Г.Дэнзэнг тойрсон адал явдал

denzen4

Ар Монголын алдарт Г.Дэнзэг АТГ-аас шалгахаар цагдан хориод байгаа билээ. Үнэндээ Г.Дэнзэн шиг ар Монголд алдартай хүн өнөөдөр алга гэхэд нэг их дэгсдүүлсэн болохгүй биз. Яг долоо хоногийн өмнө ЗГХЭГ-ын дарга асан, “Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг цагдан хорьсон. Г.Дэнзэнг баривчлагдахтай зэрэгцээд адал явдал өрнөж эхэллээ. Хэвлэлээр түүний тухай л ярьж, бичиж цахим ертөнцийнхөн ч хоёр хуваагдчихаад шуугиж байна. Цахим ертөнцийнхний тухайд “Г.Дэнзэнг баривчилсан нь болж” гэж байхад нөгөө хэсэг нь хөөрхийлж байгаа юм. Ийнхүү Г.Дэнзэнг танихгүй хүн өнөөдөр Монголд байхгүй гэхэд хилсдэхгүй.

Үнэндээ Г.Дэнзэн экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүргэн гэдгээрээ олонд илүү танигдсан гэж хэлж болно. Тиймдээ ч “хүргэн Дэнзэн” гэх тодотголтой болчихоод байгаа юм. Үндсэндээ тэр “хүргэн Дэнзэн” гэдгээрээ хэвлэлийн баатар болсон. Нэг хэсэг “АТГ-т шалгагдаж байсан Г.Дэнзэн Герман руу зугтжээ” гэх мэдээлэл хэвлэлийн хуудаснаас салаагүй. Энэ тухайд тэрбээр эх орондоо ирэнгүүтээ “Германы Дюссельдорф хотод математикийнхаа чиглэлээр мэргэжил дээшлүүлэх дөрвөн сарын сургалтад суучихаад, ирээд хэдхэн хонож байна. Хэвлэлээр шуугисан шиг зугтаагүй, мөн АТГ болон ямар ч хуулийн байгууллагаас намайг дуудаж шалгаагүй” хэмээн ярьсан ч хэдхэн хоногийн дараа баривчлагдсан байдаг.

Харин “хүргэн” гэх тодотголын тухайд “Н.Алтанхуяг дарга манай хадам аав биш гэдгийг дахин хэлье. Би дүүгийнх нь охинтой хамт ажиллаж байхдаа дотносож танилцаад гэр бүл болсон энгийн л нэг залуу”  хэмээсэн байна. За энэ ч яах вэ. Г.Дэнзэнг тойрсон адал явдал хэрхэн өрнөж байгааг зах зухаас нь дурдъя. АТГ-аас Г.Дэнзэнгийн гэрт нэгжлэг хийсэн тухай өнөөдөр хэвлэлээр нэлээд бичигдэж байна. Бүдүүлэг явдал ч гэгдэж байна. Гэхдээ хэн нэгнийг хэрэгт сэжиглэсэн бол тэр хүнтэй холбоотой нотлох баримт бүрдүүлэхийн тулд нэгжлэг хийх нь зүйн хэрэг. АТГ үүнийгээ хуулийн дагуу, зөвшөөрөлтэйгөөр хийсэн юм билээ. Үндсэндээ Г.Дэнзэнг ч баривчилсан нь хуулийн дагуу.
Энэ талаар Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж хэвлэлд “Хуулиар эрх нь байгаа тохиолдолд яаж ч болохгүй юм. 24 цагийн дотор яаж ч эсэргүүцээд хуулийнхаа хүрээнд ажил явж байгаа. 24 цагийн дараа прокурорт мэдэгдээд 72 цагийн дараа шүүгчийн захирамж гардаг. Дэнзэнгийн асуудал дээр гэхэд баривчлахаасаа өмнө шүүгчийн захирамж гаргуулчихсан юм билээ. Юм гэдэг дандаа хоёр талтай байдаг. Хууль зөрчиж баривчилж болохгүй гэсэн заалтууд Үндсэн хуульд ч, Хүний эрхийн түгээмэл тунхаглалд ч байгаа. Гэвч наадуул чинь хуулийн хүрээнд хийчихээд байна” гэх хариултыг өгсөн байна лээ. ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж хэрийн зүйлд хийгүй дуугарах нэгэн биш. Гэтэл тэр хүн АТГ хуулийн дагуу ажилласан хэмээсэн байгаа юм.

Гэтэл Г.Дэнзэнгийн асуудалтай холбоотойгоор экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг АТГ-ын ажилд саад учруулсан тухай мэдээлэл гарч эхэллээ. Тодруулбал, Г.Дэнзэнгийн эхнэр Г.Уянгын ажиллуудаг “Говь повер” компанийн оффис болон “Хаан жимс”-ийн оффист нэгжлэг хийж, хэрэгт холбоотой байж болзошгүй баримтуудыг хураан авах үеэр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ирж АТГ-ынхны ажилд саад учруулж, хөөж туусан талаар зарим сайтад прокурорын байгууллагын эх сурвалж мэдээлсэн байдаг. Тэгвэл Н.Алтанхуягийн энэ үйлдэл нь анхных биш юм. Тодруулбал, өнгөрсөн 2014 онд түүний зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх “Нүүрс” хөтөлбөрийн хэргээр АТГ-аас шалгасан. Н.Алтанхуяг Л.Гансүхийг хоригдож байхад Хууль зүйн сайдыг дагуулж очин сэжигтний өмнө хорихынхыг жагсааж байсан удаатай.

Тухайн үед АТГ-аас “Ерөнхий сайдын долдугаар сарын 31-нд гаргасан мэдэгдэл нь Сэжигтэн яллагдагчийг баривчлах, шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 19.2 дахь заалтыг зөрчиж хорих шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны буюу түүний удирдах дээд албан тушаалтны бичгээр олгосон зөвшөөрөлгүй хоригдсон этгээдтэй уулзсан.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245.2 буюу Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд саад учруулсан болон Хууль зүйн сайдын тушаалаар батлагдсан “Баривчлах цагдан хорих байрны дотоод журам”-ын 12.1 дэх заалтыг зөрчсөн хэмээн үзэж байна” хэмээн Н.Алтанхуягийг хууль зөрчсөнийг мэдэгдсэн байдаг. Гэсэн хэдий ч Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин нар Ерөнхий сайд, сайд, УИХ-ын гишүүний бүрэн эрхээрээ түрий барьж ямар ч хариуцлага хүлээгээгүй билээ.

Түүнчлэн Г.Дэнзэнг баривчилсны дараа “Н.Алтанхуяг АТГ-аас Прокурорын мөрдөнг салгах тухай хуулийн төсөл санаачилсны дараа Г.Дэнзэнг баривчиллаа” гэх мэдээллийг злхион байгуулалттай гэмээр цахим сүлжээ, сайтуудаар тарааж эхэлсэн. Мэдээж ганц хуулийн төсөл санаачилснаас болж хүнийг баривчилна гэж байхгүй. Хэрэв Н.Алтанхуяг тийм хуулийн төсөл санаачилсан нь үнэн бол өөрийнх нь охин болон тойрон хүрээлэгчдийг нь шалгасны болон барьж хорьсны хариуг авахын тулд АТГ-ын эсрэг хувийн ашиг сонирхол бүхий хуулийн төсөл санаачилжээ гэж үзэхээс аргагүй. Түүгээр ч зогсохгүй “Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэнг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгалтын ажиллагааг эхлүүлээд байгаа. Тэгвэл Г.Дэнзэнгийн хоригдож байгаа өрөөг сольж эрүүгийн хүнд гэмт хэрэгтнүүдтэй хамт нэг өрөөнд хорьсон байна. Энэ нь ар гэрийнхэнд маш хүндээр тусаад байгаа аж. Учир нь тэдний хувьд түүнийг хүнд хэрэгтнүүдтэй цуг байлгах болсон нь Г.Дэнзэнг дарамтлах гэсэн оролдлого хэмээн үзэж байгаа юм” гэсэн зохион байгуулалттай гэмээр мэдээлэл цахим сүлжээгээр тараад байгаа юм.

Уг нь Ганцхудагт хэрэг хийсэн хүмүүс хоригддог. Өөрөөр хэлбэл тэнд хулгай, дээрэм, хүчин, аллага хийсэн гэмт хэрэгтнүүд хоригдож байгаа гэсэн үг. Тэгэхээр Г.Дэнзэнтэй нэг өрөөнд хоригдож байгаа нөхөр мөн л гэмт хэрэгтэн байж таараа. Гэтэл иймэрхүү мэдээлэл тараах нь утгагүй юм. Ер нь бол Г.Дэнзэнг элитүүдтэй хорих ёстой байсан байх нь. “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” хэмээн Үндсэн хуульд заасан. Үүний дагуу хүн бүр шалгуулах ёстой бол шалгуулж таараа. Тиймээс Г.Дэнзэн үнэхээр буруугүй л бол шалгуулдаг газар нь шалгуулаад хэрэг хийсэн бол тэр нь тогтоогдоод буруугүй бол буруугүйгээрээ л гараад ирнэ. Гэтэл үүнд экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцоод байгаа нь сонин. Н.Алтанхуяг хүргэндээ тусалмаар байгаа бол сайн өмгөөлөгч олж өгөхөд л болчихмоор. Учир нь Г.Дэнзэнгийн өмгөөлөгч гэж нөхөр бас хэвлэлийн “од” болчихоод байна. Г.Дэнзэнгийн гэрт шалгалт хийхээр АТГ-ынхан очиход эхнэр нь сандраад нэг өмгөөлөгч рүү ярьж нөгөөх нь “за” гэж зөвшөөрсөн нь Д.Содномдорж. Гэтэл энэ нөхөр үйлчлүүлэгчээ өмгөөлөхийн оронд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ АТГ-т очиж асуудал үүсгэсэн талаар тус газраас албан мэдэгдэл хийсэн.
Гэтэл мань эр “21 дусал долоогонын ханд уусан, би Г.Дэнзэнг өмгөөлөхөөс татгалзлаа” гэж хэвлэлд ярьчихаад АТГ-аас гарч зугтсан шигээ зугтчихав. Ийнхүү өмгөөлөгч нь зугтсан учраас Н.Алтанхуяг Г.Дэнзэнг аврах ажиллагаа явуулах гэсэн биш адал явдал өрнүүлсээр байна. Яагаа вэ, Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа 70 гаруй хүн дагуулж Богд ууланд төөрөөгүй юу. Тухайн үед түүнийг аврахаар нисдэг тэрэг ашигласан юм. Ерөнхий сайдыг аврах нисдэг тэргэнд 28 сая 400 мянган төгрөг зарцуулсан гэх мэдээлэл тухайн үед гарч байв. Учир нь нисдэг тэрэг нэг цаг нисэх зардал 5,680,000 төгрөг болдог байна. Харин эрэх, зөөх ажиллагааг дор хаяж таван цаг хийсэн гэж бодоход нийт 28 400 000 төгрөг болж байгаа тухай ч хэвлэлээр бичигдсэн. Тэр үед Н.Алтанхуяг Ерөнхий сайд байсан учраас улсын Ерөнхийлөгч нь түүнийг аврах ажлыг ахалж, ёстой л нөгөө тэнгэр татаад авчихна гэдэг шиг нисдэг тэргээр зөөж байсан юм. Ийнхүү зүгээр ч нэг зугаалахгүй төөрч, төсвийн мөнгө үрсэн тэрбээр энэ асуудалд л лав хариуцлага хүлээгүй.

Тэгвэл одоо тэр цаг ард хоцорсон. Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуяг андуураад байна. Тэр төөрөхдөө нисдэг тэрэг дуудаж авруулдаг шигээ Г.Дэнзэнг хуулийн дагуу шалгахад саад хийхийг оролдох нь айсных уу. Үнэндээ тэр намынхандаа жийгдэж “шинэчлэлийн” гэх гоё нэртэй Засгийн газрын танхимтайгаа огцорсон нэгэн. Уг нь 20 гаруй жил улс төр хийсэн түүнд төрийн хар хүн юм бол төрөө хүндэтгээд Г.Дэнзэнг шалгахад саад хийхгүй байх ухамсар төлөвшсөн л баймаар. Ардын хүүхэд шалгуулж болдог алдарт Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн шалгуулж болохгүй гэсэн хууль хаана байна. Үүнийг Г.Дэнзэн болон түүнийг өмгөөлөгсөд мэддэг л байлтай. Үндсэндээ Г.Дэнзэг шалгахад Н.Алтанхуягийн ашиг сонирхол хөндөгдөх гээд байгаа учраас тэр ийнхүү саад хийхийг оролдож байгаа биз. Тэгвэл АТГ Н.Алтанхуягийг яагаад шалгахгүй байна гэсэн асуулт гарна. Удаа дараа хууль зөрчөөд байгаа Н.Алтанхуягийг АТГ яагаад шалгахгүй байна вэ. Ядаж түүний хөрөнгө орлогыг шалгаж болохгүй гэж үү. Уг нь жирийн иргэн ч бай, УИХ-ын гишүүн ч бай хууль бус үйлдэл хийж байгаад үйлдэл дээрээ баригдвал хуулийн хариуцлага хүлээх ёстой. Энэ тухай УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хуульд ч тодорхой заасан байдаг. АТГ Н.Алтанхуягийг хууль зөрчсөн гэж мэдэгдсэн ч ийнхүү шалгахгүй байгаа нь сонин.

Ямартай ч өдгөө Г.Дэнзэнг шалгаж эхэллээ. Энэ хэрээр Г.Дэнзэнг өмгөөлөгсөд ч, түүнээс зугтагсад ч гарч ирж байна. Учир нь өмгөөлөгч Д.Содномдорж үйлчлүүлэгчээсээ зугтсан. Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийг АТГ-аас баривчлан саатуулсантай холбоотойгоор өнгөрсөн дөрөвдүгээр сарын 8-нд тус компанийн ТУЗ-ийнхөн өчигдөр хуралдаж, Ч.Сайнбилэгийг гүйцэтгэх захирлаар томилсон. Гэсэн ч Ч.Сайнбилэг тус компанийн гүйцэтгэх захирлаар 20 хүрэхгүй хоног ажилласны дараа ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгч “зугтсан”. Уг нь энэ компанийн гүйцэтгэх захирлын суудал гэдэг хэн хүний мөрөөдөх л суудал. Гэтэл ийнхүү “зугтсан” нь олон нийтийн хардлагыг төрүүлж “Г.Дэнзэнтэй холбогдсон хүмүүс зугтдаг” гэлцэхэд хүргээд байна. Энэ мэтээр Г.Дэнзэнг тойрсон адал явдал үргэлжилсээр. Цаашид хэрхэн өрнөхийг цаг хугацаа харуулах биз ээ.

С.НАРАН
info.mn

URL:

Нэр: bold100 Огноо: 29 May 2015

Shalga shalga ikh yum garna.

Сэтгэгдэл бичих