“БАХ МЭЛХИЙН БҮЛЭГЛЭЛ” БУЮУ КОЛУМБИЙН МАФИ

11208671_1421678601485191_185996376983041850_n“Бах мэлхийн бүлэглэл” буюу “El Cartel” хэмээх Колумбын олон ангит уран сайхны кино “Боловсрол” телевизээр гараад дууслаа. Уг кино манай дөнгүүр үзэгчдийн сонирхолыг аргагүй л татаад авах шиг боллоо. Дөнгүүр гэдгийн учир нь Солонгосын олон ангит савангийн дуурийг тоож үздэггүй хүмүүс уг киног шимтэн сонирхож байсанд оршино. Тэгээд ч “Боловсрол” телевизийнхэн “Бах мэлхийн бүлэглэл” киног маш сайн орчуулахаас гадна гол дүрийн жүжигчдийн дуу хоолойг хүмүүний чихэнд хоногшохуйцаар дүрсэлж чаджээ. Нээрээ ч сүүлийн хэдэн жилд “Бах мэлхийн бүлэглэл” шиг онц сонирхолтой, дуулиан шуугиантай, сонин чамин адал явдалтай кино үзсэнгүй шүү. Солонгосын сериалууд уг киноны хажууд үнэндээ ичмээр юм. Аливаа киноны тэргүүн зэрэгт тавигддаг зүйл бол нэгдүгээрт зохиол, хоёрдугаарт зохиол, гуравдугаарт зохиол байдаг. “Бах мэлхийн бүлэглэл” киноны зохиол бол үнэнхүү сайн. Ер нь аливаа хүн, аливаа улс орон чаддаг, чаддаг юмаараа л зард гардаг. Хэтрүүлж хэлбэл Колумбын гэмт хэрэгтнүүдийн ганц чаддаг юм нь гэвэл хар тамхины наймаа. Бас дэлхийд хар тамхи үйлдвэрлэлтээрээ нэгдүгээрт бичигддэг улс. Үүгээрээ бол Колумб улс олон жилийн хур түүхтэй. Тэрхүү түүх нь эмгэнэлтэй бөгөөд хачирхалтай дуулиан шуугианаар дүүрэн. Ийм томоохон дэвсгэр суурьтай, олон жилийн адал явдалтай болохоор Колумбийн зохиолчид, кино урлаачид хар тамхиныхаа түүхээр хачин сайхан кино хийчихжээ гээд хэлчихвэл нэг их буруудахгүй л болов уу. Үнэндээ Колумбаас өөр улс орон “Бах мэлхийн бүлэглэл”-ийн хэмжээний олон ангит кино хийж чадахгүй байх аа. Учир нь аливаа юманд бодит амьдрал, хөрс суурь гэж байдаг. 1930-аад оны үед Америкт Италийн мафи хүчээ авч тус улсыг нэг хэсэгтээ л доргиосон байх бөгөөд үүний хөрс суурин дээр “Загалмайлсан эцэг” хэмээх кино бүтсэн түүхтэй. Үүн лүгээ Колумб улсад олон жил өрнөсөн хар тамхины наймааны хөрс суурин дээр тус улсын нэрт зохиолч Андрес Лопез “Мафийн толгойлогч” хэмээх ном бичжээ. Уг ном Америк, Европт, ялангуяа Латин Америкт бестселлэр болсон цуутай бүтээл юмсанж. Колумбын кино урлаачид энэхүү номоос сэдэвлэж “Бах мэлхийн бүлэглэл” олон ангит киногоо бүтээсэн байх бөгөөд тэд Колумб улсад кино урлаг, тэр дундаа телевизийн урлаг ямар хэмжээнд хөгжсөнийг давхар харуулаад авлаа. Колумбийн нэрт зохиолч, Нобелийн шагналт Габриал Гарсиа Маркесын “Зуун жилийн ганцаардал” романыг манай уншигчид санаж байгаа биз. “Бах мэлхийн бүлэглэл” киноны зохиол яг л “Зуун жилийн ганцаардал” романы бичлэгийн хэв маягийг агуулсан байх бөгөөд тодруулж хэлбэл олон үйл явдал, олон арван хүний гоц гойд үйлдэл богинохон хэмжээгээр ээлж дараалан гарч үзэгчдийн сэтгэлийг эзэмддэгээрээ онцлогтой. Энэ нь Колумбын зохиолчдын үндсэн арга барил бололтой. Дээрхи кинотой уялдуулж Колумбын мафийн талаар цухас өгүүлье. Өмнөд Америкийн баруун хойд хэсэгт орших Колумб улс нь хар тамхи үйлдвэрлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг юмсанж. Засгийн газрын зүгээс энэхүү наймааны эсрэг олон янзын арга хэмжээ авдаг ч хар тамхины наймаачдаа хараа хяналтаасаа аль хэдийн тавиад туучихжээ. Колумбад нийтдээ хар тамхины таван том бүлэглэл байхын зэрэгцээ биеэ даасан жижигхэн бүлэглэлүүд, хар тамхи наймаалагч хувь хүмүүс олноороо байдаг аж. “Бах мэлхийн бүлэглэл” кинон дээрээс харж байхад Колумбийн ард иргэдийн амьдрал маш хангалуун, ер нь ядуу тарчиг иргэд байхгүй мэт сэтгэгдэл төрнө. Бодит амьдрал дээр ч бас ийм л байдаг бололтой. Учир нь тус улсад хар тамхи наймаалагч бүлэглэлүүд тогтмол шахуу үйл ажиллагаа явуулж байдаг, энэ утгаараа гаднаас орж ирсэн олон сая доллар эргэлддэг, эргэлдэж буй тэр их мөнгө Колумб улсын улс төр, урлаг соёл, эдийн засаг, эрүүл мэнд, боловсролын салбарт чамгүй нөлөө үзүүлдэг ажээ. Ухаандаа ганц чаддаг юмаараа л улс орноо хөгжүүлчихжээ гэж ойлгомоор… Жишээ нь Колумбын “ТWO ESCOBARS” хэмээх баримтат кинонд хөлбөмбөгөөр дамжуулан Колумбын мафи бохир мөнгөө эргэлдүүлж байсан тухай гардаг. Гэхдээ тэр мафийн эзэн гэмт хэргээр дүүрэн, ямар ч амьдрах итгэл үгүй ядуусын хороолол бүрт хөлбөмбөгийн талбай барьж өгснөөр хийх юмгүй байсан хүүхдүүд бөмбөг хөөж, зарим нь алдартай тамирчин болж, үр дүнд нь Колумбын хөлбөмбөгчид Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шалгарч байх жишээтэй. Үүнийг хар тамхины хаялга гэж нэрлэнэ. Ер нь Колумбын хар тамхины наймаачдад ганц сая ам.доллар бол юу ч биш байдаг бололтой. АНУ-ын Холбооны мөрдөх товчооныхныг хахуульдахад Колумбийн хар тамхины наймаачид арав, хорин сая ам.долларыг зүгээр л халааснаасаа аваад чулуудчих жишээтэй. “Бах мэлхийн бүлэглэл” кинон дээр ч иймэрхүү үйл явдал хэд хэдэн удаа гардаг. Хар тамхины наймаачид өөрсдийн нууц газраа бол зуу зуун сая ногоон нууцалж байдаг бололтой. Тэгэхдээ банкинд мөнгөө хадгалуулна гэвэл гонж. Эдлэн газрынхаа хашаанд газар ухаад мөнгөө булчихдаг юм байна. Захын нэг наймаачин гэхэд л хашаандаа газар ухаад тавин сая ам.доллар булчихаж байх жишээтэй. “Бах мэлхийн бүлэглэл” кинон дээр мафийн хоёр ч гишүүн эдлэн газрынхаа хашаандаа 15-50 сая ам.доллар булдаг. Энэ их мөнгийг чухам хэдийд, хэрхэн яаж хэрэглэх гээд байгаа нь ойлгомжгүй. Мафийн гишүүдийн эдэлж хэрэглэж байгаа юм нь гэвэл үнэтэй виски, гахай, тахианы мах, тэгээд янхан хүүхэн байх жишээтэй. Мөн галт зэвсэг, 10-20 хүнийг хамарсан өндөр хамгаалалт. Хар тамхины наймаанаас өч төчнөөн сая ам.доллар хуримтлуулчихсан мөртлөө гадаад руу дүрвэх талаар нэг их санаа тавихгүй. Колумб улсдаа, орон нутгийнхаа цагдаа, хуулийнханыг мөнгөөр хахуульдаад л амар тайван сууж байх санаатай. Гэвч харамсалтай нь тэдний санаснаар болохгүй. АНУ-ын Холбооны мөрдөх товчооныхон тэднийг байнга ангуучилна. Тэгэхдээ тэд Колумб улсад дураараа хөл тавиад тэднийг баривчлах эрхгүй. Тиймээс зарим нэг хар тамхины наймаачинтай хамтран ажиллах нэрийдлээр Америкт хуурч авчраад шоронд хорингоо тэднээс элдэв мэдээлэл авна. Баригдаж шоронд ороогүй бусад мафийн гишүүд байсхийгээд л хоорондоо алалцахаас гадна хэзээ, хэдийд хэрэглэхээ мэдэхгүй мөнөөх олон сая доллараа хий дэмий л хадгалан ялзарсаар байх жишээтэй. Энэ утгаараа хар тамхины наймаачид Колумб улсад нийгмийн цоо шинэ давхрагыг бий болгож орхижээ. Колумбын үе үеийн ерөнхийлөгч нар, улс төрчид ч хар тамхины наймаачдаас олон сая ам.долларын дэмжлэг авч байж сонгуульд ялалт байгуулж байсан түүхтэй юмсанж. Үүнтэй барьцаж байна уу гэлтэй Колумбын хууль хяналтын зарим эрх мэдэлтнүүд ч хар тамхины наймаачидтай хамтран ажиллах маягаар хөөрхөн цулайгаад авсан байхыг яана. Тийм болохоор тус улсад хар тамхины наймаа устаж үгүй бололгүйгээр өнөөдрийг хүртэл амь бөхтэй зууралдаж байдаг бололтой. Харин сүүлийн жилүүдэд Колумбын эрх баригчид хар тамхины наймаачидтай нэлээд ширүүн тэмцэл хийх болсон байна. Хар тамхины нөмөр нөөлөгөөр улс орон нь нэгэнт баяжаад авсан хойно одоо бол устгахад гэмгүй л дээ. 2012 онд Колумбын хар тамхины наймаа эрхлэгч, томоохон мафийн толгойлогч Хэнри Де Жесус Лопинсийг Аргентин улсад зугаалж явахад нь Колумбын цагдаа нар баривчилжээ. Лопенс олон жилийн турш цагдаа нараас зугтааж байсан төдийгүй Колумбийн зэвсэгт босогчдыг толгойлж явсан зартай дээрэмчин аж. Түүний хочийг Ми Сангри буюу “Цуст хүн” гэдэг ажээ. Цагдаагийнхан түүнийг их хэмжээний хар тамхи худалдаалсан, 15 хүний амь насыг хороосон хэрэгт буруутгажээ. Түүнчлэн өнгөрөгч онд Колумбын цагдаа нар тус улсын хар тамхины гэмт хэргийн загалмайлсан эцэг гэгддэг Регсон Варгас гэгчийг баривчилжээ. Цагдаа нар баривчилгаа явуулахын тулд томоохон төлөвлөгөө гаргаж нотлох баримт цуглуулахад олон сарыг зарцуулсан байна. Мөн энэ үеэр Колумбын хар тамхины мафийн зард гарсан толгойлогч “Кучило” буюу “Хутга” хочоороо алдаршсан Оливейра Гуэрреро гэгчийг Колумбын цагдаа нар устгажээ. Колумбын нийслэл Богота хотоос өмнө зүгт 320 км зайтай байдаг Мета мужид болсон энэ ажиллагааны үеэр цагдаагийн хоёр ажилтан амь үрэгджээ. Оливейраг устгасан явдлыг гэмт хэргийн ертөнцөд өгсөн хүчтэй цохилт гэж Ерөнхийлөгч Сантос дүгнэжээ. Эрх баригчид Оливейрагийн цогцосыг олсныхоо дараа түүний хүүр мафийн толгойлогчийнх мөн эсэхийг мэдэхийн тулд шүүх эмнэлгийн туршилт хийсэн байна. Мөн өмнө нь Оливейрагийн хаана байгаа газрыг хэлж өгсөн хүнд 2,5 сая долларын шагналыг Колумбын эрх баригчид амлаж байжээ. Ерөнхийлөгч Сантосын хэлснээр бол энэ шагналыг хэд хэдэн мэдээлэгч нарт хувааж олгохоор болсон байна. Богота хотод болсон хэвлэлийн бага хурал дээр Армийн генерал Оскар Наранхо мафийн толгойлогч Оливейрагийн алтан гар бууг хүмүүст үзүүлжээ. Энэ алтан бууг Мексикийн хар тамхины мафийнхан түүнд бэлэглэсэн юмсанж. 2014 оны 3-р сард ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос Колумб улсын баруун хэсэгт байрладаг Буэнавентура нэртэй боомт хот руу цэрэг илгээх тушаал гаргажээ. Цэрэг илгээх болсон гол зорилго нь тус хотод гаараад байгаа хүчирхийллийг зогсооход чиглэгдсэн байна. Учир нь тус хотод нөлөөллөө тогтоохын төлөө “Лос Урабенос”, “Ла Эмпреса” нэртэй хар тамхины хоёр том бүлэглэл хоорондоо дайтаж олон зуун хүний амь нас эрсэджээ. Буэнавентура нь боомт хот болохоор Колумбын хар тамхины мафийн бүлэглэлүүдийн тариалж, хурааж бэлдсэн героин, кокаин гэх мэт хар тамхийг үндсэн хэрэглэгч орон болсон АНУ ба Европын холбоо руу тээвэрлэх гол түшиц газар нь юмсанж. Тиймээс мафийн бүлэглэлүүд тус хотыг эрхэндээ оруулахын төлөө олон зуун хүний аминд хүрсэн байна. Үүнээс өмнө Колумбын эрх баригчид хүчирхийллийг зогсоохын тулд Буэнавентура хот руу 400 орчим цагдаа явуулж, дээрхи хоёр бүлэглэлийн 50 гаруй хүнийг баривчилсан байна. Мөн 2014 оны 4-р сард Колумбын цагдаагийнхан, тэнгисийн цэргийн хүчинтэйгээ хамтарч томоохон нэгжлэг хийжээ. Энэ нь мансууруулах бодис наймаалагчдын эсрэг хийсэн тус улсын түүхэн дэх хамгийн том ажиллагаа болсон бөгөөд энэ төрлийн наймаа эрхлэгчдэд хүнд цохилт болжээ. Нэгжлэгийн үеэр усан онгоцны “Картагена” боомтоос долоон тонн хар тамхи илрүүлж, хэрэгтнүүдийг нь баривчилжээ. Дээрхи хар тамхийг ханборгоцой худалддаг хүмүүс нууцаар хил нэвтрүүлэхээр завдаж байсан байна. Энэ мэтээр ерөнхийлөгч Хуан Манель Сантос хар тамхи, хүний наймаа цэцэглэсэн Колумбийг ялзралаас цэвэрлэхийн тулд тун идэвхтэй ажиллаж байгаа юмсанж. Тэрбээр зөвхөн мафийн толгойлогчдыг баривчлаад зогсохгүй хар тамхи наймаалах гол боомт болсон Буэнавентура хот руу цэргийн хүч явуулахаас гадна тус хотыг хөгжүүлэхэд 400 сая ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалт хийхээр болсоноо зарлажээ. Хар тамхины мафитай Умард ба Өмнөд Америкт явуулж байгаа олон арван жилийн тэмцлийн явцад асуудлыг зөвхөн цэрэг, цагдаагийн хүчээр шийдэх боломжгүй нь ойлгомжтой болжээ. Учир нь Мексикээс эхлээд Колумб, Венесуэль, Бразил хүртэлх орнуудад нийгмийн баялгийн тэгш хуваарилалт гэхээр зүйл бараг байхгүй, ядуус ба баячуудын хоорондын ялгаа асар их, үүнээс болоод зах хязгаар мужийн хөгжил дорой хот, тосгодын залуучууд амьдрахын эрхэнд хар тамхины мафид элсдэг гэдгийг судлаачид хэдийн тогтоожээ. Ялангуяа Бразил улсад “Нэг бол хөл бөмбөгчин бол, нэг бол хулгайч бол” гэсэн суртал ухуулга залуусын дунд байдаг юмсанж. Мексикийн эрх баригчид ч хар тамхины мафитай хийх тэмцэлд зэвсэгт хүчнээ татан оролцуулаад олон жил болж байгаа ажээ. Тус улс нь Өмнөд Америкаас ирсэн хар тамхийг Америк руу нэвтрүүлэх үндсэн гарц болдог тул мафийн бүлэглэл хоорондын тэмцэл нь онц хэрцгий, ширүүн байдаг аж. Нэгэн онцгой мэдээлэл гэвэл өнгөрсөн зун Бразил улсад болж өнгөрсөн дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн Колумбид маш эерэгээр нөлөөлжээ. Учир нь тус улсын хар тамхины бүлэглэлүүд хөлбөмбөгийн тэмцээн дуустал хоорондоо байлдахгүй, хар тамхи зөөхгүй гэсэн тохироо хийжээ. 1990-ээд оны үед хар тамхины хаан байсан Пабло Эскобарын хүү Мигель гэгч энэ гэрээг хийхэд гол үүрэг гүйцэтгэсэн байна. “Бах мэлхийн бүлэглэл” киноны эхний хэдэн ангиудад ерээд оны үйл явдал өрнөх бөгөөд үүнд тухайн үеийн хар тамхи наймаалагчдын хаан байсан Пабло Эскобарыг үгүй хийхийн тулд Колумбын цэрэг, цагдаа нар Номхон далайн мафийн бүлэглэлийнхэнтэй нэгдэж улс орныг хамарсан маш том үйл ажиллагаа явуулсаны үрээр Эскобарыг хөнөөж байгаа тухай гардаг. Үүнийг бодит үйл явдлаас сэдэвлэжээ. Эскобар хэмээх аюултай этгээдийг устгахын тулд Ерөнхийлөгч нь хүртэл бусад мафийн толгойлогч нартай нэгдчихсэн байх жишээтэй. Гэтэл аюулт Эскобарын төрсөн хүү Мигель нь өнөөдрийг хүртэл эцгийнхээ ажлыг үргэлжлүүлсээр л яваа бололтой. Үүнийг мафийн үр хөврөл гэж нэрлэмой. Мафийн үр хөврөл гэснээс сүүлийн үед дэлхийн мафийн тэргүүн эгнээнд Оросын мафи, хоёрдугаарт Сицил ба Америкийн “Коза Ностра” бүлэглэл, гуравдугаарт Колумбийн мафи жагсдаг ажээ. Оросын мафийг 1990-ээд оны үед байгуулагдсан гэж үздэг ч үнэн чанартаа Зөвлөлт засгийн үед байгуулагджээ. Бид бүхнийг социализм, коммунизмаар хийрхэж байх үед Оросын эрүүгийнхэн биднийгээ сэмхэн “араар тавьж” л байсан байна. Оросын мафи эдүгээ дэлхий даяар нөлөөтэй болжээ. Ойролцоогоор таван зуун мянган гишүүнтэй гэж байгаа. Тэд Израйл, Испани, Канад, Англи, Америк, Орос зэрэг олон оронд зохион байгуулалттай гэмт хэрэг үйлддэг бөгөөд Еврей ба Герман бичиг баримтаар Израйл, Америк, Германд цагаачилсан Оросын мафийнхан мансуурах бодис, зэвсэгийн хууль бус наймаа, тэсрэлт, контрбанд, порнограф, интернэт луйвар зэрэг чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг аж. Оросын мафийн гишүүд хэрвээ гэмт хэргийнхээ тухай цагдаагийнханд мэдээлэл өгөөд баригдвал шууд алуулдаг байна. Сүүлийн үед Оросын мафийнхан зэрлэг балмад байдал, терроризм, эрхтэний наймаа, захиалгат аллагаараа Европыг айлгах болжээ. Хулгайч нар бол вагон вагоноор нь хулгайлдаг, харин мафиийнхан вагоныг төмөр замтай нь хамт хулгайлдаг гэх хэлц үг чухам л Оросын мафийнхнаас үүдэлтэй аж. Хоёрдугаарт бичигддэг Сицил ба Америкийн “Коза Ностра” нь 19-р зууны хоёрдугаар хагаст Италид байгуулагджээ. Тус мафи нь том том гэмт хэргүүдийг төлөвлөхдөө гаргууд, төлөвлөснөө гүйцэтгэхдээ гаргууд чадвартай гэж байгаа. Мансууруулах бодис болон зэвсэгийн хууль бус наймаа, гэмт хэргийн бизнесийн холбогч хийх зэрэг үйл ажиллагаанд оролцохдоо гаргууд. Тэд 3500-4000 гишүүнтэй гэх бөгөөд оросуудын хувьд цөөхөн. “Коза Ностра”-д гишүүн болохын тулд өөрийнхөө үнэнчийн баталгаа болгож хэн нэгнийг цааш нь харуулдаг юмсанж. Гуравдугаарт бичигддэг Колумбийн мафийн үйл ажил нь мэдээж хар тамхины наймаа. Үүгээрээ олон оронд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэдэнтэй хамтарч улс төрийн, цэргийн, хуулийн талын үйл ажиллагаа явуулдаг байгууллага олон байдаг ажээ. Колумбын хамгийн том мафийн бүлэглэлд Кали, Меделлин, Норте дел Валле, Номхон далайн бүлэглэлүүд ордог бөгөөд “Бах мэлхийн бүлэглэл” кинонд гарч буй нь Номхон далайн бүлэглэл. Тус бүлэглэлийн зарим нэг жижиг гарууд үе үе хүний наймаа эрхэлнэ. Жишээ нь 10 настай охидын онгон биеийг өндөр үнээр зарж мөнгө босгох бөгөөд охидын эцэг эх алуулахаасаа айгаад дээрэмчдийн эсрэг хөдөлж эс чадна. Хулгай дээрмийн жижиг гарууд 10 настай охинтой айлд дайран орж булаагаад дуудлага худалдаагаар оруулдаг юмсанж. Тэгэхдээ эцэг эхэд нь амаа хамхиж явахыг сануулаад зохих хэмжээний мөнгө өгдөг байна. Энэхүү бүлэглэл нь Колумбын Меделлин хотын ядуусын хорооллыг атгадаг бөгөөд бусад хар тамхины бүлэглэл болон жуулчдад охидын онгон биеийг худалддаг юмсанж. Онгон охидын худалдаа онлайны дуудлага худалдааны хэлбэрээр явагддаг бөгөөд ухаандаа тэд тусгайлан нээсэн сайтаараа дамжуулан охидыг худалдаад, зарж дууссаныхаа дараа хаачих жишээтэй. Мафийн зулзагануудад охиноо дээрэмдүүлсэн эцэг эхчүүд тэднээс санхүүгийн тусламж аваад л чимээгүй болдог бөгөөд хэрвээ тэд охиноо өгөхөөс татгалзвал шууд буудуулна. Мөн цагдаад хэлэхээс ч айдаг байна. Учир нь орон нутгийн зарим цагдаа нар мафийн зулзагануудтай хамтран ажилладаг, тэднээс зохих ёсны мөнгө авдаг болохоор арга байж уу. Ялангуяа Меделлин хотын цагдаа нар дээрэмчдийн эсрэг юу ч хийж чаддаггүй, дэмий л охидынхоо хүмүүжилд анхаар хэмээн эцэг эхэд нь сануулж суудаг ажээ. Ийм улс оронд мафийнхан, дээрэмчид оодролгүй ч яахав дээ. Жишээ нь “Бах мэлхийн бүлэглэл” кинон дээр хар тамхины таван том толгойлогчийн нэг болох Кабо гэгч цагдаагийн хурандаа Ромирод хандаж “Чаддаг юм бол над дээр хүрээд ир гэж цаад генералдаа хэл. Үзэлцэе” гэж томордог. Үнэндээ Кабо нь орон нутгийнхаа бүх цагдаа нарыг атгачихсан, тэднийг мөнгөөр оосорлочихсон хүн л дээ. Тэгээд юу дуртайгаа хийж суудаг. Колумбийн шоронд орсон мафийн гишүүд үнэнхүү жаргалтай. Яг л гэртээ байгаа юм шиг бөөн тансаг эдлэл дунд суухын зэрэгцээ архи дарс өрчихсөн дуртай цагтаа ууна. Гаднаас хүүхэн авчирч унтсан ч болно.Амьдрал дээр ийм байдаг болохоор л кинонд ийнхүү тусгалаа олсон болов уу. Гэхдээ Колумбын “Веllavista” хэмээх шорон хамгийн хатуу хорих газар юмсанж. Энд гол төлөв зүүний босогчид, хар тамхины мафи, авилгын хэрэгт холбогдсон албан тушаалтан болон алуурчид зэрэг хүнд гарынхан хүмүүждэг ажээ. Эцэст нь хэлэхэд “Бах мэлхийн бүлэглэл” кино нь хар тамхины наймаачдыг магтан дуулсан кино биш бөгөөд тэднийг эцсийн эцэст үхэл, эсвэл шорон хүлээж байдгийг яруу тодоор илэрхийлсэнээрээ онцлогтой.

Зохиолч, сэтгүүлч Б.ОЙДОВ


URL:

Сэтгэгдэл бичих