Улс төрөөс ангижирч чадаагүй олимпийн наадмууд
Орчин үеийн олимпийн хөдөлгөөнийг үндэслэгч Пьерде Кубертен спорт улстөрөөс ангид байх ёстой хэмээн тунхагласан билээ. Эртний Грекийн олимпийн наадмын үеэр дайсагнагч овог аймгууд хоорондын зөрчил тэмцлээ зогсоож, тэмцээн уралдааны талбарт шударгаар өрсөлдөн тэмцэлддэг байлаа. Харамсалтай нь, өнөөгийн соёлт хэмээгдэх ертөнцөд олимпийн наадам улс төрөөс бүрэн ангижирч чадахгүй л байна. Ингээд олимпийн түүхэн дэх хамгийн алдартай бойкотуудын тухай сонирхуулъя.
Хожим ОУОХ олимпийг Берлинд зохиох болсон шийдвэрийнхээ төлөө уучлалт гуйсан юм
АНТВЕРПЕН 1920, ПАРИС 1924
Дэлхийн I дайны хөлд хамгийн их нэрвэгдсэн, элдэв хувьсгал, үймээн самуун энд тэндгүй гарах болсон Европ тивд XX зууны эхэн гэхэд тайван байдал хараахан тогтоогүй байв. Тийм ч учраас 1920, 1924 оны олимпийг зохион байгуулагчид дайн өдөөсөн Германы тамирчдыг оролцуулаагүй юм. Германы холбоотон байсан Австри, Унгар, Турк, Болгарын тамирчдад мөн л дээр эрхийг олгосонгүй. Түүнчлэн ОУОХ-ноос Хаант засгийг түлхэн унагаж, хууль бусаар засгийн эрхийг авсан гэж үзээд Зөвлөлтийн тамирчдыг урьдаггүй байж. Энэ байдал 1952 он хүртэл үргэлжилсэн юм. Сонирхолтой нь, ОУОХ Хаант Оросын цагаачдад олимпийн наадамд оролцохыг зөвшөөрч байв.
БЕРЛИН 1936
Германы нийслэлд олимп болохоос гурван жилийн өмнө буюу 1933 онд фашистууд засгийн эрхэнд гарч ирсэн нь бусад орныг өөрийн эрхгүй болгоомжлоход хүргэв. Гитлерийн Германд арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл суртал нэлээд газар авсан учраас АНУ тэргүүтэй зарим улс олимпийг Испанийн Барселонад зохион байгуулах нь зүйтэй хэмээн ОУОХ-нд шахалт үзүүлж эхлэв. Гэвч Берлинд очиж ажиллаад ирсэн ОУОХ-ны тусгай комисс “Олимпийн наадмыг зохион явуулах боломжтой” гэсэн шийдвэр гаргасан юм. Үүнээс болж урьдчилсан байдлаар мэдүүлгээ өгсөн 49 орноос 37 улсын баг тамирчид л иржээ. АНУ эцсийн эцэст олимпийн наадмыг алгасахгүйгээр шийдсэн бол ОУОХ-ноос Зөвлөлтийг урихгүй байх шийдвэртээ хатуу зогссон байна. Харин дэлхийн II дайны дараа ОУОХ олимпиадыг Берлинд зохиох болсон гоомой шийдвэрийнхээ төлөө албан ёсоор уучлалт гуйсан түүхтэй.
МЕЛЬБУРН 1956
Дэлхий ертөнц бүхэлдээ хоёрхон системд хуваагдсан нь тодорхой болсныг илтгэсэн наадам. Голланд, Испани, Швейцар улс ЗХУ-ыг Унгарт хүч хэрэглэснийг эсэргүүцэн Мельбурны олимпийг бойкотлов. Энэ наадамд Унгарын тамирчид оролцсон ч дарангуйлалд өртсөн эх орондоо эргэн очихоос зүрхшээж, ихэнх нь ногоон тивд үлдсэн гэдэг. Үүнээс гадна европчуудын Суэцийн сувагт явуулж буй үйл ажиллагааг эсэргүүцэн Египет, Ирак, Ливан, Камбож зэрэг орон “Мельбурн 1956”-г хясан боожээ. Харин хятадууд олимп эхлэхээс хоёр долоо хоногийн өмнө тамирчдаа гэртээ үлдээх шийдвэр гаргасан байна. Шалтгаан нь ОУОХ Тайваньд олимпийн наадамд оролцох урилга илгээснээс үүдэлтэй аж.
МОСКВА 1980
Хүйтэн дайны үеийн АНУ-ЗХУ-ын зөрчил дээд цэгтээ хүрч, Сэм авгынхан зөвлөлтүүдийг Афганистанд цэрэг оруулснаар шалтаглан тамирчдаа илгээсэнгүй. Америкчуудаас гадна 63 улс “Москва 80”-ыг бойкотлосон гэдэг. Их Британи, Итали, Испани зэрэг Баруун Европын цөөнгүй орноос ирсэн тамирчид ОУОХ-ны далбаан доор тэмцээн уралдаандаа оролцжээ.
ЛОС АНЖЕЛЕС 1984
Дөрвөн жилийн өмнө хясан боогчдын балгаар “Чансаа муутай олимп зохиолоо” хэмээх шүүмжлэлд өртсөн оросууд ямар ч эргэлзээгүйгээр “Лос-Анжелес 1984”-ийг өнжихөөр шийдвэрлэв. “Ах” нарыгаа даган социалист лагерийн Румын, Югослав, Монгол зэрэг орон олимпийг бойкотлов. Харин БНХАУ Зөвлөлтийг даган баясагч биш гэдгээ нотлохын тулд Лос-Анжелес руу тамирчдаа явуулсан юм.
Б.Энхжин
URL: