Р.Батжаргал: Засаг дарга С.Насанбат боловсролын салбарыг дампууруулж байна

527-14332900796-3-7_700x700Дархан-Уул аймгийн Боловсролын газрын дарга асан Р.Батжаргалтай ярилцлаа.
-Та 2012 оны сонгуулиас өмнөх жилүүдэд Боловсролын газрын даргаар ажиллаж байсан. Тэр үедээ дажгүй сайн ажиллаж байна гэж Ё.Отгонбаяр, Л.Гантөмөр нарын сайд нар хүртэл үнэлж байсныг санаж байна. Саяхан ажилдаа буцаж орлоо гэж байсан. Дахиад яагаад халагдчихав?
-Намайг хууль бусаар ажлаас халсан. Шүүхэд хандаад ажилдаа орсон. Гэтэл дахиад халсан. Гэхдээ би энд өөрийнхөө ажлаас халагдсан эсэх талаар ярих гэсэнгүй. Монгол Улсад ерөнхий боловсролоороо толгой цохидог, аймаг нийслэлийн дунд   сүүлийн арваад жил эхний тавд ажлаараа шалгарч явсан явсан Дархан-Уул аймгийн боловсролын салбарт урагшлах биш ухрах үзэгдэл үйл явц сүүлийн хоёр жилд огцом газар авсан нь  харамсалтай байна. Энэ талаар боловсролын салбарынхан төдийгүй боловсролд элэгтэй олон түмэн гайхан шогширч байна. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух билээ гэчээр энэ ухралт уналт аймгийн Засаг дарга С.Насанбатын үйлдэлтэй шууд холбоотой байна.
 -Яагаад аймгийн Засаг даргатай хамаатай юм бэ?
-БСШУ-ы сайдын 2013 оны наймдугаардугаар сарын 19-ний өдрийн А\315 тоот тушаалаар “Аймаг нийслэлийн боловсролын газрын үлгэрчилсэн дүрэм, бүтэц”-ийг шинэчлэн баталсан. Төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан бүтэц дүрэм журам тогтвортой хэрэгжих атал С.Насанбат дарга өөрийн хууль бус томилгоо сэлгээндээ тохируулан нэг жил хагасын дотор Дарханы Боловсрол соёлын газрын бүтцийг гурван удаа өөрчилсөн. Сүүлийн хоёр жилийн дотор газрын даргыг дөрвөн удаа сольсон. Салбараа бодлогын төвшинд чадамгай удирдаж явсан миний биеийг үндэслэлгүйгээр хоёр удаа хууль бусаар халаад байна. “Од” цогцолборын захирал Д.Уртнасанг ажлаас хууль бусаар гурван удаа  халсан.  Дээд шүүхээс С.Насанбатын захирамжийг хууль бус гэдгийг тогтоож Д.Уртнасанг  хоёр удаа ажилд нь  эргүүлэн авч, өдөрт нь буцаагаад халсан. Аймгийн Засаг даргын энэ үйлдлийг  ялзрал дампуурал гэхээс өөр үг алга. С.Насанбатын өмнө Дээд шүүхийн шийдвэр хүчгүйдэж байна. Боловсролын хууль дүрэм бол бүр жижгэрч байна. Энэ дарга Дарханы боловсролыг дампууруулж дууслаа. Олон сургууль, цэцэрлэгийн мэргэшсэн боловсон хүчнийг халж, солин улс төрийн намын болон мэргэжлийн биш хүмүүсээр удирдуулж байгаа нь боловсролын салбарт  ноцтой хохирол учруулж  байна.
-Таны үед хэрэгжүүлж эхэлсэн төсөл, хөтөлбөрүүд хэр зэрэг үргэлжилж байна вэ. Кембрижийн хөтөлбөр, багш нарын нийгмийн асуудалд чиглэсэн зэрэг олон төсөл байсан?
-Дархан-Уул аймгийн үе үеийн  ИТХ, түүний тэргүүлэгчид боловсролын салбартаа ихээхэн анхаарал тавьж хөгжлийн олон хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. 2002-2007 онд “Боловсролын мастер төлөвлөгөө”,  2010-2013 онуудад “ Хөгжлийн төлөө хамтдаа-1000 багш сургалтын  хөтөлбөр”, “Боловсрол хотхон” ,2014 онд  “Аймгийн боловсролыг хөгжүүлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөө /2014-2020/”  зэрэг хөгжлийн томоохон  хөтөлбөрийг хэлэлцэн баталж хамтран хэрэгжүүлж эхэлсэн юм. Харамсалтай нь С.Насанбат даргын үед буюу сүүлийн гурван жилд эдгээр хөтөлбөрүүд  зогсож,  зарим нь ор нэр төдий болсон.
Засаг дарга С.Насанбатын  хууль бусаар томилсон Боловсрол соёлын газрын  даргын үүрэг гүйцэтгэгч Б.Ганчулуун нь захирал, удирдлагуудын өмнө аймгийн ИТХТ–ийн хуралдаанаар батлагдсан дээрх  хөтөлбөрүүдийг “Би хэрэгжүүлэхгүй” гэж суудаг болсон.
Засаг дарга С.Насанбат орон нутгийн боловсролын байгууллага, нийт багш нараас санаачлан гаргасан Орон нутгийн боловсролыг хөгжүүлэх бодлого хөтөлбөрүүдийг дэмжихгүй байх, хэрэгжилтэд саад хийх үйлдлийг удаа дараа гаргаж байсан. 2013 оноос шууд зогсоосон дээрхц хөтөлбөрүүдийг   дахин сэргээж Багш нарын  бага хурал, аймгийн  Засаг даргын зөвлөл, ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимаар хэлэлцүүлж, эцэст нь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар оруулахад эргүүлэн татах оролдлого хийсэн нь  олон зуун багш нарын хамтын бүтээл болсон хөгжлийн том баримт би­чигт саад учруулсан зо­хион байгуулалттай үйлдэл болсон. Үүнд олон зуун багш, боловсролын салбарын удирдах ажилт­нууд харамсаж байна.
-Таныг ингэж ярихаар ажлаас халагдсандаа хорссон хүний яриа гэж хүлээж авах байх даа?
-Өчүүхэн зайд боддог хүмүүс том асуудлыг ч өөрийнхөө ядуу сэтгэхүйгээр  өчүүхэн болгодог нь харамсалтай юм.  Баримт сөхье. 2012 онд  багш нарт чиглэсэн 15 га газарт ” Боловсрол хотхон” гэх томоохон төсөл хэрэгжүүлэхээр болсон. Товчоор бол Дарханы ерөнхий боловсролын лаборатори хотхон л доо. Мэдээж, энэ амаргүй ажил. Гэхдээ багш нарт маань итгэл  урам зориг авчирсан бодлого хөтөлбөр байсан.  Одоо энэ байхгүй болсон. Харин МСҮТ-ийн хажууд гэнэ үү, хэдэн байр барих тухай ярьж байгаа бололтой. Гэтэл биднээс туршлага судалсан Сүхбаатар аймагт жинхэнэ хотхон босч байх жишээтэй. Ажил хийх, ажлаа хийх хоёр  их ялгаатай шүү. Оромдож байснаас хийгээгүй нь дээр. Боловсролын салбарынхны дургүйцэл газар аваад ирэхээр ийм оромдсон шийдвэр гаргаж байгаа нь тэр.
-Таны ярианаас Дарханд хийгдэж байсан олон ажил унажээ гэж ойлгож байна. Цаашид яах хэрэгтэй гэсэн үг вэ?
-Дарханы олон зуун багш мэргэжилдээ болоод боловсролынхоо төлөө чин зүрхнээсээ ажилладаг. Энэ салбарт чанарын шинэчлэл явагдаж, багш нар маань өмнөхөөсөө ч илүү ажиллаж, хариуцлагаа ухамсарлан зүтгэж байхад орон нутгийн удирдлагуудаас бүх талын дэмжлэг хэрэгтэй. Гэтэл дарга нар үүнийг унагах бодлого барьж байна. Аймгийн Засаг даргын нухчин дараад байгаа хөтөлбөрүүд үүнд л чиглэсэн юм.  Эцэст нь хэлэхэд,  ядаж ажилд саад болохгүй байх нь нэг талын дэмжлэг юм.
Р.ОЮУН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Сэтгэгдэл бичих