Америк хауснууд “эзэнгүй”, АТГ-ынхан чимээгүй
Нэгэн хэсэг МАН-ын туг нь болж явсан С.Баяр гэдэг хүн өдгөө эх орондоо сураг нь гарах төдийхөн АНУ-д амьдарч, харь улсад хачин олон хауснуудтай тухай шуугиан тарьсан шигээ байх болжээ. Хэдийгээр сонгууль дөхөж, түүнийг одоо л гарч ирэх болов уу хэмээсэн ч нам гүм байна.
Эр хүн тугал ч хариулна гэдэг шиг манай улс төр дэх хамгийн том намыг удирдаж явсан түүний АНУ-д зүлэг услаж байгаа зураг өнгөрсөн жил цахим ертөнцөөр тарж байсан юм. “АНУ дахь эдлэндээ зүлэг услаж байгаа нь” хэмээн нэрлэсэн түүний зураг нэг хэсэгтээ иргэдийн ярианы сэдэв болж “зүлэгчин” хэмээх нэр хүртэл авсан билээ. Тэрээр үүнийгээ “Муухан фотошоп” шүү дээ хэмээн үгүйсгэж байв.
Үүнээс хойш С.Баяр АНУ-д амьдарсаар цаг хугацаа урсан өнгөрч байтал УИХ-ын гишүүн Г.Уянга түүний АНУ дахь долоон ширхэг хаусыг “илчилж” ээлжит дуулиан дэгдээсэн нь саяхан юм. С.Баяр АНУ-д 24 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй, энэ нь Оюутолгойн гэрээтэй холбоотой байж магадгүй гэх мэдээлэл цацагдсан даруйд МАН-ын лидер “Би яс шалгуулна. Холбогдох газарт нь өргөдлөө өгнө” хэмээн эрсхэн мэдэгдсэн ч өнөөдрийг хүртэл таг чиг хэвээр байгаа нь эргээд иргэдэд эргэлзээ төрүүлж эхлээд байгаа юм. УИХ-ын гишүүн Г.Уянга ч С.Баярын байшингууд үнэн эсэхийг шалгах ёстой газрууд нь шалгах байх гэснээс биш эргээд үнэн зөвийг нь магадлахгүй таг сууна. АТГ-ынхан ч бас “А” гэх авиагүй нам жим.
Ингэхэд С.Баяр үнэхээр АТГ-т шалгуулаад байна уу, эсвэл Г.Уянга гишүүнийг таг чиг болгох аргаа олчихоод өөрөө хэл амнаас хол байна уу гэдгийг ялгахад хэцүү ажээ. Уг нь С.Баярын тансаг байшингуудын тухай баримтыг Г.Уянга гишүүнд хүргүүлсэн гээд байгаа цахим залуус С.Баярын АНУ дахь эдлэнгийн хаяг, утасны дугаарыг тун тодорхой гаргаж ирсэн байв. Алдарт долоон байшингийн хаяг хийгээд үл хөдлөхийн дуудлага худалдааны баримт, төрийн албадаас авсан тодорхой мэдээлэл гээд АТГ-ын энэ мэдээллийн үнэн зөвийг тодорхойлоход амар юм шиг санагдаад байгаа юм.
Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд “С. Баяр яасан байх нь вэ” гэдгийн хариуг хэн ч сөхөж тодорхой мэдээлэл өгсөнгүй, өгөх шинж ч алга. Түүний байшингуудын тухай бүү хэл мань хүн өөрөө хаана байгааг ч иргэд мэдэхгүй, үнэн худлын аль нь болохыг ард түмэн ойлгохгүй байна. Харин “хэргийн эзэн” гэгдсэн С.Баяр мэдээллийн хэрэгслүүдээр “Би биш. Би Монголдоо л амьдарна. Надад зуслан дээр услах зүлэг байгаа” хэмээн хаанаас ч юм ярьсан гэнэ. С.Баяр албан ёсоор АТГ-т өргөдөл гаргасан эсэх, АТГ Г.Уянга гишүүний нийтэд цацсан мэдээллээр түүнийг шалгаж эхэлсэн үү гэдэг оньсого хэвээрээ. С.Баяр болоод түүний ах дүүгийн нэр дээрх олон тэрбумын байшингууд нь эзэнтэй, эзэнгүйн аль нь болох хэн нь худал яриад байгааг нэг талд нь гаргах хүсэл манай АТГ-т байхгүй юу эсвэл тодорхой хугацаанд мэдээллээ нууцлаж байгаа юу гэдгийг мэдэх аргагүй байна. Эсрэг талаас нь харахаар АНУ дахь тэр байшингууд эзэнтэй ч юм шиг эзэнгүй ч юм шиг, С.Баяр АНУ-руу дүрвэсэн ч юм шиг, дүрвээгүй ч юм шиг байх юм. Хэрэв АТГ энэ хэвээр дуугүй байвал удахгүй болох сонгууль л хэн нь үнэн хэлсний сэжүүрийг гаргах байх даа.
Б.ДАМДИН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: