Оюутолгойн төлөвлөгөөн дэх “хэрэггүй” заалт
Ерөнхий сайдын албатуудаараа зуруулсан Дубайн баримт бичиг багагүй асуудал дагуулах нь. Хамгийн томоохноос нь дурдвал УИХ-ын гишүүдэд мэдэгдэлгүй явж баталгаажуулсан энэ баримт бичгийг судалсан хойноо ч эсэргүүцэж буруушаах гишүүн цөөнгүй байна. Тэр бүү хэл, зарим нэг нь нийлж байгаад Ерөнхий сайдаа огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн. Ерөнхий сайдаа огцруулахаар ханцуй шамладаг үзэгдэл хэнбугайн ч Засгийн газрын үед байдаг л асуудал мэт боловч Ерөнхий сайдын өөрийнх нь сайшаан талархаад байгаа асуудлыг ангийн нөхөд нь яагаад хүлээж авахгүй байна вэ гэдэг анхаарал татна. Цагаан цаасан дээр хараар бичсэн зүйл нэг л утгатай баймаар, түүнийг уншсан хэн ч нэг л төрлийн мэдээлэл авмаар. Гэтэл Дубайд үзэглээд ирсэн баримт бичгийг УИХ-ын гишүүд ч, олон нийт ч өнөө хэр зүсэн зүйлээр тайлбарлаж байна.
Зарим нь “Олон жил гацаж, хүлээлт үүсгээд байсан далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр болсон нь сайшаалтай” хэмээн алга ташиж байгаа ч нөгөө хэсэг нь эрс эсэргүүцэж байна. Ингэхдээ тэд “Эх орноо худалдаад, зургаан тэрбумын өрөнд унагаад ирлээ. Монгол Улс ойрын хэдэн жил нар үзэхээргүй боллоо” гэцгээх юм. Үнэндээ мэдээлэл хүлээн авагч иргэнийхээ хувьд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эхлэх нь уналтад ороод байгаа эдийн засагт бодит дэмжлэг үзүүлэх нь гэж ойлгосон ч сөрөг мэдээллээр балбуулаад байхаар эргэлзэхэд хүрч байгааг нуух юун. Худал үгийг мянгантаа давтвал үнэн болдог гэдэг. Гэтэл энэ нь зарим тулхтай, туршлагатай хүний хэлснээр мянгантаа давтаад байх шаардлагагүй худал ч байж болох.
Тухайлбал, Дубайн гэрээ ид маргаан дагуулж буй энэ үед Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Д.Бямбасүрэн гуай ийнхүү хэлэв. ”Дубайн гэрээ биднийг олон сая ам.долларын өрөнд оруулж, Монголын орд газруудын хувь заяаг гадаад захирлуудын гал тогоонд шийддэг боллоо” хэмээсэн. Ердөө энэ жишээнээс харахад Д.Бямбасүрэн гуайд аль нэг намын талд орох эсвэл хэн нэгэнд дулдуйдах шаардлага үгүй баймаар. Энэ үүднээс харвал Дубайд үзэглэсэн баримт бичиг үнэхээр Монголын эрх ашигт харшилсан юм биш биз гэх хардлагыг эрхгүй төрүүлж байгаа юм. Нөгөө талаас бас нэг шүүмжлэлийн бай болоод байгаа заалт нь энэ баримт бичгийн 4.4 дэх хэсэг. Үнэндээ Ч.Сайханбилэг сайд Дубайд айлчлах үеэрээ Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр болоод ирсэн. Харин тэр актыг гэрээ гэх үү төлөвлөгөө гэх үү гэдэг өнөөдөр ч эргэлзээтэй хэвээр байгаа.
Хэдийгээр Ерөнхий сайд “Төлөвлөгөө” гэж онцолж байгаа ч олон улсын Арбитрын шүүхэд очиход албан ёсны гэрээ болж хувирах учиртайг учир мэдэх хүмүүс хэлж буй. Нөгөө нэг асуудал нь “Оюу-толгой” компанийн санхүүгийн тай-лантай холбоотой “хэрэггүй” заалт энэ төлөвлөөнд багтсан бололтой. Учир нь Ч.Сайханбилэг сайдын баталгаажуулж ирсэн төлөв-лөгөөний 4.4-т Энэхүү төлөв лөгөөнд гарын үсэг зурснаас хойш ажлын тав хоногийн дотор Сангийн яам, “Оюутолгой” ХХК-ийн хүргүүлсэн 2010-2014 оны санхүүгийн тайланг баталгаажуулна” гэж заасан байгаа. Гэтэл энэ цаг үеэс хойш хэдэн тав хоног өнгөрөөд байна. Нөгөөтэйгүүр “Оюутолгой” компани яагаад бүтэн таван жилийн турш санхүүгийн тайлангаа гаргаж өгөлгүй явсан бэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм.
Ийнхүү өдий хүртэл сул чөлөөтэй явсан нь Аудитын болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг давхраар нь зөрчсөөр өдий хүрсэн болж таарж байгаа юм. Уг хуулиудад аливаа компани, аж ахуйн нэгж гурван улирал дараалан санхүүгийн тайлангаа гаргаж өгөөгүй бол зохих хариуцлага хүлээнэ гэх заалттай байдаг аж. Гэтэл “Оюутолгой” компани гурван улирал бүү хэл, таван жилийн турш санхүүгийн тайлангаа гаргаж өгөлгүй, манай улсад сул чөлөөтэй үйл ажиллагаа явуулсан гэсэн үг. Цаашлаад томоохон компанийн тайлан балансыг тохиролцооны журмаар шийдчихэж гэж харж болохоор байна. Өөрөөр хэлбэл, хууль дүрэмтэй асуудлыг талууд ширээний ард сууж байгаад “За өнгөрсөн хугацаанд гаргаж өгөөгүй манай тайланг танай тал хүлээж ав” гэдэг байдлаар тохиролцсон болж таарна. Энэ заалтын тухай бас нэг ойлгомжгүй зүйл байгаа нь “Ажлын тав хоногийн дотор хүлээж авч, Сангийн сайд баталгаажуулна” гэсэн заалт. Уг нь төлөвлөгөөнд ийм заалт орсон байтал Сангийн сайд “Надад гарын үсэг зурах шаардлагагүй” гээд байгаа. Харин С.Ганбаатар гишүүний хувьд “Сангийн сайд гарын үсэг зурчихвал дуусаа” гээд байдаг. Энэ бүхнээс харахад Сангийн яамны сайд нь гарын үсэг зурж баталгаажуулах шаардлагагүйг нь харвал “хэрэггүй” заалт мэт. С.Ганбаатар гишүүний үзэж буйгаар “Сангийн сайд баталгаажуулчихвал бүх юм дуусаа” гэвэл хамгийн хэрэгтэй заалт ч юм шиг ийм нэг ойлгомжгүй байдал үүсээд байна.
Үнэндээ энэ бүгдээс харвал бүтээн байгуулалтын томоохон ажил хэрхэн явж байгаа нь эрхгүй эргэлзээ төрүүлэхээр байгаа юм. Товчхондоо, төлөвлөгөөнд орсон заалт хэрэгтэй ч юм шиг хэрэггүй ч юм шиг нөхцөл байдал үүсээд байна. Түүнчлэн цаашид томоохон компаниуд санхүүгийн тайлангаа гаргаж өгөлгүй хав дарж явсаар эцэст нь тохиролцчихож болдог гэдэг мессежийг гадна, дотнын аж ахуйн нэгжүүдэд өгчихлөө байна гэж харж болохоор. Эс бөгөөс “Оюутолгой”-н санхүүгийн тайланг тохиролцооны журмаар хүлээж авдаг юм чинь” гэж барьцах хэсэг гарч ирэхийг үгүйсгэх аргагүй юм.
М.Өнөржаргал
URL: