихсөнийг элдвээр тайлбарлах нь бий.

Эдүгээ тэр хэдэн зуун бүлэг гэдэг дотроос хэлбэр дүрсээ олоод төр улсынхаа бодлогод нөлөөлөн, бүр эрх барьж буй ХАМАС-ыг хар жагсаалтаас хасах гэж байх шиг. Гэтэл Испани дахь ЭТА, Ирландын бүгд найрамдах армийг хааш нь оруулах вэ? Тэдний аллага үйлдэх нь зогсчихсон байгаа ч оршсоор буй.

2014 он бол олон улсын терроризмын хөгжлийн түүхийн шинэ эрин үеийг эхлүүлсэн он болж түүхнээ орох болов уу. Хөгжлийн гэдэг нь дэвшилт гэсэн утгаар бус төрөл арилжсан, огцом хурдтай өсч дэвжсэн гэдгээр хэлж байна. Аль-Кайда, Хезболлах хоёрыг моодноос гаргаж, тэднээсээ бүр хол давсныг нь хэлж байна. 2014 оны наймдугаар сард Иракт ISIS буюу “Ирак, Сирийн лалын улс” гэх бүлэг гэнэт ялгуусан ялалтаа байгуулав аа. “Улсын доторх улс” (оодой улс) байх хувьтай лалын бүлэг даян дэлхий дэх дэмжигсэд, элсэгчдээрээ толгой цохиж явна. Тэр бүлэгт үнэнчээ илтгэн тангараглах дон бусад улс дахь лалын тэмцэгчдэд ээлж дараалан халдварлажээ.

Зөвлөлтийн интервенцийг эсэргүүцүүлэхээр бүтээж босгосон хүч нь Аль-Кайда

Тангараг өргөгсдийн дотор нигериагийн Боко Харам, Йемен ба Арабын хойг дахь Аль-Кайда, Пакистаны Техрик-е Талибан, Систан ба Белужистаны Жундалла, Узбекистаны Лалын хөдөлгөөн, Синайн хойг дахь Ансар Бейт аль-Макдис, цаашлаад Ливи, Египетийн салангид исламистууд, Пакистан-Афганистаны хилийн дагуу ууланд бүгж буй эрээвэр хураавар лалын тэмцэгчид гээд маш том, бүр аугаа гэж хэлэгдэхээр газар нутагт хэдэн түмээрээ дэмжигсдээ олоод авчээ. Товчхондоо Нигериэс Пакистаныг хүртэл, Африкийн баруун, баруун хойд, хойд, дорнод хэсэг, Баруун Ази, Ойрх ба Дундад Дорнод, Төв Ази, Өмнөд Ази бол ISIS-ийн үйл ажиллагааны талбар нь аж.

Ийм том өргөн уудам нутагт, дэлхийн лавтай 50 орчим төрт улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулна гэдэг зохион байгуулалт, хөрөнгө мөнгө, хүн хүч, гаднын дэмжлэг гээд дагалдан яригдах асуудал өч төчнөөн буй. Санхүүгийн ивээн тэтгэгчид нь Персийн булангийн Арабын баян монархууд гэсэн ерөнхий таамаг буй ч өөр улсын тусгай албад цаана нь байна гэх хардлагыг оросын судлаач эрдэмтэн Алексей Зуди гэдэг нөхөр илэрхийлсэн байна билээ. Тэрбээр conspiracy theory буюу конспирологийн онол (хөрвүүлбэл хуйвалдааны онол) гэдгээр дүгнэлтээ гаргаж ирэхдээ дээр дурдан буй террорист үй олон бүлгүүдийн дээр нэгдсэн нэг удирдлага заавал байгаа, тэр нь улс орон бүрийнх нь тусгай албад байх ёстой хэмээн хадуурсан байх юм.

Бас тэгж хадуурахдаа ISIS-ийг АНУ Сирид Башар Асадын эсрэг тэмцэлд нь дэмжсэн, гэтэл одоо тэр жихадистууд нь Ирак, Сири, мөн Ливийн ихээхэн нутгийг эзлэн, Израилийн хилд тулж ирэн, тэгснээрээ АНУ-ын өөрийнх нь ашиг сонирхолд аюул учруулжээ. Тэгэхлээр нь АНУ террористуудаа “хүний”, “өөрийн” гэж хуваагаад эхэллээ хэмээн проф. А.Зуди бичсэн нь хадуурал уу, хардлага уу? эсвэл яг бодит үнэн үү, аль нь бол?

Олхонуд Баярхүү
Олон улсын харилцааны түүхч профессор

Засгийн газрын мэдээ


URL:

Нэр: خرید تار Огноо: 22 July 2018

thank you16

ttps://iransaz.net/خرید-تار-کماچه-سنتور-دف-تنبک-تنبور-دوتا/

Нэр: خرید تار Огноо: 23 July 2018

thank you15

ttps://iransaz.net/خرید-تار-کماچه-سنتور-دف-تنبک-تنبور-دوتا/

Сэтгэгдэл бичих