“Ноён ногоон”-ы ноёрхолд төгсгөл ирлээ

-10042014-1397111343-1308745191-dollar

Зэсийн орлого 50 гаруй хувиар буурч, 512.2 сая ам.доллар болов

“Валютын дотогшлох урсгал наашиллаа”, “Оюутолгойгоос зургаан тэрбум ам.доллар орж ирнэ” гэх үгс өнгөрсөн долоо хоногийн “хит “ байлаа. Үүнээс гадна Энэтхэгийн Ерөнхий сайд Нерандра Моди манайд нэг тэрбум ам.долларын зээл өгөхөө амласан нь энэхүү “хит”-ийн ритмийг чангалж, эрчийг нэмээтхэв. Үр дүнд нь ам.долларын ханш төгрөгийн эсрэг суларч, өчигдрийн байдлаар 1925 төгрөгтэй тэнцжээ.

Товчхондоо, ам.доллар 2000 төгрөгтэй тэнцэнэ гэсэн бүүдгэр зураглал өөрчлөгдөж, ханш сулрах нь тодорхой болж байх шиг. Үүнийг нотолсон дүгнэлтүүд ч эдийн засагчдын амнаас гарч буй нь сайны дохио өгч байна.

Зэрэгцээд, Монгол банкнаас төлбөрийн тэнцлийн энэ оны нэгдүгээр улирлын эцсийн гүйцэтгэлийн мэдээг өчигдөр танилцууллаа. Эндээс үзэхэд, төлбөрийн тэнцэл 271.1 сая ам.долларын алдагдалтай гарчээ. Энэ нь 2013 онтой харьцуулахад долоо дахин буурсан үзүүлэлт юм. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд төгрөгийн ханш ам.долларын эсрэг 50 хувиар суларсан. Гэхдээ “ноён ногоон”-ы ноёрхолд төгсгөл ирж буй бололтой.

ЮУНЫ УРЬД ТӨЛБӨРИЙН ТЭНЦЭЛ

Ам.долларын ханшийн хөдөлгөөний тусгал нь төлбөрийн тэнцэл болдог билээ. Чухамдаа, тайлан тэнцэл буюу баланстай тун ч төстэй ойлголт юм. Балансаа барих гэдэг үгийг уншигч Та сонссон л биз дээ. Үүнтэй адилаар гадаад худалдаа хийхдээ бид балансаа барих, эсвэл ашигтай ажиллахыг эрмэлздэг.

Манай гадаад худалдааны “фифти фифти” алдагдаж, экспорт импортоо нөхөж дийлэхгүйд хүрчээ

Нэмж дэлгэрүүлбэл, бидний хошигнож ярьдаг “фифти фифти” гэсэн ойлголттой төстэй. Бид хэдий хэмжээний бүтээгдэхүүн экспортолж гаднынханд зарна, төдий хэмжээний ам.доллараар гаднаас бараа бүтээгдэхүүн импортлох нь зохистойг харуулдаг. Тэгтэл сүүлийн гурван жилд манай гадаад худалдааны “фифти фифти” алдагдаж, экспортын орлого импортын зардлаа нөхөж дийлэхгүйд хүрсэн байгаа юм. Ингээд ам.доллар гэрлийн хурдаар өсч, гурван жилийн хугацаанд төгрөгийн ханш 50 хувиар суларсан. Харин өнөөдөр энэ байдал өөрчлөгдөж байгаагийн томоохон шалтгаан нь дээр дурдсан гадаад худалдааны ашиг билээ.

Гэхдээ энэхүү тэнцэл болон ам.долларын ханшийн өсөлтөд зөвхөн экспорт, импортын дүн нөлөөлдөггүйг сануулъя. Тодруулбал, төлбөрийн тэнцлийн үзүүлэлтэд манай улсад орж ирж буй гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээгээс монголчуудын гаднын компанид оруулсан хөрөнгө оруулалтыг хасаж тооцсон дүн багтдаг. Өөрөөр хэлбэл, Жонны халааснаас Монголын эдийн засагт орж ирсэн ам.доллараас Доржийн халааснаас БНХАУ-ын зах зээлд оруулсан хөрөнгө оруулалтыг хассан дүнг төлбөрийн тэнцэлд оруулж тооцдог юм. Ингэснээр бид цэврээр хэд, хэчнээн “ногоон” гаднаас авч чадсаныг харуулдаг гэсэн үг. Ойрын ирээдүйд “Оюутолгой”-гоос орж ирэх мөнгөн урсгал ч үүнд орж тооцогдох учиртай.

Монгол банкнаас гаргасан төлбөрийн тэнцлийн үзүүлэлтээс сөхөж харъя. Зэсийн орлого 50 гаруй хувиар буурчээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны нэгдүгээр улиралд зэсийн баяжмалын экспортоос 949 сая ам.долларын орлого олжээ, бид. Харин энэ онд 512.2 сая ам.доллар болтлоо буурсан байна. Үүний эсрэг нефть “зогсож”, биднийг аварлаа. Сүүлийн нэг жилийн хугацаанд нефтийн ханш 50 гаруй хувиар суларсан учир импортын зардал буусан байна. Энэ мэтээр тоон дүнгүүд хөвөрсөөр, төлбөрийн тэнцлийн алдагдал долоо дахин буурсан хэрэг.

“НОЁН НОГООН” МОРИЛОХ НЬ

Түүх сөхвөл, манай улсад 1990 оноос өмнө нэг ам.доллар 4.9, рубль таван төгрөгтэй тэнцдэг байв. Гэтэл өнөөдөр ам.доллар 1925, рубль 38.26 төгрөг болсон байх юм. Ам.долларын ханш одоогоос 22 жилийн өмнө 400, 2008 онд 1160, 2009 онд 1730 төгрөгтэй тус бүр тэнцжээ.

Тэгвэл тэнгэрт цойлсон ам.долларын ханш эргээд бага хэмжээгээр буурсан нь “хит”-тэй холбоотойг дээр дурдсан. Тухайлбал, МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш Б.Алтанцэцэг “Валютын урсгал наашилна гэсэн хүлээлт бизнесийнхэнд бий. Энэ нь зогсонги байдалд орсон бизнесийн үйл ажиллагаа идэвхжих нь гэсэн итгэл төрүүлж байна” хэмээн дүгнэв. Олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэх сургаар ам.доллараа хав дарсан хүмүүс хөдөлгөөнд орж эхэлсэн байгаа юм. Тодорхой батлах тоон дүн одоогоор байхгүй. Гэхдээ ирэх улирлаас төгрөгийн хадгаламж нэмэгдсэн гэх сайхан мэдээ дуулдах вий.

Эцэст нь, мөнөөх ховордоод байсан “ноён ногоон” найзуудаа дагуулсаар манайд морилох нь. Олбогоо засаад, хоол цайгаа бэлдэн, эдийн засагт үзүүлэх “үржүүлэгч нөлөө”-ний үр дүнг үзэх л үлдлээ.

Э.Хулан

Засгийн газрын мэдээ


URL:

Нэр: bold100 Огноо: 29 May 2015

Tur zuuriin yumaa. Dollariig bi
uulgakh gej ulsaa hudaldsan uu.

Сэтгэгдэл бичих