Ерөнхий сайдыг бус УИХ-ыг тараая
Засгийн газар олон огцорсноос парламент нь тарвал улс оронд хор хохирол багатай. Харин манайд эсрэгээрээ. Ямартаа л 1990 оноос хойш 25 жилийн хугацаанд Засгийн газар нь 14 удаа өөрчлөгдсөн байх жишээтэй. Улмаар үе үеийн Засгийн газрын дундаж наслалт нь 28 сар. Тодруулбал, Н.Энхбаяраас бусад нь дөрвөн жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаагүй. Өөрөөр хэлбэл, үүрэгт хугацаанаасаа өмнө “нүд аньжээ”. Энэ удаад ч ялгаагүй. Арчиллынхан төрийн эрхэнд гарч, Засгийн газраа байгуулсан ч Н.Алтанхуягийн кабинат хоёрхон жилийн настай байв. Араас нь 28 дахь Ерөнхий сайдыг “тодруулсан” ч хойдохыг нь унших лам нарыг цуглуулах хөдөлгөөн өдгөө парламентад эрчимжиж буй. Товчхондоо, манай улсад Засгийн газрын тогтвортой байдал тэг үнэлгээтэй. Улстөржилт хэрээс хэтэрч, улс орноо тэргүүнд тавьж, ажлаа урагшлуулахаас илүү улс төр хийж, нэгнийгээ дэгээдэх байдал газар авсны илрэл нь энэ.
Засаг солигдох бүрт салбар хариуцсан сайд нараас гадна яам, агентлагийн газрын даргаасаа цэвэрлэгчээ хүртэл халаа сэлгээ хийгддэг. Тиймдээ ч парламентын ихэнх цагийг Засгийн газар болон түүний сайд нарыг огцруулах болон томилоход зарцуулдаг гаж тогтолцоотой, манай улс. Улмаар гүйцэтгэх засаглал солигдох бүрт, цаашлаад халгаа сэлгээ үргэлжлэх тэрхүү урт удаан хугацаанд улс орны амьдрал тэг зогсолт хийдэг. Гэтэл энэ бүх гажуудлын үндэс нь Үндсэн хуульд бий хэмээн улстөрчид дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг. Иймээс өөрчлөлт оруулах асуудал үе үеийн парламентын гол сэдэв байлаа.
Өдгөө ч хоёр намын зөвшилцлийн гэрээнд Сонгуулийн тухай болон Улс төрийн намын тухай хуулиас гадна Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар тохиролцсон зүйл бий. Тэр дагуу ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Одоогийн яригдаж байгаа хувилбар нь гишүүдийн тоог нэмэгдүүлэх, насны хязгааруудыг өөрчлөх, дахин дээд, доод танхимтай болох гэхчлэн хэд хэдэн хувилбар яригдаж буй. Гол нь сонгодог парламентын засаглалыг илүүд үзэж байгаа аж. Улмаар сонгуульд ялсан намын дарга нь Ерөнхий сайдын албаа хашиж, кабинатаа өөрөө бүрдүүлэх, парламентыг тараах эрх мэдэлтэй байхаар хуульчлах санаа хэд хэдэн хүний амнаас цухалзжээ. Гэвч энэ тухайгаа нийтэд гаргаж, ажил хэрэг болгох тал дээр зоригтон олдсонгүй.
Дэлхийн тэргүүлэгч гүрэн Японы Ерөнхий сайд нь парламентаа “дуртай” цагтаа тараадаг. Оны өмнөхөн парламентаа тарааж, сонгууль явуулсан нь ч бий. Ганц Япон гэлтгүй Австри, Австрали, Итали, Энэтхэг, Бельги, Чех, Германд Төрийн тэргүүн нь Засгийн газрынхаа саналаар Парламентыг тараах эрх эдэлдэг байна. Нэг үгээр хэлбэл, энэ бол олон улсын жишиг. Ялсан намын дарга сонгуулийн дараа хууль тогтоох засаглалын тэргүүнд намаасаа нэр дэвшүүлнэ, өөрөө Засгийн газраа тэргүүлнэ. Ерөнхий сайдын хувьд нь түүнийг огцруулах эрх мэдэл парламентад байна. Харин парламентыг тараах эрх нь Ерөнхий сайдад нь байдаг.
Манайх ч парламентын засаглалтай. Харамсалтай нь, сонгодог бус холимог. Уг нь сонгуульд ялсан намын дарга нь Ерөнхий сайд болж, Засгийн газраа тухайн нам дангаараа байгуулдаг жишиг манай улсад ч мөн адил мөрдөгддөг. Гэхдээ кабинатаа бүрдүүлэх эрх ганц Ерөнхий сайдын толгойгоор хийгддэггүй. Фракц, бүлэглэлийн эрх ашгийн хүрээнд, товчхондоо наймааны зарчмаар явагддаг. Өнөөдрийн Ч.Сайханбилэгийн кабинат ч ялгаагүй. Энэ хэрээрээ эрсдэлтэй. Цаашлаад УИХ-аас багаа бүрдүүлсэн тул хяналтгүй гэх тодотголтой. Улмаар гүйцэтгэх засаглал нь УИХ-ынхаа дээр сандайлж, эх захаа алдсан шүүмжлэл тасрахгүй. Чухамдаа парламент Засгийн газрыг харцаараа хөдөлгөх гэсэн өчүүхэн санаатай нь хутгалддаг гэхэд хатуудахгүй.
Өнөөдрийн нөхцөл байдлаас харвал Ч.Сайханбилэг Тавантолгойг хөдөлгөхөөр болж УИХ-д өргөн барьснаар гацав. Ийм нөхцөлд түүнд УИХ-д нөлөөлөх ямар ч эрх мэдэл байхгүй. Хэсэг бүлэг хүнийг лоббидох, эсвэл хэн нэгний өмнө сөхрөхөөс өөр сонголт ч үлдээгүй. Харин сонгодог парламентын жишгээр явбал, үүссэн зөрчилдөөнийг шийдэх хамгийн оновчтой арга нь УИХ-ыг тараах. Ээлжит бус сонгууль зарлан явуулах юм. Хэрэв Ерөнхий сайдын зөв бол түүний тэргүүлсэн нам ялна. Гэхдээ яг энэ байдал өнөөдрийн түвшинд хэцүү. АН-ын дарга нь З.Энхболд. Харин гүйцэтгэх засаглалын тэргүүн нь Ч.Сайханбилэг. Бас л бантан. Гэхдээ наанадаж, Ч.Сайханбилэг Зэ-гээс хараат бус байдлаар багаа бүрдүүлэх боломж, сонгодог парламентын жишгээр бий болно. Нөгөөтэйгүүр, улсын ажлыг гацаасан УИХ-ыг тараах эрх нь түүнд байх юм. Мөн бусдад шантаажлуулахгүй. МАН болоод Шударга ёс эвслийнхэн шиг хаалгыг чинь саваад гарна шүү гэх дарамт байхгүй.
Магадгүй ээлжит бус сонгууль явуулах нь Монгол Улсад тэр дундаа сонгогчдод ашигтай хувилбар байж мэднэ. Дөрөв, дөрвөн жилийн нүүдэл харж сонгогчдоо санадаг УИХ-ын гишүүдэд хэзээ ч хэрэг болж мэдэх тойргийнхон нь бийг сануулна. Мөн зөвхөн сурталчилгааны үеэр тухайн тойрогтоо бүтээн байгуулалт болоод аливаа ажлыг хийдэг эрхмүүд ойр ойрхон “хөдөлмөрлөх” шаардлага гарна. Ингэснээр ядаж тухайн тойрог хөгжих эхлэл тавигдаж мэдэх юм. Мөнгө санхүүгийн хувьд гишүүдэд гарзтай байж мэдэх ч улс оронд хохирол багатай хувилбар гэж зарим нь үнэлдэг. Тэр ч бүү хэл, гишүүдийн нуусан, хаасан гудсан доорх мөнгө эдийн засгийн эргэлтэд орно гээд өнгөцхөн харахад ашиг тустай байх магадлалтай.
Түүнчлэн парламент хариуцлагыг Ерөнхий сайдтай л ярина. Ганц сайдын гаргасан алдаа, хариуцлагагүй үйлдлийнх нь төлөө Ерөнхий сайдыг огцруулах ч боломжтой. Хэрэв Ерөнхий сайдыг огцруулбал кабинетын зарчмаар Засгийн газар бүхлээрээ огцорно. Түүнээс биш З.Энхболдын хэлсэнчлэн МАН-ынхан Засгаас гарвал нөхөөд явах асуудал байхгүй. Ийм учраас ганц сайдаас болж танхимаа огцруулахгүйн тулд Ерөнхий сайд нь өнөөх сайдтайгаа хариуцлага тооцно. Бас кабинатынхнаа шахаж ажиллах нь гүйцэтгэх засаглалын зарчим аж.
Нөгөө талаас 20 хүрэхгүй хүнтэй гүйцэтгэх засаглал хялбархан худалдагдана. Өнөөдөр ч “Энержи ресурс”-т худалдагдсан байж болзошгүйг Тавантолгойгоос харж болно. Ийм нөхцөлд дэндүү том алдагдал хүлээх нигууртай. Мөн парламентын гүйцэтгэх засаглалд тавих хяналт суларна гээд хар талаас нь харвал бас л асуудал мундахгүй. Гэхдээ манай улс парламентын тогтолцоотой гэдэг ч өнөөдрийг хүртэл засаглалын хямралыг туулж ирсэн. Ямартаа л Ерөнхий сайдыг томилуулах асуудлаар Ерөнхийлөгчтэй долоон удаа зөвшилцөж байх вэ дээ. Өдгөө хэн дуртай нь 19 хүний гарын үсэг цуглуулж, эсэргүү нөхдийг лоббидсоноор Засгийн газраа унагаж байна. Өнгөрсөн хугацаанд ч гүйцэтгэх засаглал урт наслаагүй нь эцэг хуулиасаа гэхээс илүүтэй намын дүрэм, журам, фракциудын зөрчилдөөнөөс улбаатай байх жишээтэй. Ийм нөхцөлд төлөвлөсөн хөтөлбөр хэрэгжих нь гонжийн жоо бус уу. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх нь битгий хэл гишүүдэд бүрэн танилцуулж амжаагүй шахам байхад нь дараагийн баг бүрддэг хачин тогтолцооны гор нь энэ. Үндсэн хуульд зааснаар УИХ-ын гишүүний гуравны хоёрын саналаар буюу Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцсөнөөр УИХ-ыг тараадаг. Гэхдээ энэ заалт манай улсад хэзээ ч хэрэгжиж байгаагүй. Ажил хийдэггүй, хуралдаа ирдэггүй, ёс зүйгүй, сонгогчдоосоо зугтаадаг гишүүдтэй байсан ч хугацаат албаа гүйцээдэг. Өдгөө сайн ах нар тодорсон ч эргүүлэн татсан нь алга. Дээр нь өнөөдөр сөрөг хүчингүй. Иймээс гишүүд сонгодог парламентыг сонгож, Ерөнхий сайдад эрх мэдэл олгох санаатай байгаа ч ил гаргахаас зүрхшээх болсон тухай саарал ордныхон шивэр авир хийх аж. Арга зам болоод хэлбэр нь өнөөгийн шаардлагад нийцэж байгаа ч ил гарч ярьсан нэг нь бусдын өгөөш болно гэх болгоомжлол гишүүдэд бий гэнэ.
Л.НИНЖСЭМЖИД
new.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ehleed gishuud uursduu hariutslagaa uhabsarlah heregei shuu
sanal neg bn
Ард түмнийг тэнэг гэж бодоод байна уу болиоч дээ.Сайханбилгийг юу хийсэн гэж хамгаалаад огцруулахгүй гээд байна. Улс орныхоо эрх ашгийг уландаа гишгэсэн гэж л хамгаалдаггүй юм бол амин хувиа бодсон арчаагүй чадваргүй ерөнхий сайд нэртэй гадны гар хөл болсон мануухайг цаг алдалгүй хурдан огцруулж чадвартай нэгнийг тавихгүй бол ардчилсан нам улс төрд ахин нар хархааргүй боллоо. Энэ намд улс төрийн байдалд дүн шинжилгээ хийдэг эрүүл ухаантай хүмүүс эрх биш байдаг байлгүй.