Сонгуулийн хууль нэр дэвшигчдийн тэгш эрхийг хангах ёстой гэв
УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдрийн хуралдаанаараа хэд, хэдэн асуудлыг хэлэлцсэн байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дарга Н.Батцэрэг мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Хуралдаанаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ асуудлаар нам, эвслүүд аль болох байр сууриа нэгтгэх талаар ажиллана. Энэ нь 57 гишүүний буюу 4/3-аар шийддэгдэг асуудал. Гишүүд нам, бүлгээрээ талцах асуудал байхгүй. Монгол Улсын, монголчуудын том эрх ашгийн үүднээс асуудлаа хэмжинэ.
Үүнийг манай бүлэг хаа, хаанаа ойлголцож байгаа учраас төслийн анхны хувилбарыг гишүүддээ танилцууллаа. Дараагаар нь Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ярилцлаа. Манай эдийн засгийн хүрээнд томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжихээр бэлтгэгдэж байна. Эрчим хүч, төмөр зам, хурдны зам, дагуул хот гэх мэтчлэн томоохон дэд бүтцийн асуудал хэрэгжихээр хэлэлцэгдэж байна.
Энэ тохиолдолд иргэний өмчид өгсөн газар нь томоохон бүтээн байгуулалтаа эхлүүлэхэд асуудал тулгарч. Иргэдтэй хэлэлцэлд орох асуудал гарлаа. Үүн дээр асуудал үүсч, мөнгө төгрөгний асуудлаар тохироонд хүрч чадахгүй байх жишээтэй. 20 айлын газар байлаа гэхэд 19 нь зөвшөөрдөг, 1 айл зөвшөөрөхгүй байхад төлөвлөсөн ажил бүтэхгүй гацаж байна. Энэ байдлыг арилгах, нөхөн олговрыг нь олгоод, өмчилсөн газрыг нь төр эргүүлж авах, эсвэл солих асуудалд эрхзүйн орчныг нь боловсронгуй болгох ёстой. Үүн дээр бүлгийн гишүүд бүгдээрээ санал нэгдсэн” гэлээ.
Мөн Эдийн засгийн ил тод байдлын тухай, Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төслийг цогцоор нь авч хэлэлцэх талаар бусад нам эвслийн бүлгүүдтэй хамтарч ажиллаж санал солилцохоор болжээ.
Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн хамрах хүрээ хэр байх, Эрүүгийн өршөөлийн тухай хуулинд хамруулах хүрээ ямар байх вэ гэдгийг хэлэлцсэн байна. Гэмт хэрэгт тооцогдвол хичнээн хоригдол ялаас чөлөөлөх талаар иж бүрэн харах хэрэгтэй гэдэг дээр гишүүд санал нэгдсэн байна.
URL: