Н.Алтанхуягаас айсандаа садангуудаас нь баривчилж эхэллээ

zasag Ардчилсан нийгэм бий болоод даруй 25 оныг ардаа орхиж, энэ л цаг үед өсч өндийсөн улстөрийн хүчин бол Ардчилсан нам. Гэтэл АН өнөөдөр 25 насыг зооглосон ч эрийн цээнд хүрэх нь бүү хэл чөдрийн морь дөхүүлэх хэмжээнд ч очоогүй гэдгээ удаа дараа харууллаа. АН-ынхан хоёрхон удаа төр барьж байгаа царай нь энэ. 1996 оны сонгуулиар шинэ нийгмийн уур амьсгалд сонгогч олон шинэ улстөрийн хүчинд итгэл өгснөөр АН ялалт байгуулсан. Харин тэд дөрвөн ч засгийн газраа унагаж, Монгол Улсын эдийн засаг болон нийгмийн амьдралд хямрал нүүрлүүлсэн. Тэр тусмаа улстөрийн хямрал жинхэнэ утгаараа нүүрлэсэн. Ерөөсөө Ардчилсан нам төрийн эрхэнд гарахаараа нам дотоодын самуун дэгдээж, хоорондоо алалцдаг нь энэ хүчинд тогтсон жишиг мэт болов.

Энэ л үед “казиногийн” гэх хэрэг мандаж, гишүүдээ шоронд хорьж, зарим нэг нь нас барав. Нам дамжсан олигархи бүлэглэлийн ил далд ажиллагаа бүр ч гаарч, нэгнээ муучлах улмаар баривчлах хорих ажиллагаа ч замбараагаа алдсан түүхтэй. Тийм ч учраас ард түмэн 2000 оны сонгуулиар тэдэнд “онцмуу” дүн тавьж, сонгуулийн дүн гарахад АН-аас ганцхан Ж.Наранцацралт агсан УИХ-д сууж байсан түүхийг уншигч та сайн мэдэж байгаа. Ард түмэн тэднийг төр барих бүү хэл түлээ ойртуулах насанд хүрээгүй байна гэж үзсэн хэрэг. Үүнээс хойш 12 жилийн дараа АН-ыг одоо л нэг эрийн цээнд хүрсэн хэмээн найдаж ард түмэн сонгосон.

Улстөрийн талбарт хорь гаруй жил зүтгэсэн Н.Алтанхуяг АН-ыг авч сонгуульд орсон. Тиймээс “шинэчлэлийн” хэмээх Засгийн газраа байгуулж, юун түрүүнд нам дамжсан олигархи хэсгээс салах ажиллагааг алсуур нь явуулсан. Тиймдээ ч зарим нэг урьд өмнийн хамтрагчаа жийсэн хэрэг байх. Энэ л үеэс бусад улстөрийн хүчинтэйгээ халаас нэг байдаг нөхдүүдийн цухал төрж, Н.Алтанхуягаар оролдож эхэлсэн нь өнөөдөр улам л ил болж байна. Өнөөдөр Н.Алтанхуяг хэдийгээр огцорсон ч гэсэн нэгэнт эхлүүлсэн үзэл санаагаа орхиогүй бололтой. Эсвэл намынх нь нөхөд түүнээс ихэд айж байгааг бас ойлгож болохоор. Яагаад гэхээр өнөөдрийн энэ олон баривчилгаа нь түүнийг илтгэнэ. Үнэн хэрэгтээ түүний ахлах зөвлөх байсан Л.Гансүхийг баривчилж, зохиомол хэрэг үүсгэж байгаа нь түүнийг дарж авах л санаа шүү дээ. Үүний дараа “Эрдэнэс Тавантолгой”-н захирал Я.Батсуурийг баривчлан хорьсон нь ч үүнтэй холбоотой.

Нам дотроо нэлээд хүчирхэг фракцийг тэргүүлдэг түүний нэр нөлөө Ерөнхий сайдын суудлаа өгснөөс хойш нам дотооддоо улам өсч байгааг уур амьсгалаас харж болно. Тиймээс улам дарж авахын тулд үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа бололтой. Үнэн хэрэгтээ Н.Алтанхуягаас АН ихэд айж байгааг харж болно. АН-ын бүхий л ажиллагаа түүний эсрэг чиглэж байгаа мэт боловч гишүүд дэмжигчид болон ҮЗХ тэр чигээрээ Н.Алтанхуягийг дэмжээд эхэлжээ.

Өнөөдрийн байдлаар гэхэд л түүний хүргэн дүү Г.Дэнзэнг баривчлан хорилоо. Г.Дэнзэнгийн тухайд ид шуугиан дэгдэж байх үед Н.Алтанхуяг ч “Дэнзэн бол манай өнөөгийн нийгмийн золиос болсон залуу” хэмээн өмөөрч байв. Гэтэл Г.Дэнзэнг Германаас ирээд удаагүй байхад нь АТГ-аас гэр оронд нь гэнэтийн нэгжлэг хийн, нярай хүүхэд, нялх биетэй эхнэрийнх нь нүдэн дээр баривчлаад аваад явсан. Ер нь Н.Алтанхуягийг дарж авахын тулд эргэн тойрных нь хүмүүсийг гөрөөлж эхэлсэн анхны тохиолдол энэ биш. Жил орчмын өмнө Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийг АТГ-ынхан мөн л хуурч гэнэдүүлэн баривчилсаныг би дээр дурдсан.

Тодруулбал, түүнийг юм асууж тодруулах нэрээр АТГ-ын мөрдөн байцаагчид  дуудан шүүхийн ямар ч тогтоолгүйгээр УИХ-ын гишүүдийн нүдэн дээр  баривчилж авч явсан байдаг. “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ асар их хэмжээний мөнгийг завшсан хэмээн буруутгаж, шалгасан ч үнэнд гүйцэгдээд ирэхээрээ  ямар ч аргаар хамаагүй яллахаар улайрч байгаа юм.

Ерөөсөө улстөрд хэлэх үгтэй хийсэн ажилтай хүмүүсийг эдийн засгийн бүлэглэлийн ашиг сонирхлын дагуу баривчилдаг нь олон нийтэд тодорхой болж эхэлж байна. Аргаа барсан Д.Дэнзэн “Намайг Н.Алтанхуягийн хүргэн дүү болсон гэдгээр л элдвээр оролдож байгаа болохоос бус хийсэн бүтээсэн ажлыг минь огт ярихгүй байна, уг нь би АН-д олон шинэ ажлыг эхлүүлсэн, одоо  ч зарим нь төр засгийн хэмжээнд хэрэгжээд явж байгаа” хэмээн гомдоллож байх вэ дээ. Ийм л зарчмаар тэд ажиллаж байгаа нь харамсалтай.“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Я.Батсуурийг ч яг л ийм аргаар баривчилсан.

АТГ улстөр бизнесийн бүлэглэлийн ашиг сонирхлын үүднээс ийн ажиллаж байгааг өнөөдөр олон хүн мэдэх болсон. Тиймээс гэм зэмгүй хүмүүст ял өгөх, ямар нэгэн хэлбэрээр арга хэмжээ авах юм бол хатуу тэмцэнэ гэдгээ хэдийнээ сануулаад эхэллээ.

 

Э.Мөнх


URL:

Нэр: Zochin Огноо: 4 June 2015

Saihanbilegees iluutei ajillaj bsan shuu Altanhuyag tanid amjilt

Нэр: Зориг Огноо: 5 June 2015

Дэнзэн “Намайг Н.Алтанхуягийн хүргэн дүү болсон гэдгээр л элдвээр оролдож байна гэж хэлж байгаа нь шал худлаа, одоо нэмээд төрийн сангийн цэвэр агаарын сангийн санхүүжилт хариуццдаг байсан олхиныг нь нэмээд 461-т хийчих, бас Гансүхийг нь буцаагаад суулга их юмны идээ бээр гарна даа

Сэтгэгдэл бичих