Чингисийн талбайд автомашины татвар хураах цэгүүд ажиллана
Энэ амралтын өдрүүд буюу энэ сарын 30, 31-нд Чингисийн талбайд төвийн зургаан дүүргээс нэмэлт цэгүүд байрлуулан 10.00-17.00 цагийн хооронд татвар хураалтын ажлыг эрчимжүүлсэн байдлаар явуулахаар болжээ. Нийслэлийн хэмжээнд авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах нэг цэгийн үйлчилгээ нийт 21 байршилд ажиллаж байна. Энэ 21 байршлийн нэг болох Дүнжингарав худалдааны төв дээр төвийн зургаан дүүргээс нэмэлт цэгүүд байршин амралтын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллаж байна. Татвар төлөх хуулийн хугацаа ирэх сарын 1-нээр дуусна. Хэрэв заасан хугацаанд татвараа төлөөгүй тохиолдолд Замын цагдаагийн алба нь өөрийн эрх хэмжээ, хуулийн хүрээнд авто тээврийн эзэмшигчдэд хариуцлага тооцож, ирэх сарын 1-нээс хойш замын хөдөлгөөнд оролцуулахгүй юм байна. Дашрамд сонирхуулахад, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас энэ амралтын өдрүүдэд Чингисийн талбайд татвараа төлөхөөр ирсэн жолооч нарын машины зогсоолд зохицуулалт хийж ажиллах юм байна.
Т.Болор
URL: