О.Чулуунбилэг: Туул гол дэлхийн хамгийн том жорлон болж мэдэхээр байна
Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, Ерөнхийлөгчийн тамгын газар, БОНХАЖЯ хамтран “Туул голын ашиглалт хамгаалалт, бохирдол ба шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Төв цэвэрлэх байгууламж эвдэрсний улмаас нийслэлчүүдийн бохирыг 3 хоногийн хугацаанд Туул гол руу цутгана гэсэн мэдээлэл өчигдрөөс эхлэн гарсан. Энэ мэдээлэл ч үнэн гэдгийг албаныхан хэлж байна. Туул голыг бохирдуулахад нөлөө үзүүлдэг хэд, хэдэн хүчин зүйл байдаг байна. Хамгийн эхэнд Төв цэвэрлэх байгууламж ордог аж. Хоёрдугаарт, элс хайрганы карьер. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт элс, хайрга ашиглахтай холбоотой ашиглалтын 156, хайгуулын 34 тусгай зөвшөөрөл олгогджээ. Үүнээс элс хайрга олборлодог 84 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар Уул уурхайн яам, Ашигт малтмалын газарт санал хүргүүлсэн байна. Учир нь эдгээр нь усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд оршдог аж. Элс хайрга олборлодог 29 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон. Гэвч бүтээн байгуулалтын ажил зогсох, барилгын түүхий эдийн хомсдолд орж, барилгын материалын үнэ нэмэгдэх зэрэг бэрхшээлтэй тулжээ. Тиймээс элс хайрганы оронд уулын чулуулаг /дайрга/ ашиглах боломжийг судалж үе шаттайгаар шийдвэрлэх саналыг Барилга хот байгуулалтын яаманд хүргүүлжээ. Мөн Зайсангийн аманд сууршлын бүс шинээр бий болсон, Барилгын хог хаягдлыг Туул голын ойролцоо асгадаг, Туул голын эрэг орчимд хамгаалалт, тохижилт байдаггүй зэрэг нь нөлөөлдөг байна.
Ингээд уг асуудлаар хэлэлцүүлэгт оролцогчид юу гэж ярьсаныг хүргэе.
Ерөнхийлөгчийн зөвлөх О.Чулуунбилэг: Бохирыг тэр чигт нь цутгавал Туул гол дэлхийн хамгийн том жорлон болно
-Туул гол Улаанбаатар хот руу ороод бохирддог. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаагаар Туул гол дэлхийн хамгийн бохирдолтой голын тавд орсон. Энэ гол хэт бохирдож байгаа нь цэвэрлэх байгууламжтай холбоотой. Цэвэрлэх байгууламж 1970-аад оны сүүлээр баригдсан учраас үндсэн үүргээ гүйцэтгэж чадахаа байсан. Одоо бүх бохирдолыг Туул гол руу цутгаж байна. Жижиг засваруудыг хийдэг ч тэр нь үр дүнгээ өгөхгүй юм. Тиймээс Төв цэвэрлэх байгууламжийг шинээр байгуулах шаардлагатай. 1,3 сая иргэний хэрэглэсэн бохирыг тэр чигт нь Туул гол руу цутгах талаар ярьж байна. Хэрвээ тэгвэл Туул гол дэлхийн хамгийн том задгай жорлон болж хувирна.
Д.Оюунхорол: Ус бохирдуулсаны төлбөрийг бий болгоно
-Төв цэвэрлэх байгууламж шинэчлэх мөнгийг Засгийн газар, УИХ шийдвэрлэх ёстой. Туул голын эхэнд усан цогцолбор барьж, нөөц бий болгох ёстой. БОНХАЖЯ-наас ус бохирдуулсны төлбөрийг бий болгоно. Төлбөргүй юм бүхэн ямар байдалд ордгийг бид харж байна.
Иргэн У.Мягмарсүрэн: Ундныхаа усыг 4-5 км явж авдаг
-Манайхан ундны усаа дор хаяж 4-5 км явж авдаг. Туулын бохирдолын хэмжээ шууд мэдэгддэг. Үнэр танар жигтэйхэн. Мал уусан болоод л гараад явчихдаг. Малаа гаргаад гэдэс дотрыг нь бараг идэхээ байсан.
URL: