МАН-ын удирдлагууд их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
Монгол Ардын намын удирдлагууд болон нийслэл, орон нутгийн төлөөлөгчид их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлж, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөний өмнө дурсгалын зураг татууллаа. “Бид хамтдаа” уриатай энэхүү зөвлөгөөнд 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүргийн 700 гаруй намын удирдах ажилтнууд оролцож байна. Зөвлөгөөний салхийг хагалж, УИХ-ын дэд дарга, Монгол Ардын намын дарга М.Энхболд төлөөлөгчдөд хандан үг хэллээ. Тэрбээр “2016 оны УИХ-ын болон орон нутгийн хурлын ээлжит сонгуульд ялалт байгуулах нь манай намын ойрын зорилт болж байна. Монгол Ардын нам өнгөрсөн зуунд эх орныхоо улс төрийн тусгаар тогтнолын эх сурвалж, баталгаа болж байсан бол энэ зуунд улс орныхоо эдийн засгийн тусгаар тогтнолын их ачааг үүрэх хариуцлага хүлээж байна. Улс орны эдийн засгийн уналтыг зогсоож, босгож чадах боловсон хүчний нөөц ажлын туршлага манай намд байгаа. Энэ шалтгааны улмаас сонгуульд чамбай хандаж, амлалтаар биш ажлаараа ард түмний итгэлийг эргүүлэн татаж авах ёстой гэж үзэж байна. УИХ болон орон нутгийн хурлын сонгуулийн өмнөх жил гэдгээрээ 2015 оны хором бүхэн бидэнд үнэ цэнэтэй. Зун, намрын зургаан сар орон нутагт ид ажиллах цаг байх ёстой. Ирэх долоон сарын хугацаанд намын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг боловсруулж батлах, нэр дэвшигчдийг тодруулж бүртгэх, ухуулагч ажиглагч нараа бэлтгэх, гишүүдийнхээ идэвхи оролцоог нэмэгдүүлэх, нам бусчуудад хүрч ажиллана” гэлээ. Монгол Ардын намын удирдах ажилтны улсын зөвлөгөөн тусгайлан бэлтгэсэн илтгэлүүдээр үргэлжилж байна. Орон нутгаас ирсэн төлөөлөгчдийн хувьд намын бодлого, шийдвэр цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл сонссон үр дүнтэй зөвлөгөөн болж байгааг онцолж байна.
URL: