ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАН

munguterbum0603Энэ удаагийн “Алжаал тайлах яруу найраг” хоромдоо яруу найрагч, сэтгүүлч Б.Ойдов “ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАН” хэмээх шүлгийг нийтэллээ.

 

ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАН

 

Үнэнхүү зүтгэлээр мачийж хөлжсөн гэмээргүй

Өтгөн хор найруулж малийтлаа баяжсан гэмээр

Үнэтэй цайтай хөрөнгө орлогын мэдүүлгүүд

Өмнө минь баярхсан шинжтэй дурайж байна

Төсвөөс хүртдэг цалин нь төө хэрийн мөртлөө

Төвөөс зугтах хүч шиг алд дэлэм хөлжсөн

Хулхи засгийн томоохон эрх мэдэлтэний

Хураасан цуглуулсныг онцгойлон авч тандахуйяа

“Ланд-200”, “Ниссан Патрол” тус бүр нэг

Ланжгар том хаус нь хоёр зуун мянган ногоон

“Яргуй” жуулчны баазын хорин нэгэн хувь

Яргайтын зуслангийн байр нь хорин долоон сая

Хурхын хөндийд эдлэн газартай

Хувьчлаад авчихсан алтны уурхайтай

Хурдан буутай, хурдны морьтой

Хуучны эдлэлтэй, хувьцаа, лицензтэй

Нийт хөрөнгө нь тэрбум гараад талийчихаж

Нэрэлхэж эмээлгүй тэр чигээр нь мэдээллэчихэж

Нэхэл хатуутай бохир мөнгөө угаачихаж

Нийслэл, дүүргийн шүүхийг бас аргалчихаж

Хаалга цоожтой, салхивч түгжээтэй, цонх хаалттай

Хар шөнөөр хэрхэн, хаагуур, яаж гараад би

Хүүгийнхээ сэвлэгийг үлээж үнэрлээд

Хүүхнийхээ уруулыг үнсэж хоноод ирдэг байна аа” гэх

Манай нэг найрагчийн “Ойлгомжгүй” гэдэг шүлэг шиг

Мань хүн чухам хэдийд, хаагуур, хэрхэн яаж хөдлөөд

Маруухан доройхон засгийн цалингаас халиад

Мандан бадралын диваажинд заларчихдаг байна аа?

Төсвөөс хүртдэг цалин нь төө хэрийн мөртлөө

Төвөөс зугтах хүч шиг алд дэлэм хөлжчихөөд

Төгрөг мөнгийг “Түй чёрт” гээд нулимж суугаа

Төрөөс төрсөн тэрбумтан гуай та сонс!

Ерээд оны үед хэн байснаа ор тас мартаад

Ихэмсэг хээнцэр язгууртан болж жүжиглэх чинь

Илжигний толгойд мөнгөн хазаар угласан юм шиг л

Элэг хөшөөмөөр, бас уушиг сагсаймаар харагдаж байна

Идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ногоордог шиг

Исгэж гашилтал хурааж цуглуулсан эд хөрөнгө чинь

Энэ зууны дансанд адгийн муугаар үлдэхийг

Ирээдүйн шүүх араандаа зуугаад хүлээж байна


URL:

Сэтгэгдэл бичих